Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Болортуяа, М.Лхагвагэрэл нар Туркээс алт, мөнгөн медаль хүртлээ || DNN.mn

Чөлөөт бөхийн чансаа олгох оны эхний чухал тэмцээн Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит барилдаан Туркийн Истанбул хотод үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд зодоглосон Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса (12-2), АНУ-ын Эрин Симон Голстон (10-0), Польшийн Анна Лукашиак (6-4) нарыг ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6-0 харьцаагаар хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12-4 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ.

Харин Токио 2020 олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй -53 кг жинд Энэтхэгийн Гелот Пүжа (11-1), Узбекистаны Кеунимжаева Актенге (11-0), АНУ-ын Доминик Оливиа Парриш (цэвэр), Оросын Милана Дадашева (13-8) нарыг ялж тэмцээнээс Монголын хоёр дахь алтан медалийг хүртлээ.

Ийнхүү Туркийг зорьсон эмэгтэй 4 тамирчин бүгд медаль хүртээд байна. Харин эрэгтэй -97 кг жинд зодоглосон Ө.Батзул эхний шатанд Гүржийн Гиви Матчарашвилид 12-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгана.

Харин +125 кг жинд зодоглосон М.Лхагвагэрэл Казахстаны Юсүп Батирмурзаев (2-1), Германы Геннади Кудинович (6-1), Оросын Ацамаз Теблоев (4-3) нарыг хожиж финалд шалгарсан бөгөөд финалд Туркийн Таха Акгулд 10-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртсэн.

Тэмцээний эхний өдөр манай улсаас С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртээд байсан бол хоёр дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр таван медальтай боллоо.

Өнөөдөр орой эрэгтэй

  • 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ,
  • 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд,
  • 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар,
  • 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин нар тус тус барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *