Categories
мэдээ цаг-үе

Б.Бүрэнбаатар: Дээрэмдэх гэмт хэрэг 39 хувиар буурсан

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатартай ярилцлаа.


-Нэгдүгээр улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт харагдаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ оны нэгдүгээр улиралд иргэд, байгууллагаас 135.845 дуудлага, мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 8003 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1902 буюу 19.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн хэмжээнд 5260 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 1406 буюу 21.1 хувиар, орон нутгийн хэмжээнд 2735 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 474 буюу 14.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Нийт гэмт хэргийн 65.7 хувь нь Улаанбаатар хотод, 34.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

-Үйлдэгдсэн гэмт хэргүүдийг задалж үзэхэд ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 85.6 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 28.0 хувийг хулгайлах гэмт хэрэг, 17.4 хувийг залилах гэмт хэрэг, 21.8 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, 6.3 хувийг мал хулгайлах гэмт хэрэг тус тус эзэлж байна.

-Цахим гэмт хэргийн үзүүлэлт өссөн гэсэн. Энэ талаар тодруулаач. Юу нөлөөлөв?

-Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 93 бүртгэгдсэн нь 19.2 хувиар, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 38 бүртгэгдэж 81.0 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 34 бүртгэгдэж 2.1 дахин тус тус өссөн байна.

-Дээрх гэмт хэргүүд өсөхөд юу нөлөөлсөн гэж харж байна вэ. Согтууруулах ундааны хэрэглээ нөлөөлж байна уу?

-Нийт гэмт хэргийн 799 буюу 10.0 хувь нь согтуугаар, 416 буюу 5.2 хувь нь бүлэглэн, 279 буюу 3.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн. Мөн 2526 буюу 31.6 хувь нь шөнийн цагаар, 1351 буюу 16.9 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн байгаа юм.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 11.4, нийслэлийн хэмжээнд 12.1 хувиар, орон нутагт 8.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

Гэмт хэрэгт 3216 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 409 буюу 14.6 хувиар өссөн үзүүэлттэй байгаа.

Холбогдогчдын 407 буюу 12.7 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 89 буюу 28.0 хувиар өсч, 127 буюу ахуйн хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 64 буюу 33.5 хувиар буурсан.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчсөн тохиолдол өндөр дүнтэй гарсан байна лээ…

-Нэгдүгээр улиралд нийт 545.862 зөрчил бүртгэгдсэний 91.9 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 4.0 хувийг Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах төрлийн зөрчил эзэлж байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 77.6 хувь нь нийслэл хотод, 22.4 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 99.6 хувийг шалган шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.2 хувиар өссөн байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 27077 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1743 буюу 6.0 хувиар буурсан үзүүлэлт. Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 74.5 хувь нь Улаанбаатар хотод, 25.5 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн байна.

-Үзүүлэлтүүдийг ажиглахад дээрэмдэх төрлийн гэмт хэрэг өндөр хувиар буурсан нь харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ?

-Цагдаагийн байгууллага 2020 оны эхний улиралд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал”, “Хайр өвтгөдөггүй”, “Дахин сэрэмжилье, дахин шалгая” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Нөлөөллийн ажлын үр дүн гэж харж болно. Нөгөө талаасаа иргэдийн хууль эрх зүйн боловсрол дээшилсэн байна.

Мөн дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийнн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоон хэрэгжүүлж, иргэд, олон нийт төр засгаас тогтоосон дэглэмийг ухамсартайгаар сахин биелүүлж, төрийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлж байгаа явдал нь энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчил буурч үзүүлэлт эерэг гарахад нөлөөлсөн гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

Мөн хөл хорионы үед иргэд гэртээ байгаа нь орон байрны хулгайн гэт хэрэг тодорхой хэижээнд буурахад нөлөөлсөн гэж харж байгаа.

-Хөл хорио тогтоогоод буй энэ үед ахуйн хүрээнд архидах явдал өсөх хандлагатай байгаа гэх мэдээлэл байсан. Энэ нь гэмт хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлж байна вэ?

-Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал гарч байгаа энд анхааруулъя. Архи согтууруулах ундаа хэрэглэхэд хувь хүний дархлаа унаж таны эрүүл мэндийн эрсдэлд оруулна. Дархлаа сул хүн л өвчин тусах магадлал өндөр байдаг шүү дээ.

Цагдаагийн байгууллагаас иргэддээ хандан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох татгалзах, аюулт цар тахалтай холбогдуулан төр засгаас тогтоосон дэглэмийг үргэлжлүүлэн чанд сахихыг уриалж байна.

-Ер нь хөл хорионы үеийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Иргэдийн ихэнх нь гэртээ байгаа. Ихэнх цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Гэмт этгээдүүд үүнийг олзолж цахимд орчинд гол анхаарлаа хандуулаад байна. Короновирустэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарч байгаа.

Мөн бараа материал нийлүүлнэ хэмээн залилсан хэд хэдэн тохиолдол гарсан.

БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл шалгагдаж байна.

Мөн “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу 117.0 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлэн залилуулсныг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.

Энэ мэт үйлдлүүд гарч байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *