Өмнөговь аймгийн Ханбогд сумын МАН-ын хорооны дарга Б.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
-Та 2012 оноос хойш аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахдаа тавьсан алсын хараа нэгэнт биеллээ олсон Ханбогдыг бид харж байна. Анх төлөөлөгчөөр сонгогдоод ажлаа хаанаас эхэлж байв?
-Миний бие Ханбогдчуудынхаа итгэлийг хүлээж, гурван удаагийн сонгуульт хугацаанд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож ажиллалаа. Энэ нутагтаа төрж өсөж, амьдарч байгаа хүний хувьд Өмнөговь аймаг Монгол Улсын өнгийг тодорхойлох эдийн засгийн том бүс нутаг болох ёстой гэж боддог. Бизнесмэн хүний хувьд нутагт маань үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг уул уурхайн эдийн засгийн эргэлттэй холбох нь чухал гэж үздэг. Үүнд суурилсан ирээдүйн хөгжлийг нутагтаа бий болгохыг зорьж, бодож явдаг. Анх намайг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоход буюу 2012 онд Оюутолгой компанитай ханган нийлүүлэгчийн гэрээтэй Ханбогд сумын 2-3 компани байсан. Тухайн үеийн сум орон нутгийн удирдлагууд бүс нутгийн хөгжлийн асуудалд Оюутолгой компанитай харилцан ойлголцож, хамтран ажиллах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг байгуулахад миний бие тухайн ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Үр дүнд нь Ханбогд сум Оюутолгой төсөл “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулж “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан байгуулагдсан. Гэрээ хэрэгжиж эхэлснээр зөвхөн Ханбогдын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд Оюутолгойгоос зарласан тендерт давуу эрхтэй оролцох боломж бүрдсэн. Ингэснээр одоо Ханбогдын 100 гаруй ханган нийлүүлэгч компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үүнийгээ дагаад орон нутгийн төсөвт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт, эдийн засгийн урсгал орж ирсэн байна. Энэ нь өөрөө Ханбогдын хөгжилд асар том хувь нэмэр болсон.
-Та бүхний хүчин чармайлтаар Оюу толгойтой хамтын ажиллагааг эхлүүлснээр зөвхөн орон нутгийн компаниудад ээлээ өгөөд зогсоогүй суманд олон бүтээн байгуулалт хийснээс дурдвал?
-Бид бүхэн ард иргэдийнхээ санал бодлыг тусгасан мөрийн хөтөлбөрийг боловсруулж, өнгөрсөн хугацаанд Ханбогд суманд олон бүтээн байгуулалтын ажлууд хийлээ. Энэ их ажлыг нугалахад татварын орлого, төсвийн орлого хангалтгүй юм. Оюутолгой компанитайгаа маш сайн ойлголцож хамтран ажилласны үр дүнд “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”, сүүлийн жилүүдэд Оюутолгой-Ханбогд сумын хамтын ажиллагааны хүрээнд “Хөгжлийн хурдасгуур” санг байгуулж маш их хөрөнгө оруулалтыг төвлөрүүлж, Ханбогд хотыг хөгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүллээ. Энэ нь Оюу толгой, Рио Тинто компанийн зүгээс Ханбогд хотыг сүндэрлүүлэх асар том бодлогын дэмжлэг билээ.
Өнгөрсөн хугацаанд тухайлбал, Оюутолгой-Ханбогдыг холбосон 35 км-ын хатуу хучилттай засмал зам, цахилгааны шугам сүлжээ, инженерийн шугам сүлжээ, цэвэр усны хангамжийн төв, цэвэрлэх байгууламж болон боловсролын салбарт 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг бүхий цогцолбор, ХАА-н салбарт малын эрүүл мэндийн төв гээд дурдвал олон. Мал эмнэлгийн лаборатори бүхий Малын эрүүл мэндийн төв байгуулсан явдал бол зөвхөн Ханбогд сум биш Өмнөговь аймгийн зүүн бүс болон Дорноговь, Дундговийн сумд эрүүл ахуйн шаардлага хангасан мал экспортлоход чиглэсэн гол бүтээн байгуулалт болсон. Түүнчлэн сүүлийн үед хийж буй бүтээн байгуулалт гэвэл орчин үеийн хотын жишигт нийцсэн “Галба” цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборыг нэрлэж болно. Хүүхэд залуусынхаа хөгжилд зориулсан олон ажил төвлөсний нэг нь энэхүү спорт цогцолбор байсан.
-Орон нутгийн хөрөнгө оруулалтаар бас цөөнгүй бүтээн байгуулалт хийж байгаа юм билээ?
-Сум орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэх хүрээнд орон нутгийн төсвийн татварын орлогоор цөөнгүй ажил хийсний нэг нь 18 Мв-ийн дулааны станц. Энэ станцыг ирэх оны 1 дүгээрт сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө, Оюутолгойн хөрөнгө оруулалт зэрэг санхүүгийн олон эх сурвалжаар сумын төвийн авто замын ажлыг нэлээд анхаарч хэрэгжүүлсэн. Ингэхдээ хот болон хөгжүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу ус зайлуулах шугам, дугуйн зам, гэрэлтүүлэг бүхий хотын стандартад нийцсэн зам барьж байгаа.
-Таны санаачлан эхлүүлсэн ажлуудаас хувийнхаа хөрөнгөөр эрсдэл үүрч эхлүүлсэн орон сууцны хотхоны ажлыг дурдахгүй өнгөрч болохгүй.
-Ханбогдыг хот болгох ажлыг эхлүүлэхэд анх гадна, дотнын хөрөнгө оруулалт татах ёстой гэдэг бодлоор гаднын олон хөрөнгө оруулагчийг урьж авчирч, уулзалт хийсэн. Тухайн үеийн төр засгийн бодлогод хөрөнгө оруулагч нарт итгэл бага байсан. Дотоодын компанийнхныг авчраад ч болоогүй. Үүний цаана юу харагдсан бэ гэхээр энэ нутагт өсөж төрсөн, ажил амьдралаа холбож яваа хүн л эхлүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа орон сууцжуулах ажлыг өөрөө эхлэх ёстой юм байна гээд найзынхаа компанитай хамтран анхны барилгуудыг барьж эхэлсэн. Тухайн үедээ маш их эрсдэлтэй тулгарч байсан. Энэ цаашаа ямар зам туулж, хаана очихыг мэдэхгүй үе байсан ч энэ бүхнийг давж гарсан. Өдгөө 700 орчим өрхийг орон сууцжуулаад байгаа бөгөөд тэр дундаа намын мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн албан хаагчийг ая тухтай амьдрах орчныг хангах хүрээнд 60 төрийн албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдвэрлэсэндээ сэтгэл тэнүүн байна. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор одоо ажлууд үе шаттайгаар хийгдээд явж байна.
-Таны хэлсэнчлэн Монгол Улсын Засгийн газар “Ханбогд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан нь та бүхний олон жилийн хичээл зүтгэл байсан. Үүнтэй холбоотой бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явна вэ?
-Хот болох зорилт бол нутгийн бид бүхний олон жил хөөцөлдөж ирсэн асуудал. Хот болгох ажлыг өчигдөр яриад өнөөдөр бүтээчхэж байгаа явдал биш ээ. Үе, үеийн Ханбогд сумын удирдлагууд, хурлын төлөөлөгчдийн хүчин зүтгэлийн үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа хамт манай нутагт хүрэлцэн ирж Ханбогд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг соёрхон баталж, хүлээлгэн өгсөн билээ. Ханбогд хотын эдийн засаг, бие даасан хөгжил дан ганц уул уурхайг түшиглэсэн бус мал аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөгжилтэй уялдсан солонгорсон бүтэцтэй байхыг бид Засгийн газраар батлуулсан хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан. Бид Ханбогд хотын суурийг зөв оновчтой тавихын тулд нэн тэргүүнд газар доорх байгууламж, дэд бүтцийн асуудлыг эхэлж хийх ёстой гэдэг зарчмыг барьж 35 мянган хүнд хүрэлцээ бүхий инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж гээд бүгдийг нь хийж чадсан. Одоо харин газар дээрх байгууламжуудаа бүтээж айл өрх, албан байгууллагуудтайгаа энэ дэд бүтцээ холбож өгөх дараа дараачийн ажлууд эхлээд явж байгаа.
-Стратегийн томоохон бүтээн байгуулалтаас гадна та боловсрол, урлаг соёлын салбарт багагүй анхаардаг. Жишээ нь “Үлэмжийн чанар” соёлын төвийг таны санаачилгаар барьсан гэдэг байх аа?
-Урлаг соёлоор дамжуулж монгол үндэстний уламжлал соёлыг хадгалахыг эрмэлзэж явдаг хүний хувьд 2012 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоны дараа санаачлан улмаар 2015 онд шавыг нь тавьж, 2017 онд 400 хүний суудалтай энэ соёлын төвийг ашиглалтад оруулж байсан. Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд говь нутгийн онцлогийг харуулсан “Галба говь” музейн барилгын зураг төсвийг боловсруулж, хоёр бөхт тэмээний үзмэр голлосон улсын чанартай музейн үзэл баримтлалыг батлуулаад байна.
Харин боловсролын салбарын тухайд багш өвөөгийнхөө нөлөөгөөр энэ салбартай ойр байдаг. Ардын боловсролын тэргүүний ажилтан өвөөгийнхөө ажил үйлсийг мөнхжүүлэх үүднээс Б.Чогдовын нэрэмжит “Багшийн хишиг” хөтөлбөрийг багш нарын дунд хэрэгжүүлж байна. Анх нэг сургуульд хэрэгжиж байсан бол одоо өргөжсөөр 2 сургууль, 3 цэцэрлэгийн хэмжээнд цар хүрээ нь өргөжсөн байна. Мөн салбарын шилдэг залуусыг шалгаруулдаг “Оюу” наадам, сумын залуучууд, оюутны чуулга уулзалт, “Одонгоо зүүцгээе ээжүүдээ”, “Ахмадаа сонсъё” арга хэмжээ, “Хүүхэд бидний ирээдүй”, “Эмэгтэйчүүд нийгмийг манлайлна”, “Алтан нутгийн бэр”, “Нутгийн сайхан хүргэчүүл” чуулган зэрэг нас насны хүмүүсийн хөгжилд зориулсан ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг.
-Танд хүүхдийн байгууллагаас “Хүүхдийн итгэмжит элч”-ээр удаа дараа тодруулсан байна лээ. Энэ нь таныг энэ чиглэлд багагүй ажил хийсний баталгаа биз ээ?
-Хүүхдийг дэмжинэ гэдэг бол ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хэлбэр. Тиймээс хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэх, тэдний оролцоо, хамгааллын чиглэлээр дэмжиж ажилладаг. Жишээ нь улс, тив дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцуулах, олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амраах, хүүхэд хөгжүүлж байгаа багш нарыг шагнаж урамшуулах, шилдэг 100 сурагчийг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх гэх мэт ажлыг дурдаж болно.
-2012 оноос хойш аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажилласан хугацаагаа та товч дүгнэж хэлээд ярилцлагаа өндөрлөе.
-Нутгийн хүний хувьд Өмнийн цэнхэр говь, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийг тодорхойлж буй бүс нутаг Галбын говио хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрх, гар биеэ зориулж явааг минь итгэн дэмжиж, Ханбогдчууд маань намайг аймгийн ИТХ-д гурвантаа сонгон илгээлээ. Ард иргэдийн маань итгэл надад нутгийнхаа хөгжлийн төлөө хийж бүтээх, бодлого шийдвэрээ няцахгүй хамгаалах урам зориг өгч ирлээ. Тиймээс ч эргээд харахад нүдэнд харагдаж, гарт баригдахуйц дорвитой тодорхой ажлыг гүйцэтгэжээ. Энэ том бодлогын шийдвэрийг гаргуулж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд хамтран ажилласан сумын ИТХ, ЗДТГ, төр, хувийн хэвшлийн байгууллагууд ахмад буурлууд, залуус дүү нар, нутгийн зон олны маань оролцоо их ээ. Бидний зүтгэлийн үр шимээр нутаг оронд минь хөгжил дэвшил нэгэнт ирснийг харахад туйлын таатай байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Галбын сайхан нутагт тань их хот сүндэрлэхийг ерөөе.
-Тэр ерөөл удахгүй биелэх болно оо.
Д.ПҮРЭВСҮРЭН