Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Гарамгайбаатар: АН-ыг бүтэн байлгах, эв нэгдлийг нь хангах шийдвэрийг С.Эрдэнэ гаргах эрхтэй

УИХ-ын гишүүн асан, АН-ын улс төрийн бодлого хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Нөхөн сонгуулиас хойш та чимээгүй байлаа. АН-ын хагарал сонгуулийн үр дүнд нэлээд нөлөөлөх шиг болсон. Та сонгуулийн үеэр анхан, дунд шатны үүрүүдэд байгаа намын жирийн гишүүд болон сонгогчидтой биечлэн уулзаж байсан хүний хувьд АН-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар тэд ямар бодолтой байх юм?

-Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшиж байхад манай намын дотоод үл ойлголцол айхавтар нөлөөлж байсан. Ялангуяа намын гишүүдийн итгэл үнэмшил, мэдээллийн зөрүүтэй ойлголтууд сонгуульд асар ихээр нөлөөлж буй нь ажиглагдаж байлаа. Намын анхан шатны нэгжүүд, дунд шатны байгууллагуудын сонгогчидтой ажиллахад маш хүнд сонгууль болж өнгөрсөн л дөө. Ер нь сонгуулийн үр дүн АН-ын алдаатай, үл ойлголцсон байдлаас улбаатай. Иргэд сонгогчдын итгэл үнэмшил АН-ын ужгирсан хагарлаас болж сэтгэл санааны хувьд үргэчихсэн байна лээ. Тэрнээс сонгууль болдгоороо болсон. Мөн иргэдтэй уулзаж байхад өнөөдрийн эрх барьж байгаа нам, намын дарга, УИХ-ын үйл ажиллагаанд ард түмэн сэтгэл дундуур байгаа нь харагдсан. Энэ нь сонгуулийн үр дүнгээр ч тодорхой харагдлаа шүү дээ. Аль ч тойрог дээр эрх баригч нам 50+1 хувийн амжилтыг үзүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нэг намын хэт их ноёлол ард түмний сэтгэлд нийцэхүй, тэд дарангуйллыг эсэргүүцэж байгаа нь тод ажиглагдсан.

-АН-ын дотоод асуудал намын жирийн гишүүдийг төдийгүй ард түмнийг төөрөгдүүлсэн хэвээр байна. О.Цогтгэрэл, С.Эрдэнэ нар Дээд шүүхийн дүгнэлтийг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад байх юм. Дотроо учир зүйгээ олоод нэгдэж болдоггүй юм уу?

-Намын дотоод асуудал маргаантай хэвээр байна. Анхан, дунд шатны намын гишүүдийн дотор “Хэдхэн хүний хоорондын толхилцоон, маргалдаан, хувийн хонзогнолын байдлаас болж нам ажиллах чадамжгүй болчихлоо” гэсэн уур амьсгал ноёлж байна л даа. Энэ нь ч одоо ил тод харагдаж байна. Хэсэг бүлэг хүн бүхэл бүтэн хоёр жилийн хугацаанд АН-аар тоглочихлоо шүү дээ. Зөвхөн хувийн ашиг сонирхол, намын даргын эрх мэдлийн төлөө АН-ыг шороотой нь хутгаж байна. Би С.Эрдэнэ гэдэг хүнийг арай өөрөөр боддог. Яагаад гэвэл түүн рүү бүгд дайрдаг. Ямар ч хүн рүү янз бүрийн үнэн, худал нь мэдэгдэхгүй асуудлаар дайрвал өөрийгөө хамгаалах үйлдэл хийнэ шүү дээ. Тэр утгаараа С.Эрдэнэ ийм л үйлдэл хийж байгаа. Харин нөгөө нөхдүүд АНяагаад эв нэгдэлгүй байгааг мэдэхийн дээдээр мэдэх улс. Өнөөдрийг хүртэл бужигнасан энэ хагарлыг магадгүй цаашид ч үргэлжлүүлэх сонирхол тэдэнд их байна л даа. Ялангуяа АН-ын удирдлагад байсан, нөлөө бүхий албан тушаалыг энэ намын буянаар хашиж байсан хүмүүсийн атгаг санаанаас болж дотоод асуудлууд даамжирсаар өнөөдрийг хүрлээ. АНөнөөдөр мөрдөгдөж байгаа албан ёсны дүрмээрээ явсан бол иймдээ тулахгүй байсан юм. Үүнийг сүүлийн хоёр жил янз бүрийн байдлаар тайлбарлалаа. Хамгийн сүүлд Дээд шүүхийн 38 дугаар тогтоол АН-ын хагаралд цэг тавьсан. Цаашид АНхүссэн ч, эс хүссэн ч нийлж байж дүрмийн дагуу намын даргын сунгаанд орох юм байна гэж харагдаж байгаа. Гэтэл О.Цогтгэрэл тэргүүтэй хэсэг нөхөд уг 38 дугаар тогтоолыг буруу тайлбарлаад байна л даа. Уг нь цагаан дээр хараар маш тодорхой бичсэн байгаа. О.Цогтгэрэлийн гэгдэх АНөнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдсан Онц их хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхэд өгөхдөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Б.Ган-Очирыг тавьсан байдаг. Дээд шүүх түүний итгэмжилсэн асуудлыг биелүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Б.Ган-Очир Дээд шүүхэд өгсөн хүсэлтээрээ О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгүүлэх зорилготой байсан. Харин О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэж авах эрх зүйн хувьд бүх талаараа боломжгүй гэдгийг Дээд шүүхийн 38 дугаар тогтоолд тов тодорхой заасан байгаа.

-О.Цогтгэрэлийн талаас зарласан Онц их хурлыг Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн юм биш үү. Тэгэхээр тэдэнд боломж нээгдэж байна гэж мэдэгдэж байсан?

-“О.Цогтгэрэлийн өөрийнх нь АН-ын даргад өрсөлдсөн сунгаа нь хууль ёсны биш, АН-ын өнөөдрийн мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл байна” гэсэн Дээд шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэж авах боломжгүй гэж тайлбарласан байна лээ. Гэтэл энэ нөхдүүд “Онц их хурлыг хуралдуулсан ҮБХ-ны гишүүдийг хүчинтэй гэж үзлээ” гээд хүмүүсийн тархийг угаагаад байгаа юм. Улмаар “Өмнө цахимаар явуулсан АН-ын Их хурлыг хүчингүй болсон, сонгогдсон намын дарга М.Тулгатыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж Дээд шүүхийн тогтоол тусгалаа олсон байна” хэмээн яриад байх юм. Үнэн чанартаа Дээд шүүх 38 дугаар тогтоолоо гаргахдаа О.Цогтгэрэлийн талаас өгсөн хүсэлтэд тулгуурласан юм шүү дээ.

-АН-ын дүрэмд Онц их хурал гэж байхгүй гэж та бүхэн тайлбарлаж байсан. Гэтэл Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь ямар учиртай юм бэ?

-АН-ын өнөөдрийн мөрдөгдөж байгаа дүрэмд “Онц их хурал” гэж байхгүй. Ээлжит, ээлжит бус их хурал гэж бий. Онц их хурлын тухай Дээд шүүх тогтоолдоо залруулахын аргагүй том алдаа гаргасан. Дээд шүүхэд Онц их хурлын шийдвэр очиж байхад өөрсдөө залруулга хийгээд, АН-ын дүрмийн Их хурал, ээлжит бус их хурал хийнэ гэсэн хоёр заалтад оруулах гэж оролдсон. Нэг ёсондоо Онц их хурлыг ээлжит бус Их хурал гэж Дээд шүүх тогтоолдоо залруулж бичсэн байгаа юм. Уг нь дүрмийн аль ч заалтад байхгүй Онц их хурал гэж хийсэн. Дээд шүүх эдний буруу шийдвэрийг зөв олгох гэж оролдсон нь их сонирхолтой.

Дээд шүүхэд материалаа өгөхдөө эд нар Онц их хурлынхаа ирцийн хангалт, энэ хурлыг зарласан шийдвэр хэн гаргасан зэрэг мэдээллүүдээ л өгнө шүү дээ. Харин Дээд шүүх уг хурал нь зөв, буруу байсан гэдэгт ямар нэгэн хариулт өгөөгүй. Тогтоолд ҮБХ-ны 400-гаад гишүүний 200 гаруй нь намын Онц их хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан юм байна гэсэн өгүүлбэр байгаа. Тэрийг энэ нөхдүүд ашиглахдаа “Дээд шүүх ҮБХ-гийн шийдвэрээр бидний хуралдуулсан Онц их хурлыг хүлээн зөвшөөрлөө” гэж мушгиж тайлбарлаад хүмүүсийг үймүүлээд байгаа юм. Дээд шүүхийн гаргасан шийдвэрт хэн нэгэн шууд үнэлэлт дүгнэлт өгөх нь хуулиараа хориотой.

-Хууль зүйн байнгын хороогоор АН-ын дотоод асуудлыг нэлээд нухацтай хэлэлцсэн. Эрх баригч намаар шийдүүлэх нь зөв үү?

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр АН-ын гишүүн Б.Пүрэвдорж яг наадахыг чинь хэлсэн. Тэрбээр “АН-ын дотоод хямарлын асуудлыг МАНшийддэггүй юм. Ардын намаар шийдүүлэх гэж яваа улсууд АН-ыг өөрсдөө улам онигоонд оруулж байна” гэж хэлсэн нь үнэн. АН-ын дотоод асуудлыг УИХдээр татаж авчирч шийдүүлэх гэсэн оролдлого хийсэн улсууд өөрсдөө буруудаж байна.

Хурлын хэлэлцүүлэг, дүгнэлтийг анхааралтай ажигласан л даа. Онц их хурал хийгээд О.Цогтгэрэл намын дарга гээд яриад байгаа үйлдлийг нь хүчин төгөлдөр бус болохыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дүгнэлтээ гаргачихлаа шүү дээ. Нэг ёсондоо энэ нөхдүүд өөрсдийгөө АН-ын хууль ёсны дарга, бүлэг, ҮБХ-ны гишүүд, Онц их хурал хийсэн гээд байсан. Энэ асуудлыг нь төрийн захиргааны төв байгууллагууд мушгин гуйвуулж ямар нэгэн даалгавар хэрэгжүүлээд байна гэж гомдоллосон. Тэдний энэ гомдлыг барагдуулахын тулд УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байдаг. Ингээд хоёр талаасаа тэнцүү тоотой ажлын хэсэг гараад эцсийн нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй. Яагаад гэвэл бидний өрсөлдөгч нам болох МАНманай намын дотоод асуудлыг шийдэх эрх зүйн хувьд ямар ч боломж байхгүй. Хоёрдугаарт, тэр ажлын хэсэгт орсон гишүүд АН-ын дүрмийн заалт хэрэгжсэн эсэх, төрийн захиргааны төв байгууллага АН-ын шийдвэрүүдэд буруу байжээ гэж дүгнэлт гаргах боломжгүй. Зүгээр л ёс төдий, зарим нэг хүний хүслийг хангах гэсэн оролдлогыг Г.Занданшатар гаргасан. Ажлын хэсэг ажиллаад холбогдох мэдээллүүдийг хянаж үзээд төрийн захиргааны төв байгууллагууд шийдвэрээ зөв гаргасан юм байна гэж дүгнэлээ. Энэ нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор баталгаажиж гарч ирж байгаа юм. Манай гомдоллогсод ноцтой алдаанууд гаргасан байсан. Жишээлбэл, УИХ-ын гишүүд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьдаг. Үүнийг хангахын тулд төрийн захиргааны төв байгууллагуудаас авсан холбоотой мэдээлэлд үндэслэж шийдвэрээ гаргадаг. Харамсалтай нь нөгөө нөхдүүд мөрдөн байцаагч хийсэн байгаа юм. Энэ нь хууль зүйн байнгын хороон дээр нотлогдлоо.

Энэ нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн байдлыг туйлын ноцтой зөрчсөн нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ил тод болсон. О.Цогтгэрэл тэргүүтэй улсуудын бүтэн хоёр жил хийсэн бусармаг үйлдэл АН-ыг хүчгүйдүүлэх ажлын үр дүн байсан нь сая Хууль зүйн байнгын хороон дээр давхар нотлогдлоо. Тиймээс АН-ын дүрэм хэвээрээ мөрдөгдөж байгаа. Иймд АН-ын шийдвэр гаргах эрх бүхий хүн нь С.Эрдэнэ юм байна гэдэг нь тодорхой харагдлаа. АНтамгатай. Тэр тамга нь С.Эрдэнэд хадгалагдаж байгаа гэдэг нь УБЕГ-ын Хууль зүйн байнгын хороонд өгсөн тайлбараас бүгд мэдэж авлаа шүү дээ.

-Байхгүй тамгыг байгаа болгож, С.Эрдэнэд шинээр тамга өгсөн байна гэх асуудал нэлээд өрнөсөн байх аа?

-Үүнд УБЕГ-ын дарга хуулийн хүрээнд маш зөв тайлбар өгсөн. Тэрбээр “Тамгыг нь аваад зугтааж, эзэнд нь буцааж өгөгүй байгаа нөхцөлд зайлшгүй хуулийн дагуу шинээр тамга олгож, үйл ажиллагааг нь явуулдаг юм” гэсэн. Эндээс АН-ын тамгыг санаатайгаар өгөхгүй байсан гэдэг нь нотлогдож байна шүү дээ. Ц.Туваан хадгалж байсан гэж ярьдаг. Ингэхээр бүх зүйл тодорхой болж байна. Хуулийн хүрээнд асуудлууд явж байсан байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх шаардлагагүй юм байна гэсэн шийдвэрийг Хууль зүйн байнгын хорооноос гаргасан. Өөр нэг сонирхол татаж байгаа асуудал нь С.Эрдэнийг АН-ын дарга гэхэд хэн ч эсэргүүцээгүй. АН-ын дарга гэж нэрлээд байгаа О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, С.Ганбаатар ч тэр. Энэ нь АН-ын дарга С.Эрдэнэ гэдгийг өөрсдөө эс үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр дараагийн ээлжинд АН-ыг бүтэн байлгахын тулд, эв нэгдлийг хангах шийдвэр гаргах эрх нь С.Эрдэнэд байна гэсэн үг.

-АН-ын ҮБХ-ны гишүүд хоёр талд гарчихлаа. Яах ёстой юм бэ?

-Уг нь АН-д улс төрийн зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийн ажиллах хугацаа аль эрт дуусчихсан. АН-ын дүрмээр жил болгон Улс төрийн зөвлөл солигдож байх үүрэгтэй. Дээр нь ҮБХ-ны гишүүд жил бүр ротацид ордог дүрмийн заалттай. АН-ын дүрмийн дагуу аль хэдийнэ хөдөлгөөнд ороод өөрчлөгдөж солигдоод явсан. Тэгэхээр О.Цогтгэрэл нарын хүмүүсийн хийж байгаа үйлдэл дүрмийн бус заалтад хамрагдана. ҮБХ-ны гишүүд хоёр талд байгаа нь үнэн. Тэд өөрсдийгөө ҮБХ-ны гишүүд гэж үзэж байгаа. Тэгэхээр Дээд шүүхийн 38 дугаар тогтоолоор буюу АН-ын шийдвэр гаргах эрх нь С.Эрдэнэ гэж хүнд байна. Тэрбээр энэ эрхээ хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа ч удаа дараа илэрхийлсэн. Ганцхан хууль бус үйлдлүүдээ зогсоогооч ээ гэсэн хүсэлт тавьчихаад хүлээгээд байгаа юм. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүнээр эцсийн шийдвэр гаргуулахын тулд энэ хоёр тал болж тоглоод байгаа хүмүүсийн үгэнд орох хэрэггүй. АН-ын олонх нэг талын шийдвэр гаргах ёстой. Тэгж чадвал АНшинэ даргатай, шинэ бүтэцтэй болно. Шинэ удирдлагаараа АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлт, намын даргаа Дээд шүүхэд бүртгүүлэх боломж нь нээгдэнэ. Одоо яг энэ цаг үе дээрээ ирчихээд байна. Ямартай ч АН-ын гишүүд үүн дээр санал бодлоо уралдуулж, зөвлөлдөж, ойлголцож нэг зүг рүү явж байна уу гэж би хувьдаа харж байгаа. Тэгэхээр АН-ын асуудал удахгүй шийдэгдэх байх.

-АН-ын дүрмийн шинэчлэлийн асуудал яригдах боллоо. Үнэхээр дүрмээ шинэчлэх нь гарц гэж үзвэл бүх фракци бүлэглэлийнхээ төлөөллийг оролцуулах ёстой биз дээ. Тэгэхгүй бол нэгнийхээ гаргасан шийдвэрийг нөгөөдүүл нь хүлээн зөвшөөрөхгүй гээд бас л энэ хэрүүл чинь дуусахгүй байх?

-Тийм магадлал өндөр. Гэхдээ намын дүрэмд шууд гар хүрэх асуудал хаалттай байгаа. Өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэмд жижиг, сажиг өөрчлөлт хийх юм бол нөгөө тал хүлээж авахгүй маргаан дахин өрнөнө. Тиймээс эхний ээлжинд бид өнөөдөр мөрдөгдөж байгаа дүрэмдээ ямар нэг өөрчлөлт хийхгүйгээр намын даргынхаа асуудлыг шийдэх нь нэгдүгээр асуудал. Манай намын мөрдөгдөж байгаа дүрмээр намын даргын сунгаагаар гарч ирсэн хүнийг Их хурлаар батламжилдаг болохоос Их хурал дээр томилдоггүй. Тэгэхээр ҮБХ-оор асуудлыг оруулдаг дүрэмтэй. Намын даргын сунгаа хийгээд ялсан нэр дэвшигчтэй хамт АН-ын дүрэмд хийж болох өөрчлөлттэй нь Их хуралаар оруулаад тэндээс гарсан шийдвэрээ Дээд шүүхэд өгвөл батламжлах боломж нь өндөр. Тэрнээс наана ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх юм бол дахиад эргэж буцсан бас л нэг хэрүүлийн асуудал үүснэ. МАН их хурлаараа намын даргаа батламжилж, дүрмэндээ өөрчлөлт оруулсан шүү дээ. Тэр дүрэмд оруулсан өөрлөлттэй цуг намын даргаа батламжлаад бүртгүүлэх гээд Дээд шүүхэд сая материалаа өгсөн байна лээ. Яг тэрэн шиг үйлдэл хийж байж Дээд шүүх батламжилна. Тэрнээс наана нүүр хувиргасан жижиг засварууд хийх юм бол дахиад л буцаана. Яг одоо намын даргын сунгаа явууллаа гэхэд мөрдөгдөж байгаа дүрмээр бол өнөөдрийн болоод өмнө С.Эрдэнийн удирдлагад ажиллаж байсан улсууд өрсөлдөх эрх зүйн боломжгүй. Тиймээс О.Цогтгэрэлийн талын улсууд дүрмийн өөрчлөлтийг сонирхоод, өөрсдөдөө нүх онгойлгох гэж үзээд байна. Хэрэв тэгэх юм бол бид эх адаггүй зодоон руу халтирч орох эрсдэлтэй.

-Сөрөг хүчин үнэхээр хүчин мөхөс байна. УИХ дахь АН-ын бүлгийг бужигнуулах гэж нэлээд оролдлоо. Сүүлдээ УИХ-ын даргыг ҮХЦ-д өгнө гэж хүртэл мэдэгдсэн. УИХ-ын гишүүн байсан хүний хувьд та энэ үйл явдлыг хэрхэн харж байв?

-УИХ-дахь АН-ын бүлгийн асуудал эргэж буцалтгүйгээр шийдэгдсэн. Хамгийн сүүлд УИХ-ын чуулган дээр Г.Занданшатар дарга албан ёсоор өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Одоо дахиад энэ асуудал хөндөгдөх боломжгүй. О.Цогтгэрэл тэргүүтэй улсууд УИХ-ын даргыг ҮХЦ-д өгснөөр ямар асуудал шийгдэх нь ойлгомжгүй. Яагаад гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж багаа УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүй, УИХ-ын дагаж мөрдөх журмын тухай бүх хуульд хоёргүйгээр бичсэн байгаа. АН сонгуулийн дараа бүлэг байгуулах санал авсан бол бүлэг байгуулсан шийдвэрээ УИХ-ын даргад Бүлгийн даргынхаа нэртэй өгнө гэсэн заалт бий. Энэ парламентад АН-ын бүлэг анх байгуулагдахад байсан гишүүд л бүлэгт хамаарна. Тэрнээс явцын дунд өөр хүмүүс АН-ын бүлгийн албан ёсны гишүүн болох эрх зүйн боломж хуулиараа хориотой. Үүнийг мэдсээр байж тэд санаатай үйлдлүүд гаргаж, өөрсдийнхөө тоглоомонд ашиглаж байсан. Тэгэхээр хуулиараа хэн нэгэн АН-ын бүлгийн даргыг өөрчлөх, оролдох эрх зүйн боломжгүй.

АН цөөнхийн бүлэг учраас хүчтэй сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах ёстой. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН-ын бүлэг хүчтэй цөөнхийн байр суурийг илэрхийлж чадсангүй. Гишүүдийн хувийн тоглолтыг л харж байна. АН-ын байр суурь болон АН-ын бүлгийн даацтай мэдэгдэл бүхий улс төрийн шийдвэрийг гаргаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, явцуу эрх ашгийг хамгаалсан, АН-ын бүлэг нэрийн дор хэсэг хүний хувийн тоглолт давамгайлж байна. Засгийн газрын УИХ-аар батлуулж буй шийдвэрүүд яаж хэрэгжиж, олонх яаж дарангуйллыг бий болгож байгаа нь ард түмний нүдэнд ил тод байна. УИХ-ыг харахад олон намын тогтолцоотой юм шиг мөртлөө үнэн чанартаа нэг намын дарангуйлалд оржээ. Өнөөдөр Монголд ардчилсан Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан парламентын засаглал устсан гэж хэлж болно.

-Үндсэн хуулийн Цэцэд танай намын хоёр гишүүн давхар дээлний асуудалтай холбоотой гомдол гаргасан. Цэц гомдлыг хүлээж авсан. Таны байр суурийг сонирхъё?

-Давхар дээлний асуудал бол гашуун түүх шүү дээ. Монголд парламентын засаглал тогтсоноос хойш хамгийн бодит олон намын тогтолцоотой байсан үе нь 2012-2016 он байлаа. Тухайн үед МАН маш хүчтэй сөрөг хүчин байсан. Тэд 2016 онд ялахын тулд парламентын засаглалыг устгах зорилт тавьсан. Тэрийгээ ч биелүүлсэн. Жишээлбэл, гадна талаас МАН-ын ЕНБД байсан Ж.Мөнхбат давхар дээлийг эсэргүүцэж талбай дээр жагсаж явсан хүний нэг. Парламент дотроос намынх нь бодлогыг дэмжээд хүчтэй сөрөг хүчин зүтгэсэн. “Давхар дээл” гэдэг хэлц үг болтол орилж эсэргүүцсэн МАН үнэн чанартаа сонгодог парламентын утга санааг алдагдуулах төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн шүү дээ. Гэтэл одоо засаглалаа баталгаажуулж, дарангуйллаа улам хүчирхэгжүүлэхийн тулд давхар дээлийг эргүүлж оруулж ирэх гэж оролдож байна. Энэ оролдлогыг өөрсдөө хийхээсээ ичээд гар хөлөө хөдөлгөж байгаа. Хувийн хүсэл сонирхлоо хангах гэсэн улсуудыг ашиглаад Үндсэн хуульд өөрчлөлт хийх гээд явж буй нь бодит үнэн. Яагаад гэвэл Цэцэд Ш.Адьша, Н.Ганибал тэргүүтэй улс хүсэлт тавьсан. Тэдний тайлбарыг сонссон л доо. Ардчилсан парламентын засаглалыг устгасан энэ намд хүчин зүтгэж байгаа АН-ын гишүүдийг хараад үнэхээр ичиж байна. Зөвхөн Засгийн газрын гаргаж ирсэн асуудлыг үг дуугүй сохроор дагадаг нэг намын дарангуйлал тогтсон.

-Ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд дахин гар хүрэх нь тодорхой болчихлоо л доо?

-Хаврын чуулган хүлээхгүйгээр ээлжит бус чуулган хуралдах байх гэсэн яриа дуулдсан. Яагаад гэвэл Цэц хүлээгээд авчихсан асуудлаа тодорхой хугацаанд заавал хэлэлцэх ёстой.

Гэхдээ сонгуулийн пропорцианаль тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг Цэц өөрсдөө гаргасан. Цэц гаргасан шийдвэрээ зассан түүх байхгүй. Гэхдээ одоо яаж өөрчлөгдөхийг үнэндээ хэлж мэдэхгүй байна. Магадгүй нэг намын дарангуйллыг хэмжээ хязгааргүйгээр засаглах сонирхолтой улсуудын шахаагаар өөрчлөлт оруулахыг үгүйсгэх аргагүй. Үүний эсрэг зогсох ганц боломж бол ардчиллын үр шимийг хүртсэн монголчууд өөрсдөө сануулж зогсох цаг үе ирж байх шиг байна л даа.

-АН-ын өнөөдрийн хагарал бутралын эхлэлийг тавьсан хүмүүсээр Х.Баттулга, З.Энхболд нарыг нэрлэдэг. Тэдэнд АН ямар өртэй болоод ингэж бусниулж байгаа юм бэ гэж жирийн гишүүд халаглах юм билээ. Яг намын төв аппаратад байгаа хүний хувьд АН-ын хувь заяа ийм болоход юу нөлөөлсөн гэж үздэг вэ?

-АН-ын өнөөдрийн бүх буруутай нүхийг эхэлж бэлдсэн газар бол намын Үндсэн дүрмийн хороо. Тэд л ганцхан дүрмийг тайлбарлах эрхтэй. Намын дарга ч тайлбарлах эрхгүй. Гэтэл Үндсэн дүрмийн хороо анх дүрмийг буруу уншсан. Маргааш нь алдаагаа олж хараад зассан боловч засвар хийхийг хүсээгүй. Ингээд чиний хэлээд байгаа улсууд буруу тайлбарласан дүрмийг овжиноор ашиглаад үргэлжлүүлээд аваад явсан. Үүнээс өөр газраас буруутан хайхгүй. Дараа нь АН-ын дүрэм нь өөрөө эргээд Улс төрийн намын тухай хуулийн зөрчил, АН удирдлагагүй болох нөхцөл бүрдэж болзошгүй юм байна гэдэг дүрмийн алдааг олж харсан. Ингээд С.Эрдэнийг дараагийн дарга сонгогдох хүртэл тамгаа өг гэдэг шийдвэрийг гаргасан. Гэхдээ тэд гаргасан шийдвэрээсээ өөрсдөө эргэж буцсан. Энэ нөхцөлийг бүрдүүлсэн хүмүүс бол Х.Баттулга, З.Энхболд нарын дээр нэр дурсан улсууд юм.

-Ардчиллын анхдагч Э.Бат-Үүлийг барьж хориод багагүй хугацаа өнгөрлөө. Шүүхийн шийдвэр гарахгүй сар гаруй болжээ. Урьд нь энэ процесс улс төрийн хоригдлууд гэж нэрлэгдэж байсан АН-ын арав гаруй лидерүүдэд тохиолдсон. Нэг ёсондоо залхаан цээрлүүлэх ажиллагаа. Э.Бат-Үүлийн хувьд намын зүгээс хэрхэн анхаарал тавьж байна вэ?

-Ер нь бол АН-ын гишүүнчлэлтэй холбоотой олон хэргүүдийг өнгөрсөн хугацаанд бид харлаа шүү дээ. Тэр дундаа АН-ын тодорхой нөлөө бүхий улсуудын асуудлыг яаж шүүж байгааг, тэр хэргүүд нь сүүлд яаж өөрөөр эргэснийг бүгд мэднэ. Тэгэхээр хуулийн цоорхойг ашиглаад хүнийг юунд ч хийж болдог юм байна. Хүн нь олдвол хэргийг яаж ч тохож, өөрсдийгөө аварч болдог юм байна гэсэн гашуун үнэн өнөөдөр хуулийн байгууллага дотор явж байна. Үүний нэг бодит жишээ Э.Бат-Үүл боллоо. Түүнийг улс төрийн хоригдол болгоод зогсохгүй хэвлэн нийтлэх эрх чөлөө, үгээ хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх боломжуудыг санаатайгаар хаах үйлдлүүдийг хийж байна гэж өмгөөлөгч нь олон нийтэд задалсан. Дээр нь тогтоол шийдвэрүүд албажих хуулийн хугацаа байдаг. Гэтэл сараас дээш хугацаанд гараагүй бол хуулийг жинхэнэ завхруулж байгаа хэлбэр. Хэрэв тогтоол, шийдвэрүүд албажих хугацаандаа гарвал дараагийн шатны шүүх хурлууд, асуудлууд үргэлжлэх ёстой. Энэ бол хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж байгаа ноцтой зөрчил шүү дээ. Яагаад хүний эрхийн төлөө тэмцдэг байгууллагууд, УИХ дахь Хүний эрхийн хороо дуугарахгүй байгаа нь хачирхалтай. Элдэв хэрэгт бодлогоор холбогдсон хүмүүсийн нэр төрийг сэргээх ёстой. Цаашид АН гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалана. Ингэхийн тулд ажлын хэсэг байгуулсан байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *