Амбий хэмээх нэрээрээ олонд танигдсан жүжигчин Ц.Батхуяг агсны хүү Эзэнбаттай хэдэн хором ярилцсан юм. Тэрбээр Солонгосын Кёонги их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч байгаа.
-Аавынхаа мэргэжлийг өвлөж, жүжигчний мэргэжил сонгосон байх. Яагаад Солонгосыг сонгосон бэ?
-Миний бодлоор Солонгос Азидаа кино урлагаар дээгүүрт бичигддэг. Миний сонирхолд нийцсэн болохоор Солонгос руу явахаар шийдсэн. Тэнд манай эгч байдаг болохоор ер нь боломжийн санагдсан л даа. Хэлний бэлтгэлтэйгээ нийлээд Солонгост хоёр дахь жилдээ сурч байгаа.
-Өөрөө хятад хэлтэй юм билээ. Энэ аавын чинь сонголт уу?
-Тийм ээ, аавд алсын бодол байсан шиг байгаа юм. “Хүүгээ заавал ч үгүй хятад хэлний сургуульд өгнө” гэсээр байгаад “Үй цай”-д анх орсон доо. Хятад манай хөрш орон, бизнес худалдаа наймаа өргөжнө гээд хятад хэл сураасай гэж бодсон байхаа даа.
-Хятад хэлээр ус цас уу?
-Яахав. Өөрийгөө магтаж байгаа ч юм биш. Жаахан чалчаа ч гэх юм уу, яриасаг болохоор яриандаа гайгүй л гэж боддог ш дээ.
-Солонгост сурч байгаа болохоор амаараа дүүрэн хэлтэй жүжигчин болох нь ээ?
-Миний олж мэдсэнээр Солонгос хэлэнд хятад хэлтэй ойролцоо юм маш олон. Үг дүрэм төстэй юм их. Хятад хэл сурч байсан болохоор солонгос хэл сурахад дөхөмтэй байлаа.
-Эхээсээ хэдүүлээ вэ?
-Гурвуулаа. Би айлын том хүү. Би Эзэнбат, дунд охин дүү маань Эзэнбулаг, хамгийн бага дүү маань Эзэнтулга гэдэг.
-Өвөрмөц нэртэй юм аа, хэн нэр өгсөн бэ?
-Хамгийн анх өвөө надад нэр өгсөн. Бусад хүүхдээ ч аав юмны эзэн байхыг бэлгэдээд эзэнтэй нэр өгсөн.
-Ээжийнхээ тухай яриач?
-Ээж маань мэргэжлийн жүжигчин. Одоо бол хувиараа бизнес эрхэлдэг.
-Манайхан Солонгос кинонд их автдаг. Газар нутаг дээр нь сурахаар ямар мэдрэмж төрөх юм бэ?
-Яахав, миний хувийн бодол. Солонгос улс кино хийхдээ сайн ч Монголын СУИС-ийг муу гэж болохгүй. Сургалтын хөтөлбөр нь адилхан. Гадаадад сурах юугаараа сайн гэхээр гэрээсээ хол бие дааж сурна. Завсар зайгаар нь ажил сурна. Ажлын амт, мөнгөний үнэ цэнийг ойлгоно. Улс орны хөгжлийн ялгаанаас болж Солонгос киног шимтэн үздэг болов уу. Манай Монголын жүжигчид дэлхийд хамгийн сайн нь л гэж боддог.
-Солонгос кинонд тоглох боломж гарах болов уу?
-Дөнгөж суралцаж эхэлж байгаа болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна.
-Солонгост оюутны амьдрал яаж өрнөдөг вэ?
-Солонгост ихэнх оюутан сурахын зэрэгцээ ажил хийнэ. Би амралтын өдрүүдээр хоолны мөнгөө олно. Гэрээсээ байнга мөнгө татахгүйгээр хэдэн цаас хийх гэж үзнэ. Янз бүрийн л ажил хийнэ.
-Хятад хоолны газар ажиллаж байна уу?
-Хятад хоолны газар зөөгч хийдэг. Хятад, солонгос хэлээр ярихаар хүмүүс их сонирхоно. Янз бүрийн л ажил хийнэ дээ.
-Ирээдүйгээ төлөвлөдөг үү?
-Сургууль соёлоо сайн төгсөөд, хүссэндээ хүрнэ. Дүү нараа харна. Дүү нараа сайн хүн болгоно. Гэрээ авч явна. Амьдрал үргэлжилнэ шүү дээ.
-Багадаа аавтайгаа тоглолтод орж байсан уу?
-Аавтайгаа хамт хошин шогийн тоглолтод хэдэн удаа орж байсан.
-Аав тань хүүгээ жүжигчний авьяастай гэдэг байсан уу?
-Ний нуугүй хэлэхэд аав намайг жүжигчин болох хэрэггүй гэдэг байсан. Яагаад гэхээр өөрөө урлаг хатууг мэдэрдэгтээ ч тэр үү хүүгээ энэ хатуу замаар битгий яваасай гэсэндээ ч тэр үү намайг жүжигчний мэргэжил сонгохыг дэмжээгүй. Гэхдээ мэдээж хүний эцэг юм чинь “Миний хүү чадна” л гэдэг байсан. Би зөрүүдэлсээр байгаад жүжигчин болохоор зорьсон доо.
-Солонгост монголчуудтай хэр таардаг вэ?
-Тааралдана. Монголчууд олон. Манай монголчууд сэтгэлээрээ, биенээ дэмжээд сайхан л байдаг.
-Сагс тоглодог юм байна. Бие хамгаалах урлагаар хичээллэж байсан гэсэн үү?
-Тийм. Нарантунгалаг гэж алдарт тамирчны гар дор хоёр жил хичээллэж байсан. Спортын сүртэй авьяас байхгүй. Хальт хальт бүгдийг нь оролддог гэх үү дээ. Зүгээр байхгүй.
-Ямар хоббитой вэ?
-Миний хобби гэвэл кино үзэх. Гол хобби гэвэл хөгжилтэй байх, хүн инээлгэх. Яагаад ч юм дунд сургуульдаа ангийнхнаа их инээлгэдэг байлаа. Олныг зохион байгуулж хөгжилтэй байлгах, хүн инээлгэх дуртай.
-Дунд сургууль өөрт чинь юу үлдээв?
-“Үй цай” хятад сургууль болохоор хатуу дэгтэй. Хүүхдийг математикаар, хятад хэлээр зодохгүй, сонирхлыг нь дэмждэг нь таалагддаг.
-Аав тань хүүхдүүддээ юуг захидаг байв?
-Манай аав Цэвэгсүрэнгийн Батхуяг. Олонд танигдсан нэр нь Амбий. Дорнодын Чойбалсанд төрсөн. Айлын бага хүү. Аав “Юмыг сайн бод” гэж их хэлдэг байсан. “Юманд нухацтай хандаж бай. Хайнга, салан палан байж болохгүй” гэдэг байсан.
-Сэтгэлд үлдсэн багын дурсамж гэвэл?
-12-13-тай байхдаа тайзан дээр аав хүү болоод жүжигт тоглож байсан. Миний дүр нэг их сүртэй биш л дээ. Зүгээр л нэг жаахан хүүхдийн дүр. Хөтлүүлээд л гарч ирдэг. Тэр үеэ бодохоор аав намайг урлагийн замд хөтөлж оруулж дээ гэж санадаг. Аав бид хоёр цуг суугаад кино үзэх дуртай. Аав киноны алдааг хэлдэг. Би түүнийг нь сонсож суух дуртай. Аавтайгаа хамт тайзан дээр гарч байсан нь миний хамгийн сайхан дурсамж юм даа.
-Танай гэр бүл ямар баярт онцгой ач холбогдол өгдөг вэ?
-Манай гэрийнхэн баяр сайн тэмдэглэнэ. Хамгийн дуртай баяр гэвэл аавын төрсөн өдөр гуравдугаар сарын 27, минийх гуравдугаар сарын 31, дүүгийнх дөрөвдүгээр сарын 7 гээд гурав, дөрөвдүгээр сар манай гэр бүлийн хамгийн их ачаалалтай баярын үе. Энэ үеэр байнга л баяр наадам үргэлжилдэг. Төрсөн өдрүүд хамгийн гоё. Шинэ жил их гоё байдаг байсан. Аав оргилуун дарсаа буудуулаад үг хэлээд, гэр бүлээрээ тойрч сууцгаана. Аав уран цэцэн үгтэй, их хөгжилтэй. Аав байхад манай гэрийнхэн байнга л инээж байдаг. Төрсөн өдрөөр аав хамгийн түрүүнд намайг үнсдэг. Тэр нь л хамгийн сайхан дурсамж юм даа.
Б.Янжмаа