– ҮЙЛДВЭРИЙН АРГААР МАХ БОЛОВСРУУЛАГДАЖ БАЙГАА УЧРААС ОЛОН УЛСЫН ЧАНАР, СТАНДАРТАД НИЙЦНЭ ГЭСЭН ҮГ –
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмартай арьс шир боловсруулах үйлдвэрийг нүүлгэх, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн асуудлаар ярилцлаа.
-Арав гаруй жил гацсан Эмээлтийн аж үйлдвэрийн парк энэ жилээс үйл ажиллагаа нь идэвхжиж эхэллээ. УИХ, Засгийн газар, Нийслэлийн зүгээс уг паркийг байгуулах чиглэлд тал бүрийн дэмжлэг үзүүлж байх шиг байна. Тэр утгаараа тус паркийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг анх 2014 онд НИТХ-аар байгуулж байсан. Яг ямар зорилготой анх энэхүү паркийг байгуулах асуудал яригдаж эхэлсэн бэ гэж. Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Тодорхой хэлбэл Туул голын ус, ай сав орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн учир тус үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал яригдаж эхэлсэн. Хэдий 2014 онд байгуулагдсан ч гэсэн бүр анхны УИХ, Засгийн газрын тогтоол 2012 онд гарч байсан. Тус тогтоол гарч ирэхээс бүр өмнө буюу 2009 онд энэхүү арьс, ширний үйлдвэрийг Улаанбаатар хотоос гаргах асуудал олны дунд яригдаж эхэлсэн байдаг.
-Хан-Уулд байх арьс, ширний үйлдвэрүүд байгаль орчны ямар их бохирдол гаргадгийг нийслэлчүүд бид сайн мэднэ. Анх 2014 онд шийдвэр нь гарсан гэлээ. Гэтэл одоог болтол нүүлгэж чадаагүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-2014 онд НИТХ-ын шийдвэр гарснаас хойш уг үйлдвэрүүдийг нүүлгэхээр олон удаагийн оролдлого хийж байсан. Харамсалтай нь бодитой үр дүнд хүрээгүй. Харин саяхан УИХ-ын Аж, үйлдвэржилтийн байнгын хороо болон Засгийн газрын зүгээс тогтоол шийдвэр гарч, энэхүү үйлдвэрүүдийг зайлшгүй нүүлгэх асуудлыг дэмжсэн. УИХ, Засгийн газрын зүгээс дэмжинэ гэдэг маань бодитой үр дүн гаргаж ажиллахад том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Арьс, ширний үйлдвэрүүдийг Улаанбаатараас нүүлгэх асуудлаар холбогдох шийдвэр, тогтоолууд хэдийгээр өмнө нь гарч байсан ч ажил хэрэг болж чадаагүй. Гол шалтгаан нь хөрөнгө санхүүжилтийн асуудал тулгарч байсан. Мөн дэд бүтцийн асуудал шийдвэрлэгдээгүйтэй холбоотой байсан гэж ойлгож болно.
-Одоо тус үйлдвэрүүдийг Эмээлт рүү гаргалаа гэхэд дахиад л орчны бохирдлын асуудал яригдахгүй юу. Нөгөөтэйгүүр Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах төсөл ямар шатандаа явж байна вэ?
-Нэгдүгээрт, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолууд гарсан. Үүнтэй холбоотойгоор арьс, ширний үйлдвэрүүдийг гаргах болон Эмээлт эко аж үйлдвэрийн парк байгуулах суурь бүх судалгаа хийгдсэн. Тухайлбал, арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэх үү эсвэл Дархан руу юу гэх судалгаа бүрэн хийгдсэн гэсэн үг. Дэлхийн банкны зүгээс суурь судалгааг хийсэн. Эдгээр судалгааны үндсэн дээр арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэсэн нь эдийн засгийн болоод байршлын хувьд илүү үр өгөөжтэй гэж тодорхой гаргаж ирсэн. Тиймээс Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулах төслийг Нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар тус паркт байрлах арьс шир, завод ноосны бүсийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн бөгөөд Олон Улсын санхүүгийн корпораци ирэх оны хоёрдугаар сард ТЭЗҮ-г хүлээлгэн өгөхөөр ажилдаа орсон. Түүнчлэн ХУД-ийн 20 дугаар хорооны бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх талаарх нарийвчилсан төлөвлөлтийн мэргэжлийн байгууллагууд хийж байна. Нөгөөтэйгүүр арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхэд 100 сая орчим ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн судалгааг урьдчилсан тооцоо гарсан. Уг санхүүжилтийг Дэлхийн банкны зээл, тусламжаар шийдвэрлэхээр Засгийн газрын холбогдох яам, агентлаг, газар нэгжийн удирдлагуудтай уулзалтуудаа хийсэн. Юутай ч НЗДТГ-ын зүгээс онцгой анхааран ажиллаж буй энэхүү төслийг холбогдох яамд дэмжин ажиллаж байна.
-Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн нийт талбайн хэмжээ ямар байгаа вэ. Нөгөөтэйгүүр тус паркт хичнээн чиглэлээр үйлдвэрүүд байгуулагдах юм бэ?
-Угтаа 160 гаруй га газарт бүтээн байгуулалт хийгдэх төлөвлөлттэй байсан. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг паркийн газар нутгийн хэмжээг 539 га болгон нэмэгдүүлсэн байгаа. Ингэснээрээ Эмээлт аж үйлдвэрийн паркт зөвхөн арьс ширний үйлдвэрүүд байгаад зогсохгүй хөдөө аж ахуйн чиглэлийн томоохон үйлдвэрүүдийг байгуулах боломжтой болсон. Тухайлбал, мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэр, дайвар бүтээгдэхүүн буюу малын гаралтай бүхий л түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг энд цогцолбор болгон байгуулахаар ажиллаж байна. Одоо Эмээлт орчимд малын гаралтай түүхий эд буюу дайвар бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээх боломжгүйгээр хаясан байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч хаягдалгүй эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой зүйлийг бид хог болгон хаяж байна гэсэн үг. Махны томоохон захуудад бог, бодын ясыг ямар их хэмжээгээр зүгээр л хог дээр хаячихдаг билээ. Энэ паркийн газар нутгийг чөлөөлөх гэж бид 800 гаруй тонн малын гаралтай хог хаягдлыг цэвэрлэж байсан. Тэгэхээр бидний хувьд нэн даруй энэхүү паркийг байгуулах, үйлдвэрүүдээ босгох, үйл ажиллагааг нь эхлүүлэх нь өөрөө маш чухал байгаа гэдгийг харж болохоор. Малын гаралтай түүхий эдээ хог дээр хаяж, байгаль орчин, эдийн засгаараа хохирч байхаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд нийлүүлэх шаардлагатай. Ингэснээр эдийн засаг өснө, экспорт төрөлжинө, ажлын байр бие болж, орчны бохирдол буурна шүү дээ.
-Эмээлт аж үйлдвэрийн паркийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт нь ямар байх юм бэ?
-Хэрэгцээтэй байгаа нийт санхүүжилт нь 1.4 их наяд төгрөг. Бид энэхүү санхүүжилтийг улсын төсөв, гадаадын зээл тусламж болон хувийн хэвшлийнхэнтэй хамт босгоно. Тус паркт үйлдвэр байгуулах асуудалд төр бага оролцоно. Эсрэгээрээ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, боломжийг нь нээж өгнө. Тэр утгаараа нийт хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 65 хувийг хувийн хэвшлийнхэн маань хийнэ гэсэн үг. Энэ нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжсэн төрийн бодлого, нөгөө талдаа эдийн засгаа сэргээх, үйлдвэрлэгч улс болох агуулгаар хийгдэж байгаа томоохон төсөл.
-Монгол Улсын мал сүрэг хэдэн саяараа нэмэгдчихсэн. Тиймээс одоо бид махаа экспортлох, малын гаралтай түүхий эдээ боловсруулах асуудал чухал байгаа. Тэгэхээр тус паркийн үйл ажиллагаа бүрэн жигдэрснээрээ махны экспорт нэмэгдэж, эдийн засагт бодитой өсөлтийг бий болгож чадах уу?
-Эмээлт эко аж үйлдвэрийн паркт олон бүс бий. Тээвэр логистикийн асуудал байна. Нөгөөтэйгүүр мал нядалгаа, мах боловсруулах асуудал байна. Бид арьс, ширний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзсан. Тэд нэг зүйлийг хэлж байна. Юу гэхээр ирж байгаа арьс, шир маш их гэмтэлтэй ирдэг гэж. Энэ нь юу гэхээр мал нядалгааны технологитой холбоотой асуудал. Амьдын үеийн гэмтэл, мал нядалгааны үеийн гэмтэл гэж гарна. Мэдээж амьдын үеийн гэмтэл гэдэг маань малын эрүүл мэндтэй шууд холбоотой. Нядалгааны үеийн гэмтэл гэдэг нь үйлдвэрийн аргаар малыг нядлаагүйгээс болдог. Үйлдвэрийн аргаар нядлаагүй малын арьс, ширд нэмүү өртөг шингээхэд туйлын хүнд. Тэгэхээр хаягдахаас өөр сонголтгүй болж ирж байгаа юм. Тиймээс бид мал нядлахдаа заавал үйлдвэрийн аргыг тусгах шаардлагатай. Тэр утгаараа Эмээлт эко аж үйлдвэрийн паркт мал нядалгаа, махны чиглэлийн томоохон үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөгдсөн. Нөгөөтэйгүүр үйлдвэрийн аргаар мах боловсруулагдаж байгаа учраас мах олон улсын чанар, стандартад нийцэгдэнэ гэсэн үг. Тэр утгаараа тус парк бүрэн зургаараа ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ гэхэд эдийн засгийн асар том боломж, өсөлт бий болно. Мөн малаас гарч буй дайвар бүтээгдэхүүн нь олон төрлийн үйлдвэрүүд байгуулагдах боломж бөгөөд энэ талаар ч бид төлөвлөлтөндөө тусгасан. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй, инноваци шингэсэн экспортын чиг баримжаатай кластер үйлдвэрлэлийг дэмжсэн эко парк болох юм.
One reply on “Б.Мягмар: Эмээлтийн аж үйлдвэрийн парк үйл ажиллагаагаа эхлүүллээ гэхэд эдийн засгийн асар том боломж, өсөлт бий болно DNN.mn”
Эмээлтийн аж үйлдвэрийн парк бол ээлжит дуусдаггүй үлгэрийн нэг ………………