ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа.
Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгалт хийхэд “Таван богд Тоёота” ХХК-ийн бохирын худаг дүүрч, бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахаж байжээ. Өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох мэргэжилтнүүд тухайн байршилд ажиллаж зөрчлийг арилгуулан, холболтыг салгалаа.