Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Оюуномин: Австралид ажлын цаг эрт эхэлж, эрт дуусдаг болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой

Хилийн чандад сурч боловсрохын зэрэгцээ, ажил хөдөлмөр эрхэлж амьдарч буй мянга мянган гэр бүл бий. Тэдний төлөөлөл болох Г.Дугарсүрэн, Б.Оюуномин нартай уулзуулъя. Тэд Австрали улсад хоёр хүүгийнхээ хамт сайхан амьдарч байгаа залуу хос юм.


-Австрали улсад гэр бүлээрээ амьдраад хэдэн жил болж байна вэ. Яагаад тус улсыг зорихоор шийдсэн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Манай гэр бүл Австрали улсад ирээд гурван жил болсон байна. Хэлний мэдлэгээ сайжруулах, гадаад улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор ирсэн. Одоо сурахын хажуугаар, ажиллаж амьдарч байна. Эхлээд гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа ирээд жилийн дараа хүүхдүүдээ авчирсан.

Анх Австралийн дулаан чийглэг уур амьсгал, амарч зугаалахад тухтай ногоон байгууламжууд, үзэсгэлэнтэй далайн эргүүд хамгийн их сэтгэл татаж байлаа.


-Өөрөө ямар чиглэлээр суралцдаг вэ. Танай гэр бүлийн хувьд Монголд ямар ажил эрхэлдэг байв?

-Миний хувьд энд Мэдээллийн технологийн чиглэлээр магистрын түвшинд суралцаж байгаа. Монголд энэ мэрэгжлээрээ МУИС-д ажиллаж байгаад ирсэн. Гэр бүлийн хүн маань инженер мэргэжилтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байсан. Энд ирээд нөхөр маань эхлээд суралцаж байсан бол одоо би сурч байгаа.

-Австрали бол харьцангуй зардал өндөртэй орны тоонд бичигддэг. Суралцахынхаа хажуугаар санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд ямар ажил олдоцтой байдаг вэ?

-Австрали улс гадаад оюутнуудад суралцахын хажуугаар ажил хийх боломж олгодгоороо давуу талтай. Хэлний бэлтгэл, коллежид суралцаж буй оюутнууд болон тэдний гэр бүлийн хүн долоо хоногт тус бүр 20 цаг, их сургуулийн оюутнуудын хувьд 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Австралид амьдрах нь өртөг, зардал өндөртэй хэдий ч хөдөлмөрийн үнэлэмж мөн харьцангуй сайнд тооцогддог. Энэ оны байдлаар цалингийн доод хэмжээ ойролцоогоор нэг цагийн 20 австрали доллар байна. Монгол мөнгөөр 45 мянган төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. Оюутнууд суралцахын хажуугаар ажил хийж амжиргаагаа залгуулах бүрэн боломжтой. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, кафе гээд үйлчилгээний салбарт ажил илүү олдоцтой. Эрэгтэйчүүдийн хувьд барилга, үйлдвэр, шуудан, хүргэлтийн ажлууд түгээмэл байдаг. Мэдээж ажил олоход англи хэлний түвшин чухал хүчин зүйл болох бөгөөд хэл сайтай бол мэргэжлийн ажлаа хийх боломж мөн нээлттэй.

-Танай гэр бүлийн хувьд хоёр хүүхэдтэй юм байна. Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын чанар, давуу талыг нь хуваалцахгүй юу?

-Австрали улс боловсролын түвшингээр дэлхийд нилээд дээгүүрт бичигддэг. Манай хүүхдүүдийн хувьд том нь хоёрдугаар ангид, бага нь сургуулийн өмнөх түвшинд (preschool) суралцдаг. Дөрвөн наснаас эхлэн preschool-д явж эхэлдэг. Миний ажигласнаар бага сургуулиудын орчин Монголтой харьцуулахад нилээд тухтай, хүүхдийг хөгжилтэй аргаар, хөдөлгөөнөөр хөгжүүлэхэд илүү чиглэсэн байдаг болов уу гэж бодсон. Үндсэн хичээлүүдийн хажуугаар хогоо хэрхэн ялгаж хаях, мод ургамал тарих, хувь хүний хөгжил, хүмүүжлийн хичээлүүд нилээд ордог. Гэрийн даалгаварт гэр бүлийнхэндээ туслах, хамтдаа дасгал хийх, ном унших, хөгжилтэй тоглоом тоглох даалгаврууд багтдаг юм билээ. Ахлах ангиас нь эхлээд илүү академик хичээлд нь анхаардаг гэж сонссон. Төлбөрийн хувьд харьцангуй өндөр, жишээ нь бага ангийн сургалтын төлбөр хэлний бэлтгэл, коллежийн түвшний оюутнуудын хүүхдэд нэг жилийн 9900 австрали доллар, магистр докторын түвшний оюутнуудын хүүхдэд 6600 австрали доллар байдаг.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг ковидын нөхцөл байдлаас болж өнөө жил өнжсөн. Авсралид байгаа монголчуудын хувьд яаж наадав?

-Австралид байгаа Монголчууд цагаан сар, баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Нутгаасаа хол байгаа хүмүүсийн хувьд үндэсний баярууд маань эх орноо санах, бахархах, элэг нэгтнүүдтэйгээ нэгэн өдрийг баярлан өнгөрөөх чухал өдөр. Том талбай дээр хуушуурын болон бусад худалдааны асрууд гарч, эрчүүд бөх барилдан, шагай харваж, хүүхдүүд уралдан, хүмүүс үндэсний дээл хувцсаараа гоёж, үндэсний дуу, бүжгийн тоглолтууд болж Монголдоо байгаа мэт нэгэн өдрийг өнгөрөөдөг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон учир бид гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн.

-Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань хоорондоо хэр элэгтэй байдаг вэ?

-Монголчууд маань хоорондоо маш ойр, бие биеэ дэмжиж тусалж, элэг нэгтэй амьдардаг. Ихэнх Монголчууд бие биетэйгээ ойр нэг газраа төвлөрөн амьдардаг бөгөөд монгол хоолны газар, монгол дэлгүүрээр ч үйлчлүүлэх боломжтой. Спортын уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагдахын зэрэгцээ сайн дурын үйл ажиллагаа, номын өдөрлөг, жижиг хэмжээний тоглолт гэх мэт Монголчуудыгаа хамарсан үйл ажиллагаанууд зохион байгууллагддаг. Мөн энд амжилттай бизнес эрхэлдэг олон монголчууд байдаг бөгөөд мөн тэднийгээ дэмжихийг эрмэлздэг.

-Хэдийгээр хилийн чандад байгаа ч гэсэн сонгуульд залуучуудын оролцоо ямар байдаг бол?

-Монгол улсын элчид сайдын яам Австралийн нийслэл болох Канберра хотод байрладаг боловч ихэнх Монголчууд маань Сидней, Мэлбурн гэх мэт өөр хотуудад амьдардаг. Тиймээс сонгууль өгөхийн тулд 300 гаруй километрийн зайд байрлах өөр хот руу явах шаардлага гарна. Хэдий тийм ч сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 800 орчим залуучууд оролцсон бөгөөд ихэнх нь үндэсний хувцсаараа гоёж, холоос зорин очиж хариуцлагатайгаар сонгуульдаа оролцсон. Сонгуульд саналаа өгөх сонирхолтой олон залуус байсан боловч ажил, хичээлийн байдлаас шалтгаалан хол явах боломжгүйгээс ирц буурсан болов уу.

-Монголын Элчин сайдын яамны зүгээс тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа нийгмийн асуудалд анхаарч чадаж байна уу?

-Элчин сайдын яам маань спорт, урлагийн болон баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулах тал дээр түлхүү анхаардаг. Нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг тухай одоохондоо надад мэдэх зүйл хомс байна. Мэдээж бичиг баримттай холбоотой элчингийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг.

-Австралид гэр бүлээрээ ажиллаж, амьдрахын давуу тал юу вэ?

-Австралийн нилээд хэдэн хотууд дэлхийн хамгийн амьдрахад таатай орнуудын жагсаалтыг байнга тэргүүлдэг. Эрүүл агаар, эрүүл хүнс, тохь тухтай амьдрах орчин, сургалтын чанар, үзэсгэлэнтэй байгаль гээд олон давуу талууд бий. Ажлын цаг эрт эхлэж, эрт дуусдаг болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой. Чийглэг дулаан уур амьсгал нь хүүхдүүдэд ээлтэй, аялал зугаалга хийхэд таатай мөн аюул багатай. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байхаас гадна хаа сайгүй байдаг хүүхэд тоглох боломжтой ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд нь надад их таалагддаг.

-Орон байрны хувьд ямар сонголттой байх бол?

-Энд амьдарч байгаа гэр бүлүүд, оюутнууд ихэвчлэн байр эсвэл өрөө түрээслэж амьдардаг. Жишээлбэл, гэр бүлээрээ 1-2 өрөө байр түрээслэж амьдрах, хажуу өрөөгөө өөр хүмүүст түрээслүүлэх гэх мэт. Аль болох зардлаа хэмнэх боловч тав тухтай амьдрахыг эрмэлздэг. Мэдээж байршлаасаа хамаараад үнийн хувьд ялгаатай. Хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө бүхий байр, машины зогсоолын хамт долоо хоногт 550-650 австрали доллар, хажуу өрөө 250-350 австрали доллар байдаг. Илүү хямд эсвэл үнэтэй байрнууд ч мэдээж бий. Байрны хувьд тохь тухтай, цэвэрхэн, ихэвчлэн хотхондоо усан бассейн болон фитнесс заалтай байдаг.

-Сургуулиа төгсөөд эх орондоо ирж амьдрах уу. Ер нь Австралийг зорихоор зэхэж байгаа залуустаа юу гэж захимаар байна?

-Өндөр хөгжилтэй, сайхан оронд ажиллаж амьдарч байгаа хэдий ч өөрийн гэсэн зорилготой ирсэн. Түүнийгээ биелүүлээд аав ээж, гэр бүлдээ очиж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, элэг бүтэн сайхан амьдрахын төлөө өдөр бүр тасралтгүй хичээж, сурч, хөдөлмөрлөж байна. Ирэхээр зэхэж буй залуустаа хэлэхэд эх орондоо байхдаа хэлээ сайн сураад ирвэл зорилгоо хурдан биелүүлэхэд, мөн ажиллаж амьрахад илүү дөхөм байх болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *