Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалттай холбоотой маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллагад хандах явдал түгээмэл байна. Өөрөөр хэлбэл, ил тод, нээлттэй бус байдлаас болж лицензийн наймаа “цэцэглэж” байна хэмээж буй юм. Тэгвэл УУХҮЯ-наас “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын төсөл” боловсруулан хэлэлцүүлэг явуулж, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын санал дүгнэлтийг авч байна. Энэ талаар хуульч Б.Мөнхтогтохтой ярилцлаа.
-Манай улсад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой маргаан байсаар ирсэн. Лиценз олголт нээлттэй, шударга явагдахгүй байгаагаас үүдэж олон жилийн туршид Монголын газар нутаг, баялаг “томчууд”-ын наймааны хэрэгсэл болсоор ирсэн гэдэг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Манай улсад уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргаанууд явсаар байна. Түүхийг нь харах юм бол анх түрүүлж өргөдөл өгсөн дарааллаар тусгай зөвшөөрөл олгодог байсан тогтолцоо бий. Ерөнхийлөгч 2009 онд хориг тавиад тодорхой хугацаанд тусгай зөвшөөрөл олгохгүй зогссон. Түүний дараа хуульд өөрчлөлт ороод тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болсон. Гэвч цахим олголт амжилттай явж чадаагүй. иймээс дахиад 2017 оны арваннэгдүгээр сард хуульд өөрчлөлт оруулаад тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар явуулахаар болгосон. Ер нь хууль гараад хоёр жил болж байна. Мөн журмыг 2018 оны хоёрдугаар сард баталсан. Харамсалтай нь одоо ч маргаан дагуулсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын журам маань ил тод, шударга байх зарчмыг хангахгүй байгаа юм. Яагаад гэхээр сонгон шалгаруулалтад оролцсон компани шүүхэд хандаж гомдол гаргах тохиолдол олон байна. Тэд сонгон шалгаруулалтыг хууль бус явагдсан хэмээн маргаж байгаа. Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас журмын төсөл боловсруулаад санал авч байгаа юм байна. Яамнаас гаргаж байгаа санал зарчмын байр суурь илэрхийлээгүй, ерөнхийдөө техникийн байдалтай засваруудыг хийсэн байна.
-Сонгон шалгаруулалтыг шударга явуулахын тулд ямар зохицуулалт хийх шаардлагатай байна вэ. Өмнө нь олон жилийн туршид лиценз олголтыг шударга явуулах зохицуулалтыг хийж, янз бүрийн аргаар тусгай зөвшөөрөл олгож байсан боловч их мөнгө тойрсон уг ажилд алдаа мадаг гарсаар байна. Эсвэл дуудлага худалдаагаар лиценз олгож болохгүй юу?
-Хүмүүс янз бүрийн санал хэлж байна. Эргээд өргөдлөөр олгодог зарчим руу явъя гэж байгаа хүн ч бий. Ер нь одоо байгаа журмын төслийг бид гурван хүрээнд харж байна. Нэгдүгээрт, комиссыг ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Комиссын гишүүдийн төлөөлөлд төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг оруулъя. ингэж оруулахдаа мэргэжлийн холбоодоос нэрсийн жагсаалт аваад, тэр жагсаалтаар орсон хүмүүсийг яамны вэб сайт дээр нээлттэй тавьж жагсааж зарлая. Энэ дотроос шударга зарчмаар сонгож комисс руу оруулдаг зарчим байж болно. үгүй бол мэргэжлийн холбоодын саналыг авч оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын хүмүүсийг томилж байгаа зарчмыг өөрчилье гэж байгаа юм. Хөндлөнгийн хяналтыг бий болгоё гэдэг зарчим ярьж байна. Хоёрдугаарт, үнэлгээний асуудал дээр санал байна. Сонгон шалгаруулалтын үнэлгээг явуулахдаа ерөнхийдөө техникийн үнэлгээ, санхүүгийн санал гэдэг хоёр зүйлээр үнэлдэг. Техникийн санал нь одоо байгаа журмаар 55 хувь, санхүүгийн санал нь 45 хувь. Бид дахиж нэг санал нэмье гэж байгаа юм. Техникийн саналыг 55-аас 70 болгоё. үнийн саналыг 40 болгоё гэж байна. Яагаад гэвэл ажил хийх компанийг техникийн саналаар сонгохгүй болохоор санхүүгийн санал өндөр байхаар мөнгөтэй гадны байгууллагууд, тэр дундаа хятад компаниуд олноор орж ирж сонгон шалгаруулалтыг мөнгө цохиж авах эрсдэл байна. ингэж аваад эргээд ажил хийдэггүй асуудал байна.
Г.БАТЗОРИГ