Categories
мэдээ цаг-үе

Б.Мэргэн: Өмгөөлөгч нарыг прокурор эрхшээлдээ байлгах гээд байна

Өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.


-Таныг өмгөөлж байгаа хэргийнхээ талаар ярьж болохгүй зүйлсийг ярьсан гээд торгууль оногдуулжээ. Хэн нэгнийг шүүмжлэхэд л шүүхийн өмнө очдог, торгуулдаг жишиг тогтох гээд байна уу?

-Нийслэлийн Прокурорын газраас намайг “Хэргийн талаар олон нийтэд худал мэдээлэл өгч, төөрөгдүүлсэн учир Б.Мэргэнд та нар хариуцлага тооц” гэсэн албан тоотыг Хуульчдын холбоо руу анх явуулсан байдаг. Энэ дагуу Хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооноос өгсөн хариу албан бичигтээ “Энэ асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, эсвэл зөрчил байх боломжтой учир баримтжуулаад авчрах шаардлагатай” гэсэн хариу өгсөн.

Ингээд Нийслэлийн Прокурорын газар Сүхбаатар дүүргийн цагдаа руу шилжүүлж намайг шалга, гэмт хэрэг үүсгэ гэсэн. Гэмт хэрэг үүсгэх ямар ч боломжгүй болохоор Зөрчлийн хэрэг үүсгэсэн. Цуглуулсан гээд байгаа баримтууд нь миний фэйсбүүк, твиттерээс, мөн хэвлэлд өгсөн ярилцлагаас таслаад, 45 гаруй орчим материал бүрдүүлж өгсөн байна лээ.

Тэр дунд байгаа, ҮАБЗ-д С.Зориг агсны амиа алдсан хэргийг ил болгож өгнө үү гэсэн хүсэлт өглөө гэж цахим хаягтаа бичсэн миний пост яахаараа гэмт хэргийн шинжтэй болчихдог юм. Мөн би өөрийн фэйсбүүк дээрээ “Зарим сэтгүүлч хүнийг хулгайн хэрэгт сэжиглэгдлээ гэхэд цагдаа шалгаж эхлээгүй байхад нь таван жилийн ял авна гээд түрүүлээд бичээд байх юм. Ингэж болохгүй, шүүхээс гэмт бурууг нь тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохгүй шүү. Мэдээ бэлтгэхийнхээ өмнө хуульчдаас зөвлөгөө авч байвал сайнсан” гэж бичсэн пост ч явж байгаа юм.

Би хэвлэлд ярилцлага өгөхдөө шүүхээр шийдэгдээгүй хэргийн талаар ярьж болохгүй. Гэхдээ надад хуулиар олгосон ярьж болох хэмжээ, хязгаар бий. Тэр нь олон нийтэд ил болсон мэдээлэл. Жишээ нь, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар ярьсан. Тэд жинхэнэ төрийн нууц задруулчихаад байхад тэдний ярьсныг ярьсан надад ял өгөх гээд байх жишээний.

Хоёрдугаарт, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, үйлчлүүлж байгаа хүнийх нь талаар нийгэмд сөрөг, буруу ойлголт өгвөл түүнийг нь залруулахын тулд ярьж болно гэсэн хуультай. Хуулиар олгогдсон эрхийн дагуу ярьсан байтал өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр зөрчил гээд 500 мянган төгрөгөөр торгосон.

Шүүх, прокурор шийдвэр гаргахдаа олон нийтийн нөлөөнд автах тохиолдол байдаг.Энэ хаана ч байдаг л зүйл. Хүн л юм чинь хэвлэлээр шуугиад, олон нийт яриад байхад тийм болов уу гэж мэргэжлийн үүднээс хууль зүйн дүгнэлт гаргахаас гадна хүмүүсийн ярианд автах тохиолдол их байдаг. Ялангуяа улс төрийн хэргүүд дээр нийгэмд сөрөг мэдээллүүдийг нь мөнгө төлж байгаад ч хамаагүй цацаад олон нийт иргэдэд буруутай гэх ойлголт төрүүлээд олон нийтийн дэмжлэгийг аваад тэр нь шүүхэд нөлөөлж шийдвэр гаргах магадлал байна.

-Танд хэзээ хэрэг үүсгэсэн юм бэ?

-Өнгөрсөн зургадугаар сард байцаалт өгөхөөр очиход цагдаа нь “Ийм хэрэг гэж юу байх вэ. Мэдүүлэг авах ёстой болохоор нь авчихъя. Гэхдээ хаах саналтай явуулна” гэж хэлсэн. Хаах саналтайгаар ч явуулсан байна лээ. Тэгээд л мартагдсан. Гэтэл наймдугаар сарын 31-нд Сүхбаатар дүүргийн цагдаагаас “Тан дээр зөрчлийн хэрэг үүссэн. Мэдүүлэг өг” гэж хэлсэн. Өмгөөлөгчтэйгөө яваад очиход долдугаар сарын 10-ны өдөр над дээр зөрчлийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Зөрчлийн хэрэг үүссэнээс хойш ажлын таван өдрийн дотор гомдол гаргах эрхтэй. Хэргийг нээснээс хойш хоёр сар өнгөрөөд байхад надад огт мэдэгдээгүй. Есдүгээр сарын 1-нд мэдүүлэг авч байгаа юм.

Авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй болохоор нь өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр Зөрчийн тухай хуулийн дагуу арга хэмжээ ав гэсэн байна лээ. Ямар нууц задруулсан гэдгийг нь үзэхэд шүүх хуралдааны үеэр прокоурорыг шүүгч загнасан асуудал өнгөрсөн жилийн долдугаар сард гарсан. Би шүүх хурал дээр шүүгч прокурорыг загнаад байж болохгүй, хурлаа л удирдахаас биш оролцогчийг загнах эрхгүй” гэж бичсэн юм. Үүнийг шүүх хуралдааны нууцыг задруулсан гэж үзсэн байна. Би хэргийн талаар огт яриагүй шүү дээ. Шүүгч прокурорыг загнаад байна л гэж үзсэн.

Яг үнэндээ тэр постыг цагдаа нь хайгаад олоо ч гүй байгаа юм. Би түүнийг нь миний хаяг биш, өөр хаягнаас жиргэсэн байна гэхэд яаж ч чадахгүй, эсвэл устгачихаад бичээгүй гээд гүрийхэд яаж ч чадахгүй. Гэхдээ хэргээр хууль бус зүйлийг зөвшөөрөөгүй учраас өөрөө хайж олоод цагдаад үзүүлсэн юм. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Хохирогч тогтоож өгөөч гэж прокурорт хандахад ийм ойлгомжтой зүйл дээр хохирогчоор яах гээд байгаа юм гэж байна лээ. Хүнийг яллахдаа, хүнийг торгохдоо ойлгомжтой гэдэг байдлаар торгоно гэдэг утгагүй биз дээ. Хууль зүйн үндэслэл байх ёстой.

Би нэг ч үйлчлүүлэгчийн нууц задлаагүй. Нэг ч үйлчлүүлэгч надад гомдол гаргаагүй. Энэ чинь үйлчлүүлэгчийн гомдлоор шийдэгдэх асуудал биз дээ. Гэтэл хаа байсан тэнд байгаа прокурорын байгууллага өмгөөллийн нууц задрууллаа гэж гомдол гаргаж байгаа нь инээдтэй.

-Прокурор тан дээр хэрэг үүсгэхээр улайраад дайрч байгаа шалтгааныг хэрхэн харж байна вэ?

-Би үүнийг өөрсдийн салбарыг нь шүүмжилж байгаа учраас амыг нь таглая гэсэн зорилготой байна гэж харж байгаа. Амыг нь таглахын тулд ямар нэгэн зөрчил ч юм уу тогтоогоод Өмгөөлөгчдийн холбоонд хандаж эрхийг маань хасуулах зорилготой байна. Ийм байдлаар өмгөөлөгчдийн амыг таглаж, хүссэнээрээ байлгавал хүний эрх, эрх чөлөө хэрэгжих ямар ч боломжгүй болно. Хүн өмгөөлүүлэхээр ирэхэд бид хуульд заасан хамгийн боломжит бүх хэлбэрээр эрхийг нь хамгаалах ёстой. Эрхийг хамгаалах гэхэд прокурор цагдаа ирээд “дуугай бай” гээд байвал үйлчлүүлэгчийн эрхийг яаж хамгаалах юм бэ. Нэг өмгөөлөгчийг ингээд торгочихвол өмгөөлөгчдийг торгодог жишиг тогтчих гээд байна. Ийм жишиг тогтоохгүйн тулд олон нийтийн анхааралд гаргаад энэ гажуудлыг засахын тулд явж байна. Энэ бол ганц Мэргэн гэж хүний хэрэг биш. Нийт өмгөөлөгчдөд хамаатай. Бүр цаашлаад иргэдийн эрхийг хамгаалах уу, үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Өмгөөлөгч нар эрх зүйн асуудлаа хамгаалж байгаа асуудал.

-Таны шүүх хурал ямар шалтгаанаар хойшилсон юм бэ?

-Шүүх хуралд прокурор ирсэнгүй. Эмнэлэгт хэвтэж байгаа тул чөлөөлж өгнө үү гэх хүсэлт өгсөн байна лээ. Өвчтэй гэх хүсэлт өгч байгаа бол түүнийгээ нотлох эмнэлгийн даргын гарын үсэгтэй баримтаа хавсаргах ёстой. Тэгж байж үндэслэлтэй болдог. Өвчтэй гэж нэг бичиг өгөөд л шүүх хурлыг хойшлуулна гэж байхгүй. Өмгөөлөгч өвчтэй гэж бичиг өгөхөд шүүхээс эмнэлэг рүү залгаж лавладаг. Худлаа байвал шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гээд 300 мянган төгрөгөөр торгох тохиолдол бий. Гэтэл өнөөдөр прокурор ганц цаас өгөөд л шүүх хурлыг хойшлуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *