Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА
Зураач Б.Одмэргэний хоёр дахь үзэсгэлэн өнөөдөр 16 цагаас Урчуудын эвлэлийн байран дахь “Бест арт” галерейд нээлтээ хийнэ. Дөрөв хоног үргэлжлэх уг үзэсгэлэнгийн нэр нь “Түүхийн бүдэг жимээр-Монголын нууц товчоон дахь байгалийн дүр зургууд ба газар усны судалгааны товч”. Б.Одмэргэн бол Монголын шог зургийн мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байдын хүү гэдгийг уран зураг сонирхогчид мэддэг билээ.
-Таны энэ удаагийн үзэсгэлэн түүхийн сэдвээр туурвигджээ. Тэр дундаа “Монголын нууц товчоо”-н дахь байгалийн дүр зураг, газар усыг дүрсэлсэн нь сонирхол татаж байна?
-Харин ч энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго болон бүтээлүүд нь түүхийн сэдвээр туурвигдаж байгаа болохоор олон нийтийн сонирхлыг нэг их татахгүй байх хэмээн бодож байна. Учир нь ийм чиглэлийн уран бүтээл болон судалгаа нь одоо цагийн хэрэгцээг биш, ирээдүй цагийн үр ашгийн төлөө хийгддэг, нэг ёсондоо шоу хийж болдоггүй салбар юм. Хэн ч тоохгүй хэлбэр муутай, юу нь мэдэгдэхгүй үрнээс харсан хүн бүрийн сэтгэлийг сэргээх гоёмсог сарнай ургадаг. Бас халгай ч ургадаг. Гэхдээ та бүхэн юу тарьсныг минь ургахаар нь харахгүй юу гэж хэлэхийн оронд яагаад, ямар үр суулгачихав гэдгээ товчхон тайлбарлая. Ийм сэдвээр уран бүтээл туурвих хүсэлтэйг минь сонссон “Монголын нууц товчоо”-ны талаар судалсан, мэддэг, итгэсэн, өвчилсөн гээд олон эрхэм хүмүүс харамгүй зөвлөж, миний бие тэднийг ирээдүйн уран бүтээлд минь санаа тавьж байсанд сэтгэл ханамжтай байсан шүү. Зарим нь “Мэргээн, чи шалдан хүүхэн зурж байснаас наад сэдэв чинь ёстой зөв, одоо л зөв замдаа орлоо” гэж байсан бол нөгөө нь сэмхэн танхимын буланд дуудаж уулзаад “Чишш! чимээгүй, наад “Монголын нууц товчоо” чинь нууц юм шүү. Яагаад гэдгийг нь мэдэх үү. Хэнтийд гэвэл Говь-Алтайд, Говь-Алтайд гэвэл Хэнтийд гээд нуугаад сөөлжүүлээд биччихсэн юм. Бурхан Халдун Говь-Алтайд бий, Чингис хаан ч Говь-Алтайнх” гэж зөөлөн дуугаар зөвлөсөн. Зарим нэг нь хэрэг болгон холбогдож “За, би чамд нэгэн чухал юм хэлье. Хөвсгөлд “Монголын нууц товчоо”-ны бүх газар нутаг байна. Нэг залуу ном гаргаад Л.Түдэв гуай редакторлачихсан уншаарай” гэж ч анхааруулж байсан л даа. Зурагтын нэвтрүүлгээр эртний бортгон малгайтай, шар дээлтэй аниа хэвлэлийн бага хурал хийж, “Нууц товчооны бүх газар Увс аймагт байна. Чингис хаан Увсынх” гээд судалгаа хийн ном гаргаад, номын нээлтээ хийж байсан нь санаанд бас орсон. Ингээд эцэст нь С.Цогтбаяр ах минь “За Мэргээн, чи гүнзгий орж болохгүй, солиорчихов” хэмээн зөвлөсөн (Инээв). Энэ бүх хугацаанд эрхэм ах минь байн байн ирж, эргэж тойрч байсны хүчинд солиорчихолгүй эрүүл ухаанаа хадгалж үлдэв үү хэмээн бодож ахад талархаж байгаагаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.
“Монголын нууц товчоо”-г уншиж үзээд С.Цогтбаяр ахын “Эрдэмтэн мэргэдээ л түшээрэй” гэсэн зөвлөгөөг даган профессор О.Сүхбаатар гуайтай уулзаж “Монголын нууц товчооны газар усны нэр” гэсэн номыг олж аваад “Бүгдийг нь тогтоочихсон бэлэн гарын авлагатай боллоо. Ажил ч бүтэж байна даа” гэж ихэд баярласан.
-Тэр ч мундаг том ном шүү?
-Уг номонд 150 гаруй газрыг судлан тогтоосон байсан. Харин “Монголын нууц товчоо”-ны үйл явдлуудтай харьцуулан уншихад зарим зөрүүтэй, ойлгомжгүй асуудлуудтай тулгарсан л даа.
-Ямар?
-“Хэнтийн нурууг ерөнхийд нь Бурхан Халдун гэдэг байсан. Хэнтийн нуруунд 13 Бурхан Халдун бий. Одооны Бурхан Халдун бол тахилга хийдэг Бурхан Халдун мөн. Тэмүүжингийн хоргодож байсан Бурхан Халдун нь Мөнгөнморьт хавьд бий” гэснийг уншаад чухам аль хэсгийг нь зурах вэ хэмээн толгой эргэсэн. Эхнээс нь Бурхан Халдун уулын талаар эртний газрын зураг болон одооны Бурхан Халдун хэмээгдэж буй Хэнтий хан уулын тухай судалгаа хийж 1904 оны хаант Оросын газрын зурган дээр Бурхан Халдун уулыг тэмдэглэж үлдээснийг олоод сэтгэл нэн баяссан. Ингээд Бурхан Халдун уулыг мөн хэмээн итгэж түүндээ суурилан судалгаагаа өргөжүүлж Бүрги эрэг, Түнхэлэг горхи, Химурга горхи, Айл харгана, Хараун жидун, Хар талын үзүүр, Цэгцэр, Хүйтэн хэмээх найман газрыг шинээр таамаг дэвшүүлэн газрын зураг, баримтаар баталгаажуулж судалгаа хийн, тус судалгаанд холбогдох газар усыг дүрслэх урлагийн бүтээл болгосноо хамтатгаад “Монголын нууц товчоон дахь байгалийн дүр зургууд ба газар усны судалгааны товч” хэмээх номыг бүтээж Монголын ард түмэндээ өргөн барьж байгаа минь энэ.
-Таны өмнөх үзэсгэлэн хэзээ гарлаа?
-Өнгөрсөн жил гарсан. “Аниргүйн дунд” гэдэг нэртэйгээр.
-Түүхийн сэдвээр ямар ч ажил хийхэд маш их судалгаа, шинжилгээ, цаг хугацаа шаарддаг?
-Ихэнх тохиолдолд түүхэн сэдвээр үзэсгэлэн гаргахдаа өнгөцхөн судлах нь түгээмэл. Миний хувьд бодитой чиглэлээр зурдаг учраас зурах гэж байгаа зүйл минь үнэн байх хэрэгтэй байдаг. Тэрийгээ би үнэн гэж үнэмшихийн тулд судалгаагаа хийгээд үнэн бол үнэн, худлаа бол худлаа гэдгийг тогтооно. Хэрвээ худлаа байвал зурж чаддаггүй. Хамгийн гол нь үнэмшсэн хойноо л зурна. Үнэмшихээр төсөөлөл бий болно. Тэр төсөөллөө зурдаг гэж ойлгож болно. Бурхан Халдун гэхэд л 13 Бурхан Халдун байсан. Бүрги эрэг нь Багануурын хойхно талд байдаг ч юмуу. Тэндээс Бурхан Халдун руу зугтсан гэхэд үнэхээр үнэмшилгүй болчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр надад үнэмшил төрөхгүй учраас сайн бүтээл төрөх ямар ч үндэс байхгүй болчихож байгаа юм. Өөртөө үнэмшилтэй болохын тулд судалгаа хийсэн. Гэхдээ миний энэ судалгаа ийм амжилттай болно гэдгийг үнэндээ төсөөлөө ч үгүй. Бурхан Халдуныг тэмдэглэсэн газрын зургийг олно ч гэж бодоогүй. Тэрхүү газрын зургаа олчихоод уг хайрхныг зурах итгэл үнэмшилтэй болсондоо баярлаж баяссан. Тэгээд Бурхан Халдуныгаа зурж байхдаа судалгаа минь улам гүнзгийрсээр энэ найман газрыг олчихно гэж ерөөсөө бодсонгүй.
-Манайхан Бурхан Халдун гэж нэг оргилыг л нэрлээд байдаг. Гэтэл таны судалснаар Бурхан Халдун чинь бүхэл бүтэн том цогцолбор юм байна шүү дээ?
-Тийм. Энэ нь өөрөө том уулын экосистем. Энэ экосистемийн онцлог нь юу вэ гэхээр Бурхан Халдун нь орчин цагийн зүг чигээр хойд талаасаа Онон гол эх аваад өмнө талаас нь Хэрлэн гол эх авдаг. Энд яагаад орчин цагийн зүг чиг гэж яриад байна вэ гэвэл эртний монголчуудын зүг чиг, орчин цагийн монголчуудын зүг чиг зөрүүтэй. Асар их зөрүүтэй.
Эрт үед монголчууд нар мандах зүгийг өмнө зүг, жаргах зүгийг хойд зүг гэж үздэг байсан. Тэгэхээр хаваржаандаа очоод гэрээ наран мандах зүг рүү харуулаад барьчихна. Зун бас нар мандах зүг рүү гэрээ харуулж барина. Яагаад вэ гэвэл нар бол үнэн зүйл учраас тэр рүү л харуулаад гэрээ барьчихна. Тэгээд л гэрийн баруун тал бол баруун зүг, зүүн тал бол зүүн зүг, нар жаргаж байгаа зүг хойд зүг гэдэг байсан. Зуны туйлд бол бүр зүүн хойд зүгт гэрээ харуулж барина. Өвөл нь зүүн урагшаа гэрээ харуулж барина. Тэр нь нүүдэлчдэдээ хамгийн зөв зүг чиг олох арга байсан. Оновчтой сонголт нь тэр. Түүнээс өөр сонголт байгаагүй. Тэр үед үүнээс илүү мэргэн санаа байна гэж байхгүй. Наран мандах зүгийг хараад л “Энэ чинь өмнө зүг” гэж ойлгоод зүг чиг алдаж, будилна гэж байхгүй.
-Та ийм үзэсгэлэн гаргахын тулд олон жилийн өмнөөс судалж, төлөвлөж байжээ?
-Тэгж ойлгож болно. Гэхдээ өнгөрсөн жилээс “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа газруудыг зуръя гэсэн санаа төрсөн. Сэдэвт зураг гэдэг нь томоохон төрөл. Одоо сэргэж байгаа гэж хэлэхэд болно. Хүмүүс зурах гэж оролддог болж. Тэр зургийн төрлийг ойлгоход хялбараар тайлбарлавал утга зохиолоор бол роман, хөгжмөөр симфони байхгүй юу. Уран зургийн энэ төрлөөр бүтээл туурвидаг хүмүүс цөөн болчихсон. Зурахад ч хэцүү, ер нь. “Монголын нууц товчоо”-нд гарч байгаа үйл явдал, монголчуудын үүх түүх чинь өөрөө эргээд хичнээн л бол хичнээн сэдэвт зураг зурахаар тийм өргөн утга санаа, түүхийг агуулчихсан гайхамшигтай. Гэтэл үүнийг дүрслэх урлагийн бүтээл болгох гэхээр тухайн зураач үнэмших хэрэгтэй болоод байдаг. Би дээр ярьсан шүү дээ. Түнхэлэг горхины судалгаа яаж явагдсан бэ гэхээр Добу мэргэн, Дува сохор хоёр Бурхан Халдун уулан дээр гарсан гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг. Бурхан Халдун маань тодорхой болчихсон болохоор уг хайрхан дээр гарч ирэхэд Түнхэлэг горхи хаашаа байна вэ гэдэг асуулт гарч ирсэн. Тэр хаана байна вэ гэдгээс өглөө юу, орой юу, гэрэл сүүдэр нь хаанаас вэ гэдэг нь шийдэгдэх ёстой байдаг.
-Та Бурхан Халдунд очиж олон удаагийн судалгаа хийж, явж аялсан байлгүй?
-Очилгүй яахав. Судалгаа хийсэн. 3000 гаруй км газар мориор, явганаар, машинаар явж судалгаа хийсэн. Бүрги эрэг дээр мориор явж очиж судалгаа хийсэн. Очихгүй л бол таамгаар хийх ямар ч боломжгүй. Бүрги эрэг, Түнхэлэг горхи, Химурга горхи, Айл харгана, Хараун жидун, Хар талын үзүүр, Цэгцэр, Хүйтэн гэсэн энэ тогтоосон найман газартаа бүгдэд нь очсон.
-Түүх болон газар зүйн чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг олон хүнтэй уулзсан уу?
-О.Сүхбаатар гуайтай уулзаж ном авсан. “Монголын нууц товчоо”-г газар зүйн талаас нь судалж байгаа манай хамгийн том эрдэмтэн. Их дээр үеэс судалсан. Бүр Ж.Самбуу даргын үеэс л судалгаагаа хийж эхэлсэн юм билээ. Би тэр хүнээр маш их бахархаж байна. Мундаг хүн.
-Та энэ үзэсгэлэндээ хичнээн бүтээл дэлгэж байна вэ?
-19 бүтээл дэлгэгдэнэ.
-Үзэсгэлэнгийн хажуугаар судалгааны ном хүртэл гаргажээ?
-Судалгааны ном гаргаснаас гадна судалгааны товчийг нь ч хэвлүүлсэн. Маш товч хэлбэрээр гаргасан.