Categories
мэдээ цаг-үе

Б.Обама хуучин социалист орноор айлчилж, төрийн тэргүүнүүдтэй уулзлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Эстонид төрийн айлчлал хийлээ. Украины хямрал улам бүр гүнзгийрч, Их Британийн Уэльст болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоосоо өмнөхөн тэрээр Балтийн оронд айлчилсан юм. Америкийн төрийн тэргүүн хамгийн сүүлд арван жилийн өмнө тус бүс нутагт очсон.

Ерөнхийлөгчийн онгоц орон нутгийн цагаар 6.20 цагт Таллин хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Б.Обама арван минутын дараа онгоцноосоо гарч ирж түүнийг угтан авч хүндэтгэл үзүүлсэн Эстонийн албаны хүмүүстэй мэндчилжээ. Америкийн Ерөнхийлөгчийн сум нэвтэрдэггүй машиныг аль хэдийнэ Таллинд авчирсан байна. Тэрээр Эстонид ирээд хамгийн түрүүн тус улсын Ерөнхийлөгч Томас Хендрик Ильвестэй уулзаж хэлэлцээ хийсэн юм. Уулзалтын дараа хоёр улсын төрийн тэргүүнүүд мэдэгдэл хийсэн байна. Энэ үеэр Б.Обама Эстонийн Эмари цэргийн баазад Америкийн цэргийг төвлөрүүлэх нь хамгийн тохиромжтой гэдгээ хэлжээ. Үүний дараа Америкийн төрийн тэргүүн Таллин хотын
“Nordea” концертын танхимд Эстонийн улстөрчид болон төрийн хариуцлагатай ажилтнуудад хандан үг хэлсэн юм.

Энэ нь уг айлчлалын хамгийн чухал хэсэг байлаа. Б.Обама энэ үеэр хэд хэдэн чухал мэдэгдэл хийж өнөөгийн дэлхийн улс төрийн байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр юуны түрүүн Умард Атлантын эвслийг бэхжүүлэх нь маш чухал гэдгийг онцолж НАТО-гийн гишүүд бие биеэ хамгаалах үүрэгтэй тул Балтийн орнуудыг үргэлж дэмжин тусална гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ. Америкийн Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ бол хэзээ ч нурашгүй, хад шиг бат бөгөөд мөнхийн холбоо. Эстони хэзээ ч ганцаардахгүй. Таллин, Рига, Вильнюсийг хамгаалах нь Берлин, Парис, Лондоныг хамгаалахтай адил чухал” гэв. Өөрөөр хэлбэл НАТО тус байгууллагад гишүүнээр элсээд удаагүй байгаа жижиг орнуудаа ОХУ-аас хамгаална гэдгийг тодоос тод илэрхийлснийг ажиглагчид тайлбарлаж байлаа. АНУ Балтийн орнууд дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээр болсныг Б.Обама мэдэгдээд “Энэ санаачилгын дагуу Эстони дахь байлдааны онгоц, агаарын төдийгүй усан цэргийнхээ тоог нэмнэ гэдгээ би мэдэгдэж байна” хэмээн хэлсэн юм.

В.Путинд анхааруулсан нь

АНУ-ын Ерөнхийлөгч Таллин хотноо Балтийн тэнгисийн гурван орон болох Эстони, Латви, Литвийн төрийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр эдгээр орнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс ямар арга хэмжээ авах талаар ярилцсан тухай хэвлэлүүд мэдээллээ. Украин хямралд автаж Крым ОХУ-ын мэдэлд очиж, Оросын цэргүүд Украины зүүн нутагт нэвтрэн орсноос хойш Балтийн тэнгисийн орнууд аюулгүй байдалдаа нэлээд санаа зовних болсон. Тиймээс Б.Обамаг Таллинд айлчлахын өмнөхөн Эстони, Латви, Литвийн 200 сэхээтэн Америкийн төрийн тэргүүнд хандсан захидал бичсэн юм. Түүндээ НАТО-гийн цэргүүдийг даруйхан Балтийн орнуудад байрлуулах хүсэлт тавьжээ. Уг захидалд “Энэ мөргөлдөөн бид бүхэнд хамаатай. Учир нь Украины эсрэг Оросын түрэмгийлэл нь зөвхөн тус улсад төдийгүй бид бүхэнд хамаарна. Энэ нь Зөвлөлтийг сэргээх гэсэн Оросын зорилго” гэжээ. “The Washington Post” сонинд “Б.Обамагийн Эстонид хийж буй айлчлал нь Оросын Ерөнхийлөгч В.Путинд Балтийн орнууд бол Украин биш гэсэн дохио” хэмээн бичсэн юм. Америкийн төрийн тэргүүн Таллин хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Украинд болж буй үйл явдал үнэхээр эмгэнэлтэй гээд “Энэ нь НАТО-гийн зорилгыг эргэн харахад хүргэлээ” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Эстонид хийсэн айлчлал өчигдөр өндөрлөсөн юм. Тэрээр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Их Британийг зорихоосоо өмнөхөн Таллин хотын нисэх онгоцны буудал дээр Америк болон Эстонийн цэргүүдтэй уулзжээ. Яагаад тэдэнтэй уулзах болсноо тайлбарлахдаа “Би та нартай гар барьж, үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн явдалд талархал илэрхийлэх гэсэн юм” гэжээ. Америк, Эстонийн цэргүүд Ирак болон Афганистанд энхийг сахиулах үйлсэд хамтран зүтгэж байсныг ч Америкийн Ерөнхийлөгч дахин сануулсан байна.

Б.Обама Эстонийн цэргүүдэд хандан “Бид та нарын талд байгаагаараа бахархаж байна “ хэмээн онцолжээ. Америкийн Ерөнхийлөгч “Air Force One“ онгоцондоо суухынхаа өмнө нэлээд хэдэн минутын турш хоёр улсын цэргүүдтэй гар барьж хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ нь Б.Обамагийн Эстонид хийсэн анхны айлчлал юм. Америкийн сүүлийн гурван Ерөнхийлөгч тус улсад айлчилж байжээ. Зүүн Европт хийсэн энэ айлчлалаар АНУ тус бүс нутагт өөрийн гэсэн нөлөөтэй бөгөөд холбоотнуудаа тууштай дэмжинэ гэдгээ харууллаа. Ажиглагчдын үзэж байгаагаар Крымд болсон явдал энд давтагдахгүй гэдгийн илэрхийлэл юм. Түүнээс гадна АНУ нь Эстони дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлэхээр болсон. Тэднийг Эмари цэргийн баазад төвлөрүүлэх тул бүрэн засвар хийж зэвсэг техник хүлээж авах боломжийг бүрдүүлжээ. ОХУ-ын хилтэй тун ойрхон орших Балтийн гурван орны газар нутгийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг хамгаалахад АНУ чадах бүхнээ хийнэ гэдгээ амлалаа. Б.Обама хэлэхдээ “Та бүхэн нэг удаа тусгаар тогтнолоо алдсан. Тиймээс НАТО гишүүн орондоо дахин ийм явдал гаргуулахгүй” гэсэн юм. Тэгээд ч Оросын Украинд явуулж буй үйл ажиллагаа нь ОХУ-ыг сул дорой болгоно гэдгийг Америкийн Ерөнхийлөгч онцлоод Украинчууд өөрсдийнхөө асуудлыг гадны ямар нэгэн дарамт шахалтгүйгээр өөрсдөө шийдэх ёстой гэдгийг хэлсэн юм. Барууны орнууд ч Оростой зөрчилдөхийг хүсээгүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Эстонид хийсэн айлчлал амжилттай боллоо. Тэрээр одоо Их Британийн Уэльст болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа. Энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх хамгийн гол асуудал нь Украиныг хямралаас гаргах асуудал юм.

Ю.Дэлгэрмаа

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *