Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: Эрдэнэс Таван толгой ХК-д гэнэт онцгой дэглэм тогтоож байгаад гайхаж байна DNN.mn

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.


Эрдэнэс Таван толгойд онцгой дэглэм тогтоосон шалтгааныг юу гэж харж байна. Үнэхээр хүндрэлтэй байдал үүсч Эрдэнэс Таван толгой ХК улсад төвлөрүүлэх төсвөө өгч чадахгүй хэмжээнд хүрчихэв үү?

-Гэнэт онцгой дэглэм тогтоож байгааг гайхаж байна. Эрдэнэс Таван толгой ХК-тай холбоотой асуудал, судалгаа, шинжилгээнүүдийг харсан. Төрийн өмчит олон компани байгаа шүү дээ. Тэдгээр компаниудыг харьцуулж үзэхэд 2021 оны үзүүлэлтээр Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, Эрдэнэс Таван толгой, Оюу толгой гурав хамгийн том татвар төлөгчийн тоонд орсон байна. Татвар төлсөн үзүүлэлтээс гадна компаниудын 2021 оны ашигт ажиллагааг харьцуулж үзсэн. Төрийн өмчит компаниуд хасах дүнтэй, алдагдалтай ажилласан гэсэн дүнтэй байхад Эрдэнэс Таван толгой ашигтай ажилласан байна лээ. Тиймээс гэнэт онцгой дэглэм тогтоож байгааг харахад гайхаж байна. Хэрвээ компанид санхүүгийн асуудал үүссэн гэж үзэж байгаа бол ашиггүй ажилласан компаниудад эхлээд хариуцлага тооцох нь зүйн хэрэг гэж бодож байна.

-Ашигтай ажилласан гэлээ. Гэтэл Эрдэнэс Таван толгой ХК 2022 оны сүүл гэхэд 500 сая ам.долларыг улсын төсөвт татан төвлөрүүлэх боломжгүй болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн шүү дээ. Тэгэхээр энэ улс төрийн тохироо байв уу?

-2021 онд ашигтай ажилласан байгаа юм.

Энэ онд ч гэсэн ашигтай ажиллах ажлуудаа зохион байгуулаад явж байгаа болов уу гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр нэг талаас улс төрийн зорилго ороод ирэв үү гэдэгт тантай санал нийлж байна. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад нэг талаас Эрдэнэс Таван толгой хязгаарлагдмал хувьцаат компани нүүрс экспортлох үүрэгтэй. Хоёрдугаарт, нүүрс хаашаа экспортолж байна гээд үзэхээр мэдээж хамгийн том худалдан авагч, экспортын гол түнш болох БНХАУ руу. Хятадын Коммунист намынх нь том хурал, мөн “Тэг ковид” бодлоготой холбоотойгоор тодорхой хэмжээнд хил хаалттай байсан. Үүнтэй холбоотойгоор экспорт хязгаарлагдмал нөхцөл байдалд байсан. Төлөвлөсөн хэмжээндээ хангалттай экспортолж чадахгүй байсан гэдэг дүр төрх нь харагдаж байгаа юм. Хоёрдугаарт, он дуусах арай болоогүй байна. Тэгэхээр мэдээж төвлөрүүлэх ёстой байсан валютыг он дуустал харах нь зүйтэй байсан болов уу гэж би харж байна.

-Онцгой дэглэм тогтоосноор компанид эдийн засгийн үр дүн талаас ямар өөрчлөлт гарах бол?

-Төрийн өмчит компаниудад төсвөөс гадуурх үүрэг хариуцлага нь өндөр байдаг. Жишээлбэл, төмөр замын төлбөрийг нүүрсээр гэрээ хийх, хэд хэдэн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлууд гарч байгаа шүү дээ. Мөн хоёр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд үүрэг хүлээж оруулж ирсэн. Мөн боловсруулах үйлдвэр асуудал ч байх шиг байсан. Эдгээр зүйлстэй холбоод үзэхээр төсвөөс гадуурх үүрэг хариуцлагууд, болоод давхар Засгийн газрын нөлөө их байгаад байдаг. Дээрээс нь оффтэйк гэрээтэй холбоотойгоор зах зээлийн үнээс тодорхой хэмжээнд хямдаар худалдах гэдэг ч юм уу давхар “дарамтууд бий”. Бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямдаар худалдах тодорхой чиг үүрэг өгчихдөг. Үүнтэй холбоотой эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах, тодорхой асуудлуудад шийдвэр гаргах эрх мэдлийг нь хязгаарладаг асуудал байна.

-Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат оффтейк гэрээг ил болгоно хэмээсэн. Ил болгосноор яах юм бэ?

-Нэг талаасаа төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийг чөлөөтэй сонгодоггүй. Төр өөрсдийн хүмүүсээ томилдог. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүс томилогддоггүй улс төрийн нөлөөтэй хүмүүс очдог. Тэртэй тэргүй төрийн оролцоо төрийн өмчит компаниудад байдаг л байсан. Онцгой дэглэм тогтоож байна гэдгээр дотоод үйл ажиллагаанд нь нөлөөлөх, төрийн шахалт, дарамт орж байна гэж нэг талаасаа харагдаж байна л даа. Хоёрдугаарт, улс төрийн тодорхой фракц бүлэглэл үүнийг бие биенийгээ дийлэх арга хэрэгсэл болгох гээд байна уу гэж харагдаад байна. Өөрөөр хэлбэл, оффтэйк гэрээ, бусад үүссэн асуудлуудыг ил болгохдоо нийгэмд тодорхой хэмжээний эсэргүүцлийг үүсгэх зорилгоор буруу пиар явуулж үйл ажиллагаагаа зөв явуулаагүй байна ч гэдэг юм уу олон нийтэд тархи угаах зорилгоор ашиглах гээд байна уу гэж харж байна.

-Тэгэхээр тодруулбал үүнийг нүүрсчдийн хоорон дахь зодоон гэж дүгнэж болох уу?

-Нүүрсний зах зээлтэй холбоотойгоор улс төрийн зорилгоор ашиглаж фракц хоорондын мөргөлдөөн сөргөлдөөн явж байна гэж харж болохоор болчихоод байгаа юм. Учир нь ашигтай ажиллаж байгаа Эрдэнэт Таван толгой компанийг зөвхөн онцолж гаргаж ирж байгаа нь ийн дүгнэхэд хүргэж байна. Алдагдалтай ажиллаж байгаа өчнөөн олон компаниудад асуудал яригдахгүй байна. Эрдэнэс Таван толгойд хяналтаа тогтоож, өөрийн хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэх асуудал гарч ирэх байх гэж харж байна.

-Б.Ганхуяг захирлыг албан тушаалаас нь буулгачихлаа. Удирдлагыг нь солих шийдвэр зөв зүйтэй арга хэмжээ гэж та хэрхэн харж байна. Уг нь ажлаа мэддэг хүн нь шинэ томилогдсон хүнтэйгээ хамтарч ажилласан дээр биш үү?

-Нүүрсний экспорт Монгол Улсын төсвийн орлогын томоохон хэсгийг нь бүрдүүлдэг. Ялангуяа 2023 оны төсвийг үзэхэд 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж оруулж ирсэн. Үүнтэй холбож харахад экспортыг нэлээн өөдрөгөөр төлөвлөсөн байна.

Ер нь аливаа компанийн удирдлагыг байнга солиод байхаар үйл ажиллагаа нь жигдрэхгүй. Шинээр томилогдсон нэг удирдлага нь очоод үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байхад дахиад шинэ хүн очиж шинээр эхлүүлэх болчихоор ямар хэрэг байх вэ дээ. Ганц захирлаар зогсохгүй , зарим даргыг ч сольж таарах байх. Ингээд ихэнхдээ хүний нөөцөд нөлөөлөхүйц өөрчлөлтүүд орчихдог л доо. Үйл ажиллагаа нь жигдрэх гэж тодорхой хугацаа орно.

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед улс төрийн зорилготой ийм өөрчлөлтүүд дахин дахин хийгээд байх нь хэр зохимжтой вэ гэдэг асуудал байна. Өөрсдийнхөө хүмүүсийг зохион байгуулалттайгаар эрх ашигтай өндөр албан тушаалд томилдог томоохон бүлэглэлүүд байгаа шүү дээ. Тийм ч учраас уул уурхайн салбар болон хил гаальд ажилладаг олон хүмүүс хоорондоо холбосон асуудал байгаа байх.

-Онцгой дэглэм тогтоож байгаа гол шалтгаан нь валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж тайлбарласан. Валютын нөөц бүрдүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ юу байдаг вэ?

-Нүүрсний үнэ өндөр байгаа учраас бид сүүлийн үед төсвийн орлогынхоо дийлэнх хувийг нүүрсний экспортоос бүрдүүлнэ гэж оруулж ирж байгаа.

Ер нь валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг хоёр зүйл бол экспорт болон гадаадын хөрөнгө оруулалт. Гадаад хөрөнгө оруулалт чиглэлд манай улс одоогийн байдлаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Гадаад хөрөнгө оруулалтын газар нь ч байгуулагдаагүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой дахиад шинэ хууль батална гээд явж байна.

Валютын нөөц бүрдүүлэхэд хамгийн гол ажил нь эхлээд гадаадын хөрөнгө оруулалтын газрыг байгуулах, үйл ажиллагааг нь хурдан хугацаанд жигдрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах болчихоод байна шүү дээ. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын газраа ч байгуулаагүй, шинэ хуулиа ч УИХ-аар хэлэлцүүлээгүй, батлагдаагүй байгаа энэ үед энэ нь хэрэгжиж эхэлтэл ихээхэн хугацаа алдах гээд байна. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын асуудал их чухал байна.

Харин экспортын тухайд, зөвхөн Эрдэнэс Таван толгой бус өөр олон төрийн өмчит компаниуд бий. Багануур, Шивээ-Овоо, Баянтээг, Могойн гол зэрэг олон нүүрсний компаниуд байна. Тиймээс эдгээр компаниудтай холбоотой асуудлуудыг ч ярих байх. Ганцхан Эрдэнэс Таван толгойд ингэж өөрчилснөөр томоохон нөлөө үзүүлэх нь бага.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *