Categories
мэдээ цаг-үе

Б.Энхболд: Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь чадварлаг, мэргэшсэн төрийн алба байх ёстой

Улс төр судлаач, Улс төр судлалын докторант, Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан Ю-гийн Төрийн бодлогын сургуулийн магистр (MPA) Б.Энхболдтой ярилцлаа.


-Төрийн албаны мерит зарчимын талаар ярилцлагаа эхэлье. Төр хариуцлагатай, сайн засаглалтай байхын гол тулгуур нь чадварлаг боловсон хүчин. Гэтэл манай төрийн алба бизнес болж хувирсан гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Бидний жишээ болгон ярьдаг хөгжиж чадсан орнуудын хамгийн гол нэг давуу тал хүний нөөц, боловсон хүчнийхээ бодлогод анхаарч авьяас чадвар, хичээл зүтгэл дээр нь тулгуурлан төрийн албан хаагчдаа тогтвортой ажиллуулж чаддагтай холбоотой. Манайд үүнийг засах оролдлого үе, үе хийдэг боловч улс төрийн намын тухай хууль, намын санхүүжилтийн схемээсээ болж хийж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хэдий 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын 3.1.3. т “чадахуйн зарчим (мерит)” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан боловч уг хуулийнхаа гуравдугаар зүйл дэх Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлага хэсэгтээ ажилласан жилийн хатуу босго тавьж өгснөөрөө мерит зарчим, шатлан дэвшүүлэх буюу карьерын зарчим хоёрынхоо тэнцвэрийг алдагдуулсан.

-Яаж тэр вэ?

-Төрийн албаны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасан. Тэгэхээр төрд заавал мэргэжилтнээр ороод ийм хэмжээний хугацаа зарцуулж байж ахлах түшмэл буюу яамны тасгийн дарга, дүүрэг, аймгийн засаг даргын тамгын газрын дарга, хурлын нарийн бичгийн дарга болно гэсэн үг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиа манайхан батлаад цөөнгүй жил болж “Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя”, “Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье” гэж байгаа энэ үед чадварлаг боловсон хүчнийг ийм хатуу босго тавьж өөрөөс нь доор боловсролтой ахлах мэргэжилтэн болон даргын доор ийм хугацаанд ажилла гэвэл хэдэн чадварлаг боловсон хүчин ажиллах бол. Тэд чинь бас өөрийн гэсэн үнэлэмжтэй хүмүүс.

-Монгол Улс хөгжихгүй байгаа гол шалтгааныг төрийн албатай холбож тайлбарлаад байдаг. Гэтэл төрийн алба маань сонгуулиас сонгуулийн хооронд дөрөвхөн жилийн цикльтэй байдаг. Ийм байхад чадварлаг боловсон хүчин төрийн алба руу шигдээд байхгүй нь мэдээж. Гадаад дотоодод төгссөн чадварлаг мэргэжилтнүүдийг хувийн хэвшлээс төрийн алба руу урвуулж төрийн албаа сайжруулах тухай яриа ч бас байдаг?

-Манай улсын хувьд хүн ам цөөнтэй сонгуулийн циклиэр улс төр нь савлаж байдаг учир төрийн албанд аль болох хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж байсан ч юмуу, гадаадад сурч ажиллаж байсан чадварлаг боловсон хүчин орж ажиллаж салхи оруулахыг дэмжиж байх ёстой. Зарим хүмүүс Солонгос, Японтой жишиж яг ийм шатлалаар олон жил зарцуулах ёстой гэж ярьдаг боловч ид хөгжлийнхөө эхэн үед уян хатан системтэй байж аль болох олон хүнийг гадаадад сургаж, тэдэндээ хариуцлага үүрүүлэн албан тушаалд томилж байж хөгжсөн байдаг. Улс орнуудын хөгжлийн түвшин онцлог гэж их чухал харгалзах ёстой хүчин зүйл шүү. Уг төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг харахад мерит зарчмыг хадгалах гээд байгаа юм шиг харагдавч төрд олон жил болж бугшсан алдаа ч гаргадаггүй, ажил ч хийдэггүй, бүр дарга сайддаа ч захирагдахгүй болж бүлэглэсэн дунд шатны хүнд сурталтай дарга нарыг дэмжсэн зохицуулалт л болсон. Нөгөө талаар төрд тэдэн жил ажилласан байна гэж заагаад орхичихгүй, заавал тийм зэрэг дэвийн ажил тэдэн жил хийж дэвшинэ гэж байгаа нь дөрвөн жил тутам савладаг улс төрийн онцлогтой, савлагаатай улсад хэрэгжихгүй заалт болсон.

-Төрийн албаны шинэ хуулиар төрийн албанд олон жил тасралтгүй тогтвор суурьшилтай ажилласан хүнийг зэрэг дэв ахиулна гэжээ. Энэ бол төрийн албыг чанаржуулах сайн заалт юм биш үү?

-Энэ хуулийн 26.3, 23.2-т “Ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж зааснаас аваад үзэхэд хамгийн хурдандаа одоо мэргэжилтнээр төрийн албанд орж ажиллах хүн найман жил тасралтгүй дэвшин тогтвортой ажиллаж байж яамны хэлтэс, газрын дарга болохоор байна. Хамгийн хурднаараа амжилттай явахад шүү дээ. Яг хуулийн заалтаараа бол яамны газар, хэлтсийн дарга болоход 12 жил төрд ажилласан үүнээс дөрвөн жил нь яамны тасаг албаны даргын түвшний ажил хийсэн байх ёстой. Энэ тавиад байгаа шаардлагуудыг хэн хангаж чадах вэ тэд төрийн албаны томоохон шинэтгэлийг хийж үргэлжлүүлэхэд хангалттай тархиа цэнэглэж чадаж байгаа юу хамгийн гол нь тийм хүсэл тэмүүлэл байна уу гэдэг том асуудал шүү.

Мөн Төрийн албаны хуультай хамт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10.5-д нэмэлт, өөрчлөлт оруулсан заалт болох “Аймаг нийслэл, сум дүүргийн хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно” гэсэн заалт хэрэгжиж эхэлнэ. Энэ нь төлөөлөгчөөр сонгогдсон улс төрийн албан хаагч тамгын газрын дарга, хэлтсийн дарга, агентлагийн дарга, хурлын нарийн бичгийн дарга гэх мэт төрийн мэргэшсэн албан хаагчийн ажлыг давхар эрхэлж болно гэсэн үг. Ийм нөхцөлд мерит зарчим мэргэшсэн төрийн албаны тухай ярихад хэцүү л дээ.

-Төрийн албан хаагчид ёс суртахуунтай, ёс зүйтэй байна гэдэг. Гэтэл тэд хараалын үг урсгаж, бүдүүлэг авир гаргах нь энүүхэнд. Сүүлдээ бүр нэг нэгийгээ хөнөөдөг боллоо?

-Монгол Улсад төрийн албаны шинэтгэл 1995 оноос хойш шат дараалалтай явагдаж, тодорхой нэг өөрчлөлт шинэчлэлд хүрч байгаа. Гэвч үүнийг хангалттай гэж үзэхэд хэцүү юм. Сонгууль бүрийн дараа халаа сэлгээ, зодоон нүдээн, эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан одоо сүүлдээ бие биенийхээ амь насанд халдаж байна. Намжсан шахааны албан хаагчид үндсэндээ Монголын төрийн албыг дампууруулж дууслаа.

-Намжсан төрийн албанаас чадварлаг төрийн албатай болоход ямар гарц байж болох вэ. Судлаач хүний хувьд гадаадын сайн туршлагаас хуваалцахгүй юу?

-Ерөөсөө л төрийн албаны мерит зарчмыг ёс төдий хуульчлах биш юм. Харин уг зарчмыг зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байж Сингапурын мэргэшсэн төрийн албаны систем бүрэлдсэн байна. Төрийн алба нь нэр хүндтэй, улс орныхоо хөгжлийг нийгмийн хөгжилтэй уяж, шинэчлэлийн араас чирэгдэх бус харин ч байнгын тогтвортой манлайллыг үзүүлж байдаг. Сингапурын төрийн албаны туршлагаас хэдэн санаа дурдаж гарц эрэлхийлье л дээ.

Нам, төрийн алба хоёрынхоо үйл ажиллагааг заагласан шиг зааглаж хэн чадвартай, хэн шалгалт шүүлгээ давж өөрийгөө тасралтгүй хөгжүүлж чадсаныг нь л төрийн албанд ажиллуулдаг.Тус улсад Төрийн албаны богино хугацааны мэргэжүүлэх коллеж гэж бий. Төрд ажиллаж буй нийт 124 мянган албан хаагчдаа байнгын сургалтад хамруулж, зөвлөгөө өгдөг тус коллеж нь Засгийн газрынхаа харьяанд байдаг. Дотоод нөөц бололцоогоо ашиглаад зогсохгүй дэлхийн бусад улс орнуудтай хамтарч төрийн албан хаагчдад хууль эрх зүйн үйлчилгээ, зөвлөгөө, манлайллын үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ коллежийн сургалт сайн байж, төрийн албан хаагчдаа нийгмийн ч, технологийн ч шинэчлэлд тасралтгүй бэлтгэх нь, Сингапурын төрийн албаны нүүр царай, хөгжил дэвшил, ёс суртахууны төлөвшил нь болж өгдөг.

-Манай улсад ч бас ийм сургууль байгаа, тэр нь Удирдлагын академи биз дээ?

-Тийм ээ. Гэхдээ тус академи нь энэ үүргийг гүйцэтгэдэг ч өнөөдрийн хувьд, бизнесийн, нийгмийн гэх мэт тарамдсан олон чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ төрийн албанд “дарга” болох сонирхолтой намын гишүүдийг бэлтгэх өрөөсгөл хандлагатай болчихоод байгаа нь нууц биш. Сингапурын дээрх коллеж нь зөвхөн төрийн албан хаагчдад зориулсан сургалт явуулдаг. Сургалтад суусан оролцоо үнэлгээг нь нарийн тооцохын зэрэгцээ үүнийг нь улирлын урамшуулал, албан тушаал дэвших, буурах боломжтой нь харгалзан үздэгээрээ давуу талтай. Иймд төрийн албан хаагчдаа “дарга” болох хүслийг нь харгалзаж, эс бол намын харьяаллаар нь дэмжих бус харин төрийн албан хаагч хэнийг ч гэсэн дахин суралцах, дэвших боломжоор нь Сингапурын жишгээр хангахыг чухалчлах ёстой юм. Энэ бол суралцагч төрийн мөн чанар хийгээд давуу тал.

-Сингапур улс төрийн албан хаагчдаасаа ямар ур чадвар шаарддаг юм бол?

-Тус улсад хичнээн мундаг Ерөнхий сайд, сайд, дарга байсан ч төрийн алба гэдэг систем нь сайн ажиллаж өгөхгүй бол мотор нь доголддог машин л гэсэн үг гэдгийг ч сайтар ойлгосон байна. Өөрөөр хэлбэл, чадварлаг төрийн алба бол Сингапурын зүрх юм. Манай улсын хувьд ч үүнтэй агаар нэг байх ёстой. Тухайн улс орны хөгжлийн нэг тулгуур багана нь чадварлаг төр юм. Тиймээс ч төрийн албан хаагчдаасаа дараахь чадваруудыг шаарддаг. Төрдөө авьяас чадвартайг нь шилж сонгон ажиллуулаад тодорхой хугацааны дараа өөр дүйцэх ажилд сэлгэн ажиллуулдаг. Ажил дээрээ ахиц гаргасан ур чадварын түвшинг нь хагас жил бүр дүгнэн урамшуулал олгох, албан тушаал бууруулах, дэвшүүлэх шийдвэр гаргахдаа заавал харгалздаг тогтолцоотой. Зөвхөн цалин олгоод зогсохгүй эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан дунджаас арай өндөр хангамж өгнө. Харин хяналтыг маш сайн тавьж чаддаг тогтолцоотой. Итгэл бас хариуцлага алдвал очих газар нь тодорхой гэдгийг ойлгуулсан шиг ойлгуулна.Мөн эдийн засгийн ийм тийм онол, зөв буруу гэж эцэс төгсгөлгүй маргахаасаа илүү, “Энэ бодлого шийдвэр манай улсад хэрэгтэй юу. Хэрэгтэй бол хэрэгжүүлье” гэсэн ажил хэрэгч тууштай зан чанар байх ёстой гэж үздэг. Дээрээс нь хууль дээдлэх, авлигалаас ангид байх шаардлага бол хамгийн хатуу мөрддөг зарчим нь. Үүн дээр нэмээд төрийн түвшинд шийдвэр гаргах албан тушаалтнуудаасаа давхар хэд хэдэн зарчмыг шаарддаг. Тулгарсан асуудлуудаа нисдэг тэрэгнээс харж байгаа юм шиг тоймлон тод томруун, өргөн хүрээ, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаар нь харж чаддаг байх. Тоймлон харж чадсан төлөвлөгөөгөө задлан дүгнэж аюул эрсдэл, нөөц боломжоо тооцож чаддаг байх.Тулгарсан асуудлаа шийдэх гарцыг өөр өнцгөөс шинэ хандлагаар төсөөлөн харж чаддаг байх.Гаргаж буй шийдвэр, дүгнэлт нь хөрсөн дээр буусан, уянгын халил багатай, бодит үр дүн авчирсан байхыг шаарддаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *