Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лхагвасүрэн: Цахим банкны аюулгүй байдлыг нэг шат ахиулна

Туушин зочид буудалд “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” анхдугаар форум боллоо. Тус форум нь Монгол банкнаас санаачлан хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ы хүрээнд болж байгаа юм.

Энэхүү олон улсын форумыг Монголбанк, Монголын Банкуудын холбоо, Хаан банк хамтран Монгол улсад анх удаа зохиож байна. Форумын гол төлөөлөгчдөөр Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын Банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар оролцов.

Энэхүү форум нь Цахим банкны аюулгүй байдал, төлбөрийн картын эрсдэл, цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд олон нийтийн мэдлэг боловсрол гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс энэхүү форумын талаар тодрууллаа

-Цахим банкны аюулгүй байдлыг банкны зүгээс яаж хамгаалах ёстой вэ?

-Бидний одоо хэрэглэж байгаа соронзон тууз бүхий төлбөрийн карт бол хамгийн нууцын зэрэглэл багатай карт юм. Үүнийг илүү боловсронгуй нууцыг өндөр зэрэглэлтэй болгохын тулд “чип” гэдэг зүйлийг нэвтрүүлж эхэлж байгаа. Энэ нь аюулгүй байдлын хувьд нэг шат ахисан нууцын зэрэглэлтэй.

-Хувь хүний зүгээс цахим банкныхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах шаардлагатай вэ?

-Нууц үгийг чандлан хадгалах ёстой. Пасс код буюу нууц үгээ илүү олон оронтой тоо, үсгээр солих хэрэгтэй. Ойр ойрхон сольж байвал сайн. Харилцагчийн мэдээллийг худлаа өгөөш өгөх замаар хулгайлдаг, зардаг тохиолдлууд нэмэгдэж байна. Энэ өгөөшид автахгүй байх. Жишээ нь танихгүй хүн facebook-ээр олны танил хүнтэй танилцуулж өгье, мэдээллээ явуул гэх мэтийн өгөөшүүдийг хэрэглэж хүмүүсийн нууцад халдаж байна. Үүнд автахгүй байх нь хамгийн эхний асуудал.

-Хакераас яаж сэргийлэх вэ, хакердуулж байгаагаа мэдэх боломж бий юу?

-Одоогоор ийм боломж алга. Гэхдээ бид аюулгүй байдлыг сайжруулах тал дээр шат дараалсан ажил хийж байна. Үүний үр дүнг удахгүй хүртэж иргэд олон нийтэд сайн мэдээ дуулгана гэж найдаж байна гэв.

Форумд олон улсын болон дотоодын экспертүүд оролцож, илтгэл тавин хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал цахим банкны аюулгүй байдал сэдвээр Акати Консалтинг компанийн гүйцэтгэх захирал, мэдээлэл технологийн Олон улсын эксперт Кришна Ражагопал, төлбөрийн картын эрсдэл сэдвээр Korea & Mongolia, VISA Inc компанийн Эрсдэл хариуцсан захирал Крис Кан, Цахим банк болон төлбөрийн аюулгүй байдлын тухай иргэд, олон нийтийн мэдлэг, боловсрол сэдвээр Эрүүгийн Цагдаагийн Албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад У.Батнасан нар тус тус илтгэл тавив.

Уг форумд Монгол Улсын бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах түвшний 200 гаруй албан тушаалтан оролцлоо.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *