Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Монголдоо ноёрхож чадаагүй бүтээгдэхүүнийг экспортолно гэж даанч байхгүй

БСБ групп компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ингэхэд та аль сургуулийн бүтээгдэхүүн бэ, ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би Белоруссийн нийслэл Минскт 1983 онд худалдааны эдийн засгаар төгссөн. Эхлээд Улаанбаатар хотын худалдааны наймдугаар конторт ажилласан юм. Тэр үед сургууль төгсч ирэнгүүт дороос нь эхлүүлдэг үе байлаа. Жилийн дараа Худалдаа бэлтгэлийн яаманд Төлөвлөгөө санхүүгийн хэлтэст мэргэжилтнээр орлоо. 1990 он хүртэл тэнд ажилласан. Түүний дараа нэг хэсэг сайд нарын зөвлөлийн орлогч даргын нарийн бичгийн дарга байлаа. Удалгүй ардчилсан хувьсгал эхлэхэд огцроод, Засгийн газар байгуулагдахад Эдийн засгийн бодлогын зөвлөлд дотоод худалдаа хариуцсан референтээр ажилласан. Тэнд хоёр жил болсон юм. Тухайн үед либериаль үзэлтэй нь Да.Ганболд бид нар. Өмч хувьчлаж, үнэ чөлөөлөн, хувийн өмчийг хөгжүүлэх гэж үзсэн. Тэр үед бүх үйлдвэр улсынх. Дээрээс томилогдсон хэдэн даргатай. Тэд үнэ чөлөөлөх ямар ч сонирхолгүй. Яагаад гэвэл нэг нэхий дээл худалдааны үнээрээ 500 төгрөг байхад хар зах дээр элбэг 1000 төгрөг хүрдэг байлаа. Гэсэн ч дэлгүүрт байхгүй. Тэр нь дарга нарт гоё. Цохолт өгөх эрх мэдэлтэй байх сонирхолтой. Бид Өргөн хэрэглээний барааны төв бирж байгуулаад, биржээр бүх барааг хүчээр оруулж, дуудлага худалдааны хэлбэрээр зах зээлийн бодит үнэ тогтоож байсан. Нэг, хоёр жил “байлдсан”. Үйлдвэрүүд мань мэтэд захирагдахгүй. Харин биржид хувийн хэвшлийнхэн бараагаа амжилттай борлуулж байлаа. Оросоос нэг нөхөр вагон вагоноор нь марль оруулж ирээд, биржид нэг нугалсан үнээр дор нь бүгдийг нь зарсан. Бараа ховор үе. Богино хугацаанд бараагаа зараад урамшсан нөгөө нөхөр эхлээд нэг төрлийн марльтай байснаа сүүлд нь нэр төрөл нь нэмэгдсэн. Энэ мэтээр барааны хангамжийн асуудал үндсэндээ шийдэгдэв. Тэгтэл хувийн хэвшлийнхэн бараагаа зарж, үнэ хүргэхээ ч мэдээд ирэхээр бидний шаардлагагүй болсон. Улсын үйлдвэрийн газар байсан биржээ яаманд нь буцааж, өмчийг нь тараагаад, татан буулгачихсан. Засгийн газрын автобаазад дөрвөн машин балансаас балансад шилжүүлж байсан санагдана.

-Тэгээд та яаж яваад бизнест хөл тавив, ганзагын наймаа хийж байсан уу?

-Засгийн газарт байхдаа курст шалгалт өгсөн чинь тэнцээд, 1993 онд Голланд улсын Маастрихт хот дахь Олон улсын менежментийн сургуулийн Post-graduate дамжаанд Монголоос суралцах 20 хүний бүрэлдэхүүнд орсон маань миний амьдралын түүхэн эргэлт байлаа. Тэнд жинхэнэ бизнесийн хичээлийг заалгасан даа. Түүнээс хойш би нэг л юм ойлгосон. Одоогийн миний хашиж байгаа төрийн албаны цалин хулгай хийдэггүй л юм бол амьдралд хүрэлцэхгүй. Юун машин авах, хүүхдэдээ боловсрол олгох, байранд орох. Харин капитализм бол шударга нийгэм гэж бодогдлоо. Коммунизм бөөн дарангуйлал, нэг нэгийгээ хуурсан, худлаа лоозогносон санагдсан. 1994 онд хоёр найзтайгаа компани байгуулсан. Найзтайгаа ажиллаж болдоггүй юм билээ. Арга хэмжээ ч авч болохгүй, үгэнд орохгүй, хоёр жил жаахан будилж байгаад ний нуугүй хэлэхэд гурван тийшээ болсон. 1996 онд БСБ сервисийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч А.Сүхдорж холбогдлоо. Тэгэхэд БСБ сервис таван жил болчихсон компани. “Партнёр болъё. Чи хувьцаанаас ав, манай гурван нөхөр компаниас гарч байгаа гэсэн. Тухайн үед надад татлаа түлхээ байгаагүй учраас яагаад болохгүй гэж гээд орчихсон. Ийм л түүхтэй. А.Сүхдорж захиралд би хэрэгтэй хүн байсан. Тэнд байсан улсууд дандаа программ бичдэг. Компьютерийн улсууд худалдаагаа мэдэхгүй. Ямар байдалтай байсан гэхээр эхлээд программ бичих гэхээр компьютер байхгүй Сингапураас компьютер оруулж ирсэн. Компьютер зараад байсан чинь хэдэн төрийн байгууллага, сургууль нь дуусчихгүй юу. Тэгэнгүүт Фунай телевизор аваад ирсэн юм билээ. Дороо алга болсон. Би хүртэл барааг нь биржээр оруулаад зарж өгч байлаа. Телевизор нь илүү ашигтай болоод, дараа нь угаалгын машин, хөргөгч, цахилгаан бараа оруулж ирсэн. Нэг их олон хүн суугаад юм бичээд байдаг программын бизнес нь томордоггүй, ашиг орлого байхгүй. Нөгөө ойлгодоггүй худалдаа нь томроод байдаг. Эльба төв гээд дэлгүүр байсан даа. Тэр үед нь орж байлаа. Тэгээд сүүлд Сүхээ захирал “За би дуртайгаараа программаа л бичье” гэсэн. Бид эхэндээ долоон хувь нийлүүлэгчтэй охин компаниуд байгууллаа. ТУЗ-ийн хурал хийнэ. Нэг нэгийнхээ ажлыг ерөөсөө ойлгохгүй. Шал утгагүй болоод ерөөсөө “Энэ компанийг чи даргалж байгаа юм чинь чи ав” гэсэн.

-Социализмын үеийн худалдааны эдийн засагчаас зах зээлийн үеийн бизнесмэн болж хувирахад амаргүй байв уу?

-Өнөөдөр ярьдаггүй л болохоос социализмын эдийн засаг оршин тогтнох чадваргүй гэдгээ наяад онд харуулсан юм. Ямар ч үр ашиг байгаагүй. Эдийн засаг улс төрийн суурь шүү дээ. Эдийн засаг нь болохоо байгаад ирэхээрээ л улс төр нь хямардаг. Орос хямарсан, дагаад Монгол ч хямарсан. Р.Амаржаргал, Да. Ганболд бүгд л багш байв. Эд нар зах зээлийн эдийн засгийн ойлголт авчихсан. Ийм байх ёстой гээд л хоорондоо их уулзаж ярьдаг. Аяндаа тэр рүү орсон. Өөрөөр хэлбэл час улаан коммунист байснаа гэнэт ардчилсан болчихоогүй. Угаасаа нийгэм дотроосоо ялзарч унаж байсан. Түүнийг нуун дарагдуулдаг. Бараг ардчиллынхан Монголыг сүйрүүлсэн гэцгээдэг. Тийм биш. Үйлдвэрүүд угаасаа дампуурчихсан байсан шүү дээ. Ажил нь зогсчихсон, агуулахад байсан хамаг бараагаа хулгайлчихсан. Материалуудыг нь Эрээнд аваачаад зарчихсан, тоног төхөөрөмжийг нь мултлаад авчихсан байв. Хувийн өмч гэж байхгүй бол улсын өмчийг идээд дуусгадаг.

-Өмч хувьчлалын үеэр та өмч хувьчилж авсан уу?

-Хувьчлах ч юу байхав. Өмч хувьчлах бидний бодож олсон схем эрхийн бичиг. Ерөнхийдөө нэг ийм процесс алдаа оноотой явсан даа. Хувьчлал заавал хийх ёстой байсан. Өмч эзэнгүй бол хулгайлдаг. Би Засгийн газарт байхдаа Д.Бямбасүрэн гуайд загнуулдаг байлаа. Ерөнхий сайд өдөр бүр тэдэн тонн мах худалдаанд гарч байна, хэдэн литр сүү, талх, өндөг зарагдсан гээд мэдээ авдаг. Нэг өдөр намайг дуудав. Яагаад өндөгний худалдаа арав дахин буурчихсан юм бэ гэлээ. Мэдэхгүй гэсэн. “Худалдаа хариуцсан ухаантай юм бол чи Шувуун фабрик руу яваад учрыг нь олж ир” гэлээ. “За” гээд явав. Очсон чинь хашаанд нь дөчин нүх гаргачихсан. Шөнө нь машинууд оочерлоод сетктэй өндгийг гаргаад л байдаг. Дэлгүүрт өндөг зарахгүй, хулгайлсан хүмүүсийнх нь халаасанд мөнгө нь ордог. Энэ тухай би танилцууллаа. “Улсын өмч болохоор ажилчид нь өөрсдөө хулгайлаад байна шүү дээ” гэсэн. Яаж шийдэх вэ гэхээр нь “Надад 80 цагдаа өг. Онгорхой болгон дээр нь хоёр хоёр цагдаа тавья” гэсэн. Пүрэв генералыг дуудаад “Энэ хүүхэд 80 цагдаа өг гэж байна. Өөр аргагүй гэнэ ээ” гэж загнасан. “Өөр арга бий, хувьчил” гэлээ.

-Цахилгаан барааны бизнес эрхэлдэг компаниуд олон. Танайх юугаараа ялгарах вэ?

-Би бизнесийн сургалтанд хамрагдаад олон номтой ирсэн. Номоор нь явсан болохоор хорин хэдэн жил тогтвортой, бизнес хийж байгаа. Гэхдээ Монголд тоглоомын дүрэм байхгүй. Бид татвар төлж байхад тэнд нэг нь татвар төлөхгүй байх жишээтэй. Ном үзсэн хүмүүс халз өрсөлддөггүй. Аль болохоор ялгарал хэрэгтэй. Сингапурчуудтай бид хамтарч ажилладаг. Тэд хэлдэг юм. “Та нар нэг нэгийгээ доош нь унагаагаад байх юм. Бизнесийн “А” ч байхгүй” гэдэг. Хятад хүний генд нь бизнесийн ухаан бий. Яаж мөнгө олохоо мэддэг.

-Төрөөс бизнесийг яаж дэмжих хэрэгтэй гэж үздэг вэ?

-Төр аль болохоор бизнест оролцохгүй байсан нь дээр. Мэдэхгүй хүн оролцохоор бантан хутгана шүү дээ. Сүүлийн үед хэн мөнгөтэй нь дарга болдог болсон юм шиг байна лээ. Төр мөнгө өгчихөөр, импортийн татварыг нь нэмчихээр хөгжих юм шиг санацгаадаг. Төр бизнест оролцохгүйгээр орчныг нь бүрдүүлэх учиртай. Бизнес ургамал шиг. Хөрс нь тэжээллэг, чийглэг, нар тусдаг агаартай байх ёстой. Тэгэхэд Монголд цөл, усгүй, хүйтэн орчинтой. Хүний мөнгө олох сэдлийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл Монголд одоо хүртэл мөнгө олох муухай гэцгээдэг. Манай МҮХАҮТ дээр бизнесүүд ярьдаг юм. Ажилчдыгаа халчихгүй шиг цалин тавиад байвал боллоо гэдэг. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Бизнес яах гэж байдаг вэ. Ашиг олох гэж. Ашиг олох муухай гэсэн ойлголт нийгэмд байна. Ашиг олж байж илүү хөрөнгө оруулалт хийж бизнес томорно. Олон хүн ажилтай болно. Татвар төлнө. Багш, эмчийн цалинг өгнө. Хэрэв бүх компаниуд ашиггүй ажиллавал улс хаанаас татвар цуглуулах юм. Бизнесмэн хүн ашиггүй ажиллана гэдэг нийгмийнхээ өмнө гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх нь бий.

-БСБ удаан хугацаанд тогтвортой ажилласан компаниудын нэг гэдгийг хүмүүс мэднэ. Хүмүүс тэр бүр мэддэггүй салбар чиглэл байдаг уу?

-Өөр салбар руу орохын тулд илүүдэл мөнгө байх ёстой. Тэгвэл өнөөг хүртэл тийм нөхцөл бүрдээгүй л байна. 27 жил болоход дахин шинэ бизнес хийх нөхцөл бүрдсэнгүй. Харьцангуй гайгүй болсон. Бүх дэлгүүрийн барилгууд өөрийн өмч, банкнаас зээл авахгүйгээр өөрийн хөрөнгөөр явж байгаа. Жаахан илүү мөнгө гарахаар банкинд хийгээд хэрэгтэй үедээ авдаг. Дөнгөж ийм түвшинд хүрч байна. Манайх зах зээлийн 30-35 хувийг эзэлдэг. Бид импортын компани болохоор валютын ханшаас хамаарна. Бидний борлуулалт 80 гаруй тэрбум байгаа. Дөрвөн жилийн өмнө л ийм хэмжээнд байсан. Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд байлаа шүү дээ. Баахан бужигнуулсан, бонд авчраад тараасан. 1400 төгрөг байсан долларыг 2400 болгосон нөхөр. Манай борлуулалт нийт дүнгээрээ гурван жилийн өмнөхтэй адил. Өмнө нь таван телевизор зардаг байсан бол одоо гурав юм уу дөрвийг зардаг болсон. Биднийг бүгдийг ядууруулсан. Энэ популизмын уршиг.

-Танд мөрөөдөл байдаг уу, боломж олдсон бол ийм салбар руу орох юмсан гэж төлөвлөдөг үү?

-Хуучин бол байсан л байх. Өнөөдрийн хувьд орчин байхгүй байна. Ийм үед ямар нэг юм хийхэд асар их энерги гарах ч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Говьд байгаа нэг нөхөр хэдэн ямаанд нь хамар хатгах өвсгүй байж банан, лимон тарихыг мөрөөдөөд яах вэ дээ. Бизнес хийж шатсаар байгаад утопи юм ярихаа байчихдаг.

-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай их ярьдаг. Ийм боломж Монголд байгаа юу?

-Энэ бол мөрөөдөл. Эдийн засагч хүний хувьд нэг тайлбар хэлье. Зардал хоёр янз. Тогтмол, хувьсах зардал гэж бий. Би бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрлээгүй тогтмол зардал байнга гарна. Цалин, тоног төхөөрөмжийн элэгдэл, цахилгаан, дулааны зардал гарна. Хугарлын цэг гэж ярьдаг. Тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж тогтмол зардлаа давдаг. Телевизийн үйлдвэр байлаа гэхэд ядаж 100 мянган ширхэг үйлдвэрлэж байж тогтмол зардлаасаа илүү гарна. 200 мянгыг хийж байж ашиг олно. Монголын хэрэгцээ тавхан мянга. Ашигтай үйлдвэрлэл явуулахад манай зах зээл 100 дахин жижигхэн. Хүмүүс ашиг гэдгийг мартчихаад юм хийх гээд байдаг. Дотоодын цемент үйлдвэрлэчихлээ. Ашиг олохын тулд Хятадын цементээс хямдхан, чанартай байх ёстой. Түүнээс үнэтэй, муу хийвэл эргээд л Хятадынхыг авах болно. Тэгж хийх үндэс бага. Массын үйлдвэрлэлээр Хятадтай өрсөлдөж чадахгүй. Тэдэнд байдаггүй өөр нэр төрлөөр хийх учиртай. Бас нэг дүрэм бий. Монголдоо ноёрхож чадаагүй бүтээгдэхүүнийг экспортолно гэж даанч байхгүй. Дэлхийн зах зээлд эсгий таавчигаараа л гарч магадгүй. Би бол гэртээ эсгий таавчиг хэрэглэдэг. Хямдхан, биед сайн, оросууд Монголд ирэхдээ эсгий таавчиг авдаг юм байна лээ. Гадаадад амьдардаг монголчууд “Зэврүүн хүйтэн шүү” гээд эсгий таавчиг дөрөв, таваар нь авдаг. Харахад царай муутай ч хүний хэрэгцээ хангаад байгаа юм. Дизайныг нь сайжруулчихвал оросууд авна. Сибирийнхэнд ноос байхгүй шүү дээ.

-Орчин үед тан шиг даруухан, нүдний шилтэй, туранхай бизнесмэнүүд олшироод байна. Таны амьдралын хэв маягийг сонирхъё. Эсгий таавчиг гэдэг шиг таны хэрэглэдэг, идэж уух дуртай зүйлсийн тухай яриач?

-Хоёр юм нөлөөлсөн байх. Бидний үеийнхэн угаасаа таргалахгүй юм шиг байгаа юм. Дөч, тавин мянгатын маслотой талх идэж өссөн хүүхдүүд таргалж чаддаггүй юм шиг ээ. Өглөөдөө би гимнастик хийчихдэг юм. Сайндаа биш. Миний нуруу өвддөг байсан юм. Нуруу өвдөөд зөндөө юм болсон. Ашгүй нэг дасгал заалгаад, түүнийгээ өдөр болгон хийдэг. Миний гимнастикийн 50 хувь нь тэр дасгал. Залхуу байсан. Нуруу өвдөөгүй бол яах ч байсан юм.

-Танай хүүхдүүд хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Том нь дээр үед оюутан болоод төгсчихсөн. Бага маань 15 настай. Эхлээд орос сургуульд өгч байсан. Дэг журам, сахилга батыг нь бодож орос сургууль сонгосон юм. Явц дундаа хагас цэрэгжсэн байх дэмий гэж бодох болсон. Тогтвортой багшгүй, сургалт нь муудаад ирэхээр нь “Орчлон”-д өгсөн. Сэтгэл хангалуун байна. Кембрижийн стандартаар сургадаг юм билээ.

-Гэргийнхээ тухай танилцуулаач?

-Бид нэг сургуулийнх юм. Минскт танилцаад гэр бүл болсон. Бас л худалдааны хүн. Хотын худалдаанд ажиллаж байсан. Ерээд оноос цуг ажиллаж байсан конторын дарга нь хувийн компани байгуулсан юм. Даргаа дагаад компанид нь ажиллаж байлаа. Манай бага төрөхөд хүүхдээ хараад эргэж ажилдаа ороогүй. Ажиллах онц шаардлага байгаагүй л дээ.

-Та ямар нэг намд харьяалагддаг уу?

-Би аль ч намд элсээгүй. Нам гэдгийг онцгүй л гэж үздэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *