Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Б.Нарантуяа: Монголын бильярдчид дэлхийд цахиур хагалах цаг ойрхон байна DNN.mn

Олон улсын хэмжээний мастер Б.Нарантуяатай ярилцлаа.


-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг найман оролцогчдын нэг болж, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл цом хүртэж Монгол Улсын бильярдын спортод түүхэн амжилт үзүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Анх удаагаа снүүкер бильярдын Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасандаа маш баяртай байна. Тэмцээнд оролцохдоо их догдолсон. Өөрийгөө ийм амжилт гаргана гэж бодоогүй, аль болох сайн оролцох юмсан л гэж бодож байсан даа. Тэмцээний зохион байгуулалт дэг, жаяг маш сайн байсан.

-Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн улсын, баг тамирчид оролцов. Хэр ширүүн өрсөлдөөнтэй байсан бэ?

-Тэмцээн Катар улсын Доха хотноо зохион байгуулагдаж, ойролцоогоор 31 орны 86 тамирчин оролцсон. Өмнөх жилийн дэлхийн аваргууд, Азийн аваргууд гээд сайн тамирчид ирж оролцсон учраас тэмцээн их өрсөлдөөнтэй болсон. Тэмцээний онцлог гэвэл бидний бэлдэж бэлтгэлээ хийж байсан ширээ болон тэмцээний ширээ маш ялгаатай байсан. Бүх зүйл нь шинэ байсан учраас ширээгээ мэдрэх гэж их цаг авсан. Үүнээс шалтгаалж жижиг алдаа гарган хожигдох тохиолдол байсан л даа.

-Анх бильярдыг 12 настай байхаасаа сонирхон хичээллэж эхэлсэн юм байна. Тухайн үед гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

-Эхэндээ сонирхлоороо тоглож байсан болохоор нэг их дэмждэггүй, бас хориглодоггүй байсан. Харин тууштай хичээллээд бага багаар амжилт гаргаад бильярдыг спорт гэдэг үүднээс яг хичээллэж эхлэхэд маш их дэмждэг болсон.

-Бильярдын спортоор хичээллэхэд зогсолт, цохилт их чухал байдаг. Хэрхэн зөв зогсож, зөв цохилт хийж сурах вэ?

-Энэхүү спортод тухайн тамирчны техник маш чухал. Бильярдын спортоор тууштай хичээллэе гэвэл анхнаасаа зөв техникт суралцах хэрэгтэй. Зөв техниктэй байснаар шарикийг зөв удирдах, оруулах зэрэг чадварыг зөв хийдэг. Анхнаасаа буруу техникээр суралцсан хүний зогсолт, техникийг засах их хэцүү. Тиймээс анхлан суралцаж буй хүмүүс сайн багшаар зөв зогсолт, техникийг эхнээс нь зөв заалгах хэрэгтэй. Тэгснээр дараагийн арга барил зэрэг нь зөв болно.

-Бильярдын спортоор ямар орны тамирчид тэргүүлдэг вэ?

-Дэлхийд Тайланд, БНХАУ, Энэтхэг, Иран, Хонгконг зэрэг улсын тамирчид ер нь тэргүүлдэг. Мөн Их Британи, Германы тамирчид ч сайн байдаг.

-Бильярдын спорт дотроо хэдэн төрөлтэй юм бэ?

-Снүүкер бильярд, пүүл бильярд, орос бильярд, чайниз пүүл, каром зэрэг төрлүүдтэй. Тус бүрийн төрлөөс хамаараад ширээ, шарик, дүрэм бүгд өөр байдаг.

2009 онд анхны тэмцээндээ оролцож байсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Хамгийн анх 2006 онд “Шайн” клубээс зохион байгуулсан пүүл бильярдын тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртэж байсан. Анхны тэмцээн учраас сандрал их, туршлага бага гээд олон зүйл байсан ч мөнгөн медаль аваад цаашид тууштай хичээллэх урам зоригтой болсон.

-Снүүкер бильярдын 10 удаагийн улсын аварга болжээ. Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцана уу?

-Монголдоо снүүкер бильярдын 10 удаагийн, пүүл бильярдын есөн удаагийн аварга болсон. Энэ хугацаанд холбооноос, клубүүдээс зохиодог тэмцээнүүдэд тасралтгүй орж амжилт үзүүлсэн. Бильярдын клубүүдээс цуврал тэмцээн үргэлж зохиодог. Долоо хоногтоо юмуу 14 хоногтоо нэг удаа цуврал тэмцээнүүд тогтмол зохиогддог.

-Таны хувьд хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай тоглолтоосоо хуваалцвал?

-Бүх л тэмцээнүүд онцлогтой, бүгдэд нь хүч ухаан шаарддаг. Бүгд л дахин давтагдашгүй тоглолтуудтай тэмцээн болдог доо. Тайвань улсад 2017 онд олон улсын оюутны тэмцээн зохиогдсон. Тэр тэмцээнд хагас финалийн тоглолтод Тайванийн шилдэг тамирчныг хожиж аваргын төлөө тоглох эрх авч байсан. Энэ тэмцээн бас их дурсамжтай байсан. Тухайн тэмцээнээсээ ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, хосын төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.

-Бильярдын спортоор хичээллэснээр хувь хүн ямар ур чадварыг эзэмших вэ. Энэ спортын бусад спортоос ялгарах давуу тал нь юу вэ?

-Биеийн хүчний спорттой харьцуулахад оюун ухаан, техник, ур чадвар гээд олон зүйл зэрэг шаардагддаг. Мөн төвлөрөлт, сэтгэл зүй маш чухал байдаг.

-Бильярдын спортод сэтгэл зүй, анхаарал их чухал нөлөөтэй гэлээ. Та өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Сэтгэл зүйг тухайн үеийн нөхцөл байдал, тэмцээнээс шалтгаалан бэлддэг. Миний хувьд яг тийм байх ёстой гэж шууд бэлддэггүй ээ. Тамирчин бүр өөр өөрийн гэсэн сэтгэл зүйн онцлогтой шүү дээ.

-Тамирчин бүр өөр өөрийн хувийн цохиуртай байдаг. Таны хувьд ямар цохиур хэрэглэдэг вэ?

-Цохиурны хувьд оолн төрөл байдаг. Тамирчин бүр өөр өөрийн цохиуртай. Хүн өөрт тохирсон эвтэйхэн цохиуртай бол нэг цохиураараа бүх төрөлд хэрэглэсэн ч болдог. Гэхдээ тус тусын цохиурыг төрөл бүрд нь хэрэглэж байвал их зүгээр. Үнэ ханшийн хувьд ч хямд, боломжийн, үнэтэй гээд төрөл бүр бий. Би одоогоор БНХАУ-ын “Banen” брэндийн цохиур модыг хэрэглэж байна.

-Олон улсын тэмцээнүүдэд оролцоход зардал их өндөр байдаг. Өөрийн зардлаар тэмцээндээ оролцсон уу?

-Олон улсын бүх л тэмцээнд тамирчид хувиасаа зардлаа гаргаж оролцдог. Энэ удаагийн Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход “Монголын бильярдын холбоо”, “Баясах хульж” ХХК, “Эрчим инженеринг”, “Elite snooker club”, “Metropool club” зэрэг олон газрууд туслалцаа үзүүлсэн. Бүгдэд нь маш их баярлаж байна.

-Тэмцээнд оролцоход заавал хослол, ботинк өмсөх ёстой байдаг гэсэн үү?

-Олон улсын болон улсын томоохон тэмцээнүүдэд ёслолын хувцастай оролцох ёстой байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хар, цагаан цамц, эрвээхэй зангиа зүүж, хар брюкен өмд, хар ботинк өмсдөг. Энэ нь тухайн тэмцээнийг хүндэтгэж байгааг илэрхийлдэг.

-Та ямар тамирчнаас үлгэр дуурайл авдаг вэ?

-Монголын тамирчдаас гэвэл н.Дэлгэрдалай ахаасаа үлгэр дуурайл авдаг. Нягт, нямбай хичээнгүй үлгэр жишээ хүн, надад их зүйлийг зааж өгч байсан. Гадаадын тамирчдаас яг тэр тамирчин гэж хэлэх хүн байхгүй. Тэмцээнд оролцож буй тамирчдыг үзэж, харж авууштай сайн тал, чадвараас нь үлгэрлэн, суралцах дуртай.

-Манай оронд бильярдын спортын хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Манай оронд бильярдын хөгжил одоо бол яг ид хөгжиж, дэлгэрч байна. Хүүхэд, залуу үеийнхэн маань их сонирхон хичээллэдэг болсон. Мэргэжлийн эмэгтэй, эрэгтэй тамирчид ч их нэмэгдэж байна.

-Цаашид энэхүү спортыг хөгжүүлэхэд юунд анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

-Залуу тамирчид хүүхдүүдийг энэ спортоор хичээллэдэг болговол бильярд илүү их хөгжиж, цаашдаа тэдний амжилт үзүүлэх боломж ихэснэ. Залуучууд их сонирхож ирдэг боловч бэлтгэл сургуулилт болон тэмцээн уралдаанд ялагдахаараа шантарч орхих тохиолдол их байдаг. Шагнал урамшуулал ч хамаардаг байж магадгүй юм.

-Бильярдаар хичээллэж буй хүмүүс юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Бильярдын спортоор хичээллэж буй хүмүүст хандаж хэлэхэд шантралгүйгээр тууштай, зоригтой байж, хийж буй зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй шүү гэж хэлье. Өөртөө итгэлтэй байгаарай гэж захимаар байна.

-Цаашид юуг хийхээр зорьж төлөвлөж байна?

-Арав, арваннэгдүгээр сард Турк улсад Снүүкерийн тэмцээн зохион байгуулагдана. Энэ тэмцээнд амжилттай оролцож, өмнө үзүүлсэн амжилтаа ахиулахыг хүсч, зорьж байгаа. Ер нь Монголын билльяардчид дэлхийд цахиур хагалах цаг ойрхон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *