Categories
мэдээ цаг-үе

Б.Индра: Гадны тамирчдыг бодвол толгойгоо илүү ажиллуулж тоглодог

Өсвөр үеийн улсын хошой аварга, улсын шигшээ багийн гишүүн Б.Индратай ярилцлаа.


-Ширээний теннисний спортоор хэдэн жил хичээллэж байна вэ. Яагаад энэ спортыг сонгох болов?

-Би Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. 2016 оноос хойш ширээний теннисний спортоор хичээллэж байна. Манай Угтаалд хүүхдүүд чөлөөт цагаараа ширээний теннис л тоглодог юм. Компьютер тоглоом, ухаалаг утаснаас илүү ширээний теннис сонирхоно. Сумын аварга шалгаруулах теннисний тэмцээн болно. Би хоёр удаа түрүүлж байсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Т.Мэргэн багшийнхаа удирдлагад бэлтгэл хийгээд Төв аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Дахиад ч түрүүлэхээр байсан. Гэхдээ намайг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаа больчихсон.

-Яагаад?

-Би улсын шигшээ багийн тамирчин болсон. Мэргэн багштайгаа улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр оролцоод алтан медаль хүртэж улсын шигшээ багийн гишүүн болсон. Улсын аварга болчихоод зорилгодоо хүрчихсэн юм шиг л санагдаж байсан. Одоо өөр том зорилго тавиад олон улсын хэмжээний мастер С.Галбадрах багшийн удирдлагад хийж байна. Сая хүүхдийн спортын наадмаар нутгаа төлөөлж оролцоод хошой алтан медаль хүртсэн. Нутгаараа зарлуулж тэмцээнд оролцох гоё байна лээ. Удахгүй тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг сайн тамирчин болно.

-Галдбадрах багшийнхаа удирдлагад ямар тэмцээнүүдэд оролцов. Ямар амжилт үзүүлэв?

-Зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд алгасалгүй оролцдог. “Оч” клубийн нэрэмжит тэмцээнээс л мөнгөн медаль хүртсэн. Бусад тэмцээнүүдэд нь түрүүлсэн.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ. Хичээлээ завсардуулахгүйгээр тэмцээнд оролцож амжиж байна уу?

-Өдөрт 3-4 цагийг зааланд өнгөрүүлдэг. Спортоор хичээллэж байгаа маань хичээл сурлагад сайнаар нөлөөлдөг. Эрүүл биетэй байгаа маань ширээний теннистэй холбоотой. Теннисний тэмцээнд оролцоод олон найзтай болсон. Ур чадвар ч дээшилсэн.

-Тоглолтын арга барил онцлогийнхоо талаар ярихгүй юу?

-Баруун талаасаа топс хийгээд хоёр талаасаа цохиж тоглодог. Үүнийгээ илүү сайжруулахаар ажиллаж байгаа. Сайжруулахгүй бол зэрэглэл ахиж тэмцээнд ороход амжилт гаргахад хэцүү юм шиг санагдсан.

-Гол өрсөлдөгч ямар тамирчид байна вэ. Ямар чанараараа ялгарч байна?

-Миний насанд Оюунбилэг, Мөнхшүр, Цэцэн гээд сайн тоглодог хүүхдүүд байдаг. Би солгой, довтолж тоглодог маань давуу тал болж өгдөг юм. Довтлоод л тоглочиход хожоод байж болох юм билээ. Цаашдаа баруун солгой хоёр талаас топс хийгээд тоглоход дээд түвшинд өрсөлдөж болох юм шиг санагдсан. Одоогоор хоёр талаасаа топс хийдэг техник эзэмшиж амжаагүй байгаа.

-Улсын хошой аварга болж байсан юм байна. Олон улсын тэмцээнд оролцож байв уу?

-Өнгөрсөн зун Улаан-Үд хотод болсон Буриадын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Зүгээр ч нэг оролцоод ирээгүй. Мөнгө, хүрэл медаль хүртсэн. Анх оролцож байснаа бодвол одоо туршлагатай болсон.

-Гадны тамирчдын ур чадвар ямар хэмжээнд байна. Манай тамирчид ямар техник эзэмших шаардлагатай байна вэ?

-Их зуулгаж хийдэг юм билээ. Бөмбөгөндөө их хурдан хүрдэг гээд давуу талтай. Өндөр ур чадвартай тамирчидтай өрсөлдөөд их зүйл сураад ирсэн. Манайхан тэнцүүхэн хэмжээнд өрсөлдөөд байж болох юм билээ. Би тэд нарыг бодвол толгойгоо илүү ажиллуулж тоглосон болохоор медаль хүртсэн. Мөн БНХАУ-ын Шанхайд өсвөр үеийн ангиллын тэмцээнд оролцсон ч медаль хүртэж чадаагүй.

-Дэлхийн хэмжээний тамирчин болох зорилготой гэж яриандаа дурдаж байсан. Хэр хол санагдаж байна?

-Эхлээд дотоодын тэмцээнүүддээ түрүүлнэ. Ингээд тивийн аваргад оролцоод л амжилт үзүүлбэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж нээгдэнэ. Бэлтгэлээ хийгээд, тоглолтын ур чадвараа ахиулаад явахад тийм ч хол санагдахгүй байна. Би олон улсын тэмцээнд оролцож нэг насанд өрсөлддөг тамирчидтай тоглож байсан. Тэнцүүхэн тоглож болохоор л юм билээ.

-Индраг ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?

-Ширээний теннисний “Оч” клубийн нэрэмжит тэмцээн болно. Тэгээд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд болно. Би олон улсын тэмцээнд оролцохын тулд алтан медаль л авахаар бэлтгэлээ хийж байгаа.

-Тоглолтондоо хэрхэн төвлөрдөг вэ?

-Би тэмцээнд оролцохдоо зөвхөн урдах тоглолтондоо л анхаарлаа хандуулдаг. Ширээний теннис нэг талаараа шатартай адил оюуны спорт. 1-2 үйлдлийн дараах довтолгоог тооцоолж байдаг. Анхаарал сарнихад л алдаа гаргах өндөр эрсдэлтэй. Анх зааланд цугласан хүмүүс рүү анхаарал сарниад сайн төвлөрч чаддаггүй байсан. Ер нь бэлтгэл сайн хийсэн байхад өөртөө итгэлтэй тайван байдаг.

-Ширээний теннисний спортын ямар ач холбогдол юу вэ?

-Эрүүл мэндэд сайн. Хамгийн гол нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг. Мөн шатартай ажил оюун ухаан шаарддаг болохоор төлөвшүүлж өгдөг. Зүрх судасны өвчинд сайн гэж хүмүүс хүүхдүүдээ бэлтгэлд авчирдаг.

-Тэмцээн уралдаанд оролцоход нь тусалж дэмждэг байгууллага бий юу?

-Дэмждэг хүн байхгүй бол олон улсын тэмцээн уралдаанд оролцоход хэцүү. “Тэгшт плант” компанийн захирал О.Батбилэг, гүйцэтгэх захирал М.Золбаяр ах нар маань тэмцээн уралдаанд оролцоход дэмжиж ажилладаг. Илүү сайн тамирчин болж “Тэгшт плант” компанийн нэрийг илүү өндөрт гаргаж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *