Categories
мэдээ цаг-үе

Б.Номинтүшиг: “Балдорж” сан ирэх арван жилд сэтгүүлчдийн боловсрол, гадаад хэлний тал дээр дэмжлэг үзүүлэхэд анхаарна

“Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.


-“Балдорж” сан байгуулагдаад 11, Монголын шилдэг сэтгүүлчдийг тодруулж, урамшуулаад 10 жил болжээ. Монголын Пулитцер гэгддэг “Балдорж” шагналын үнэ цэнэ болоод сангийн үйл ажиллагааны талаарх яриагаар ярилцлагаа эхлэх үү?

-Аав минь 2007 оны арванхоёрдугаар сарын 15-нд бурхан болсон. Түүний дараа жил буюу 2008 онд гэр бүлийнхэн, анд нөхөд, дотны найзууд нь “Балдорж” сан байгуулъя гэсэн санаа гаргаж, тэр ондоо сангаа байгуулсан. 2008 оны үйл ажиллагаа нь хүүхдүүдэд туслах ч юм уу, оюутнуудын сургалтын төлбөрт нэмэр болох гэх мэт сайн үйлсийн талаа илүүтэй барьсан. 2009 оноос сэтгүүл зүйн шилдгүүдийг тодруулах, алдаршуулах, урамшуулах үндсэн зорилгынхоо дагуу ажиллаж, одоогийн байдлаар 11 хүн “Балдорж” шалгаруулалтын Гран При-ийн эзэн болоод байна. Ес биш 11 хүн байгаагийн учир нь хоёр удаа Гран При-ийн эзнээр хамтын бүтээл шалгарсан. Мөн тусгай болон, шилдэг 10 байр эзлүүлдэг нь олон сэтгүүлчид урам зориг бэлэглэдэг байх. “Балдорж” сан хоёр томоохон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг “БАЛДОРЖ” ёслолын ажиллагаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг онол практикийн шүүмж хурал. Шилдэг бүтээл шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг урамшуулах зорилготойг дээр хэлсэн. Харин энэхүү үйл ажиллагаанд хичнээн мундаг сэтгүүлчийн сайн материал байгаа боловч дахин ажиллах анализ хийх зүйлс их байдаг. Тэр утгаараа онол практикийн хурлаараа сэтгүүлчдийн материалуудад анализ хийж, дахин сайжруулахын тулд ярилцаж, мэтгэлцдэг.Одоогийн байдлаар зөвхөн “Балдорж” шалгаруулалтад 600 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Сангийн маань баримталж байгаа нэг зарчим нь шилдэг сэтгүүлчдээ нийгэмд илүү таниулах, тэднийг алдаршуулах, урмаар тэтгэх, эдийн засгийн даацтайхан хөшүүрэг өгөхийг зорьдог.

-Сэтгүүлчдийн дунд шилдэг бичлэг, нийтлэл шалгаруулах нэрэмжит болоод бусад уралдаан олон зарлагддаг ч тогтмол бус байх нь элбэг. Харин 10 жилийн хугацаанд анх зохион байгуулагдаж байсан дархлаагаа огт алдалгүйгээр тууштай үргэлжилж байгаа нь сэтгүүлчдэд маш том үнэ цэнэ болдог?

-“Балдорж” санг анх үүсгэн байгуулахдаа “Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжих уриа дэвшүүлсэн байдаг. Миний хувьд аавын минь цэвэр, ариун, шударга сэтгүүл зүйг төлөвшүүлэх, хөгжүүлэх хүсэл, зорилгыг хайртай, дотны хүмүүс нь сангийнхаа үйл ажиллагаагаар үргэлжлүүлэхийг зорьж байна гэж ойлгож явдаг. “Балдорж” шалгаруулалт үнэ цэнэтэй, тууштайгаар явж ирсний нэг чухал зүйл нь манай шүүгчид гэж хэлнэ. Тодруулбал, манай шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар нэг гадны нөлөө, санал орох ямар ч боломжгүй, хараат бус, аль нэгэн редакцид харьяалалгүй, нийгэмд эзлэх байр сууриа тогтоосон, үнэт капитал болсон хүмүүс багтдагаараа онцлог. Хэдийгээр би сангийнхаа тэргүүн ч шүүлтийн шатанд ямар нэгэн үүрэг, оролцоо, эрхгүй. Өөрөөр хэлбэл, “Балдорж” шалгаруулалтын тогтмол, тууштай үргэлжилж буй шалтгаан нь санхүүгийн хөшүүргээс гадна шүүгчдийн хүчтэй, шударга багтай холбоотой. Үнэн зөв шүүлт, шалгаруулалт болдог учраас зөвхөн сэтгүүл зүйн салбар гэлтгүй нийгэмд хүлээлт үүсдэг болоод цөөнгүй жил болжээ.

-“Балдорж” шагналын өөр нэг үнэ цэнэтэй зүйл нь хэн мэдэрч, хөдөлмөрлөж, сэтгэж чадсан нь шилдэг болдог, үнэлүүлж чаддагт байдаг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, хэн хамгийн их хөдөлмөрлөж, бодсон нь “Балдорж”-ийг гардахаас бус олон жилийн туршлага, нэр хүндтэй байх нь хамаагүй гэсэн санаа л даа.

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол манай шалгаруулалтад зориулж бичсэнийг шалгаруулдаг шалгаруулалт биш. Тухайн жилдээ тууштай хөдөлмөрлөсөн сэтгүүлчийн хөдөлмөрийг үнэлэх зорилготой шагнал. Сэтгүүлчид “Балдорж” шагнал, өөр бусад шалгаруулалтыг байсан байгаагүй сурвалжлага, нийтлэлээ бичдэгээрээ л бичиж байгаа байх. Тэгсээр ч ирсэн. Гэхдээ зарим үед хэн нэгэнд ямар нэг хөшүүрэг, урамгүйгээр юуны төлөө, яагаад ингэтлээ ажиллаад байгаагаа гайхах үе байдаг шүү дээ. Сэтгүүлчдэд ч тийм бодол орж ирж байсан байх. Ийм учраас л сэтгүүлчдээ урамшуулах, урам өгөх, илүү ихийг бүтээх хүсэл эрмэлзэлд нь багахан ч гэсэн хувь нэмэр болох үүднээс энэ шалгаруулалт жилийн хугацаанд үргэлжилж, шилдгээ шалгаруулж байгаа юм. Нөгөө талаар уншигчдад, нийгэмд сэтгүүлчид ийм их ажлыг ингэж хөдөлмөрлөж хийдэг юм шүү гэдгийг мэдрүүлэхийг, таниулахыг зорьж байгаа хэрэг. “Балдорж” шалгаруулалтынхаа ёслолын ажиллагаанд бид төрийн өндөрлөгүүд болоод сэтгүүлчдээ урьж оролцуулдаг. Учир нь төрийн өндөрлөгүүд сэтгүүлчдэд ёслолын үеэр хүндэтгэл үзүүлж байгаа нэг хэлбэр гэж бид үздэг.

-Ганц нэг сэтгүүлч ур чадвар, ёс зүйн алдаа гаргасны төлөө, захиалгат нийтлэл бичсэнийх нь төлөө нийт сэтгүүлчдийг хавтгайруулан буруутгах, шүүмжлэх хандлага сүүлийн үед нэлээд гарлаа. Ийм хандлагыг сэтгүүлчид ингэж хөдөлмөрлөдөг, ийм бүтээл бичдэг гэдгээр нь нийтэд ил тодоор зарлаж, цагаатгадаг зүйлсийн нэг нь Балдорж” шалгаруулалт яах аргагүй мөн л дөө. Гэхдээ сэтгүүлчдийн ур чадвар, ёс зүйн тал дээр энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэлэх үг бий байх?

-Таны хэлснээр манай сэтгүүлчдийн дунд ур чадвар, ёс зүйгээ сайжруулах, анхаарах зайлшгүй шаардлага бий. Энэ ч үүднээс бид сүүлийн гурван жил “Балдорж” шагналын нэрэмжит сэтгүүл зүйн шүүмж судлалын хурал зохион байгуулж байгаа. Энэ онол практикийн бага хурлаар бид сэтгүүлчдийнхээ бичсэн шилдэг нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудад юу дутуу байна вэ, баримт, хэл найруулга, ур чадварын хувьд ямар алдаа байна вэ гэдгийг эргэж хянан сэтгүүлч, судлаачидтайгаа хамтран хэлэлцдэг болсон. Энэ нь ямар нэг алдаа, дутагдлыг нь илчилж, шүүмжлэх бус дахин ийм алдаа гаргахгүй, илүү чамбай, илүү сайн бүтээлүүд цаашид бичээсэй гэсэн санаа зорилго юм. Үүнээс гадна ганц нэг хүний ёс зүйн болоод бусад алдаанаас болж сэтгүүлчдийг, сэтгүүл зүйн салбарыг нийтэд нь хараар будаж болохгүй л дээ. Цаана нь өдөр болгон үнэнчээр хөдөлмөрлөж, нийгэмд, бусдад хэрэгтэй сайн сайхан нийтлэл сурвалжлага бичиж, тодорхой өөрчлөлт, шийдвэрүүдийг гаргуулж чадаж байгаа зуу зуун шударга, авьяастай, хөдөлмөрч сэтгүүлч бий. Тэр дундаа сонины сэтгүүлчид бол үнэхээр мэргэжилдээ хайртай, нийгмийн сайн сайхны төлөө илүү хөдөлмөрлөдөг, ялангуяа хүнд, хэцүү сэдвүүдээр бичдэг сэтгүүлчид зарим үед эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах, золиослох ч тохиолдол байдаг. Тийм учраас сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Мөн сэтгүүл зүйн салбар бол үнэхээр дөрөв дэх засаглал мөн. Уралдаанд ирүүлсэн нийтлэл, сурвалжлага, нэвтрүүлгүүдийн гарчгуудыг харахад л сэтгүүлчид нийгэмд маш их эерэг өөрчлөлт авчирч чаддаг, нийгмийг тодорхой хэмжээгээр удирдан залах үүргээ сайн биелүүлдэг нь харагддаг. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд сэтгүүлчид асуудлыг цуврал сурвалжлага, нийтлэлээр хөндөж ямар нэг үр дүнд хүрсэн тохиолдол нэлээд түгээмэл болсон. Хэрвээ анзаарах юм бол сэтгүүлчдийн тууштай араас нь явж, ямар нэг үр дүнд заавал хүрдэг сэдэв нь байгаль орчин, эрэн сурвалжлах чиглэлийнх байна. Онцлог нь сэтгүүлчид улс төрийн сэдэвтэй нийтлэлүүдээ уралдаанд тэр бүр ирүүлдэггүй. Сэтгүүлчдийн бичиж, нийтэлж буй сэдвүүдээс харахад манай салбар зөв замаар, зөв чиглэл рүүгээ явж байгаа нь харагддаг, миний хувьд.

-Хэдхэн хоногийн дараа “Балдорж” шагналын 10 жилийн ойтой давхцаад 10 дахь Гран При-ийн эзэн тодорно…

-Бид өмнө нь шүүмж судлалаараа ном гаргаж байсан ч “Балдорж” шагналтнуудаараа ном гаргаж байгаагүй. Тийм учраас “Балдорж”-ийн эздээрээ ном гаргахаар ажиллаж байна. Мөн ирэх 10 жилийнхээ зорилгод сэтгүүлчдээ илүү чадавхжуулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ялангуяа сэтгүүлчдийнхээ гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хос морьтой болоход нь илүү анхаарах болов уу.

Өмнө жилээс эхлэн манай сангийн дэргэд Канадын Элчин сайдын яамнаас шилдэг бичлэгийн уралдаан зарлаж байгаа. Цаашдаа бидний хамтын ажиллагаа улам өргөн хүрээг хамарч, Канадын томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн тоймч, редактор, эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнан ажилладаг сэтгүүлчдийг авчрах, зөрүүлээд Монголынхоо сайн сэтгүүлчдийг хэлний сургалтад хамруулах зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, “Балдорж” шагнал зөвхөн Монголынх бус дэлхийн хэмжээнийх байх ёстой. Өнөөдөр Монголын эдийн засаг, улс төр гэх мэт сэдвүүдийг гаднын улс оронд хүргэх гэхээр ихэвчлэн гадаад сэтгүүлчид бичдэг. Монгол сэтгүүлчид эх орондоо байгаа мөртлөө гадаад хэлгүйгээсээ болоод өөрсдийнхөө тухай үнэн бодит мэдээллийг дэлхий дахинд хүргэж чаддаггүй. Тийм болохоор энэ чиглэлд сэтгүүлчдээ илүү хөгжүүлэх, дэмжих ажлыг ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байна.

Э.Хүрэлбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *