Тайванийн Хуалин хотын хойд хэсэгт энэ сарын 6-ны өдөр хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтийн бүсэд Цу Чи их сургуульд суралцдаг зургаан монгол оюутан байсан. Тэдний нэг Б.Буянжаргалыг Монголд ирсэн даруйд нь уулзаж тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Энэ удаагийн газар хөдлөлтийг Хуалинд сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэдгийг эрдэмтэд онцолж байгаа. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-Газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны 23:50 цагт Хуалин хотын төвд болсон. Манай Цу Чи их сургууль хотынхоо төвд маш ойрхон байдаг. Тэгэхээр газар хөдлөлтийн голомттой тун ойрхон байсан гэсэн үг. Бид дотуур байрандаа дөрвүүлээ амьдардаг юм. дөрвүүлээ монгол оюутнууд. Ерөнхийдөө хэд хоногийн өмнөөс газар хөдөлж, чичиргээн ихээр мэдрэгдэж байсан. Гэхдээ чичиргээн нь бага байсан учир бид ч, тайваньчууд ч тэр төдийлөн ач холбогдол өгөөгүй. Харин газар хөдлөлт болдог өдөр бага зэргийн чичиргээн ч мэдрэгдээгүй, шууд л хүчтэй газар хөдлөлт болчихсон. Хүчтэй газар хөдлөлт таван минут орчим үргэлжилсэн. Бид нар үнэхээр айж балмагдсан. Хэсэгхэн хугацаанд болоод өнгөрөх байх гэж бодоод эхлээд ширээн доогуураа орцгоосон юм. Гэсэн ч зогсохгүй үргэлжлээд л байсан. Тухайн үед хот даяар аваарын дохио дуугарсан. Энэ үед хэрэг бишдэж байгааг ерөнхийдөө ойлгосон. Манай дотуур байранд 160 гаруй оюутнууд байсан шүү. Ингээд бүгдээрээ л хувцастай, хувцасгүй гарч гүйцгээсэн дээ.
-Түр орогнох байр луу хэзээ шилжүүлсэн бэ?
-Дотуур байрны багш, оютнууд хоёр цаг гаруй гаднах ногоон байгууламждаа байсан. Харин аюулгүй албаны зохицуулагч нар нь даарч байгаа оюутнуудын хувцас, болон хэрэгтэй зүйлсийг нь дотуур байр луу орж авч өгч байсан. Улмаар оюутнууд болон аюулд өртсөн хотын иргэдийг түр орогнуулах байр луу авч явсан л даа. Шөнийн гурван цаг хагасын үед жагсааж байгаад оруулсан. Тэр нь хамгийн бат бөх байр нь юм билээ. Тухайн өдөр их, бага хэмжээгээр 33 удаа газар хөдөлсөн.
-Орогнох байрандаа хэр удсан бэ?
– Өрөөний маань охин бид хоёр 7-ны 15:30 цаг хүртэл түр орогнох байранд байсан. Нэг удаагийн оо, сойз, саван болон хөнжил, гудас, дэр зэргийг өгдөг юм билээ. Мөн ус болон мантуу өгч байсан. Орогнох байр нь харуул хамгаалалттай. Гарахаар бол гарын үсэг зурж, зөвшөөрөл авах шаардлагатай юм билээ. Бид хоёрын хувьд Тайпэй руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурснаар орогнох байрнаас гарсан юм. Тайпэй ороод шууд Монгол руугаа явна гэсэн бодолтой байсан учир ачаа тээш, бичиг баримт гээд бүх зүйлсээ дотуур байрнаасаа очиж авсан л даа. Тухайн өдөр хүчтэй газар хөдлөлт бага зэрэг намжсан гэж болно. Явах бэлтгэлээ хангачихаад вокзал руу явж, Тайпэй явах хурдан галт тэрэгний билет авсан. Бид хоёрын билет тэр өдрийн хамгийн сүүлийнх нь байсан шүү.
-Үлдсэн монгол оюутнууд одоогоор хаана байгаа вэ?
-Манай сургуульд нийт зургаан монгол оюутан байдаг юм. Манай өрөөнийхөн бүгдээрээ орогнох байр луу орсон. Харин үлдсэн хоёр нь гэр бүлийн хүмүүс учир тусдаа байр түрээсэлж амьдардаг юм. Намайг явсны дараа тэр хоёр орогнох байранд ирсэн юм билээ. Өрөөний хоёр маань биднийг Монгол руу явна гэхэд их гайхаж байсан. Айж, сандарсандаа ч юм уу хэцүү, хүнд нөхцөлд байгаа гэдгээ мэдрэхгүй байсан байх. Дараа нь Тайпэйд ирчихээд “Ямар аймаар нөхцөлд байсан юм бэ гэдгээ мэдэрлээ” гэж ярьж байсан. Гэхдээ тэд саяхан эргээд Хуалин хот руугаа буцацгаасан.
– Газар хөдлөлтийн үеэр нэгэн барилга нурсан байсан. Тэрхүү барилгаас сургуулийн дотуур байр тань хэр зайтай вэ?
-Тэр барилга руу дугуйгаар очиход 15 минут л явдаг. Маш ойрхон гэсэн үг л дээ. Харин манай оюутны байр нураагүй ч цонх хагарч, хана, тааз цуурч, зарим хаалганууд салж унасан.
-Газар хөдлөлтөөс үүдэн Хуалин хотод хэр их хохирол учирсан бол?
-Нийт 12 хүн нас барж, 270 гаруй хүн гэмтэж бэртсэн. Одоогоор 43 хүн ор сураггүй алга болсон. Нурангид дарагдсан гэж үзээд хайж байгаа гэж сонссон. Гурван барилга нурсан. Хэд, хэдэн гүүр, мөн маш их зам эвдэрсэн. Гэхдээ эвдэрсэн замаа маргаашнаас нь шууд засаад эхэлчихдэг юм билээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Харин хүнд мэдрэгдэх хүч нь долоон балл руу орсон гэж үзэж байгаа.
-Одоогийн нөхцөл байдал ямар байгаа бол вэ?
-Хүчтэй газар хөдлөлт багассан. Гэхдээ бага зэргийн газар хөдлөлт байнга л үргэлжилж байна гэсэн.
-Монголдоо хэр удах вэ?
-Сургууль хоёрдугаар сарын 26-ныг хүртэл түр амарч байгаа. Тэр хүртэл Монголдоо амарч байгаад буцна даа.
О.АриунцЭцЭГ