Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга: ”Сүү” бондын өгөөж Засгийн газрын бонд, хадгаламжийн хүүнээс ч өндөр байгаа

“Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.


-Танайхаас гаргаж буй “Сүү” бонд 2011 оноос хойшхи Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болж байна. Бондын давуу талаас ярилцлагаа эхэлье?

-“Сүү” хувьцаат компани өнгөрсөн пүрэв гаригт Санхүүгийн зохицуулах хорооноос нийт зургаан тэрбум төгрөгийн, нэг жилийн хугацаатай 17.5 хувийн хүүтэй бонд гаргах зөвшөөрөл авсан. Хөрөнгийн зах зээлээс босгож буй хамгийн том дүнтэй бонд болох юм. Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор зөвшөөрлөө авсан, Хөрөнгийн биржийн давхар хяналтан дор явагдахаараа бусад бондоос ялгарах давуу талтай. Өөр нэг давуу тал нь хоёрдогч зах зээлтэй. Худалдаж авсан бондоо эргүүлээд зарах боломжтой гэсэн үг.

-Бондын хүү жилийн 17.5 хувь гэдэг том давуу тал байна шүү. Засгийн газрын бондоос ч өгөөжтэй юм байна?

-Тийм шүү. Засгийн газрын бонд унаад 11.8 хувьтай болсон. Хадгаламжийн хүү ч унасан. Бодлогын хүүгийн бууралтаас хойш ерөнхийдөө 12 хувьтай байна. Тэгэхээр манай компанийн бондын хүү таны хэлж байгаачлан өгөөж өндөртэй болчихож байгаа юм.

-Зургаан тэрбум төгрөг босгох болсон шалтгаанаа сонирхуулаач?

-Олон улсын санхүүгийн корпорацийн урт хугацааны зээлийг хугацаанаас нь өмнө төлөх зориулалттайгаар бонд гаргаж байна. Нийт бондын гуравны хоёр нь үүнд зарцуулагдана. “Сүү” хувьцаат компани 2011 онд зургаан сая ам.долларын урт хугацааны зээлийг Олон улсын санхүүгийн корпорациас авсан юм. Энэ санхүүжилтээ 2019 он хүртэл төлөх эргэн төлөлтийн хуваарьтай. Зээл төлөгдөж дуустал “Сүү” хувьцаат компани ямар нэг ногдол ашиг тараахгүй гэсэн гэрээний үүрэгтэй явж байгаа. Манай компанийн хувьд Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг нэгдүгээр зэрэглэлийн хувьцаатай. Ногдол ашиг тараахгүй гэхээр богино хугацааны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаггүй. Хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид маань өнгөрсөн дөрөвдүгээр сард хуралдаад 2019 онд төлөгдөж дуусах зээлээ хугацаанаас нь өмнө төлье гэсэн шийдвэр гаргасан. Ийм шалтгаанаар бонд гаргаж байна. ОУСК-иас авсан зээлийн үлдэгдэл 1.8 сая ам.доллар байгаа. Бондоос орж ирсэн орлогоороо 1.8 сая ам.долларын эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийнэ. Гэрээний үүргээсээ гарчихаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах эрх үүснэ гэсэн үг.

-Бонд гаргаж буй 17.5 хувийн хүүгээр дотоодын арилжааны банкуудаас зээл авах боломж байсан уу?

-Тийм боломж байсан л даа. Гэхдээ манай компанийн ТУЗ-өөс Хөрөнгийн бирж дэх үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлье гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа.

-Танай бондын андеррайтераар ямар компани ажиллаж байна?

-Бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал” ажиллаж байна. Туслах андеррайтерууд нь “Тэнгэр капитал”, “Ард капитал”. “Ард секюрити”, “Новел инвестмент” зэрэг брокер дилерийн компаниуд бондын борлуулалтад маш идэвхтэй оролцож байгаа.

-Хүмүүс хэр сонирхож байна, бондын захиалга хэр байгаа вэ?

-Бондын захиалгыг пүрэв (маргааш) гариг хүртэл авна. Асар өндөр борлуулалттай байна. Бондын үнийн дүнгээс давсан захиалга ирсэн. Хувьцаа нь нээлттэйгээр арилжаалагддаг компанийн анхны нээлттэй бонд гэдгээрээ хөрөнгийн зах зээл дээр хүлээгдэж байсан бүтээгдэхүүн л дээ.

-“Сүү” компанийн бондыг авах хүсэлтэй хүмүүс сүүлийн жилүүдэд ямар шинэчлэл хийж, яаж ажиллаж явааг нь сонирхож таарна…?

-Өнгөрсөн онд бид тетрапак савлагаатай сүүний шинэ шугамыг худалдаж авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Орон нутгийн зах зээлд өөрийн гэсэн орон зайтай болъё, цаашдаа экспортод бүтээгдэхүүнээ гаргая гэсэн зорилгоор ийм шугам нээсэн юм. Бүтээгдэхүүнүүд маань purepack савлагаатай гардгийг хэрэглэгчид мэднэ. Ийм цаасан савлагаатай бүтээгдэхүүнүүдийн дийлэнх 14 хоног л хадгалагдах боломжтой. Тийм учраас хөдөө орон нутгуудад хүргэж чаддаггүй байсан юм. “АПУ”, “Витафит”, “Тэсо” зэрэг бусад компани тетрапак савлагаатай бүтээгдэхүүний зах зээлд хүчтэй яваад, харин бидэнд тийм боломж байгаагүй. Өнгөрсөн оны долдугаар сараас тетрапак савлагаатай бүтээгдэхүүний маань борлуулалт идэвхжсэн. Жил хүрэхгүй хугацаанд зах зээлийнхээ долоон хувийг эзэлчихлээ.

-“Сүү” компанийн бондын баталгаа нь юу вэ?

-Манай компанийн хувьцааны 38 хувь нь барьцаа болж байгаа. Компанийн өнөөгийн үнэлгээ 48 тэрбум төгрөг гээд бодоход бараг 17, 18 тэрбум төгрөгийн хувьцааны барьцаа байгаа гэсэн үг. Манай компани зургаан тэрбум төгрөгийн л бонд гаргаж байна. Хугацааны эцэст төлж чадахгүй гэх мэт эрсдэл боллоо гэхэд 17, 18 тэрбумаар үнэлэгдэж байгаа хувьцааг зараад л төлөлтийг нь хийх бүрэн боломжтой.

-Хувьцаа нь анхны үнээсээ өчнөөн дахин өссөн компаниудын нэг бол танайх. Хувьцааны үнийн өсөлт дээр харьцуулалт хийвэл их сонирхолтой тоо гарах байх шүү?

-“Сүү” компанийн хувьцааны сүүлийн арван жилийн өсөлт бол маш өндөр. 2006 онд манай компанийн нэгж хувьцаа 60 төгрөг байсан юм. Өнгөрсөн жил 100 мянган төгрөгт хүрсэн. Хэрвээ та арван жилийн өмнө “Сүү” компанийн хувьцааг 500 мянган төгрөгөөр авсан бол өнгөрсөн жил нэг тэрбум төгрөгтэй болчих байсан. Хөгжих боломжтой, зөв менежмэнттэй компаниудад хөрөнгө оруулалт хийвэл өндөр ашиг хүртэх боломж байгаа гэдгийн нэг жишээ л дээ.

-Танай компанийн хувьцаа цаашид өнөөдрийнхөөс илүү өсөх боломж хэр байгаа вэ?

-Боломж бүрэн дүүрэн бий. Дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг харахад л андашгүй. Задгай сүүний зах гэхэд өдөрт 30 тонноор зарагддаг. Гэтэл “Миний Монголын сүү”-ний өдрийн борлуулалт бараг 30 тонн орчим. Тэгэхээр энэ хэмжээг хоёр дахин өсгөх боломж байгаа гэсэн үг. Хэрэглэгчид задгай сүүнээс илүү үйлдвэрийн савласан сүүг илүүд үздэг. Сүүлийн үед ченжүүд зарж буй сүүндээ элдэв зүйл холих болсон нь ийм хандлагатай хэрэглэгчдийг улам өсгөж байна. Эрсдэл ихсэх хэрээр үйлдвэрийн сүү рүү шилжилт явагдаж байгаа. Энэ бол борлуулалтаа өсгөх том шалтгаан. Дахиад ч боломж бий. “Сүү” компанид сүүнээс гадна хийдэг олон төрлийн бүтээгдэхүүн бий. Тараг, иогурт, цөцгийн тос, зайрмаг байна. Цөцгийн тосны нийт зах зээлийн 70 хувь нь Оросоос орж ирсэн импортын бүтээгдэхүүнүүд. 30 хувийг нь л дотооддоо үйлдвэрлэдэг. Зайрмагны зах зээлийн 70 хувь нь ОХУ, Солонгосоос орж ирж байгаа. Олзуурхууштай нь сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хувь аажмаар нэмэгдэж байна. Зайрмаг, цөцгийн тосны 70 хувийг дотоодоосоо хангах бүрэн боломж байгаа. 2011 онд супермаркетуудын лангуун дээр “Янта”-гийн шар сүү, “Селенга” гээд Оросын сүү л ярайдаг байсан. Гэтэл өнөөдөр дэлгүүрүүдийн лангуун дээр үндэсний үйлдвэрийн сүү өрөөстэй байна. Гурав дахь боломж бол экспорт. Бид Хятад, Орос гээд дэлхийн хамгийн том хуурай сүү үйлдвэрлэгч, сүү импортлогч хоёр гүрний дунд оршдог. Хятад улс өмнө нь манайхаас малын гаралтай ямар нэг бүтээгдэхүүн импортолдоггүй байсан. Малын эрүүл мэнд гэх мэт ямар нэг тайлбар хэлээд зөвшөөрдөггүй байсан л даа. Энэ хатуу байдал сүүлийн үед зөөлөрсөн. Монголыг бариад байх нь Хятадад сонин биш болчихлоо. Дэлхийн номер нэг гүрэн болохын тулд Америктай өрсөлдөж байгаа улсад манайхаас сүү, мах экспортлох анхаарах асуудал биш л дээ.

-Хятадын компаниуд сүү, сүүн бүтээгдэхүүн авах санал тавих болсон гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Үнэн мэдээлэл, Хятад компаниуд олноороо хандаж байгаа. Махан дээр ч ийм санал их ирэх болсон гэж махны компанийн захирлууд ярьж байсан.

-Урд хөршийн зах зээл манай сүүний давуу талыг мэдэрчихжээ дээ?

-Манай компани урд хөршид болдог экспод оролцдог юм. Дөрөв юм уу долоон тонн бүтээгдэхүүн оруулах эрх өгдөг л дөө. Зөвшөөрсөн хэмжээнд нь тааруулаад сүүгээ аваад оччихдог. Монголын сүү Хятадад очихоор эхний арван минутанд юу ч үлдэхгүй зарагддаг.

-Зах зээлийн хувьд асуудалгүй л юм байна?

-Ямар ч асуудал байхгүй. Хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр үнэлгээтэй компани бол АПУ. АПУ-гийн хувьд дотоод потенциал нь максимум дээрээ явж байгаа. Зах зээл нь ханачихсан, бусад салбар руу ороод хөгжөөд явж байна. Тэгэхээр АПУ-гийн хувьцааны ханшийг бодит үнэлгээн дээрээ байна гэж дүгнэж болно. Харин манай компани болон “Говь”, “Талх чихэр” бол өөр. Өргөжих, хөгжих потенциал байгаа.

-Танай компани хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-70 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

-Сүүлд танай компани чавгатай гээд зохицуулах үйлчилгээтэй тараг худалдаанд гаргасан байсан. Зохицуулах үйлчилгээтэй, эрүүл мэндэд тустай ийм бүтээгдэхүүнүүд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлээ тэлэх бас нэг том боломж шүү. Ийм төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд гаргах төлөвлөгөө байгаа юу?

-Тийм төлөвлөгөө бий. Чавгатай тарагны хувьд маркетинг сурталчилгааг нь ч хийж амжаагүй хоёр бүтээгдэхүүний маань нэг л дээ. Чавга гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Дээрээс нь BB12 гээд пробиотик нэмж өгч байгаа. Тэгээд бифидо хөрөнгөөр бүрчихээр сүүний ашигт бактерууд устдаггүй сайн талтай. Бифидо хөрөнгө энгийн хөрөнгөнөөс олон давуу талтай. Ходоодонд ашигтай бактеруудын таатай орчныг бүрдүүлж өгдөг юм. Ходоодонд байгаа ашигт бактерууд гаднаас орж ирэх хоол хүнсийг боловсруулаад гаргадаг юм. Чавганы хувьд антиоксидант ихтэй учраас хортой зүйл ходоодонд орж ирлээ гэхэд задлаад гаргах давуу талтай. Нөгөө нь маракуйя жимстэй тараг. Тэг хувийн тослогтой, тэг хувийн сахартай тараг байгаа юм.

-Маракуйя жимсийг яагаад сонгосон юм бэ?

-Омего-3 болон хүний биед тустай эрдэс бодисоор баялаг жимс. Гадуураа хатуу хальстай, доторх нь зөөлөн, халбагадаж иддэг жимс. Сүүлийн үед дэлхий даяар фитнес хэрэглээ моодонд орж байгаа. Тослоггүй, чихэргүй тараг гэхээр нэг л сулбагар амттай болчихдог юм. Сая хэлсэн жимсийг хольчихоор амтны хувьд их гоё болж байгаа. Одоогоор худалдаанд гараагүй байна. Энэ хоёр бүтээгдэхүүнийг нэлээд ажиллаж байж гаргасан.

-Жимстэй тарагныхаа жимснүүдийг хаанаас авдаг вэ. Шууд жимсээр нь хийдэг үү, эсвэл?

-Шууд жимсээр нь хийдэг. Чавганы хувьд гэхэд Польшийн компаниас авдаг. Маракуйя жимсийг ч жимс хэлбэрээр нь оруулж ирдэг. Жимсний том үйлдвэрүүд олон литрээр нь буталж, нунтаглаж савлаад өгдөг юм.

-Зайрмаг, иогуртын зах зээлээ өөрсдөө эзэлж болмоор юм шиг санагддаг ч тэгэхгүй юм. Цаанаа нарийн шалтгаан байна уу?

-Техник технологи, боломж хүч гээд олон шалтгаан бий ч хамгийн гол шалтгаан нь хүний эрүүл мэндтэй холбоотой л доо. Тодруулж хэлбэл технологийн горимтой хамаатай. Бид үйлдвэрлэлдээ тогтворжуулагч ашиглахаас татгалздаг. Миний хувьд компанидаа гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэхдээ банкир учраас цэвэр бизнес талаас нь харж байсан юм. Цөцгийн тосоо Оросын масло шиг хуршихгүй болгоно гэж үзээд бараагүй. Технологичид маань “Ургамлын гаралтай тос, тогтворжуулагч хийх хэрэгтэй болно. Ингэвэл хүний биед хортой. Биед хэрэгтэй гэх юм алга болчихно шүү дээ, захирлаа” гээд хавьтуулаагүй. Ургамлын гаралтай тос, тогтворжуулагч хольчихоор өртөг буурч, хадгалах хугацаа уртасч, хадгалалтын горим шаардахгүй гэх мэт давуу талууд бий ч биед ямар хортой вэ гэдэг талаасаа бол манай технологичдын зөв байсан. Өнгөрсөн жил транс тосны талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгснийг та санаж байгаа байх. Маслыг нэмэх дөрвөн хэмд хөргөгчинд өрсөн байхад хуршдаггүй. Гэтэл “Сүү” компанийн цөцгийн тос хөлдөөгчинд байдаг. Импортын масло шиг нэмэх дөрвөн хэмтэй нөхцөлд тавьчихаар зөөлрөөд хуршчихдаг. Хүний биеийн градус 36 хэм байгаа. Дөрвөн хэмд хөлдүүгээрээ хадгалагддаг масло 36 хэмтэй ходоодонд очоод бүрэн задардаггүй юм байна л даа. 25 хэмд хөлдүү, нэмэх дөрвөн хэмд хайлаад хуршиж эхэлж байгаа цөцгийн тос харин ходоодонд очоод бүрэн хайлж задардаг. Хүний биед сөрөг нөлөөгүй гэсэн үг. Монголын технологичид Оросын иогурт, масло шиг бүтээгдэхүүн хийж чадах ч гэлээ хүний эрүүл мэндэд муу учраас хийхийг төвддөггүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *