Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Энхбаяр: Цэц хөгжил, шинэтгэлийг дэмжигч байх ёстой болохоос гацаагч байж таарахгүй

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлттэй холбоотойгоор УИХын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа.


Шүүхийн тухай хуульдШүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ нээлттэй сонсгол хийж томилногэсэн заалт орсон. Энэ заалтыг ҮХЦээс УИХ томилох нь Үндсэн хууль зөрчсөн, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан заалт болсон учраас хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Олон нийтийн зүгээс энэ шийдвэрийгХонгилын түлхүүрийг У.Хүрэлсүхэд өгөх гэж байна. Бэлэг барих гэж байнахэмээн ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хараат бусаар ажиллах боломжийг шүүхэд олгох та бүхний санаачилга шоу байсан юм уу?

-Зарим улс төрчдөд ийм хардлага байна. Зарим нь ч санаатайгаар гуйвуулж байх шиг байна.

Ерөнхийлөгч Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон аливаа шүүгчдийг томилж байгаа шүү дээ. Шүүгчийн сонгон шалгаруулалт буюу хэн шүүгч болох вэ гэдэг шалгалт авдаг хүмүүсийг нь ч Ерөнхийлөгч томилдог. Шүүгчид алдаа гаргавал тэдэнд хариуцлага тооцдог хүмүүсийг нь ч томилдог. Ер нь хяналтгүй, хаалттай, чадваргүй шүүхтэй болж байна гэх шүүмжлэл энэ тогтолцооноос улбаатай. Тиймээс 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “Шүүхийн ерөнхий зөвлөл 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Таван гишүүнийг нь нийт шүүгчдийн чуулганаар сонгон шалгаруулна” гэж заасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж өнгөрсөн намрын чуулганаар Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн тухай гэсэн хоёр том хууль батлагдаж гарлаа. Цаашид ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж өшөө олон хууль, тогтоомжийн шинэтгэл хийгдэнэ.

Улсын Их Хурал төлөөллийн байгууллагын хувьд, төрийн эрх барих дээд байгууллагын хувьд, ард түмнээс сонгогдож мандат авч хүлээн зөвшөөрөгдсөн легитм хууль зүйн чадавх, чадамжтайгийн хувьд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж томилдог байя гэсэн зарчим суусан. Ерөнхийлөгчид ямар эрх мэдэл үлдсэн юм бэ гэхээр бүх шатны шүүгчдээ томилдог нь хэвээр үлдсэн. Тэр эрхэд нь халдаагүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Монгол Улсын бүх шүүгчдийг томилох нь хэвээрээ. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны таван гишүүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулдаг байя гэсэн. Энэ өөрчлөлтийн дагуу 50 гаруй иргэд ШЕЗ, ШСХ-ны гишүүнд өөрсдийн нэрийг дэвшүүлсэн. Сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, ажил явж байтал Цэцээс Үндсэн хууль зөрчсөн гээд ийм шийдвэр гаргаад гацаачихлаа. Ингээд Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт тэр чигтээ гацчихаж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллагууд байгуулагдахгүй болохоор хууль хэрэгжихгүй шүү дээ.

Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандсан хүн нь Х.Баттулга Еерөнхийлөгч. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд гаргасан өргөдөл дээрээ “Их шударга бус хэрэг боллоо. Одоо дарангуйлал бий болох гэж байна” гэсэн юм бичээд өгчихсөн. Юу нь болохгүй байгаа юм бэ гэхээр өөрөө нэг хэсгийг нь мэдэж томилдог байх гэсэн сонирхлынхоо үүднээс өгсөн.

Яагаад Цэц эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж байна гэж үзсэн юм бол?

-Өөрт нь бүх эрх мэдэл хадгалагдахаар зүй зохистой болдог байж таарахгүй. Ялангуяа Ерөнхийлөгчийн институци бол нэг хүний институци. Хяналт муутай. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилох нь тийм л шударга байсан юм бол шүүх системийг яагаад өөрчилсөн юм бэ. Энэ хуулийн шинэчлэлийг яагаад хийх болсон юм бэ гэхээр ялзарсан, хаалттай, авлигажсан учраас байхгүй юу. Ийм болоход хэн манлайлсан юм бэ гэхээр үе үеийн Ерөнхийлөгчид. Тэд бүх эрх мэдлийг өөрсдөө хуулиар авч байгаад хонгилоо ч үүсгэсэн, дээрмээ ч хийсэн, шүүхээ ч ялзруулсан. Тиймээс би тэр хүмүүсийг шударга ёсны өв үлдээсэн гэж хэлж чадахгүй. Явж байгаа хүнийг араас нь өшиглөж, муулаад байх нь зохисгүй ч бодит байдал ийм байна. Шударга ёсны хуулийн хүрээнд хийгдэж байгаа хамгийн том реформыг Үндсэн хуулийн Цэцэд хандаж гацаагаад хаячихлаа. Тэр үед улирч нэр дэвших эсэх нь тодорхой болоогүй байсан. Үндсэн хуулийн Цэцэд өнгөрөгч хоёрдугаар сард хандсан хүн ш дээ. Тэр үед улирч дэвшинэ гээд эрх мэдлийнхээ төлөө үхэн хатан үзэлцэж байсан үе. Өөрийг нь эрх мэдлээс салгах гэлээ гээд бачимдаж, тэмцэж байсан. Тийм учраас Цэцэд хандаж маргааныг нь үүсгэсэн, Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргалцсан Цэцийн гишүүд дандаа Х.Баттулга Ерөнхийлөгчийн шийдвэрээр томилогдсон хүмүүс байна лээ.

-1993 оноос хойш өнөөг хүртэл Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрээ их суудлын хуралдаанаараа өөрчилж байгаагүй гэдгийг зарим хуульчид хэлсэн байна лээ. Хэрвээ Цэц шийдвэрээ өөрчлөхгүй бол яах вэ?

-Цэц их суудлын хурлаа ойрын хугацаанд зарлах байх гэж найдаж байгаа. Учир нь Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж аваагүй. УИХ хүлээж аваагүй гээд 41 дүгээр тогтоол гаргасан. Өмнө нь хүлээж авахгүй гэсэн тогтоол гаргачихдаг байсан бол энэ удаагийн тогтоол нь яагаад хүлээж авахгүй вэ, яагаад шүүхийн шинэтгэл Үндсэн хууль зөрчөөгүй вэ, яагаад энэ заалт зөв зүйтэй вэ, эрх мэдэл хуваарилах онолын зарчимд яагаад харшлахгүй вэ гэдэг үндэслэлүүдийг нэн дэлгэрэнгүй бичсэн. Тиймээс би Цэцийн их суудлын хуралд их найдаж байгаа. Учир нь Цэц өөрөө хуулийг гацаагч, шинэтгэлийг зогсоогч байгууллага биш. Үндсэн хуулийн өөрчлөлт нь өөрөө Үндсэн хууль байдаг. Тиймээс Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч манах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд гарч байгаа эхний том шинэтгэлүүдийг ийм байдлаар зогсоовол манай улсад цаашид ямар ч шинэтгэл явахгүй, хөгжихгүй, шударга ёс тогтохгүй. Тиймээс улс төр, эрх зүйн гээд олон талаас нь хандаж ул суурьтай шийдвэр гаргаж, дунд суудлын шийдвэрээ хүчингүй болгоно гэдэгт найдаж байгаа. Бас итгэлтэй байгаа. Урьд нь Цэц их суудлын хуралдаанаараа дунд суудлаас гарсан шийдвэрээ хүчингүй болгож байсан хэд хэдэн тохиолдол бий.

Зарим гишүүд ЗГХЭГ, Дээд Шүүх, Үндсэн хуулийн Цэц хавиас хорлонтой ажиллагаа явж магадгүй талаар жиргэсэн байсан. Яг ямар ажиллагааг хэлээд байна?

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцэд Шүүхийн хуулийн заалтыг өгснийг сая ярилаа. Үүнээс гадна Шүүхийн хуулийн бусад хэдэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж хэд хэдэн иргэд Цэцэд хандаж маргаан үүсгэсэн. Тодруулбал, шүүгч тэтгэвэрт гарах настай холбоотой заалтаар маргаан үүсгэсэн. Энэ асуудлаар Цэц ойрын үед хуралдахаар байгаа. Тэр нь хэний ашиг сонирхлыг хөндөж байна гэхээр ялангуяа Дээд шүүхэд олон жил болчихсон, насаараа ажиллачихсан хүмүүс тэтгэвэртээ гармааргүй байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ энэ талаар өөрсдөө ч арай Цэцэд хандаагүй юм шиг байгаа юм. “Тэтгэвэрт гарчихмааргүй байна. Эндээ байж баймаар байна” гэсэн агуулгатай өргөдлийг иргэд өгсөн байна лээ.

Хүний өөрийн гээд ялгаад яриад байх юм алга. Манайд ч хор хутгаад сурчихсан, шударга ёсыг хувьдаа өмчилдөг, өөрөө эрх мэдэлд хаан заан байгаад сурчихсан, шинэтгэлд дургүй, шинэ хуульчдад дургүй, өөрөө юм хийхгүй, өрөөлийг ч юм хийлгэдэггүй нөхдүүд Хэрэг эрхлэх газар хавиар байгаа ш дээ. Тэр нөхдүүдийн ярьсан хэлсэн нь сонсогдоод, чих дэлсээд байгаа зүйл бас байна. Ямар нэгэн байдлаар оролцож, янз бүрийн юм ярьж хөөрөөд яваа зүйл сонсогдох л юм.

ТаТөрийн өмчийн компаниудын хуулийн реформыг Ц.Нямдорж сайд дараад байнагэж хэлсэн. Ц.Нямдорж сайд үнэхээр дараад байгаа юм уу. Дараад байгаа бол ямар ашиг сонирхлын үүднээс дараад байгаа юм бэ. Эсвэл та улстөржүүлээд байна уу. Яагаад Ц.Нямдорж сайдыг дараад байна гэж үзэж байгаа юм бэ?

-2019 оны аравдугаар сард “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай хэлж байсан. Төрийн өмчийн багц хуулийн төслийг тухайн үед хоёр жил дарсныг үзүүлж, хэлсэн. Одоогоос гурван жилийн өмнө боловсруулагдсан хууль. Сайд гарын үсэг зурж байж тэр хууль цаашаа явна биз дээ. Болж байна ч гэхгүй, болохгүй байна ч гэхгүй дараад байхаар яах юм бэ. Энэ бол Хууль зүйн яамны харьяалалд байгаа төсөл. Харин Х.Нямбаатар сайд гарч ирээд зоригтойгоор шинэтгэлийн төслүүдээ дэвшүүлж байгаа. Төрийн өмчийн багц хууль бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа хийгдэх хоёр дахь том реформ байхгүй юу. Х.Нямбаатар сайд болоод “Үүнийг явуулна. Төрийн өмчийн компаниудын засаглалд том реформ хийнэ” гэж зарласан. Миний санаж байгаагаар 2020 оны аравдугаар сард хэвлэлийнхнийг цуглуулаад үүнийгээ мэдээлж байсан. Тухайн үед өргөн баригдчих юм байна гэж баярлаад, хүлээсэн. Гэтэл УИХ-ын чуулганд орж ирэхгүй өдийг хүрлээ. Яачихсан юм бол гээд ажиг тавиад үзсэн чинь “Энэ өмчийн асуудал Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын эрхэлж байгаа асуудал” гээд хуулийн төслийг татаад авчихсан байгаа юм. Ингээд явуулахгүй байхаар хүлээж цөхөөд, бухимдаад хэлсэн. Өөрөө санаачилчихъя гэхээр УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтөөр өмчийн харилцааны хуулийг УИХ-ын гишүүн санаачлах эрхгүй. Хууль нь ийм болохоор мань мэт нь санаачилж чадахгүй байгаа юм. Хуульдаа Засгийн газар санаачилна гээд биччихсэн. Засгийн газар оруулж ирнэ гээд хүлээгээд оруулж ирэхгүй байна. Тэвчээрт ч бас хязгаар бий шүү дээ.

Ирэх долдугаар сард энэ удаагийн парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлсний нэг жилийн ой болно. Ер нь ийм том шинэтгэлүүдийг хурдан хиймээр байгаа юм. Ингэж хэдэн жилээр удаамааргүй байгаа юм.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *