Олон улсын хүүхдийн VI наадам ОХУ-ын Буриад улсын Кабаны районы “Энхалук” спортын зуслангийн Биеийн тамир, спортын цогцолборт үргэлжилж байна.
Наадмын чөлөөт бөхийн охидын 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх Ш.Шүрэнцэцэг алт, 62 кг-д Б.Сарнай хүрэл медаль хүртсэн тухай мэдээлж байсан.
Тэгвэл тэмцээний 48 кг-ын жинд барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнаран аваргалжээ. Мөн жинд Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн тамирчин Б.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн байна.
Охидын 57 кг-ын жинд хүч үзсэн Налайх дүүргийн тамирчин Г.Энхсувд жиндээ аваргалсанбол нэг жинд барилдсан Өмнөговь аймгийн тамирчин Н.Энхтуяа, ОХУ-ын бөх Дахаева Дашимамтай хамт хүрэл медалийн тавцанд зогсчээ.
Харин хөвгүүдийн 46 кг-д Өвөрхангай аймгийн тамирчин Г.Сүхбаатар мөнгөн медаль хүртсэн бол 50 кг-ын жинд Дархан-уул аймгийн тамирчин Д.Жамсранжав хүрэл медаль зүүжээ. 58 кг-д А.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн бол 63 кг-ын жинд н.Оюундалай мөнгө, Орхоны Б.Бат-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болжээ.
Тус тэмцээнд Багануур, Налайх дүүрэг, Дархан-Уул, Өвөрхангай аймгийн биеийн тамир спортын хороо болон “Ховд нутгийн бөх” дэвжээний дасгалжуулагчид дасгалжуулагчаар МҮДС-ийн багш, олон улсын шүүгч Б.Эрдэнэболд шүүгчээр оролцож байна.