Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Ардын намынхан бүх зүйлийг шүүмжилсэн шигээ хийх хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан , эдийн засагч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-УИХ 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Өмнө нь ярьж л байсан АН -ын буруутай үйл ажиллагааны лайг нь үүрч байна гэдэг зүйлийг ярих юм. Төсвийн алдагдал 2.5 их наяд төгрөг хүрсний буруу нь танай намынхан бололтой.Таны хувьд Эдийн засгийн байнгын хорооны дарга, бүлгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ тал дээр тайлбар өгөөч?

– МАН-ынхан хийгээд Засгийн газрын гишүүд нь бүх бурууг Ардчилсан нам руу чихэж байна. Үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг нь тодорхой цаг хугацааны дараа тодорно. Эдийн засаг хүнд байсан уу гэвэл тийм. Үүнийг бүгд мэдэж байгаа. Эдийн засаг тартагчаа тулчихаагүй байна. Ардын намынхан ард түмнийг тодорхой зүйлсээс салгах гэж янз бүрийн суртал ухуулга явуулж байна. УИХ-аар 2017 оны төсөв, Монголбанкны мөнгөний бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Засгийн газар эдийн засгийн онцгой хөтөлбөрөө оруулж иржээ. Эдгээрийг нь харахад бидний үед авч хэрэгжүүлж байсан зүйлс л явж байна лээ. Нэг үгээр хэлбэл, тухайн үед биднийг хийх гэж оролдож байхад МАН-ынхан эсэ ргүүцэж байсан асуудлууд буцаад орж ирсэн гэсэн үг. Үүнээс үзвэл биднийг буруутгаж байх үедээ МАН-ынхан улс орноо бодож байсан юм уу, намынхаа эрх ашгийг бодож байсан уу гэдэг нь тодорхой боллоо. Манай нам эрх барьж байхад тулгарч байсан хүндрэл, бэрхшээл, зовлон тэр бүхэн одоо Ардын намынхны толгой дээр буучихлаа. Хөрөнгө оруулалт зогсож, валютын эх үүсвэр хомс болсон гэдгийг бүгд мэдэж байгаа ч аль ч Засгийн газар энэ бүхнийг даван туулах ёстой юм. МАН-ынхан сонгуульд орохдоо энэ хөтөлбөрөөр дамжуулаад хүндрэлүүдийг арилгана гэж амласан. Эрх баригчид намынхаа мөрийн хөтөлбөрт амласан болгоноо биелүүлэх мөн үүнийхээ төлөө ажиллах ёстой. Тэд гомдож, урдахаа муулж хийсэн ажлуудыг нь үгүйсгэдгээ болих хэрэгтэй. Цаг үеэ харж урагшаа тэмүүлж ажиллах ёстой. Шийдвэрээ гаргаад асуудлаа шийдээд яв. Бид зөв юмыг нь дэмжихээс биш МАН-ын өмнөх дөрвөн жилд байдаг шиг бүх юмыг эсэргүүцэж, янз бүрийн байдлаар зогсоох оролдлогыг АН хийхгүй. Бид зөв юмыг нь дэмжинэ, буруу юмыг нь засаж залруулахын төлөө ажиллана. Хэдийгээр цөөнх болсон ч гэсэн бидэнд тийм боломж байгаа.

-Сангийн сайд болон Монголбанкны тайлбарлаж байгаагаар өмнөх Монголбанкны ерөнхийлөгч ихээхэн хэмжээний мөнгө хэвлэсэн. Үүнээс болж эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн гэж яриад байгаа. Таны хувьд бол зайлшгүй мөнгө хэвлэх шаардлага байсан юм гэж хэлж байсан?

-Монголбанкныхантай санал солилцож байхад тодорхой ярьсан. Стандарт бус шийдвэр гэж байна. Тухайн онцлог нөхцөл байдалдаа уялдуулаад тийм шийдвэрийг гаргаж болно. С.Баяр Ерөнхий сайд байхдаа Ардын нам стандарт бус шийдвэр гаргаж АН-ыг хамтарсан Засгийн газарт оруулж байсан. Түүнтэй утга ижил яг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад стандарт бус шийдвэрүүдийг гаргадаг олон жишээ байдгийг Монголбанкныхан ч дурдаж байна лээ. АНУ, Японы Төв банкууд гаргаж байсан гэдгийг хэлж байна. Тэгэхээр ийм шийдвэрийг Н.Золжаргал ерөнхийлөгчийн үед гаргаж байсан байхгүй юу. Монголбанкны бодлого тийм шийдвэрээр хэрэгжиж байсан юм. Энэ нь зөв талтай байсан байж магадгүй. Зарим нэг зүйл дээр тохирохгүй байсныг ч үгүйсгэхгүй. Нөхцөл байдлыг урьдчилж харан ямар нөхцөл байдал үүсгэх гэж байна вэ, бид үүнийг зөөллөхийн тулд ямар арга хэмжээ авч болохоор байна гэдгээ ойлгоод тухайн үед нь шийдвэрүүдээ гаргаад явж байсан нь буруу биш.

Нэг үгээл хэлбэл бодлого дандаа уламжлагддаг. Сайн муу бодлого байж болно. Гэхдээ тодорхой бодлогуудыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэтэл тийм биш гэж тайлбарлаж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм. Жишээ нь Монголбанкны мөнгөний бодлого 180 градусаар өөрчлөгдсөн гэсэн тайлбарыг сая өгч байна. Гаргасан материалууд УИХ-д оруулсан бодлогын баримт бичгийг үзэхээр нөгөө л оруулдгаа оруулсан байна. Тэгэхээр стандартын дагуу бичигдчихсэн, тэр формат дээр хэвлэгдчихсэн материал байнга л ордог. Гэхдээ цаг үе өнөөдөр ямар байгаа вэ гэдгийг тооцоолж үзэхээр арай өөр хөтөлбөрүүд орж ирэх ёстой. Гэхдээ маш богино хугацаанд шүү. Жишээлбэл, Монголбанк хоёр дахь зах зээл буюу Хөрөнгийн биржийн хөгжлийг хэрхэн харж байгаа юм. Зөвхөн Монголбанк арилжааны банкуудын бодлогуудаа илүү дэмжээд байгаа юм уу. Эсвэл хоёр дахь зах зээлийг хөгжүүлэхийн тулд 97 хувийн орон зай үүсгээд байгаа арилжааны банкуудын зах зээлийг тодорхой түвшинд нөгөө тийш нь тэнцвэржүүлэх ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэхээр харагдах зүйл алга. Ер нь макро түвшин гэдэг юм уу хөрөнгө оруулалтын чиглэлээр бол үндсэндээ энэ Засгийн газар, УИХ-ын хийх ажил таван том хөтөлбөр болж байна. Оюу толгой, Гацуурт, Таван толгой, хоёр цахилгаан станц байх шив. Засгийн газар Оюу толгой, Гацууртын ордыг хэрхэн ашиглахаас шалтгаалж хөрөнгө оруулалт орох үгүй нь тодорхой болно. Гадна талд маш том хүлээлт үүссэн. Үүнийг Засгийн газар тооцоолж үзэж байгаа байх.

-Гадны хөрөнгө оруулалт л гэх юм. Манай орны дотоодын боломж гэж бүр байхаа больчихсон юм уу?

-Эдийн засгийг сэргээж, тогтвортой хэмжээнд авч ирэх дотоод эх үүсвэрүүдийн боломж бий гэдгийг эдийн засагчид хэлж байна. Тэр боломжууд нь юу вэ гэдгийг Монголбанк болон Засгийн газар хоёр олж харж байна уу гэдэг чинь чухал байхгүй юу. Үндсэндээ ОУВС, гадны хөрөнгө оруулагч хийгээд гаднаас мөнгө олох тал дээр АН-ын хэрэгжүүлэх гэж оролдож байсан бодлогыг энэ Засгийн газар дахин оруулж ирсэн. Тухайн үед МАН маш их шүүмжилсэн. Одоо бол хүссэн хүсээгүй дахин оруулахаас өөр замгүй болчихож. АН-ын бодлого МАН-ын бодлого нэг чиглэл рүү орж ирж байна гэдгийг хэлдэг байсан. АН-ын бодлого бодлогын түвшинд, МАН-д харин бодлого гэж байхгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Жишээ нь, “Сайн оюутан” хөтөлбөрийг “Оюутны хөгжлийн зээл” нэртэй болгочихож байгаа юм. Адилхан л хөтөлбөрүүд. Ганцхан нэрийг өөрчилснөө төсвийг нэг болгосон гэж яриад байна. Монгол Улс Төсвийн тухай хуультай төсөв нэг байх ёстой. Гэхдээ стандарт шийдвэр үү, стандарт бус шийдвэр үү гэдэг юмыг харах ёстой гэж боддог.

Төсвийн хуульд захирагдахгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Үүний хажуугаар нөхцөл байдалд нь зохицуулсан хөтөлбөр давхар боловсруулаад явахыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Яг ийм л хөтөлбөрүүд явж байсан. Өнгөрсөн Их хурал хоёр удаа эдийн засгийг сэргээж, идэвхжүүлэх тодорхой зүйл заалтууд бүхий тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ асуудлууд харин одоо хаана байна вэ. Засгийн газрын сайн бодлого үргэлжилдэг юм бол байх л ёстой. Гэтэл түүнийг оруулж ирсэн аль ч баримт бичигтээ тусгаагүй байна. Үүнээс үзэхэд МАН-ынхан илүү сайн ажиллах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Хөндлөнгийн зогсолт хийсэн юм уу, үнэхээр буруу болоод зогссон юм уу гэдгээ үзэж, судалж байж өөрсдийн бодлого руугаа оруулах ёстой. Ийм зүйл эрх баригчдаас харагдсангүй. Ардчилсан намынхан зөв зүйлийг дэмжиж, буруу зүйлийг шүүмжилнэ гэдгээ зарлачихсан. Бид нэгэнт цөөнх болчихсон юм чинь өөрсдийн байр суурийг хадгалах нь ойлгомжтой. Улс төр хийх боломж олдвол бид хийх ёстой. Тиймээс Ардчилсан намынх гэдэг юм уу цөөнхийн бүлгийн гишүүд эсэргүүцээд гэж байгаа нь үнэндээ инээдэмтэй зүйл. Одоо ам асуух цаг биш гэдгийг ойлголгүй ийм зүйл ярих юм. Ардын намынхан бүх зүйлийг шүүмжилсэн шигээ хийх хэрэгтэй. Гэтэл ямар ч ажил урагшлахгүй байна.

-Он гарсны дараа төсвийн тодотгол хийгдэх байх даа?

-Гарцаагүй хийгдэж таарна. Учир нь ОУВС-тай хэлэлцээрт орсон бол ямар нэгэн шийд гарч л таараа. Тэр шийдвэрт зориулж хүссэн хүсээгүй төсвийн тодотгол хийгдэнэ. Цаг хугацааны хайчинд баригдаад энэ төсвийг олонхи батална. Гэхдээ он гарсны дараа энэ төсвөө дахин задална. Өөр арга байхгүй. Учир нь тэд хэрэгжүүлэх бодлого, ирээдүйг харсан төлөвлөгөө байхгүй учраас эргэж буцаад байгаа юм. Засгийн газар нь УИХ-д нэг асуудал орж ирэхээр л унагаачихдаг. Засгийн газар нь буцааж татаад дахин өөрчлөөд оруулж ирэхэд нь дахиад шүүмжлэлд өртөн өөрчилнө гээд давхидаг чинь бодлого биш байхгүй юу. Зүгээр л бөмбөг хоёр тийш нь өшиглөж байгаа тоглоом төдий зүйл. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хуулийн чинь жинхэнэ гамшиг энэ дотор тууж явна.

-Төсөвт үү?

-Жижиг 76 буюу мажоритараар сонгогдсон 76 гишүүн чинь өөрсдийнхөө тойрогт юм хийлгүй өөр зүйлийг дэмжинэ гэж байхгүй. Тойрогтоо юм хийхгүй бол тэд 2020 онд дахин сонгогдож чадахгүй. Тиймээс улсын төсвийнхөө хэдэн төгрөгийн 76 тийш нь татаж чангаахаас өөр арга алга. Холимог тогтолцоогоо дэмжээд сонгуульд оролцсон бол улс гэдэг нэг эрх ашгийн төлөө олонхийг барих боломж байдаг. Харамсалтай нь энэ тогтолцоо өнөөдөр алга болсон. Ардын намынхан бүлэг дээрээ зангидаж байна гэх боловч чуулган дээр ороод л задарна. Одоо ч задарсаар байна. Ц.Нямдорж аргаа бараад “Бүлгийн шийдвэр шийдвэр биш юм бол бүлэг хуралдахын хэрэг юу байна” гэж чуулган дээр шууд хэлж байгаа биз дээ. Өмнө нь биднийг УИХ-ын гишүүдийн онцгой эрхэд халдлаа гэж шүүмжилдэг байсан. Бүлэг дээрээ гишүүдээ дарамталлаа гэж шүүмжилдэг байсан хүмүүс өнөөдөр тэр бүгдийгээ ил цагаан хийж байна л даа. Ам, ажлын зөрүү гэдэг энэ. Эдийн засгийн хямралыг бид хамтдаа л даван туулна. Ардчилсан намд ч гэсэн зөв зүйл бий. Ардын намд ч гэсэн байдаг л байх. Гэхдээ Ардчилсан намынх нь арай илүү зөв гэж харж байгаа. Бүх зүйлээ хийх боломж эрх баригчдад байгаа. Харин бид зөв үед нь хатгаж өгөх хэрэгтэй.

-МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д ажлын айлчлал хийх хүрээндээ хоёр хувиас бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авахаар саналаа тавьсан байна лээ. “Стэнд бай” хөтөлбөрт ч хамрагдаж магадгүй сураг байна л даа. Таны хувьд аль саналыг нь дэмжих вэ?

-Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тиймээс ямар нэгэн эх үүсвэр хайж байгаа байх. Гэхдээ тухайн үед өрийн таазыг тодорхой түвшинд өөрчилж олдож буй эх үүсвэрт зориулж мөнгө оруулж ирье гэдэг зүйл ярихад Ардын намынхан эсэргүүцсээр байгаад зогсоож байсан. Түүнийгээ одоо хийж байх шиг байна. Эрх баригчид тухайн үед эсэргүүцэх гэж эсэргүүцэж байв уу гэдэг нь харагдаж байгаа биз. Хоёрдугаарт, Монгол Улс нэлээд хэдэн жилийн өмнө хөгжиж буй орны тоонд багтсан. Хөгжиж буй оронд багтчихаар тухайн улсад ямар зээл олгох вэ гэдэг зээлийн ангиллууд байдаг. Бид хөгжиж буй орон гэдэг утгаараа олон улсын зах зээлээс босгосон мөнгө нь бонд байхгүй юу. Бидэнд ийм л боломж байсан. Монгол Улс буурай хөгжилтэй орны тоонд эргээд багтсан байгаа бол албажуулах ёстой. Хэрэв үнэхээр тийм бол санхүүгийн донор орнуудаас маш бага хүүтэй, урт хугацааны зээл авдаг тохиолдол бий. Өмнө нь Хятад, Япон, Азийн хөгжлийн банкнаас авч л байсан юм. Улс орон маань аль ангилалд багтсаныг тодорхой болголгүйгээр урт хугацааны хөнгөлөлттэй зээл авна гээд яриад байгаа нь боломжгүй хувилбар. Улс төрийн шийдвэр өөрөөр гарснаар Хятадаас зээл авч магадгүй. Энэ нь хамгийн хялбар хувилбар. Сайтар бодох л хэрэгтэй. Чалкогийн өрийг дийлэхгүйн дээр төмөр зам, Таван толгойн асуудлыг харьцуулаад үзэх ёстой. Хятадууд ашиг муутай үйлдвэрүүдээ хааж байгаа тул ойрхноос чанартай бүтээгдэхүүнийг авах сонирхол тэр Засгийн газарт байж л байгаа. Түүн дээрээ тулгуурлан, манай хомсдол дээр үндэслээд янз бүрийн зүйлд оруулахыг үгүйсгэхгүй. Үүн дээр л болгоомжтой хандах учиртай. Ганц орноос хараат байх уу олон газраас тодорхой хэмжээний зээл авах уу гэдэг нь ОУВС-гийн шийдвэрт нөлөөлнө. ОУВС ямар шийдвэр гарснаас шалтгаалан бусад орнууд ямар нөхцөлтэй зээл өгөх вэ гэдгийг шийднэ. ОУВС-аас хамааралгүй зээл өгөх боломжтой ганц орон Хятад улс. Тэр утгаараа бидний нэг гаргалгаа энэ юм байна гэдэг утгаараа эрх баригчид яваад байх шиг байна л даа. Энэ гаргалгаа нь эрсдэлтэй юу гэдгээ л хамгийн сайн бодох учиртай. Үүн дээр хүн бүр л янз бүрийн байр сууринаас эмзэг хандаж байгаа юм билээ. Бидэнд гашуун туршлага бий. Оюу толгойг, Чалког одоо болтол ярьж байна. Энэ алдаанаас сэргийлэхийн тулд БНХАУ-тай зөвхөн улс төрийн яриа хэлцлээр зээл авах нь ашигтай юу гэдгийг дахин бодох л хэрэгтэй дээ.

-Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж байна. 100-хан хоногт ямар ажил хийдэг юм гэж өмөөрч болох ч бүтэн жилийн хугацааны бараг гуравны нэг нь өнгөрчихлөө. Та ямар дүгнэлт өгч байгаа бол?

-Энэ 100 хоногт яг хийчихсэн зүйл байхгүй. Дандаа л цуцалсан, зогсоосон, гацаасан зүйл л ярилаа. Мөн мөрдөж байна, шалгаж байна, шүүхэд шилжүүлж байна гэдэг зүйл л ярьсан. Өөр дорвитой зүйл хийсэнгүй. Ганц жишээ өгүүлэхэд тэр нь валютын ханшаар илэрч байгаа юм. Ардын намынхны ганц ярьж байгаа зүйл нь арьс ширний үнийг өсгөж байна гэдэг зүйл ярьж байгаа. Нэг талдаа малчдад дэм болж байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлүүдээ татан унагаж байгаа хэрэг. Учир нь дотоодын үйлдвэрүүд эдийн засгийн чадавхигүй болж худалдан авалт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Тиймээс хятадууд юм уу доншуур наймаачдад хил гаргаад өгчихдөг болсон. Энэ нь хялбар байх шиг байна. Хялбараас илүү оновчтой шийдвэр гаргах цаг болчихсон баймаар юм. Хүүхдээ харж буй эхчүүдийг цалинжуулахаар боллоо гэж байсан. Энэ чинь нийгмийн халамж. Угаасаа байхгүй мөнгийг хэзээ өгөх гэж байгаа юм бол. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоод бусдыг нь дансанд байршуулж байгаа гэдэг зүйл мөн ярьсан. Дансанд байршуулах чинь бас учиртай. Дорж ч юм уу Батад данс нээсэн гэж байгаа боловч нээсэн үгүйг нь хэн ч мэдэхгүй байгаа. Нээсэн гэдэг бичилт байж болох ч тэр нээсэн дансны мөнгө эргэлтэд орохгүй тэндээ байгаад байна гэдэг чинь Засгийн газар тэр хүний мөнгийг эргэлдүүлж байна гэсэн үг мөн биз. Тэгвэл эргэлдүүлж ашигласныхаа хүүг төлөх ёстой гэх мэтчилэн наад захын асуудал яригдахгүй байна. Нэг үгээр хэлбэл, Ардын намынхан төсвийн том тогоо руу бүх зүйлийг хийчихээд дуртай үедээ тэд шанагаараа хутгаж авах гэж байгаа юм. Түүнчлэн эрх баригчид маш олон сангуудыг бий болгож эхэллээ. Яам бүр өөрийн сантай болж байгаа нь төсвийг хэмнэлттэй зарцуулах биш харин нууц байдалд оруулж байгаад өөрсдөдөө зарцуулах зам руугаа шуударчихлаа гэж харагдаж байна. Үндсэндээ Шилэн дансны тухай хууль хэрэгжихээ больж байгаа нь харагдаж байгаа. Энэ мэтчилэн шүүмжилж болно. Ардын намынхан өнгөрсөн хугацаанд маш сайн шүүмжлэгч байсан. Харин бид харьцангуй тайван байлгаж байгаа шүү. Боломжийг нь нээлттэй орхиод ажиглаж байгаа болохоос Ардын намын муухай болгоныг муухай харагдуулъя гэж зориогүй. Бидний хооронд үзэл бодлын хийгээд зарчмын ялгаа бий. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг яаж баалж байсныг бид мартаагүй. Харин бид одоохондоо баалахгүй байна. Гэхдээ цаг нь ирэхээр баалж таарна л даа. Яам болгон 100 хоногийн ажлаа тайлагнаж байгааг харахад АН-ын үеийн хийж байсан ажлуудыг үргэлжлүүлж, дуусгаж байгаа болохоос шинэ зүйл алга. Гэсэн хэдий ч бид 180 градусаар өөрчилсөн шинэ бодлого хэрэгжүүлж байна гээд ярих нь утгагүй. Манайхныг янз бүрээр л ярьдаг. Сая хөрөнгө орлогын шинэ мэдүүлэг гарсан байна лээ. Ядаж л өнөөдөр Их хурлыг бүрдүүлж байгаа гишүүд өмнөх УИХ-ын гишүүдээс өндөр орлоготой байна. Тэд л юм хийж байсан байгаа биз дээ. Тэр бүү хэл төрийн байгууллагад насаараа ажилласан хүмүүсийн орлогын хэмжээ асар өндөр байгаа нь харагддаг. Заримдаа эрх баригчид ярьж байгаа зүйлийнхээ учрыг нь олдоггүй юм уу гэж бодогдох юм. УИХ дээр болж буй хэлэлцүүлгүүдийг харж байхад шинэ гишүүд дохиураар ажиллаж байгаа нь харагддаг байхгүй юу. Заавал муу хэлэх ёстой юм шиг зүйл ярьдаг. Тухайлбал, Г.Занданшатар байна. Туршлагатай гэвэл хэн ч маргахгүй. Гэтэл 2012 оны Ашигт малтмалын тухай хуулийн стратегийн ордын асуудлын гол автор нь тэр хүн. Хөрөнгө оруулалтыг тэр хүн л зогсоосон. Өнөөдөр хөрөнгө оруулалтыг хэн зогсоочихов гээд гайхаад байх хэрэггүй. Уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээллийн салбарын хөрөнгө оруулалтыг хориглосон хууль гаргасан байсныг бид гарч ирээд 2013 онд зассан. Хамгийн наад захын жишээ хэлэхэд ийм байна. Иймэрхүү байдалтай л явж байна даа. Ардчилсан нам тодорхой хэмжээнд зөв бодлого хэрэгжүүлж байжээ гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна.

-Ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Сангийн яам Монголбанкинд төсвийн алдагдал багатай батлах, орлого бүрдүүлэхийн тулд валютын ханшийг зориудаар өсгөж байж магадгүй талаар ярьж байна. Ийм өнцөг байж болох талаар яриад эхэллээ?

-Ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ Ардчилсан намын үед валютын ханш өсөх бүрт бидэн рүү дайрч, ард иргэдийг турхирч байсан. Манай намынхан Ардын намынхан шиг үйл ажиллагааг хийхгүй байгаа биз дээ. Хүмүүс ч гэсэн чимээгүй байгаа биз. Их сонирхолтой. Үүнийг бодож үзэх л ёстой. Биднийг эрх барьж байхад валютын ханшийг хэдээр тогтоох юм, цаашид хэд болох вэ гэдгээ урьдчилан тооц гэж төсөв, мөнгөний бодлого орж ирэх бүрт шаарддаг байсан. Өнөөдөр Ардын намынхны оруулж ирсэн мөнгөний бодлого, төсөв хоёр дээр харилцан адилгүй өөр байгаа. Н.Батбаярыг тухайн үед мөн ч их шүүмжилсэн. Тухайн үеийн тэр тоог нь өнөөдөр эрх баригчид хэлж чадахгүй байна. Энэ бүгдийг зах зээл өөрөө зохицуулдаг юм гэдгийг хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Зах зээлийн зохицуулалт юунаас шалтгаалдаг вэ гэхээр хөрөнгө оруулалт, ажлын байр, шинэ үйлдвэр босч байгаа, шинэ бараа бүтээгдэхүүн гарч мөнгөний эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа үед ханшийн өөрчлөлт өөрчлөгдөж таарна.

-Зээлийн хүүг бууруулах тал дээр эрх баригчид арга хэмжээ авах болов уу. Сөрөг хүчин байхдаа бууруулах ёстой гэдгийг хамгийн их ярьж байсан даа?

-Ц.Нямдорж өнгөрсөн дөрвөн жил “Банкны зээлийн хүү өндөр байгаа нь иргэдийн нуруун дээр маш их дарамт болон очиж байна. Банкны зээлийн хүүг тэдээр буулга” гэж шууд шахаад түүнийг баталж байсан. Өнөөдрийн УИХ, Засгийн газар, Монголбанк мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ тэр гаргасан шийдвэрийг биелүүлсэн үү гэж асуусан. Монголбанкны зүгээс тийм зүйл байхгүй гэдэг хариу өгсөн. Тэгж болдоггүй юм. Бидэнд тайлбарлахаас илүүтэй тэгж ярьдаг хүмүүстээ тайлбарлах ёстой. Ямар үед нь буулга гэж тулгаж болдог, ямар үед нь болдоггүй юм бэ. Асуудлын гол нь энэ. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйл бий.

-Сүүлийн үед Эрдэнэтийг тойрсон асуудлууд өндрөө авч АН-ын Засгийн газрын гишүүдийг “шүүгээд” эхэллээ. Процессыг та юу гэж харах юм?

-Хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хийж байгаа байх. УИХ-д танилцуулах нь цаг хугацааны л асуудал байсан. Танилцуул гэдэг чиглэл гарсан уу, гарсан. АСЕМ-ын хуралтай холбогдуулан энэ Их хурал маш хурдан хугацаанд байгуулагдсан шүү дээ. Их хурлаар орж амжаагүй асуудлуудыг тухайн үед ярих боломж байсан. Дув дуугүй явж байгаад сонгуулийн өмнө нэг нөхөр гарч ирээд орилоод унаа биз дээ. Дараагийн асуудал нь Эрдэнэтийн 51 хувь нь ер нь байгаа юм уу. Үүнийг хэн ч тоохгүй байна. Сонгуулийн өмнө 51 хувийг нь хувьчилсан байна гээд шуугиа биз дээ. Сүүлд нь 51 биш 49 хувь нь юм байна гэсэн. Гадна талд байсан 49 хувийг Монголд оруулж ирсэн юм. Одоо авсан эзэнтэй асуудал ярьж байгаа нь дараагийн асуудал. Гэтэл төрийн өмчийн мэдлийн 51 хувь нь байна уу. Миний ойлгож байгаагаар байхгүй болсон байж мэднэ шүү.

-Ямар шалтгаанаар байхгүй болсон гэж?

-Төрийн мэдлийн 51 хувийг барьцаалаад Стандарт банкнаас зээл авсан. Тэр 51 хувийг барьцаалсан зээл чинь арбитрын шүүх дээр очоод Монголын Засгийн газар төлөх шийдвэр нь гарчихсан. Тэгэхээр тэр 51 хувь байхгүй болчихсон юм биш биз. Үүнийг яагаад ярихгүй байгаа юм. Төрийн 51 хувийн барьцаалж зээл авах болсон шийдвэр хэний үед гарсан юм гээд ухаад байвал ухаж болно. Энэ бүхэн учир зүйгээ олох биз дээ. Бүх сонгууль болоод дууссан болохоор гурван жил хагасын хугацаанд урагшаа харж ажиллах хэрэгтэй байна. Үлдсэн хугацаанд эдийн засгаа сэвхийтэл босгоод ирэхийг нь харъя. Хэт олонхи болчихоод цөөнх эсэргүүцлээ гэдэг зүйл яриад суудгаа одоо боль. Мөн батлагдаж, нотлогдоогүй асуудлаар хүмүүсийг их шүүдэг болж.

-Хөгжлийн банкийг яриад байна уу?

-Үнэхээр тийм зөрчил байгаа юм бол ил болгоод гаргаад ир. Цаг алдаж ингээд суух ямар шаардлага байгаа юм. Хэрэв тийм зүйл байхгүй юм бол үүнийгээ зогсоох хэрэгтэй. Шалгаж байна гэсэн нэг хэсэг нөхөд хэдэн жил явах гэсэн юм бэ. Нөгөөдүүл нь тэр тийм, энэ ийм гээд яриад л байдаг. Хэдэн жил ярих юм бэ. Сүүлийн үед Их хурал шүүх байгууллага болж хувирсан. Цагдаагийн ч юм уу, шүүх хурлын ч юм уу танхим болчихсон. Хэн нэг буруутан хайгаад түүнийг нь УИХ-ын гишүүд олж тогтоогоод байдаг болчихсон юм уу. Дүрэм, журмынхаа дагуу шалгадаг байгууллагууд нь шалгаж байгаа юм бол цаг хугацааны хувьд хурдан баймаар байна. Зайлшгүй Их хурлаар орох асуудал байгаа бол оруулаад яв. Хэн ч цагдаж хорьж, эсэргүүцээгүй. УИХ шийдвэр гаргаад Засгийн газарт үүрэг өгдөг. Өгсөн үүрэг чиглэлийнх нь дагуу Засгийн газар ажлын хэсэг байгуулж ажилладаг. Ажлын хэсэг нь ажиллачихаад Засгийн газарт танилцуулдаг үүрэгтэй. Засгийн газарт танилцуулсан мэдээллийг нь УИХ-д Засгийн газар танилцуулдаг үүрэгтэй. Байнгын хороо, чуулган дээр ярьж хэлэлцээд нийтэд мэдээлдэг. Одоо хэн нэгэн дэд сайд, газрын дарга “даам” гарч байна. УИХ-ын чуулган дээр мөнгөний бодлого ярьж байхад Монголбанкны хэлтсийн дарга “Миний бодлоор ингэж шийдэх ёстой” гээд Их хурлын гишүүдэд заагаад сууж байх юм. Ийм сонирхолтой дүр зураг бий болчихсон. Удирдах удирдуулах дэг жаяг, соёлтой, боловсон хүчний чадавхитай гэгддэг нам өөрсдөө тийм соёлгүй, ёс зүйгүй, эх захгүй зүйлээ ил гаргаад цацаад явж байгаа нь тулхтай намын шинж мөн үү. Үүнийг бодох л ёстой. Эсвэл үүрэг даалгавар өгдөг юм уу. Их хурлаар оруулаагүй асуудлыг нийгэмд цац гэж Ерөнхий сайд эсвэл салбарын сайд нь үүрэг өгч байгаа юм болов уу. Буруутанг хайх амархан. Гэхдээ төрийн зарчим гэж бий. Аудит яах гэж байдаг юм. Их хурлын гишүүд тухайн обьектод очоод шууд шалгадаг хүмүүс биш. Мэргэжлийн байгууллагуудаар шалгуулаад түүнээс гарсан үндэслэл дээр ажлаа ярьдаг болохоос тэнд очиж шүүхийн ажилтан шиг хамаг юмыг нь онгичдог хүн биш. Энэ мэтчилэн зүйлс замбараагаа алдлаа. Тэд өөрсдийгөө мундаг, хүчтэй байна л гэж бодоод байх шиг байгаа юм.

-Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудал яригдах юм билээ. Ноднингийн төсөвт мөн орж ирсэн ч энэ жил ямар ч процесс явсангүй?

-Таны хэлсэнчлэн өмнөх Их хурлын үед яригдаж байсан. Хувьчлалд “Оргил” рашаан сувилал, “Хөрөнгийн бирж” гэх мэтчилэн хэд хэдэн томоохон обьектыг худалдахаар оруулсан байна лээ. Ардын нам шиг зүүний үзэл баримтлалтай намын хийдэг ажил биш. Тухайн үед бид алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудлыг оруулж ирэхэд “Өөрсдөө авах гэж байна” гэх мэтчилэн янз бүрээр дайрч давшилсан. Харин “Өөрсдөө авахын тулд тэр бүгдийг үлдээжээ. Одоо харин авах гэж байгаа юм байна” гэсэн хардлага төрж байгааг нуугаад яахав. Төрийн банкийг яагаад байгуулсан нь тодорхой. Одоо яагаад Төрийн банкийг хувьчлах гээд байгаа нь ч тодорхой байна. Энэ бүгдийг харж байхад хэрэгтэй зүйлээ ямар нэгэн аргаар хэрэгжүүлэхгүй байж байгаад дараа нь өөрсдөө хэрэгжүүлдэг тогтолцоо руу Ардын намынхан орчихож. Эдийн засаг муу байж болно. Түүнээс гарах арга замууд олон бий. Үүний өчүүхэн хэсэг нь ОУВС, гадны зээл тусламж байхгүй юу. Дотооддоо байгаа асуудлууд дээрээ Ардын намынхан жаахан санаачилга гаргаж ажиллаасай. Тэд өмнө нь ажил хийлгэхгүй байхын тулд хуралдаа суухгүй, ирц бүрдүүлэхгүй байхаас эхлээд маш олон саад тотгор бий болгож байсан. Ер нь ч тэгээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлдэг үнэн шүү дээ.

-Юу гэж хэлсэн юм…

-Бид цөөнх байхдаа өглөө босонгуутаа өнөөдөр юу гэж ярих вэ гэдгээ бодоод хэлчихдэг байсан. Одоо олонхи болсон тул өөр зарчмаар явах ёстой гээд хэлчихсэн нь үнэн. Тэр хүн санамсаргүй ам алдчихсан болохоос бодит үнэн байхгүй юу. Тэгж ажиллаж байсан гэдгээ нотолчихсон. 60 тэрбум төгрөгийн асуудал чинь ч гэсэн адилхан байхгүй юу. Манай нам цөөнх юм чинь бидэнд ашиггүй бол ингээд ярьчихъя гэж боддог байсан нь үнэн. Одоо харин тэгж чадахаа байсан. Харин тэгж ярих гэсэн хүсэлтэй гишүүн Ардын намын 65 дотор олон бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *