Хоёр компанийн дунд, тэдний барьсан барилгад амьдардаг оршин суугчдын хооронд орон сууцны орц гарцын маргаан дэгдлээ, өнгөрсөн долоо хоногт. Сошиалаар хөврөх мэдээллээс анзаарахад нэг нь нөгөөтэйгөө хамтраад зам барьж гарц гаргая гэхэд нөгөө нь мөнгөө гаргахгүй луу унжсан бололтой юм. Эцэст нь гарц нэмэх асуудал яригдаж, өнөө компани нь эсэргүүцэж юм юм л болж. Энэ тохиолдолд хэнийх нь зөв, хэнийх нь буруу гэдэг нь ерэн есдүгээр асуудал. УИХ-ын гишүүн хүн нэг компанийг нь төлөөлж очоод нүдээ эргэлдүүлж элдэв тайлбар тавих нь эрээгүй муухай харагдлаа. Б.Чойжилсүрэн бол жирийн нэг компанийн эзэн биш, УИХ-ын гишүүн. Мань эр парламентын гишүүнээр сонгогдоод хууль тогтоогчоор ажиллахынхаа өмнө “Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн… гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг өргөсөн нөхдийн нэг. Нийт иргэдийн эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөчихөөд нэг компанийн эрх ашгийн төлөө гарцын маргаан хийгээд зогсох нь яаж ч бодсон зохисгүй үйлдэл.
Зайсан орчмыг бүхэлд нь шахуу эзэмшдэг цөөхөн компанийн нэг нь Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп. Нийтийн эзэмшлийн талбайгүй болтол газруудыг нь хуу хамж бетонон ширэнгэ босгож байгаа компаниудын тэргүүнд түүний компани жагсдаг. Ашигтай байршилд өндөр үнэтэй тансаг орон сууц барьж мөнгийг хүүдийлдэг том компаниудад нэг увайгүй зан бий. Бетонон ширэнгэнийхээ доод давхарт эмнэлэг, дэлгүүр, эмийн сан, бар, ресторан, караоке гээд ашиг олж болох бүхнийг ажиллуулдаг. Дажгүй үнээр давгүй байрлалд байр авсан танил маань “Шөнө дөлөөр караокены дуунд унтаж чадахгүй юм” гээд хэлэх муу үгээ барчихсан явж байж билээ. Энэ мэтээр яривал орлого, ашиг мөнгөнөөс өөрийг боддоггүй барилгын компаниудын захирлын шуналын балгийг эцэстээ мөнгөө төлж байрыг нь худалдаж авсан оршин суугчид үүрдэг. Мөнгө л олж байвал оршин суугчдын тав тух, аюулгүй байдал сонин биш гэсэн хандлага нь сүүлдээ хотхонуудын оршин суугчдыг талцуулсан урт маргаанд хүргэчихлээ. Цаашид ч иймэрхүү маргаан дуусахгүй гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг л тодорхой зүйл. Гадаад улсуудын орон сууцны барилгуудыг харах нь ээ хамгаалалт, СӨХ нь л байдгаас өөр элдэв төрлийн үйлчилгээ анзаарагддаггүй. Дэлгүүр нь хүртэл хотхоны гадна талд ажиллаж байх нь нийтлэг харагддаг. Хот төлөвлөлтийн айхавтар бодлоготой, тэр бодлогоо ягштал барьдаг учраас тэр байх. Хар ухаанаар бодоход л орон сууцны барилгад оршин суугчид амьдрах ёстой. Орон сууцны барилга элдэв үйлчилгээний зориулалтгүй гэдгийг анхаарч, стандарт дүрмийг нь мөрдүүлэх ёстой газар бол нийслэл. Товчхондоо хотын дарга орц гарцнаас гадна энэ асуудалд ч бас онцгой анхаарах хэрэгтэй.
Орчин цагийн өнгө шийдэлтэй, чанартай байшин барилгыг хурдан хугацаанд барина гэдэг мундаг бүтээн байгуулалт. Үндэсний компаниудын бизнес томрох тусмаа сайн. Хурд группийн хувьд барилгын салбартаа толгойлж манлайлдаг компаниудын нэг. “Хурд” шиг стандартаа барьдаг, чанартай бүтээн байгуулалт өрнүүлдэг компани олон болох тусам эдийн засаг тэлнэ, ажлын байрууд нэмэгдэнэ. Гэхдээ хэлэхээс аргагүй нэг өнцөг байна. Барилгын чанар стандартаа ягштал барьж чанартай орон сууцнууд барьж байгаа ч бүгдийг шуналын нүдээр харахаа болих цаг нь ирчихэж. Өнгөрсөн гучин жилийг анзаарахад манай том компаниуд хангалттай ашиг олж, бизнесээ тэлсэн. Бизнесийн эхэн үедээ нийгмийн сайн сайхны төлөө элдэв зүйл хийхэд мөнгө зарцуулах боломжгүй явсан байхыг үгүйсгэхгүй. Ядаж одооноос ч болтугай нийгмээ, иргэдээ гэсэн сэтгэл, хандлагатай урагшилмаар байна аа. Барилгын компаниуд нь гэхэд л орц гарцаа бүрэн шийдэж, сургууль цэцэрлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж гэх мэт нийгмийн дэд бүтцийг нь бүрэн шийддэг болчихмоор байгаа юм.
Зай завсаргүй бетонон ширэнгэ барьж зөвхөн мөнгө бодох нь яаж ч бодсон увайгүй, сэтгэлгүй хандлага. Төдийгөөс өдий хүртэл өчнөөн ашигтай ажиллалаа, одоо нийгмийн сайн сайхны төлөө ийм төсөл хэрэгжүүлье гээд гэрэл гэгээ түгээхээр ажил хийж яваа компани үндэсний томчууд дунд лав алга. Харин ч эсрэгээрээ жижиг бизнесүүдийнхээ орон зай руу орж бүх боломжийг нь залгихдаа гаршаад байгаа нь нууц биш. Би л томорч байвал бусад нь яах нь хамаагүй гэсэн хандлагаа өөрчлөх цаг ирснийг онцолж хэлмээр байна. Б.Чойжилсүрэн гишүүн яг өдийд “Бид өнгөрсөн хугацаанд төчнөөн барилга барьж зөндөө ашиг оллоо. Одоо Зайсанд шинэ барилга барихгүй. Тэндхийн оршин суугчдын аятай таатай амьдрах боломжийг нь бүрдүүлэхэд анхаарна. Компаниудтай нийлж цэцэрлэгт хүрээлэн барья. Орон сууц барих газартай, боломжтой хэсэгт бүтээн байгуулалтаа өрнүүлнэ” гэчихвэл илүү зөв, илүү эрүүл харагдана. Зүгээр л нэг төрийн бус байгууллага, жирийн нэг залуугийн эхлүүлсэн нийгмийн төсөл хүүхдүүдийн амьдралд гэрэл түгээгээд явж байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй учраас төсөл нь урагшилж, олны хайр талархлыг хүртээд явж байна. Одоо үндэсний том компаниуд маань яг энэ дайны нөлөө үзүүлэхээр нийгмийн даацтай төслүүд эхлүүлэх цаг болсон. Б.Чойжилсүрэн гишүүн гэхэд компанийнхаа өмнөөс нүдээ эргэлдүүлж маргаан тарихынхаа оронд “Зайсанд ахиж бетонон ширэнгэ барихгүй, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлээ цэцэрлэгжүүлэх төсөл эхлүүлнэ. Тэдээс төдөн оны хооронд төчнөөн цэцэрлэгт хүрээлэн барина” гэчихвэл нийгмийн маш гоё төсөл болно доо.
Дахиад хэлэхэд, барилгын компаниудын сэтгэлгүй хандлагаас болж барьсан байрыг нь худалдаж авсан оршин суугчид зөвхөн нэг гарцаар гарч орж цаг нервээ барж байна. Нийслэлийн засаг дарга орц гарцыг нь нэмэгдүүлэх чиглэл өгч харагдсан. Барилга нь аль хэдийнэ баригдчихсан хойно, асуудал ундраад өчнөөн жил болсны дараа бичиг сачигхан шидээд суух нь хотын даргын хийдэг ажил биш л дээ. Баригдахаас нь өмнө орц гарцаас эхлээд бүх шаардлагыг тавьж ажиллах ёстой юм уг нь. Маргаан дэгдээгээд байгаа компаниудын тухайд тэр орчимд дахиад ч барилга барихаар төлөвлөж яваагаа мэдээлнэ лээ. Зайсан орчимд орон сууц нэмж барих боломж хэр байгааг судлуулж, стандарт босгыг нь тогтоомоор байна, хотын дарга аа. Эрүүл газар үлдэх зайгүй болтол бетонон ширэнгэ бариулдгаа зогсоох цаг нь ирчихэж. Төгсгөлд нь дахиад онцолъё. Ашигтай байрлалд тансаг зэрэглэлийн орон сууц барьж хангалттай мөнгөжсөн компаниуд одоо нийлж нэгдээд амарч салхилахад аятай таатай цэцэрлэгт хүрээлэн барьж эхэлмээр байна.
Ц.БИЛИГ