ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаатай гал түймрийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн орой Нарны хороололд гарсан галын шалтгаан юу байсан бэ?
-2024 оны аравдугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд гал түймэр гарсан гэсэн дуудлага 22:22 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн аравдугаар ангийн алба хаагчид нэг цаг арван минут ажиллаж галын тархалтыг зогсоосон. Гал гарсан газарт очиход долоо, найм, есдүгээр давхрын айлуудын тагтан дээр гал гарч байсан. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Гал гарсан шалтгаан галын дүгнэлтээр эцэслэн тогтоогдоно. Галын дүгнэлтийг Цагдаагийн байгууллага гаргадаг.
-Он гарснаас хойш гал түймрийн хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Өнөөдрийн байдлаар ахуйн гал түймрийн 2829 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлын шалтгаан нөхцөлийн 90 гаруй хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс, мөн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй. Сүүлийн үед шар өвс, хогийн цэг, автомашин, гэр, байшин шатсан гэсэн дуудлага мэдээлэл зонхилон бүртгэгдсэн. 2829 тохиолдол гэдэг бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.
-Гал түймрийн дуудлага мэдээлэл хаана хамгийн их бүртгэгддэг вэ. Нийслэлд үү, орон нутагт уу?
-Нийт гал түймрийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гарсан. Хүйтэн сэрүүн болж, айлууд гэр, байшиндаа гал түлж эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээнд гал түймрийн тохиолдол нэмэгддэг.11 болон 12 дугаар сард ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгддэг оргил үе нь.
-Ахуйн гал түймрийн гол шалтгаан юу байна вэ?
-Хүн бүр хариуцлагатай байвал гамшиг, осолд өртөхгүй, хохирохгүй байх боломжтой. Яагаад гэвэл үүний шалтгаан нь хүний буруутай үйлдэл. Гагцхүү урьдчилан сэргийлж чадах юм бол хүн гал алдахгүй байх, галаас үүдэлтэй эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байх бүрэн боломжтой. Цахилгааны аюулгүй байдал алдагдах нь ахуйн гал түймэр гарах шалтгааны нэг юм. Нэг залгуур дунджаар 16 амперын ачаалал даах чадвартай байдаг. Гэтэл зарим иргэд гар утас, халуун тогоо, плетка, цахилгаан халаагуур, хөргөгч, хөлдөөгч, телевизор гээд бүх зүйлийг нэг залгуурт зэрэг залгаад уртасгагчийнхаа ачааллыг хэтрүүлчихдэг. Үүнээс болж тухайн айл эзэнтэй ч бай, эзэнгүй ч бай цахилгааны масс гарах, гал алдах эрсдэл үүсдэг. Жишээлбэл, тухайн уртасгагч, залгуур зургаан оролттой байна гэдэг нь зургаан цахилгаан хэрэгсэл зэрэг залгаж болно гэсэн үг биш. Гэхдээ зөвхөн залгуурын ачаалал ихэссэнээс үүсээд л гал гараад байгаа юм биш. Мэргэжлийн хүнээр биш өөрсдөө дур мэдэн цахилгааны холболтоо хийдэг хүн олширсон. Цаашид хохирол амсахгүйн тулд мэргэжлийн цахилгаанчнаар цахилгаан монтажаа хийлгэх хэрэгтэй. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэд “Өмнө нь зэрэг, зэрэг залгаж болоод л байсан юм. Энэ удаад гал гарна гэж бодсонгүй” гэж хэлдэг. Буруу дадал хэвшил нэг л өдөр амь насаа ч алдаж болох эрсдэлийг бий болгодог. Хоёрдугаарт, үнс нурмаа ил задгай асгаснаас болж гал
Тагтай саванд халуун үнс нурмаа хийж хэвших хэрэгтэй. Энэ нь энгийн боловч эрсдэлээс сэргийлэх том алхам юм.
-Орон сууцанд амьдардаг айлд гал түймэр гарлаа гэж бодъё. Гал сөнөөгчид ирэх хүртэл ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?
-Гал түймэр гарсан үед нь сэргийлэх биш гал түймэр гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Айл өрхүүд ядаж л нэг галын хортой байх хэрэгтэй. Мөн иргэд гал унтраах анхан шатны мэдлэгтэй байх хэрэгтэй. Гал гарсан үед хэрхэх талаар хүүхдүүддээ зааж зөвлөдөг байх ёстой. Орон сууцнууд аюулгүйн гарцаа хаачихдаг. Өөр хүмүүс битгий хэл өөрөө ч түлхүүрээ хаана байгааг мэдэхгүй мартчихсан байдаг. Гал гарч байгаа үед аваарын гарц онгорхой тохиолдолд оршин суугчид гадагшаа аюулгүй гарах боломжтой. Тийм ч учраас орон сууцны айл өрхүүд шаардлага тавьж аваарын гарцаа чөлөөлүүлэх хэрэгтэй.
-Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад болдог ямар зүйл байна вэ?
-Манай алба хаагчид 24 цаг бэлэн байдаг. Маш олон саад бэрхшээл тэдэнд тулгардаг. Жишээлбэл, нийслэлийн гэр хорооллын айл өрх, гудамжнуудын хаягжилт муу байдаг. Сандарсан, айж тэвдсэн хүмүүс гэрийн хаягаа буруу хэлэх тохиолдол зөндөө байдаг. Иргэдийн өгсөн хаягийн дагуу явлаа гэхэд орон сууцны хорооллуудад зам сийрэг биш, гэр хорооллуудад ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй мухар гудамж маш их байдаг. Энэ бүхнээс үүдээд маш их хугацаа алддаг. Хэчнээн түгжрэлтэй байсан ч иргэд галын машин, эмнэлгийн машинуудад зам тавьж өгдөг. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороог хараарай. Машин зам нь нэг урсгалтай, эргэж орох ямар ч нөхцөл боломж байхгүй. Иргэд “Энд гал гарчихсан байна, замаа чөлөөлөхгүй бол галын машин орох боломжгүй юм байна” гээд сайн дураараа гараад машинаа холдуулдаг ухамсартай, хариуцлагатай байх ёстой. “Манай байр шатаагүй, зэргэлдээх байр шатаж байна” гээд хараад сууж болохгүй. Та татсан тамхиныхаа ишийг л бүрэн унтраачих. Тагтан дээрээ тамхи татдаг бол битгий тат. Тамхи татаж байгаа хүнд бусад хүмүүс нь шаардлага тавьж суръя. Шаардлагыг нь биелүүлдэг байя. Ой хээр явахдаа ил задгай гал түлсэн бол бүрэн унтрааж байя. Тэгвэл та байгаль орчиндоо аюул учруулахгүй шүү дээ.
-Одоо цаг агаар хүйтэрч, иргэд гэр, байшиндаа гал түлээд эхэлчихсэн байгаа шүү дээ. Иргэдэд гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөхгүй юү?
-Иргэд эрхээ маш сайн мэддэг. Гэхдээ иргэний үүргээ ухамсарлах хэрэгтэй. Ой хээрийн түймэр гарахад түүнийг унтраалцах үүрэгтэй. Энэ газар нутаг дээр ганцхан та амьдардаггүй. Таны эргэн тойрны хэн нэгэнд аюул тулгарсан бол хэзээ нэг өдөр танд ч тулгарч болно. Оршин байгаа газраа аюулгүй байлгахын тулд хэлдэг, ярьдаг, шаарддаг, шаардлагыг хүлээж авдаг ухамсартай байгаасай гэж хүсдэг. Таны цахимаар үзэж хардаг, амьдралд чимх ч хэрэггүй зүйл амь насыг тань хамгаалж чадах уу. Үгүй бол ганц ч болов зөвлөмж зөвлөгөөг хараасай гэж боддог. Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна, зөвлөж байна гэдэг үгийг хүмүүс анхаарахаа больчихсон. Гэтэл тэр мэдээллийг сонсохгүй өнгөрөөж байгаа хүн л гал алдчихсан байдаг. Хүн аливаа зүйлийг биеэрээ мэдэрсэн үедээ л ухаардаг. Саяхан болсон явдал ярья л даа. Нэг ах хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажил дээрээ иртэл хажуу айлынх нь хүн “Танай гэр шатаж байна” гэж утсаар хэлсэн. Яараад гэртээ иртэл гэрийн буурийг нь тойроод хэдэн төмөр л үлдсэн байсан. Лизингээр авчихсан байсан хөргөгч, телевиз, тавилга нь бүгдээрээ юу ч үгүй шатсан. Тэр хүн өртэй үлдсэн, өмссөн хувцастайгаа хоцорсон. Аз болж хүүхдүүд нь сургууль дээрээ байсан. Хүмүүс гал гарах ямар ч үндэслэл байхгүй гэж ярьдаг. Хэзээ ч гал өөрөө асдаггүй. Зүгээр л өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийчихсэн байх ёстой. Иргэн бүр хариуцлагатай, ухамсартай байж, урьдчилан сэргийлж чадвал гай, гамшгаас хохирол амсахгүй байх бүрэн боломжтой.
Ө.АНХЗАЯА