Он гарсаар арван аймгийн 17 сум, нийслэлийн таван дүүрэгт 33 хүн усанд осолдож, амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалжээ. Иймд Онцгой байдлын ерөнхий газар гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Гансүхтэй ярилцлаа.
-Усанд живэхгүйн тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?
-Сэлж чаддаг ч гэсэн ус ихтэй томоохон гол, нууранд орж сэлэхээс сэрэмжлэх хэрэгтэй. Нэн ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ.
-Нэгэнт хөл алдаж живээд эхэлбэл яавал зохилтой бол?
-Тийм тохиолдолд сандарч тэвдэлгүй тайван байж, биеэ сул тавин амьсгаагаа түгжиж өөрийгөө мэдрэн усыг зөөлөн татан гаргах нь чухал.
-Усанд живсэн хүнд үзүүлэх нэн яаралтай анхны тусламж гэвэл?
-Ходоод болон уушгинд орсон усыг яаралтай гаргахын тулд хэвлий хэсгээр шахаж, хэрэв амьсгалгүй болж зүрх зогссон бол зүрхний иллэг, хиймэл амьсгалыг цаг алдалгүй тасралтгүй хийх нь зүйтэй.
-Он гарсаар 33 хүн усанд живж осолджээ. Тэдгээрийн дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдсан гэнэ. Үүнээс үзвэл согтуу хүн усанд живж осолдох эрсдэлийг дутуу үнэлж хайхрамжгүй болдог хэрэг үү?
-Ер нь тэгж үзэж болно. Угаасаа согтууруулах ундаа хэрэглэсэн үед ус руу ороход хүний анхаарал сэрэмж сарниж, биеэ хянах явдал алдагддагаас гадна хөл гарын шөрмөс татах, ус залгих нь элбэг тохиолддог. Тэр бүгдээс болж хөл алдаж живэх аюултай. Энд тэмдэглэхэд, хөдөө гадаа явахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонордуулгыг тогтмол хүлээн авч байхад илүүдэхгүй.
-Амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос усанд живсэн тохиолдол ч нэлээд гарчээ. Балчир хүүхдүүд усны аюулыг мэдэрч эмээдэггүй хэрэг үү. Ер нь хүүхдэд усанд живэх аюултайг хэрхэн ойлгуулж тайлбарлах нь зохилтой вэ?
-Иргэд гол мөрөн, нуур цөөрмийн ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэх нь маш чухал. Хүүхэд усанд живэх аюулыг мэдэрдэггүй тул үүнийг сайтар ойлгуулан байнга сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь байнгын хараа хяналттай байлгах нь зөв.
-Мөн зам товчлох, цаг хожих гээд гүүр гарамгүй газраар гол мөрөн гаталж машинтайгаа живж харамсалтайгаар амь насаа алдсан байх юм. Гүн усанд машин осолдвол хамгийн түрүүнд хэрхэн арга хэмжээ авах нь зөв бэ?
-Сүүлийн өдрүүдэд бороо хур их орсонтой холбогдуулан анхааруулахад иргэд баталгаагүй зам гарцаар гол гатлахгүй байвал зохилтой. Урьд нь усны түвшин бага байхад машинтай гаталж байсан ч гэнэт ихэссэн байх нь цөөнгүй. Иймд иргэд эд хөрөнгө болон амь насаа алдах аюултайг анхааруулж байна. Баталгаатай зам гарцаар л гарч байх хэрэгтэй.
Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх шаардлагатай.