-ИРЭХ
САРД “УРЛАГИЙН УЛААНБААТАР ХОТ” ЧЕЛЛЕНЖИЙГ ТӨВ ТАЛБАЙГААС
ЭХЛҮҮЛНЭ-
Хэдхэн хоногийн өмнөөс “Dance chance” нэртэй монгол бүжгийн челленж цахим орчинд хандалт авч олон залуус нэгдсэн билээ. Тэгвэл бид их хотын иргэдийг хөдөлгөөн, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалаад буй “Dance chance” бүжгийн челленжийг эхлүүлсэн “Moon Dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” бүжгийн хамтлагийн багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Халиунтай ярилцлаа.
-Таны ажил амьдралын гараа “Moon Dance” хамтлагаас эхэлж байсан шүү дээ. 2014 оноос хойш тасралтгүй бүжгийн аваргын тэмцээнд оролцлоо. Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж явна гэдэг их амжилт шүү?
-Тэгэлгүй яахав. Би 2012 онд СУИС-ийн Бүжгийн Урлагийн сургуульд ороод хоёрдугаар курсдээ “Moondance” хамтлагт гишүүнээр орж байсан. Анх “Мoon Dance” хамтлагийн нэг гишүүн намайг хосын тэмцээнд оръё гэж урьсан юм. Тэр өдрөөс хойш “Моon Dance” хамтлагтайгаа долоон жил болжээ. Бид 2014 оноос хойш тасралтгүй Монголын болоод дэлхийн уралдаан тэмцээнүүдэд оролцсоор байна. Тухайн үед төрсөн эгч минь ч их дэмждэг байсан. Ингээд л би бүжгийн спортоос ерөөсөө л салж болохгүй юм байна. Чадахгүй байсан ч шантарч болохгүй юм байна гэсэн сэтгэлээр хандсаар ирсэн.
-Найз залуу тань мөн “Moon Dance” хамтлагийн бүжигчин шүү дээ. Гэр бүлийн хоёр хоёулаа бүжигчин байх ямар бол?
-Анх хосын тэмцээнд орох бэлтгэлээ хийхээр “Моon Dance” хамтлагийн зааланд очиж байсан. Заал руу орж байхад манай хүн намайг анх харсан гэсэн. Би ч тухайн үед анзаарч байсангүй. Бид “Moon Dance” хамтлагийн гишүүн. Мөн “Royal dance” бүжгийн клубээ нээгээд гурван жил болж байна. Надаас ах учраас Эрдэнээ ах гээд л явдаг байсан. Ингээд 2014 онд дэлхийн аваргын тэмцээнд явсан өдөр сэтгэлээ илчилж байсан. Тэр өдрөөс хойш л хамтдаа бүжгийн спортод хүч сорьж байна.
-Коронавирусээс шалтгаалан дэлхийн бүжгийн аваргын тэмцээн хойшлогдсон шүү дээ. Онлайнаар ямар нэгэн тэмцээн болов уу?
-Хамтлаг төрөлд онлайн тэмцээн болоогүй. Хосын тэмцээний хувьд бол байж магадгүй. Ер нь “Moon Dance” хамтлагийн тухайд 2016 онд тавдугаар байранд ороод финальд шалгарч байсан. Тэр үед гайхалтай сайхан байсан шүү. Тэгэхээр медальт байранд яагаад шалгарч болохгүй гэж тийм ээ. Медаль аван автлаа тэмцээнд оролцсоор л байна.
-Хоёулаа үндсэн сэдэв рүүгээ оръё. “Dance chance” бүжгийн контент өнгөрсөн хугацаанд таван дугаар гаргалаа шүү дээ. Энэхүү контент бүжигчдийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой гэж сонссон?
-“Dance chance” нэвтрүүлэг нь бүжгээр дамжуулж ямар боломжийг авч болох вэ гэсэн санаа сэдэлтэй. Жишээ нь, бид эхний дугаарыг энгийн нэг кофе шопт очоод “та бүхэн биднийг үнэгүй кофегоор дайлаач ээ, хариуд нь бид бүжгээрээ дамжуулж танайхыг үнэгүй сурталчилж өгье” гэсэн. Тэгсэн маш гоёор хүлээж аваад эхний дугаараа гаргасан. Хүмүүст ч их хүрсэн. Ингээд илүү урам зориг авч, олон боломжуудыг нээе гэсэн зорилготойгоор ажилласан хэрэг. Дараа нь найзуудтайгаа хөдөө нутгаар аялахдаа нэг челленж хийе гэсэн санаа орж ирсэн. Тэр санаа нь Үндэсний их баяр наадмын нээлтийг үзсэний дараа бодогдсон л доо. Наадмын нээлтийн дуунууд ямар гайхалтай юм бэ. Үзээд их омогшсон. Тэр олон үндэстэн ястны дуун дээр монгол үндэстнийхээ бүжиг бүжиглэсэн челленж хийвэл хүмүүст их хүрэх юм байна гэж бодсон. Ингээд хөдөө явж байхдаа найз залуутайгаа бичлэгээ хийгээд фэйсбүүкт тавьсан юм. Бичлэгээ хийгээд л сүлжээгүй болчихсон. Тэгээд сүлжээтэй газар ирсэн чинь маш их хандалт авсан байсан. Тийм их хандалт авна гэж төсөөлөөгүй. Үнэхээр их урам авсан. Хамгийн гоё нь ганц ч сөрөг сэтгэгдэл байгаагүй.
-Сайхан сэтгэгдлүүд ирэхээс гадна “Dance chance” контент нэгэн хэсэг “шаркабарка” монгол бүжгийн челленжид гадаадад байгаа монголчууд ч их нэгдэж бичлэг явуулсан байсан?
-Тэгсэн шүү. Монголд байгаа хүмүүс байтугай гадаадад суугаа монголчууд маань нэгдэж маш их бичлэг явуулсан. Найман настай балчираас наян настай буурай хүртэл манай челленжид нэгдсэн.
-Дараагийнхаа челленжээ Хотон ардын дуу “Журай гэлдэн” дууны аян дээр бүжиглэсэн байсан?
– Маш олон үндэстэн ястны дуу байдаг шүү дээ. Түүн дээр цуврал контент хийвэл зүгээр юм байна гэж бодоод дараагийнхаа челленжийг Хотон ардын дуу “Журай гэлдэн” дуун дээр бүжгээ дэглэсэн. Дэглээд бичлэгээ хийсэн дахиад л маш олон хүнд хүрсэн. Энэ челленжүүдээ цааш үргэлжлүүлээд таван цуврал хийнэ гэж бодож байгаа. Өнөөдөр гурав дахь челленж маань цацагдана. Мөн Экологийн цагдаагийн албатай хамтран “Ирлээ, явлаа, цэвэр” гэсэн уриан дор хоггүй аялах челленж эхэлнэ.
-Челленж гэдэг нь угтаа бусдыг ямар нэгэн сайн зүйлсэд уриалан дуудахыг хэлдэг дээ. Гэтэл манайхан ашиггүй байдлаар өөрсдийгөө зугаацуулсан зүйл хийж харагддаг. Харин та бүхэн үндэсний урлагаа дээдэлж олон түмнийг бүжгийн спортод уриалж байгаа учраас хүмүүс их нааштай эерэг байна?
-Биднийг эхлэхээс өмнө хөөнд толгойгоо дүрэх, шаварт унж бороонд хэвтээд л, хөмсөгөө хусаад л байсан. Эдгээр нь ашиггүй челленж шүү дээ. Тэгэхээр тэр сөрөг челленжүүдийг эвдээд хүмүүсийг эрүүл зөв амьдралын хэв маяг, хөдөлгөөн хийхийг уриалсан хэрэг. Монголчууд ардын урлагаараа их омогшдог шүү дээ. Тэгэхээр монгол бүжиг бүжиглээд, хажуугаар нь дархлаагаа сайжруулчихаж байгаа юм. Ганц хөдөлгөөн хийхэд л стрессээс салдаг шүү дээ.
-Челленжид нэгдэх сонирхолтой залуус бүжиг заалгуулж байна гэсэн. Ихэвчлэн хэдэн насны хүмүүс хандаж байна?
– Хүмүүс челленжид нэгдэхийн тулд манай бүжгийн клубт “энэ бүжгүүдийг зааж өгөөч ээ” гэж их ирсэн. Бид хэд бүжгийг нь зааж өгөөд тэр байтугай бүжгийнх нь бичлэгийг хийхэд нь хүртэл тусалсан. Залуучууд их ирсэн шүү.
-Таван челленж гаргана гэсэн шүү дээ. Үлдсэн хоёр челленжийн уриалах утга санаа юу байх бол?
-Ямартаа ч дөрөв дэх челленжээ бид Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат гээд дуучин ах эгч нартайгаа хамтарч нэлээн сонирхолтой байдлаар хийхээр төлөвлөөд байна. “Заллага” гэсэн сайхан Монгол дуун дээр монгол бүжиг бүжиглэнэ гэсэн үг. Харин тав дахь челленжээ нууц хэвээр үлдээе/инээв/.
-Удахгүй төв талбайд бүх нийтэд зориулж бүжиг заана гэсэн. Яг хэзээ вэ?
-Челленжид нэгдэх сонирхолтой маш олон хүн байгаа. Тэгэхээр бид дахин “Урлагийн Улаанбаатар хот” гэсэн таван челленж хийх гэж байгаа. Нийслэлийн Соёл Урлагийн газартай хамтран ажиллана. Төв талбайгаас эхлэх гэж байгаа. Дараагаар нь бусад талбайгаар явна. Бүжиг сурахыг хүссэн, манай челленжид нэгдэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. “Урлагийн Улаанбаатар хот” челленж нь монгол бүжгээр хотынхоо иргэдийг дархлааг нь сайжруулъя гэсэн л зорилготой. Хугацаа нь ойролцоогоор найман сарын эхний долоон хоногт багтах байх.
-Челленжүүд дараагийн хүмүүсээ нэгдээрэй гэж урьдаг шүү дээ. Талбай дээр бүжиглэх челленждээ хүн урих уу?
-Оновчтой гоё асуулт байна. Олны танил хүмүүсийг челленждээ урина. Хамгийн эхэнд хотын даргыг урья гэсэн бодолтой байгаа. Хотын дарга төв талбай дээр ирсэн хүмүүстэйгээ хамт бүжгээ сураад хамт бүжиглэнэ гэсэн үг. Хотын дарга дараагийн хүнээ урина гэх маягаар явна. Дараагийн хүн хэн байх вэ гэдэг сонирхолтой байгаа биз. Энд манай багийнхан буюу О.Эрдэнэ-Очир бид хоёр багшлаад явна. Мөн энэ контентод “Royal dance” хамтлагийн олон хүүхдүүд бий. Тэр хүүхдүүд маань иргэддээ бүжгээ заагаад хамт бүжиглэх юм.
-Өөрийн тань ярианаас энэ челленж нэлээн удаан хугацаагаар үргэлжлэх юм байна гэж ойлголоо. Ер нь цаашлаад төсөл хөтөлбөр болгох төлөвлөгөө бий юү?
– Бидний гол зорилтууд бол нэгдүгээрт бүжгийн урлагаар хичээллэснээр чамд ямар боломжууд нээгдэх вэ. Түүнийг олж харах. Хоёрдугаарт, монгол бүжгийг хүмүүст таниулъя гэсэн маш том давлагаа. Гуравдугаарт, нийслэлчүүпийг бүжгээр идэвхжүүлж, дархлааг нь сайжруулах юм л даа. Ингээд үргэлжлүүлээд контентуудаа хийх зорилготой. Цаашдаа хөгжүүлээд төсөл болгох бодол бий. Маш олон газартай хамтран ажиллах санал ирсэн. Коронавирус гарсан энэ үед цахим орчноор контентуудаа цацаж байгаа хэдий ч хажуугаар нь “Royal Dance Mongolia” насанд хүрэгчдийн ангиллаа дараа жилээс дэлхийн аваргын тэмцээнд оруулна гэсэн зорилготой ажиллаж байгаа шүү. Түүгээр барахгүй “Royal Dance” гэсэн бүжгийн сургууль нээнэ гэсэн мөрөөдөлтэй яваа.
С.ЛХАМСҮРЭН