Categories
мэдээ улс-төр

Б.Энхболд: Төрийн албаны тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр мерит зарчмаа устгахаар байна

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Төрийн албаны тухай хоёр тусдаа төсөл өргөн барьсан. Төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Та Сингапурын Төрийн бодлогын сургуулийг төгссөн, энэ чиглэлд мэргэшсэн хүний хувьд энэ хуулийн төслүүдийг хэрхэн харж байна?

-эхлээд Ё.баатарбилэг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл болон мерит зарчмын талаар ярья. 2017 онд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн.

2018 онд бүрэн хэрэгжих бэлтгэлээ хангах жил болгосон. Уг хуульд хэд хэдэн гол суурь өөрчлөлтийг тусгаж өгсөн. Тухайлбал, аливаа нэг улс төрийн нам, улс төрөөс хараат бус Төрийн албаны төв зөвлөлийг байгуулахыг зорьсон. Тус зөвлөлийг хараат бус байлгах үүднээс УИХ-аас зөвлөлийн гишүүдийг нь томилдог болсон. Төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, үнэлж дүгнэх, сургах, зэрэг дэвийг нь тогтоох, хариуцлага тооцох гэх мэт өргөн хүрээний эрхийг Төрийн албаны зөвлөлд өгсөн. Мөн мерит буюу чадахуйн зарчмыг суулгасан. Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг чадахуйн буюу мерит зарчим гэж хэлнэ гээд тус хуулийн 3.1.3 т зааж өгсөн.

Өөрөөр хэлбэл, карьер дээр суурилсан тогтолцоо, албан тушаал дээр суурилсан тогтолцоо хоёрын зөв хослол байна шүү гэсэн үг. Тэрнээс дүйцүүлнэ, салхи оруулна, өндөр мэргэжилтэн гээд ажилласан жил ямар ч хамаагүй шүү гэж болохгүй. Туршлага, мэргэшил, ажлын үр дүнд тулгуурлана гэдэг бол яахын аргагүй ажилласан жилийг хэлж байгаа юм. Тодорхой хэмжээнд хүн ажиллаж байж мэргэшиж, туршлага хуримтлуулна шүү дээ. Чадахуйн зарчмыг хуульчилсан энэ хууль цар тахлын хуулиас болоод хэрэгжих үр дүнгээ харуулах боломж, хугацаа байсангүй. Анх батлагдах үед нь би “Хэт өндөр ажилласан жил тавьж байна шүү. Хуулийн Тусгай шаардлагад заасан тийм албан тушаалд очиход ийм түвшний ажилласан тэдэн жил заавал хашсан байх гэдэг заалт буруу шүү” гэж байр сууриа хэлж л байсан. Ё.Баатарбилэг гишүүн нарын өргөн барьсан хуулийн төсөлд улс төрийн, үйлчилгээний, тусгай албан тушаал эрхэлж байсан хүнийг төрийн захиргаанд томилохдоо ажилласан жилийг дүйцүүлнэ, Дүйцүүлэх журмыг Засгийн газар батлана. Мөн төрийн албаны зөвлөлийн гишүүдийг Засгийн газар томилно гээд оруулаад ирж байгаа нь мерит зарчмыг алдагдуулах, төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг байхгүй болгох шинжтэй байна.

Өөрчлөх үндэслэлээ тайлбарлахдаа төрийн албанд салхи оруулмаар байна. Сайн мэргэжилтэн яагаад дарга хийж болдоггүй юм бэ гэж байсан. Сонсоход үнэмшилтэй байгаа боловч мерит зарчим гэж юуг хэлж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Төрийн албанд улс төрийн, үйлчилгээний, захиргааны, тусгай гэсэн дөрвөн ангилал байдаг. Мерит зарчим бол голдуу захиргааны мэргэшсэн албыг хэлдэг ойлголт. Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны албан тушаалын шатлалын анхан шатнаас яаманд ороод дээшээ дэвшсээр Төрийн нарийн бичгийн дарга буюу төрийн захиргааны тэргүүн түшмэл ангилалд очих мэргэшсэн хэсгийг хэлээд байгаа юм. Мэргэшсэн хэсэг яагаад байх ёстой вэ гэхээр аливаа улсад улс төрийн сонгуулийн үр дүнд сайд, тодорхой удирдлагууд солигдоно. Гэтэл хэн ирж байгаагаас үл шалтгаалж өнгөрсөн ийм байсан, одоо ийм байгаа, ирээдүйд ийм болно гэдгийг сануулдаг, шийдвэр гаргахад нь тусалж зөвлөдөг мэргэжлийн аппарат ажиллаж байх ёстой. Ингэж төр гэдэг механизм ажиллана. Энэ утгаараа мерит зарчим зайлшгүй хэрэгтэй.

-Тэгвэл өөрчлөхдөө яаж өөрчилбөл зохилтой вэ. Хууль санаачлагчид ч, олон нийт ч тэр төрийн алба сул байна хэмээн шүүмжилж байна шүү дээ?

-“Шинэ салхи оруулна”, “Төрийн алба хэтэрхий хаалттай байна”, “Олон жил төрд ажилласан, дэвшиж дарга болох нь тодорхой хүмүүсийг хамгаалсан байна” гэдэг шүүмжлэлтэй би санал нэгдэж байгаа. Төрийн захиргааны анхан шатнаас төрийн нарийн бичгийн дарга болох карьер хийж байгаа хүн гадаадад сургууль төгссөн, үнэхээр салбартаа мундаг мэдлэгтэй байвал төрийн захиргааны албанд шалгалтаа өгч ороод орсны дараа дэвших хугацаа нь гүйцэтгэл дээр нь тулгуурлан хурдан, уян хатан байж болдог. Гүйцэтгэлийн системийг илүү сайжруулах хэрэгтэй. Төрд удсан л бол дэвшээд байна гэж байхгүй гэдгийг уг үнэлгээгээрээ шийдэж өгдөг Сингапур гэх мэт орнууд бий. Одоо байгаа хуульд Төрийн нарийн бичгийн дарга болоход 16 жил байна гэж заасан. Энэ хугацааг найм, 10 жил болгож багасгаж болно. Яамны газрын дарга болоход 12 жил шаардлагатай гэснийг зургаа болгож болно. Үүнээс гадна төрийн нарийн бичгийн дарга болохын тулд газрын даргын түвшний ажлыг заавал зургаан жил хийсэн байх ёстой. Газрын дарга болохын тулд заавал ахлах албан тушаал буюу хэлтсийн даргын албан тушаалыг дөрвөн жил хийх ёстой гэсэн түгжээ тавьчихсан байна. Энэ түгжээнүүдийг авч хаяхад зүгээр. Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд заавал 16 жил төрд тасралтгүй ажилласан, талд нь заавал газрын даргын хэмжээнд ажилласан байх боломжгүй байж болно шүү дээ. Амьдрал баялаг болохоор хүн л юм чинь өвдөнө хавдана, гадаад дотоодод сурна, хувийн хэвшилд ажиллаж байгаад орж ирнэ, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдана гээд янз бүрийн асуудал гарч болно. Ер нь нээлттэй өрсөлдөөнт ажлын байр гээд зарлаад сайн багш, эмч нь хэлтэс газрынхаа дарга болж болдог, агентлагууд дээрээ мөн илүү уян хатан хатуу ажилласан жил шаардахгүй цалингийн сүлжээг нь өөрөөр тогтоож ажиллуулдаг Солонгос, Сингапур зэрэг орны туршлагаас авах хэрэгтэй. Чадахуйн зарчим буюу мерит гэдэг бол захиргааны албан тушаалтнуудыг түлхүү хэлж байна гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй.

-Нээлттэй өрсөлдөөнт ажлын байр гэдгийг та илүү тодруулахгүй юу?

Нэр бүхий тодорхой албан тушаалтнуудаа нээлттэй сонгон шалгаруулж, энэ албан тушаалд заавал төрд тэдэн жил ажилласан гэсэн хатуу хугацаа заахгүйгээр хувийн хэвшил болон өөр салбараас шилжүүлэн ажиллуулдаг жишиг олон улсад бий. Тухайлбал, Солонгост гэхэд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, төрийн албандаа “цус сэлбэх” зорилгоор албан тушаалуудыг заагаад зарладаг. Энэ туршлагыг манайд нэвтрүүлж болно. Гэхдээ төрийн захиргааны албан тушаал гэдэг ангилал руу оруулж болохгүй. Сайн эмч сайн эмнэлгийн дарга байж болно. Сайн багш, эрхлэгч боловсролын сайн дарга байж болно. Үүнийгээ нээлттэй зарлаж болно. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд, агентлагууд байна. Агентлагуудад уян хатан байхыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт гэхэд тухайн газартаа олон жил ажилласан хүн л дарга болно гэвэл өрөөсгөл. Учир нь дэлхий ертөнц хурдтай хөгжиж байна. Цахим болон бодит хоёр ертөнц үүсчихлээ шүү дээ. Жишээ нь, Сингапурын зарчим бол агентлагуудаа компанийн хэлбэрээр ажиллуулдаг. Төрийн албаны цалин өгдөг шатлал нь өөр байдаг. Хувийн хэвшилд ажиллаж байсан ч хамаагүй аль болох илүү чадварлаг хүмүүсийг авдаг. Энэ бол манайд байж болох боломжтой санал шүү дээ.

-Манайд чадахуйн зарчим гэдгээ буруу ойлгоод байна уу. Чадахуйн зарчмын талаар та тодорхой ярихгүй юу?

-Албан тушаал дээр суурилсан(position based) болон карьер дээр тулгуурласан( ca­reer based) зарчим гэж байдаг. Энэ хоёр зарчмын балансыг хангаж байж мерит зарчим зөв болж гарч ирдэг. Гэтэл манайд нэг бол ажилласан жил хатуу тавьчихаад байна. 2019 оноос хэрэгжсэн одоо үйлчилж байгаа хууль нь ийм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг заасан байдаг. 23.2.1 болон 23.2.2 заалтад тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд хамрагдах бол төрийн албанд 16-аас доошгүй жил. Үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд буюу газрын даргын албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх гэж байгаа юм. Энэ хугацааг жаахан бууруулах хэрэгтэй. Манай улсын хувьд боловсон хүчин цөөтэй, уян хатан, цаг үетэйгээ хурдан дасан зохицох ёстой үндэстэн. Нийгмийн хөгжлийн түвшнөө бодоод үзвэл энд заасан хугацааг багасгаж болохоор байгаа юм.

-Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат байхаар зохицуулалчихаж хэмээн олон нийт шүүмжилж харагдсан?

-Ялсан намын дарга Ерөнхий сайд болж байгаа шүү дээ. Гүйцэтгэх засаглал гэдэг бол улстөрчид байдаг улстөржих магадлал хамгийн өндөр салбар. Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилдог жишээ зөндөө л дөө. Манайх Канад, Австралийн жишээг авч хийсэн. Гэтэл одоо “энэ болохгүй байна. Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын харьяанд байлгая” гэж байна. Засгийн газар өөрөө төрийн албаны хүний нөөцийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гээд Засгийн газрынхаа харьяанд төрийн албаныхаа газрыг ажиллуулдаг газрууд байдаг. Гэхдээ нөгөө талд мерит зарчмыг сануулж, сахиулж байдаг тэр байгууллагаа Засгийн газраас заавал тусад нь авч үлддэг. Засгийн газрынхаа дор авч болно. Ямар тохиолдолд авдаг вэ гээд улс орнуудын жишээг харахаар эдийн засгийн хөгжлийн түвшин, авилгал, улс төрөөс хэт хамааралтай савлаж байна уу, бодлого нь тогтвортой байна уу, популизм, клиентелизмын түвшин зэргийг хардаг. Өөрөөр хэлбэл институц ажиллах орчин байна уу гэдэг нь том шалгуур болдог.

Жишээлбэл, одоогийн манай төрийн албаны зөвлөл шиг ”Public Service Com­mission” гэдэг Сингапурын байгууллага нь 1959 онд нь төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын ажлыг бүрэн хариуцдаг байж. Ийм зарчмаар 36 жил яваад 1995 оноос хойш ”Public service Division” буюу төрийн албаны газар байгуулж, ихэнх эрхээ өгсөн. Тэр нь Засгийн газрын дор ажиллаж эхэлсэн. Сингапурын төрийн албаны зөвлөл нь үндсэн гол эрхүүдээ шилжүүлсэн ч мерит зарчмыг сахиулах, хянах, тэтгэлэг өгөх эрх үүргээ одоо хүртэл гүйцэтгэж байдаг.

-Тэтгэлэг олгодог талаар дэлгэрүүлбэл?

-Манайхаар бол ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчдын эхний 10-15 хувиас нь сонгож гадаад, дотоодод сургах тэтгэлэг санал болгодог. Манайд энэ тэтгэлгийг голдуу Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцаж өгч байна. Сингапурт бол Төрийн албаны зөвлөлийн эрхлэх асуудалд ордог. Сингапурыг хөгжилд хүргэсэн нууц нь хамгийн шилдэг хүмүүсээ төрдөө ажиллуулсан явдал гэж Ли Куан Югийн хэлсэн. Энэ бол нэлээн эртнээс боловсон хүчнээ шигшиж авдаг системтэй нь холбоотой.

Муу болон дунджууд нь төрд байхаар хамгийн сайнууд нь хувийн хэвшил рүү явчихдаг. Ингээд шилдэг бус нь төрийн аппаратыг бий болгодог. Энэ нь төрийг хүчгүйдүүлдэг гэж түүний хэлсэн нь үнэн юм. Тиймээс нэг номерын мундаг чадвартай хүмүүсээ төрдөө авна гээд тэтгэлгийн бодлогоо Төрийн албаны зөвлөлд өгсөн. Манайх ч гэсэн тэтгэлгийн бодлогоо Төрийн албаны зөвлөлд өгч болно.

-Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн ажил хүчрэгдэхгүй байгаа юм биш үү?

-Одоогийн манай төрийн албаны зөвлөлийн ажил нь дийлдэхгүй байгаа бол төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарынхаа асуудлыг авч үлдээд бусад асуудлаа салбар зөвлөлүүд рүүгээ өгчих хэрэгтэй. Төрийн албаны зөвлөлийг нэгэнт хараат бус болгоно гэж хуульдаа тусгасан юм бол хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ гэдгийг нь ярина уу гэхээс биш Засгийн газартаа бүрэн авна гэвэл цаг нь одоо биш. Засгийн газартаа бүрэн авна гэдэг нь Ерөнхий сайд Төрийн албаны зөвлөлийн таван хүнээ шууд тавина. Улс төрийн албан тушаал эрхэлж байсан хүмүүсийг “Дүйцүүлнэ” гэдэг заалтаар төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар шууд томилно гэсэн үг.

-Бусад улс орнууд Төрийн албаны зөвлөлөө ямар үед Засгийн газрын харьяанд өгдөг вэ?

-Сингапурын жишээг харахад Засгийн газар руугаа төрийн албаны хүний нөөцийн бодлогоо бүрэн шилжүүлтлээ 36 жил шаардсан байгаа юм. Ямар болж байж төрийн албаны хүний нөөцийн бодлогоо Засгийн газарт бүрэн өгсөн бэ гэхээр “Одоо манай Засгийн газарт ёс зүйтэй, шилдэг албан хаагчид ажиллаж байна. Тиймээс одоо Засгийн газрын дор хүний нөөцийн бодлогоо авчихвал ямар нэгэн танил тал, нутаг ус, жалга довны үзэл, сургуулийн дээд, доод төгсөлт, манай байрны хүүхэд гэхгүйгээр сонгож болохоор болчихлоо гэж бодсон үедээ Төрийн албаны хүний нөөцийн газар ’’public service Division’’ гэдгийг байгуулсан. Ингэхдээ ихэнх томилгоог өгчихсөн ч хянах бүтэц нь тусдаа байгаа. Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзардаг гэдэг зарчмаар “Рublic service Commission”-оо аваад үлдчихсэн. Төрийн албаны зөвлөл буюу Public Service Commission нь ямар хүмүүсээс бүрддэг вэ гэхээр төрд огт ажиллаж байгаагүй, цаашдаа ч төрд ажиллахгүй, нийгмийн сор болсон хүмүүсээ сонгодог. Өөрөөр хэлбэл, биеэ засаад гэрээ засчихсан хүнийг гэсэн үг. Жишээлбэл, бизнесийн салбарын топ хүн, нийгмийн салбарын соён гэгээрүүлэгч хүмүүсээр. Манайхаар бол Дефакто Жаргалсайхан, Дангаасүрэнгийн Энхбат, ЭмСиЭС-ийн Ж.Оджаргал шиг хүмүүс төрийн албаны зөвлөлд байдаг байх нь. Энэ хүмүүст улс төр сонин биш. Цаашид төрд ажиллахгүй. Энэ хүмүүсийн үүрэг нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн ерөнхий боловсролын сурагчдаас топ 10-15 хувьд нь тэтгэлэг олгох асуудлыг шийднэ. Яам шийдэхгүй, танилцуулж оруулж ирнэ. Энэ хүмүүс “Яагаад төрд ажиллая гэж бодож байгаа, сургуулиа төгсөж ирээд ямар чиглэлээр ажиллах юм бэ” гээд анхнаас нь тухайн хүний датаг үүсгэнэ. Яваандаа Сингапурын Төрийн албаны зөвлөл шиг болох байх гэсэн итгэл байна.

Сингапурын Засгийн газрын гишүүд гэдэг бол салбар салбарынхаа хамгийн топууд нь байдаг л даа. Энэ хүн бол энэ салбарт л ажиллах мундаг хүндээ гэх итгэл иргэдэд байх ёстой. Энэ итгэлээр явна шүү дээ. Манай эрүүл мэндийн салбар сайн учир нь сайдаар нь тэр хүн ажиллаж байгаа гэдэг. Мэдээж хүлээн зөвшөөрөгдсөн, тэр топ хүнийг гаргаж ирэх гэж тухайн улс маш их хугацаа зарцуулсан байна шүү дээ. Тодорхой хугацаа зарцуулж, төр нь тогтвортой болсны дараа Засгийн газартаа томилдог эрхийг өгч болно. Гэхдээ Сингапур шиг Төрийн албаны зөвлөлөө цаана нь авч үлдээд саяны нэр бүхий хүмүүсээс бүрдүүлж, тэд нь хяналтаа тавиад явдаг байх хэрэгтэй. Аливаа зовлон эрх мэдэл очих хүртлээ ардчилсан байгаад очсон хойноо янз бүрийн шахаа, намын өөрийн найз нөхөд, жалга довны үзэл зэрэг нөлөөлөлд орчих эрсдэл байдаг учир хянадаг механизм заавал байх ёстой.

-Төрийн албан хаагчаас авах шалгалтыг хэрхэн зохицуулбал зохилтой вэ. Улирал бүр авах тухай асуудал хөндөгдөж байна. Үүнд та ямар байр суурьтай байна байна?

Шалгалтыг өдөр бүр авсан ч болно. Шалгалт дотроо хоёр түвшний шалгалт бий. Төрийн албанд орох ерөнхий шаардлагаа хангаж байгаа хүнээс ерөнхий шалгалтыг сар, улирал бүр авсан ч болно. Хоёрдугаарх нь, удирдах албанд очих гэж байгаа хүнээс тусгай шалгалт авдаг. тусгай шалгалтыг хэзээ бол хэзээ ч авч байгаа. Төрийн албанд орох ерөнхий шалгалтын хугацааг хэд ч болгож болно. Энэ бол гол асуудал биш. Хууль санаачлагчид үүнийг гол асуудал мэтээр яриад байна л даа. “Төрийн албаны тухай хууль хэрэгжээд тодорхой хугацаа өнгөрлөө. Эд нар ерөөсөө юу ч хийхгүй байна” гээд байгаа юм. 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хоёрхон жил болж байна. энэ хугацаанд цар тахал гарчихлаа. Энэ хүмүүст ажиллах боломж байсангүй шүү дээ.

-Дэлхийн улс орнуудын жишигт төрийн албан хаагчийг үнэлдэг үнэлгээ ямар байдаг вэ?

-Сингапур бол ажлын гүйцэтгэлээс гадна чадамжийг нь үнэлдэг. CEP (current­ly estimated potential) гэдэг арга байдаг юм байна. Тэр аргаар энэ хүн Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга болж чадах эсэхийг үнэлдэг. Ажлын гүйцэтгэлийг нь нээлттэй үнэлэхээс гадна чадамжийг нь үнэлж байдаг. Чадамж үнэлдэг хэсэг нь ажилтанд мэдэгдэхгүй нууц байдаг. Удирдлагууд нь тусдаа дата үүсгээд үнэлж байдаг гэсэн үг. Үнэлэхдээ асуудлыг том дүр зургаар харах чадвартай юу (Heli­copter view), анализ хийх чадвар (power of analyse), төсөөлөх чадвар (Imagina­tion), прагматик хөрсөн дээрээ буусан шийдвэр (Sense of reality) гаргах чадварыг нь үнэлдэг юм байна. Харин ажлын гүйцэтгэл буюу цаг сайн барьдаг, даалгаврыг сайн биелүүлдэг зэрэг чадварыг ил үнэлдэг. Энэ хоёр үнэлгээг нийлүүлж байгаад топ албан тушаалын хүнээ сонгож авдаг. 35 нас хүртэл чадамжийг нь үнэлж байгаад цаашид топ түвшний ажилд тэнцэх эсэхийг нь хэлдэг. Топ 300 гэдэг ойлголт Сингапурт байдаг. Тэр нь бүх төрийн нарийн бичгийн дарга, түүний орлогч дарга нар, агентлагуудын дарга нар, парламентын нарийн бичгийн дарга нар гэх мэт албан тушаалтнуудаа нийтэд нь нэрлэдэг ойлголт. Үндсэндээ энэ топ 300 хүн төрийн уураг тархи нь болдог гэсэн үг.

Сингапурын үнэлгээний энэ систем нь уян хатан байдлыг мөн хадгалсан байдаг. СЕР-ээр үнэлж байгаад нэг жилийн дараа ч ахлах болгож болно. Хамгийн гол нь үнэлгээ хийдэг аргаа сайжруулах ёстой байх нь. Ли Куан Ю төрийн албаныхаа хүмүүст “Төрийн албанд орсон л бол дэвшээд байна гэдэг ойлголтоо толгойноосоо авч хая” гэж 1959 онд хэлсэн байдаг шүү дээ. Энэ үнэлгээнийхээ дагуу явж байгаад халахыг нь хална. Бууруулахыг нь ч буруулна. Дэвшүүлэхийг нь ч дэвшүүлчихнэ. Манайд үнэлгээ хийж байна гэхээр бүгдийг нь сайн гээд үнэлчихдэг. Бүгд дэвших юм шиг ойлголттой байж болохгүй. Байгууллага дээрээ үнэлгээний системийг сайн явуулах ёстой. Бүгдийг нь сайн гэж үнэлдгээс болж төрийн мөнгө хагас жил болон жилийн шагналт цалин болоод гарчихаад байгаа юм. Дотооддоо манайхан үүнийг хийж чадахгүй байгаа юм. Үүнийг Төрийн албаны зөвлөл хийх ёстой юу хэн хийх ёстой юм бэ. топ албан тушаалтнуудаа томилно гэж байснаас эсвэл гүйцэтгэлийн үнэлгээгээ Засгийн газар авах хэрэгтэй.

-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын гишүүдийн барьсан хуулийн төсөлд өөр анхаарах ямар заалтууд байна?

Засгийн газрын ХЭГ-аас хуулийн төсөлд өгсөн санал нь их сайн санал байна лээ. Өөрөөр хэлбэл, дараах үндэслэлүүдийг анхаар, дараах үндэслэл нь шаардлага хангахгүй байна гээд маш тодорхой биччихсэн байгаа юм.

Их зөв зүйлүүд хэлсэн байна лээ. Дурдаж хэлье л дээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс: Нэг. Хууль санаачлагч хууль тогтоомжийн тухай хуулийн 12 зүйлийн 12.3.1 дэх заалтад заасны дагуу тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан тул хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах шаардлага үүсээгүй гэж үзэж тандан судалгаа үнэлгээ хийхгүйгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулан баталсан байна” гэж байгаа юм.

Хууль тогтоомжийн хуулийн дагуу үүсэн гарах сөрөг үр дагавар, тандалт судалгаа зэрэг баахан юм хийж байж хууль батлагддаг болчихсон. Гэтэл Үндсэн хуульд жишээлбэл, төрийн албаны тухай хуулийг, төрийн албыг тусдаа хуулиар зохицуулна ч гэдэг юмуу ингээд нэр нь заагдчихсан хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхдээ тандан судлах шаардлагагүй байдаг юм байна. ийм хуулийн цоорхой байдгийг саяхан мэдлээ. Ингэж болохгүй шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1 дэх заалтыг хууль тогтоогчид өөрчлөх ёстой юм байна лээ.

Засгийн газрын ХЭГ-ын санал дүгнэлтээс болсон уу тандан судалгаа шиг юм хийсэн байгаа юм. Хуулийн үзэл баримтлал болон танилцуулгадаа байсан зүйлийг хуулж тавиад олон хуудас болгох гэж оролдсон байсан. Үүсэн гарах сөрөг үр дагаврыг хамгийн гол нь судлаагүй байна. Энэ хуулийн өөрчлөлтийг хийж, дүйцүүлээд улс төрийнхнөөс баахан хүн аваачиж тавиад мерит зарчмаа алдагдуулснаар ямар асуудал үүсэх талаар судлаагүй гэсэн үг.

-Гадаадын шилдэг их сургууль төгссөн төгсөгчдөд төрийн захиргаанд тавигдах хугацаа үйлчлэхгүй гэсэн заалт орж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын ХЭГ-аас өгсөн санал дүгнэлт дээр энэ талаар тодорхой биччихсэн байна лээ. Дэлхийн шилдэг сургууль төгссөн иргэнийг төрийн албанд авч ажиллуулахыг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч дээрх зохицуулалт нь Монгол Улсын иргэн төрийн алба хаах, төрийн албанд анх ороход тавигдах болзол, шаардлагад тэгш бус ялгавартай нөхцөл тогтоохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. 16 дугаар зүйлийн дөрөв дэх заалтад Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдана. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1-т Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 25-т иргэн бүр тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших боломжийг эдэлнэ гэсэн заасантай нийцэхгүй байна гэсэн байна.

“Мөн төрийн албаны төв байгууллагыг буюу Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын дэргэд шилжүүлснээр хууль тогтоох болон УИХ-аас байгуулагддаг байгууллага шүүх эрх мэдлийн байгууллагын албан хаагчдын хүний нөөцийн асуудалд Засгийн газар оролцох нь зохимжтой эсэхийг нягтлах” гэж байгаа юм. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр ийм зүйлүүдийг оруулсан байна. Ажлаа мэддэг мэргэжилтнүүд голыг нь олоод хэлчихсэн байна л даа.

Энэ мэтээр олон зүйл дурдсан байна лээ. Тухайлбал, “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлтэй төстэй бие даасан хараат бус байгууллага бол Канад, Шинэ Зеланд, Австрали, Сингапур зэрэгт байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 36 орноос Дайн, Финланд, Исланд, Ирланд, Норвеги, Австри, Бельги, Франц, Солонгос зэрэг 28 оронд төрийн албаны зөвлөлийн эрхээ Засгийн газартаа өгчихсөн байна гэж байгаа юм. Эдгээр улсууд чинь цаанаа өөрсдийн түүхтэй. Хөгжлийн тодорхой түвшин нь болоод ирэхээр эсвэл Засгийн газар нь чадамжтай, тогтвортой болоод ирэхээр Засгийн газартаа авч байгаа юм. Сая нэр дурдсан улсууд манайхтай харьцуулахааргүй бүгд өндөр хөгжилтэй орнууд байна л даа. Эдгээр улсуудын цаад талын жишээг харахаар бас л сонин. Жишээ нь, Сингапур. Засгийн газартаа зөвлөлийн эрхээ өгсөн хэрнээ түүнийгээ хянадаг бүтэц заавал байдаг тухай дээр хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын оруулж ирсэн хуулийн төсөлд тийм юм байхгүй байна. Ерөөсөө л Засгийн газартаа бүрэн өгч, Төрийн албаны зөвлөлийг Засгийн газрын нэг агентлаг болгож байна л гэсэн үг.

-Төрийн албаны зөвлөлийн бүтэц нь манайхтай төстэй хэр их улс байдаг вэ. Ийм бүтэц болохгүй байгаа мэтээр л ярьж байна шүү дээ. ТАЗ-ийн гишүүд ч өөрсдөө эсэргүүцэхгүй байх шиг байна?

-Австрали, Шинэ Зеланд гэдэг улсууд манайх шиг Төрийн албаны зөвлөлтэй. Гэхдээ төрийн албаны зөвлөлүүдийн бүх асуудлыг өөр дээрээ овоолоод байхгүйгээр яамд руугаа өгчихдөг юм байна. Энэ бол сайн жишиг. Манайхан ч гэсэн энэ жишгийг дагах хэрэгтэй. 2017 онд батлагдсан хуулийг хэрэгжүүлэх боломжийг эд нар олгосонгүй. Өөрсдөө ковидын түр хууль баталж, түүгээрээ одоо байгаа хүмүүсийг тавьсан. 1036 хүн сонгон шалгаруулалтгүй шууд томилсон гэж яриад байна. Төрийн албаны зөвлөл одоо жаахан идэвхжиж байх шиг байна. Улстөрчдөөс айгаад ерөөсөө дуугарахгүй байна. Мерит зарчмаа алдахаасаа өмнө дуугараач ээ. Та нарыг “нугасаллаа ш дээ” гэж хэлмээр байгаа юм.

-Мерит зарчим яагаад чухал талаар та дэлгэрүүлэхгүй юу?

-1829 онд Эндрью Жейксон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод “Ялсан нам нь бүх албан тушаалд өөрсдийнхөө хүнийг тавина. Мерит гэдэг нэрийн дор нөгөө намын нөхөр нуугдаад байна. Арай гэж сонгуульд ялж байхад энэ нөхөр баахан хууль, тогтоомж яриад хэрэгжүүлэхгүй байна. Бүгдийг нь хал” гээд өнөөгийн манай систем шиг шийдвэр гаргасан байгаа юм. Ингээд ялсан нь бүгдийг нь авна гэдэг систем хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ нь сүүлдээ дампуурч ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэймс Гарфилд Ерөнхийлөгчийг 1881 албан тушаалд томилсонгүй, амлалтандаа хүрсэнгүй гэж Чарльз Гитауад буудуулж нас барах хүртэл үргэлжилсэн байдаг. Үүнээс том цочроо авсан америкчууд мерит зарчмыг Пендлетоны хуулийг баталсан байдаг. Вудро Вильсон 1887 онд “Засаг захиргааг судалхуй” гэж ном гаргаж Макс Веберийн бюрократ онолыг улам хөгжүүлэн өнөөгийн мерит зарчмын суурийг тавьсан гэж үздэг. Ингэхдээ америкчууд өөрийн гэсэн онцлогтой хөгжүүлсэн.

АНУ-ын алдарт Ерөнхийлөгч Франклин Делано Рузвельт сайд, төрийн нарийн болон газрын дарга нар гээд нэр бүхий 3-4 мянган хүнийг шууд томилоод ялагдвал шууд огцордог соёл тогтоосон. Өөрөөр хэлбэл, ялсан Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх багаа авч ирнэ гэсэн үг. Авч ирсэн дарга нь доод албан тушаалтнуудаа солих эрхгүй байхаар зохицуулсан байдаг.Америкийн систем бол ийм сонин байдлаар тогтож чадсан. Сингапур болон бусад орнууд болохоор сайдуудаас бусад нь солигдохгүй гэсэн зарчимтай. Солонгос, Японы төрийн алба яадаг бэ гэхээр А, В шалгалт авдаг. Ирээдүйд удирдах албан тушаалтан болох хүмүүс А шалгалтыг өгч, карьераа бэлддэг юм байна. Ингээд дээшээ дэвшдэг. Харин В нь шалгалт нь гүйцэтгэх түвшний албан тушаалд очоод зогсдог. Энэ мэт янз бүрийн зарчим байна. Гэхдээ хамгийн гол нь бүгд Төрийн албаны байгууллагыг Засгийн газрын хөгжлийн түвшинд хүрсэн үедээ Засгийн газартаа авч байна. эсвэл үүнийгээ улс төрөөс хараат байлгах бодлогыг тууштай барьж байна.

-Дэлхийн бусад улс орнууд төрийн албаны төв байгууллагаа хаана аа хариуцаж, хүний нөөцөө яаж зохицуулдаг юм бол?

-Төрийн албаны хүний нөөцийг хариуцсан яамтай улсууд байдаг. Жишээлбэл, Бельги, Франц, БНСУ, АНУ зэрэг. Харин ОХУ, Их Британи зэрэг улсад Хөдөлмөрийн яам нь хариуцдаг. Бразил, Канад, Чили, Дани, Эстон, Финланд, Ислам, Португали, Испани, Швейцар, Турк зэрэг улсуудад Сангийн яам нь хариуцдаг. Учир нь аливаа улсын Сангийн яам гэдэг бол элит яам байдаг. Мөнгө төгрөг зарцуулах учраас Сангийн яамандаа хариуцуулдаг нь зөв юм шиг байгаа юм. Учир нь данхайсан зардалтай төрийн албыг бий болгохгүйн тулд Сангийн яам хянаж байдаг. Дотоод хэргийн яам буюу Төрийн захиргааны байгууллага дээрээ ч байдаг улсууд байна. Чех, Унгар, Норвеги, Ислам зэрэг байна. Харин Засгийн газрын ХЭГ Ерөнхий сайдын харьяанд байдаг гэвэл Австри, Грек, Израиль, Итали, Япон, Польш, Сингапур зэрэг улсуудыг дурдаж болно.

-Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна. Анхаарууштай ямар заалтууд байна?

-Энэ хуульд дэмжмээр ганц нэг зүйл бий. Улс төрийн албан тушаалтнуудыг төрд ажилласан хугацаатай болгоё гэсэн байгаа юм. Жишээлбэл, ямар ямар албан тушаалтнууд байна гэхээр сайд, дэд сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын ХЭГ-ын дарга зэрэг албан тушаалд тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил, мөн төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх гэж байгаа юм. Гэхдээ энэ хэр хэрэгжих бол доо. Мэдээж төрийн алба, тухайн салбартаа дөрвөн жил ажилласан туршлагатай байвал их сайн. Гэхдээ туйлширч болохгүй. Япон, Сингапур зэрэг улсуудад эмч хүн эрүүл мэндийн сайд болно, багш хүн боловсролын сайд болно гэдэггүй. Сайд бол сайн менежир байх ёстой гэж үздэг.

Жишээлбэл, Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан эмч хүн. Ийм жишээ маш их бий. Манайх болохоор тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил гэж байна л даа. Төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан хүн Боловсролын сайдаар томилогдох гэтэл та салбартаа дөрвөн жил ажиллаагүй юм байна гэвэл яах вэ. Тухайн салбартаа дөрвөн жил, төрийн албанд дөрвөн жил ажилласан хоёрыгоо нэгтгэдэг ч юмуу, эвтэйхэн болгох хэрэгтэй. Энэ хууль үйлчилж эхлэхээр энэ шаардлагыг хангах сайд, дэд сайд нар хэд байдаг юм бол доо. Аливаа юмыг сайжруулах гэж байна гээд уян хатан чанарыг нь алдагдуулчихаар зөв хүнээ тавих боломжоо хаагаад байгаа юм. Сэлгэж тавих боломжоо л бодмоор байна. Манайхан бол заавал мэргэжлийн хүн тэр яамны сайд болно гэдэг худлаа. Ер нь сайн эмч бол сайн эмч л байх тохиолдол бий. Аливаа удирдагч гэдэг бол заавал дагнасан мэргэжилтэй бус менежирийн ур чадвараа анхаарах ёстой.

-Энэ хуулиар ёс зүйг хуульчлах гээд байна хэмээн олон нийт шүүмжилсэн байсан?

-Тийм. Хэд хэдэн заалт байна. Тухайлбал, 22.1.1-т энэ хуулийн 40.1-т заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байх гэж байгаа юм. Ёс зүй гэдэг бол хувь хүний өөрийнх нь хэм хэмжээ, зүйн хэмжүүрээр тодорхойлогдох асуудал. 22.1.2-т аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй гэсэн байна лээ. Үүнийг хэн тогтоох юм бэ. Тамхи татдаг, архи уудаг, байнга хоцордог Засгийн газрын гишүүн байвал яах юм бэ. Сайжруулах гэж байна гээд пиарын шинж чанартай зүйлүүдийг хуульдаа оруулчихсан байгаа юм.

Түүнчлэн 23.2.4-т бүх шатны Засаг дарга болон Засаг даргын орлогч нар шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдэлдэг, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвартай байх ёстой гэж заасан байгаа юм. Эдгээрийг хэн тогтоох юм бэ. Эдгээр заалтууд нь өөрийн үзэмжээрээ хүнийг томилохгүй байх боломжийг олгож байгаа юм.

-23.2.1-т бүх шатны Засаг дарга, тэдний орлогч нар тухайн орон нутагтаа сүүлийн хоёроос доошгүй жил оршин суусан байх гэсэн заалт мөн л амьдрал нийцэхгүй байх даа?

-Энэ бол амьдралд нийцэхгүй заалт. Жишээлбэл, Ховд аймагт амьдарч байсан хүн Булган сумын Засаг дарга болъё гэвэл хоёр жил тус суманд амьдрах нь. Үүнийгээ тайлбарлахдаа их гоё тайлбарлаж байгаа юм. “Нутаг орноо мэддэг хүн байх хэрэгтэй. “Нүүдлийн шувуу” очоод байна” гээд байгаа юм. Социализмын үед өөр аймгийн хүнийг өөр аймгийн Засаг даргаар томилдог байсан. Томилогдсон дарга нь жалга довны үзэл гаргахгүй, тухайн нутаг орноо хөгжүүлсэн нэр хүндтэй олон сайхан Засаг дарга нар гарсан. Амьдрал баялаг учраас нэг хүн гэр бүлийнхээ хүнийг дагаж, өөрөө төрийн албаны туршлагатай учраас Засаг даргын орлогч болъё гээд очихоор хоёр жил энд байгаагүй юм байна, боломжгүй гэвэл яах вэ. Бүр цаашилбал энэ бол Монгол Улсын иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалттай харшилсан заалт болж байна. Яахав нийслэлд болох байх. Харин дүүрэгт яах бол. Сүүлийн хоёр жил дүүрэгт хаягтай байж байж л энэ дүүргийн Засаг дарга, орлогч болох юмуу гэх мэтчилэн амьдралд нийцэхгүй байгаа юм. Энэ заалтыг авч хаях нь зөв байх.

-Салбартаа дөрвөн жил, төрийн албанд дөрвөн жил ажилласан байх, зан төлөвийн доголдолгүй байх зэрэг заалтууд нь тодорхой хэсэг бүлэг албан тушаалтнуудад үйлчлэхгүй байхаар заасныг та хэрхэн дүгнэж байна?

-Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, гишүүдэд, бүх шатны ИТХ-ын дарга нар, хот, тосгоны захирагчид үйлчлэхгүй гэж заасан байна. Яагаад ингэж зааж байгаа юм бэ. Энэ хүмүүсийг албан тушаалд нь тавигдахад байдаг шаардлага бий л дээ. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн үүрэг Үндсэн хуулиар заагдчихсан. Гэтэл УИХ-ын дарга, дэд дарга, гишүүдэд, бүх шатны ИТХ-ын дарга нар, хот, тосгоны захирагч нарт яагаад орхигдуулж байгаа юм бэ.

Ёс зүйн асуудал байна гэж үзэж байгаа бол эдгээр албан тушаалтнуудад ч байх ёстой шүү дээ. Нэгэнт л Засгийн газрын гишүүд, дэд сайд зэрэгт тавьж л байгаа бол адил л байх хэрэгтэй. Харин ч өндөр ёс зүйтэй байх хүмүүс чинь эдгээр албан тушаалтнууд шүү дээ. Энэ хүмүүст үйлчлэхгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм.

-Бүх шатны засаг дарга, тэдний орлогч нар төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн заалт ч гэсэн учир дутагдалтай биз дээ?

-Хороо, багийн түвшинд ийм шаардлага тавиад хэрэггүй. Амьдрал дээр их сонин л асуудал үүснэ. Дүүрэг дээр төлөөлөгчөөр сонгогдсон залууг төрийн албанд туршлагажуулъя. Улс төрийн дөртэй болгоё гээд Засаг даргын орлогчоор томилох гэтэл төрийн албанд гурван жил ажиллаагүй юм байна гээд хоригтой болох нь.

1800 гаруй баг бий. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 2024 оноос багийн дарга нар дээд боловсролтой байхаар хуульчилчихсан. Одоо бол бараг тал хувь нь дээд боловсролын дипломгүй байна гэсэн судалгаа байна лээ. Тэгэхээр 2024 оноос өмнө багийн дарга нараа яаж дээд боловсролтой болгох вэ, төрийн өмнө том ажил ирлээ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *