Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхсоёл: Урсгал зардлын 15,4 хувийг зөвхөн зээлийн хүүнд төлөхөөр байна

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан эдийн засгийн чиглэлээр ажилладаг судлаач Б.Мөнхсоёлтой ярилцлаа.


-Ирэх оны төсөв батлагдах гэж байна. Сөрөг хүчнийхэн төсвийн зарлагыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Таны хувьд төсвийг хэрхэн дүгнэх вэ?

-Төсөв Засгийн эрхийг авсан намын бодлогоо хэрэгжүүлэх арга хэрэгсэл, зэвсэг байдаг. Зарцуулалт нь бодлоготойгоо уялдах ёстой. Нийгэмдээ өгөөжтэй хэрэгжих ёстой учраас иргэд оролцоотой байж, хяналт шинжилгээ дүгнэлт хийж санал бодлоо тусгах боломжтой байх учиртай. Энэ нөхцөл Төсвийн тухай хууль, бусад хуульд тусгагдсан ч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй. Цаг хугацаа давчуу, иргэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл авч амжихгүй байх нь олонтаа. Ерөнхийдөө Төсвийн сахилга бат муу байсаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өрийн хэмжээ асар их нэмэгдэж, төсвийн алдагдал байнга өндөр явж ирлээ. Уг нь Төсвийн сахилга батыг хангах үүднээс Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хуулиа дагаж мөрдөхөөсөө илүүтэй бий болгосон нөхцөл байдалтайгаа уялдуулаад 4-5 удаа засвар орууллаа. Ирэх оны Төсвийн хуулийг Төсвийн тогтвортой байдлын хуультай уялдуулж, төсвийн төсөөлөл хийсэн байна. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын хуулиар тухайн жилийн тэнцвэржүүлсэн төсвийн тэнцлийн алдагдал 2018 оны хувьд 9,5 хувиас хэтрэхгүй байх учиртай. Тиймээс 2018 оны Төсвийн тухай хуулиар 8 хувьтай байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл орлого, зарлагын зөрүү 2,42 их наяд төгрөг байна. Төсвийн тооцоолол, төсөөллийг ДНБ-тэй харьцуулж хардаг. Энд гэхдээ эрсдэл бий. Засгийн газраас тооцож гаргасан тоонууд яг энэ чигээрээ биелэлээ олно гэсэн баталгаа байхгүй.

Засгийн газар, Сангийн яам ирэх онд учирч болох гурван төрлийн эрсдэл бий гэж төсвийн төсөлдөө дурдсан байна лээ.

Сүүлийн жилүүдэд хөгжсөн улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах зорилго тавьж байгаа. Тийм учраас нүүрсний экспортын борлуулалтын хэмжээ, үнэ тооцоолсон түвшнээс бага байх эрсдэл бий. Өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуй, газар тариалангаас орж ирэх орлого тооцсон хэмжээгээр орж ирэхгүй байх, төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлөх хөрөнгийг босгож чадахгүйд хүрвэл эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон донсолгоо авчрах магадлалтай. Нөгөө талдаа хэд хэдэн шинэчлэл хийхээр оруулжээ. Төсвийн тухай хуулийг батлах үйл явцад УИХ-ын гишүүд өндөр оролцоотой байдаг. Үүнийг багасгах зорилгоор Төсвийн зөвлөл байгуулахаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан байна. Гэвч энэ нь анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй.

Урсгал зардлын бүтцийг харвал зээлийн хүүгийн төлбөр өндөр байгаа. Урсгал зардлын 15,4 хувийг зөвхөн зээлийн хүүнд төлөх тооцоо гарсан. Энэ нь мэдээж өнгөрсөн жилүүдэд бий болсон өр зээлийн төлбөр, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор босгосон дотоодын зах зээлд өндөр хүүтэй Засгийн газрын бонд гаргасантай холбоотой. Сүүлийн жилүүдэд бид урсгал зардлаа ч нөхөж чадахгүй, зээл, өрөөр зардлаа санхүүжүүлж ирсэн. Харин ирэх онд өндөр хүүтэй Засгийн газрын бондыг арилжааны банкуудад худалдаалахыг хумих томоохон зорилго тавьсан нь сайшаалтай.

Төсвийн зарцуулалт хийхийн тулд төсвийн орлого бүрдүүлэх ёстой. Гэтэл уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байсан өмнөх онуудтай харьцуулахад төсвийн орлого бага, төсвийн алдагдал, Засгийн газрын өр өндөр байна. Ийм нөхцөлд нийгмийн шинжтэй бодлого хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал нөхцөл бий болсон. Энэ үр дагаварыг хэн бий болгосон гэхээр зөвхөн эрх барьж байгаа хүчин биш хоёр гол нам хоёулаа.

Заримдаа иргэдийг төөртөл улс төрийн шинжтэй тоглолтууд маш их хийх юм. Үнэхээр асуудлыг шийдье гэхээр хөрөнгө нөөц дутагдалтай, нөгөө талаар одоо шүүмжлээд байгаа нам боломж байхад юу хийсэн гэдэг асуулт гарч ирж болно. Энэ олон жил төсвийн сахилга бат сахиагүй, урсгалаараа явсан, мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлээгүй, олж байгаа мөнгө орлогоо хадгалаагүйн уршиг хямралын үед илэрч байна.

Сөрөг намын хэлээд байгаа зарим шүүмжлэлтэй санал нэг байна. Хэмнэх боломжтой гээд байгаа. Төсвийн хэмнэлт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч бас нэмж хийгдэж болох зүйлүүд ажиглагдаж байна.

Нөгөө талдаа эрэлт хэрэгцээ байнга л байна. Монгол хөгжиж байгаа улс. Иргэд, аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар санхүүгийн эх үүсвэр дэмжлэг, халамж хэрэгтэй. Ажлын байр бий болгох, моргейжийн зээлийг дэмжүүлэх, санхүүгийн нөөц эх үүсвэр байнга дутагддаг. Үүнийг хангахад нөөц хязгаарлагдмал.

Эдийн засаг жаахан сэргэсэн нь сайн бодлого явуулсандаа ч биш урд хөршид нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс борлуулалт нэмэгдэж, эрдэс баялгийн зах зээлийн үнэ нэмэгдсний ачаар төлөвлөснөөс илүү орлого орж ирлээ. Зөв төлөвлөгөө гаргаад, хуримтлуулж, өмнөх өр зээл, төлбөрөө яаж дарах вэ гэдгээ бодохгүй яаж үрэх вэ гэдэгтээ илүү анхаараад байна.

Өрх айлын хувьд ч аав, ээж нь хэсэг хугацаанд туйлсан байж болно, буруугаа ойлгоод ямар ч байсан бусдад тавьсан өрөө даръя гэнэ биз дээ. Гэтэл энэ байдал алга болчихоод байна. Энэ нь нөгөө л улс төртэй холбоотой. Дахин сонгогдохоо бодно. Олдсон дээр нь гэдэг ийм хандлага ноёрхоод байна. Энэ мэт байдал нь тууштай хариуцлага хүлээх субьект, институтын тогтолцоо алга болсонтой холбоотой. Хариуцлага хүлээх этгээд алга. Тэр утгаараа манай улс дундаас урт хугацаанд сэтгэж чадахгүй болчихоод байна.

-Сонгуулийн дөрвөн жилээс цааш харж чадахаа больчихоод байна л даа. Саяхан л улс дампуурлаа гээд халаглаад байсан улс одоо болохоор төсвийн орлого төлөвлөснөөс давлаа гээд хавтгайруулсан халамж тарааж эхлэх нь?

-Гэхдээ төсвийн алдагдал нь өндөр. Найм, есөн хувьтай гарч байна. Зарим тохиолдолд урсгал зардлаа хүртэл орлогоороо нөхөж чадахгүй байна. Амьдрал үргэлжилнэ. Асуудал хэвээрээ. Зүгээр л төсвийн орлого тооцсоноос 497 тэрбумаар давсан. Түүнийг яаж зарцуулах вэ гээд хэлэлцэж байна. Аль болох зөв зарцуулах, болж өгвөл бондынхоо өрөнд нэмэрлэх талаар бодох хэрэгтэй. Тулсан хэрэгцээнүүдийг аргагүй шийдэх ёстой л доо.

Хүүхдийн мөнгө хүүхэд бүрт олгооч гэж хэн ч нэхэж шаардаагүй. Зөвхөн эмзэг хэсэгтээ л олго гээд байгаа. Багш, эмч нарын цалинг боломжийн хэмжээнд нэмэхийн оронд бүх төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох тухай яриад байх юм?

-Дандаа улс төрийн тоглолт хийж байна. Зорилтот хэсэгтээ буюу 60 хувьдаа өг гэхээр нийтэд нь өгнө гэх жишээтэй л байна. Үүнийг хэн шаардсан юм бүү мэд.

Хүүхдийн талоны мөнгийг ядуу гэж үзлээ гээд зарим нь шүүмжлээд байна. Үгүй шүү дээ. Бүх өрх айлууд эдийн засгийн мэдлэг, мэдээлэлтэй биш. Зарим нь үрэлгэн хандлагатай. Зайлшгүй хэрэглээндээ зарцуулахгүй, буруу зарцуулах магадлалтай. Гэтэл тэр айлуудын хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээсэй, сайн сураасай гэсэн үүднээс дэмжлэг үзүүлж, хоолны талон өгдөг, туршлага олон улсад бий.

-Эсвэл жагсаал цуглаан хийгээд байгаа багш, эмч нартаа цалингийн нэмэгдэл олгохын оронд нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг олгох тухай яриад эхэлдэг?

-Энэ болгон юуг харуулж байна гэхээр богино зайд сэтгээд байна. Мэдээж манай багш, эмч нарын зарим хэсэг нь амьдралдаа түүртэж байна. Хэсэг хүмүүст нэг удаагийн биш байнгын ахиу цалин хэрэгтэй. Хэсэг хүмүүс нь ийм хэмжээний мөнгийг тоохгүй түвшинд хүрсэн байх. Тарамдсан төсвөө улам тарааж байснаас суурь асуудлаа дорвитой шийдээд, төсөвтөө ч, цалин нэмүүлэхийг хүсч байгаа талдаа ч өгөөжтэй байдлаар асуудлыг шийдмээр. Ийм боломжтой олон жилийг бид хэдийнэ алдчихсан. Уг нь өнгөрсөн жилүүдэд инфляцитайгаа уяад, бага багаар цалин нэмсэн бол 50 хувь, түүнээс дээш хэмжээгээр гэнэт нэмэх шаардлагад авталгүйгээр ийм хэмжээний нэмэгдэлд олон жилийн турш аажмаар хүрчихсэн байх учиртай.

Цаашдаа дахин алдахгүйн тулд улстөрийн гэхээсээ эдийн засгийн үр өгөөжтэй шийдвэр гаргаасай. Том зургаа хараасай. Алсыг харж сэтгээсэй гэж хүсч байна.

Тэмцэл өрнөхөөс өмнө цалин нэмэх, тэтгэвэр нэмэх асуудлыг бодлогодоо тусгасан байх учиртай. Ажлын байрны хомсдол ямар байна, инфляци, төсвийн орлого, зарлага гэх мэт макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга харж байгаа шүү дээ. Тухайн жилд тэтгэвэрт гарах насны хүмүүс хэд байгаа юм, залуу ажиллах хүч хэр их байна, хэзээ хаана, хэнд ямар хэрэгцээ гарахыг ажиглаж, тооцож байх учиртай. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яам байсан. Энэ талаар төвлөрч ажилладаг байгууллага, байнгын судалгаа хийгээд, бодлогын суурь дата мэдээлэл өгөгдлөөр хангаад, түүндээ үндэслээд сар тутам, улирал, жил, хоёроос гурван жилийн арга хэмжээгээ төлөвлөсөх учиртай. Тэр утгаараа төсвийн хүрээний мэдэгдэл гэж уг нь байгаа. Энд ДНБ ирэх гурван жилд ямар байх юм, тэр хүрээнд төсвийн орлого, зарлага ямар байх, ДНБ-ий хэдэн хувьтай тэнцвэл төсвийн дарамт бага байх юм гээд бүх тооцоог хийх ёстой гэсэн утгаар Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулдаг. Мөн төсвийн сахилга бат алдагдах, эсвэл мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлж яваад нэг өдөр унахаас хамгаалах зорилгоор уг нь Төсвийн тогтвортой байдлын хууль гаргасан шүү дээ. Харамсалтай нь энэ хүрээндээ ажиллаж чадахгүй, хууль эрх зүйн орчноо дагаж мөрдөж чадахгүй байна л даа.

-Үнэхээр багш, эмч нар жагсаад цалингаа нэмүүлж байгаа бол бусад салбарынхан ч цалингаа нэмүүлэхээр тэмцлийн хэлбэрийг сонгож магадгүй. Ийм тохиолдолд эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл байгаа юу?

-Бодлогын сул, уялдаагүй байдал биднийг ийм нөхцөлд авчирлаа гэдгийг би дээр хэлсэн. Нэг талдаа эрэлт хэрэгцээг ойлгож байна, том зургаа харж байгаад нарийн тооцоолол хийж, бага зэрэг нэмэх боломж байж болно. Гэхдээ шаардлага бол 50 буюу түүнээс дээш хэмжээ гэж ойлгосон. Нөгөө талдаа манай улс 2018 оны төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувьд очсон байна. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ний 8 хувьтай тэнцэхүйц байна. Төсөөлсөн, тооцсон орлого бүрдэхгүй бол үүнээсээ дордоно. Өр зээлээ дарах гээд мөнгө босгох гэхээр санхүү эдийн засгийн байдал хүнд үед өндөр хүү төлөх болно. Одоо эдийн засгийн байдал муу байгаа дээр хэмнэж чадахгүй, нэмээд зардал гаргачихвал нөгөө хасахтай тоонууд улам өснө. Монгол Улс хямраад бусдад төлөх ёстой өр зээлээ төлж чадахгүй дефолт болвол бид өнөөдрийнх шиг эдийн засгийн эрх чөлөөтэй амьдарч чадахгүй шүү дээ. Кипр, Грег зэрэг улсад хүмүүс нь цалингүй ажиллаж, иргэд нь АТМ-аас хязгаартай мөнгө авч байснаа сүүлдээ өөрсдийн хуримтлуулсан мөнгөө данснаасаа авч чадахгүй байдалд орж байсан. Энэ шударга ёс мөн үү. Иргэд бид бүгд нэг завин дээр буюу нэг улсад амьдарч байгаа. Бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчид иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөө хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Ажлын байр бий болгох бизнесийг дэмжих, шударга, таатай, эрүүл орчныг бий болгох нь төрийн үүрэг.

-Шийдвэр гаргагчид алсыг харахаасаа илүү сонгуулийн дөрвөн жилдээ ахиу оноо цуглуулахыг хүсч байгаа тухай ярилаа. Яаж тэднийг хариуцлагатай болгох вэ?

-Сая Төсвийн тухай хуульд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орлоо. Жишээлбэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тухай заалт орсон. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд тухайн жилийн Төсвийн тухай хууль бусад хөтөлбөр төсөв, үйл ажиллагааны төсөвтэй холбоотой баримт бичгүүд, тооцоон дээр дүн шинжилгээ, хяналт тавих, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий бие даасан, хараат бус, есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулъя гэсэн санал орсон ч харамсалтай нь УИХ-ын чуулганаар дэмжигдсэнгүй. Мөн төсөв батлах тогтолцоог боловсронгуй болгох, өөрөөр хэлбэл, УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа тодорхой төсөл хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэх бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмын өөрчлөлтийг холбогдох хуулиудад нэмэлт оруулж шийдвэрлэнэ гэсэн санал оруулжээ. Энэ мэт дэвшилтэт шинэ санаануудыг дэмжих хэрэгтэй болов уу. Ер нь Монгол Улс хууль, эрх зүйн орчны хувьд нэлээд ахисан улсын жишээнд ордог. Харамсалтай нь хэрэгжилт сул, муу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *