Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмаа: Засгийн газар ард түмний хяналтаас гарчихлаа

УИХ-ын нэгдсэн чуулганаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянадаг тогтолцоог хасч баталсан нь олон нийтийн дунд багагүй маргаан дэгдээгээд байна. Хууль үйлчилж эхэлснээр Засгийн газрын шийдвэрүүд шүүхийн хяналтаас гарах эрсдэлтэйг хууль зүйн салбарынхан онцолж байгаа. Тэгвэл үүнээс дутахааргүй өөр нэг том эрсдэл нь ард түмний төр засагт тавих хяналтыг хуулийн өөрчлөлтөөр үгүй хийж байгааг иргэний нийгмийнхэн ярьж эхэллээ. Энэ талаар “Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулагч, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.


-Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахааргүй болгосон хуулийг УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт баталлаа. Нийтийн эрх ашгийг өмгөөлдөг иргэний нийгмийнхэнд Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт хэрхэн тусч байна вэ?

-Захиргааны хэргийн шүүх байгуулагдахад иргэний нийгмийн байгууллагуудын уул уурхай, ашигт малтмалтай холбоотой нэхэмжлэх эрх хязгаарлалттай байсан. Харин Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болсон. Гэхдээ хязгаарлалтууд хэвээрээ байгаа. Байгаль орчин, уул уурхай, ашигт малтмалтай холбоотой захиргааны олон байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэрийн эсрэг эрх нь зөрчигдсөн жирийн иргэд тэр бүр эрхээ хамгаалж явж чаддаггүй. Тэдний өмнөөс иргэний нийгмийн байгууллагууд шүүхэд хандаад явдаг. “Төлсөн авснаа нийтэл” олборлох үйлдвэрлэлийг ил тод болгодог чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын гишүүн байгууллагууд гэхэд бараг аймаг бүрээс нэхэмжлэл гаргасан байдаг. Тодруулбал, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Төв гэх мэт уул уурхайтай бүх аймаг, орон нутгийн Засгийн газар, захиргааны байгууллага, тэдний засаглал, удирдлагатай холбоотой гомдлууд байгаа юм.

Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар энэ олон хэргүүдээр эхнээс нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдүүлэх боломжтой болсон. Гэтэл энэ өөрчлөлтөөр иргэний нийгмийн байгууллага нийтийн эрх ашгийг өмгөөлөх боломжоо алдлаа. Магадгүй өнөөдөр хүртэл захиргааны хууль бус шийдвэрийн эсрэг нэхэмжлэл үүсгэхээр явж байсан, хэрэг үүссэн ч захиргааны шүүх хойшлуулж, буцааж байсан гэх мэтчилэн олон ажиллагаа явагдсан хэргүүд байгаа. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл гэдэг олон жилийн нөлөөлөл, зүтгэл, тэмцэл, шаардлага, шахалтын үр дүнд бий болдог. Захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийн өмгөөллийн хэрэг 3-4 жил явж байж шийдэгддэг. Гэтэл энэ бүх зүйл буцаад эхнийхээ цэг дээр очиж байна.

-Захиргааны ерөнхий хуулиар нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан ямар жишээ байна вэ?

-Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй үндэслэлээр Засгийн газрыг шүүхэд өгөөд нэхэмжлэлээ тогтоолгож чадсан. “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Заамар суманд олгогдсон 21 мянган га талбайн лиценцийг анхан шатны шүүхээр хууль бус байна гэдгийг тогтоолгосон гэх мэт нааштай алхмууд гарч эхэлж байсан. Гэтэл энэ их ажиллагаа буцаад бүрхэг байдалд орох нь.

Одоо уул уурхайн баялгийг ашиглана, алтыг эдийн засгийн эргэлтэд оруулна гээд УИХ-ын тогтоол гаргалаа гэхэд энэ малгай дор Засгийн газар ямар ч шийдвэр, үйл ажиллагаа, үүнийг хэрэгжүүлэх гэж байгаа орон нутгийн захиргааны байгууллагуудын хууль бус үйлдэл хамгаалагдаад явах эрсдэлтэй. Эцэст нь байгаль орчин сүйрлээ, нутгийн иргэдийн эрх ашийг хохироолоо гэхэд шүүхээр иргэд эрхээ хамгаалуулах ямар ч боломжгүй болж байна. Энэ бол маш аймшигтай ухралт.

-Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэсэн Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны дүгнэлт байна. Өнөөдрийн хуулиар бол Үндсэн хуулийн Цэцтэй маргах боломжгүй шүү дээ?

-Үндсэн хуулийн Цэцэд 2005 онд нэр бүхий хэсэг иргэд гомдол гаргахад Цэц Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргаж. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц өнөөдөр ямар байгууллага болчихсон байгаа билээ. Цэцийн дээр мөнх тэнгэр байна уу, бид мэдэж байгаа. Улс төр, бизнесийн бүлэглэл, эрх барьж байгаа нам л байгаа.

-Бас гомдол, маргааныг Захиргааны хэргийн шүүхээс өөр субьектэд гаргах эрх нь нээлттэй гэж байгаа?

-Засгийн газрын шийдвэрийг УИХ хяначихна гэж байгаа. Төрийн эрх мэдэл ард түмний сайн сайхны төлөө зарцуулагдах ёстой. Засгийн газар өөрөө ямар байгууллага вэ гэдгээ ойлгохоо байх нөхцөл рүү орж байна. Энэ бол эрх мэдлийг хуваарилах, эн тэнцүү байх, харилцан бие биенээ хянах тогтолцоог үгүй болгосонтой холбоотой. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсонтой, давхар дээл өмссөнтэй холбоотой. Бие биеэ хянах, засаглал хуваарилах зарчмыг хэрэгжүүлэхгүй болтлоо төөрөлдөж том андуурч байна.

Цэц өнөөдөр Үндсэн хуулийг зөрчсөн байна уу, үгүй юу гэдгийг хянаж чадахгүй болчихсон байгууллага. Тэнд байгаа хүмүүс хэний ч нөлөөгүй, лоббид автахгүйгээр Үндсэн хуулийн зөрчлийг хянах ёс зүйн болон ёс суртахууны чадвартай хүмүүс биш. Ямар их будлианыг өнөөдөр хүртэл хийж ирлээ. Цэцэд иргэд хэзээ ч итгэхгүй.

-Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн гол үндэслэлийг Эрдэнэтийн 49 хувийг төрд буцааж авахтай холбож зарим улстөрч тайлбарлаж байгаа. Эрдэнэтийн орд газар бас л Монголын баялаг гэж үзвэл ард түмний баялгийг хамгаалсан шийдвэр биш үү?

-Магадгүй Эрдэнэтийн 49 хувийг төрд эргүүлж авах гэж, ард түмэнд таалагдах гэж, тэдний эсэргүүцлийг зогсоох гэж ийм арга тактик хэрэглэж байж болно. 49 хувийг буцаагаад төрд авчихаад тендергүй, хяналтгүйгээр дахиад өөр хэн нэгэнд өгчихөд буцааж түүнийг нь шүүхдэх аргагүй. Тэр нь бүр илүү аюултай. Засгийн газрын гаргасан шийдвэрийг ямар нэгэн байдлаар эргэлзээнд оруулах үндэслэлгүй болгох эрсдэлтэй.

Үнэндээ энэ 49 хувь гэдэг чинь ард түмэнд бус нэг бүлгээс нөгөө бүлэгт шилжүүлж байгаа л явдал. Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал руу халдаж байна. Засгийн бүх эрх мэдэл бол ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн 3.1 дэх заалт бий. Бас тус хуулийн 6.1-д Монгол орны газрын дээр, доорх бүх баялаг, газрын хэвлий, ус, агаар, байгалийн бусад бүх нөөц ард түмний мэдэлд байна гэсэн том хоёр заалт руу халдлаа. Үндсэн хуулиар олгогдсон ард түмний мэдэлд байх ёстой Засгийн эрх рүү, байгалийн баялгийн эрх рүү халдлаа. Төрийн эрх мэдэл ингэж хэтрэхэд эсрэгээрээ ард түмний эрх, эрх чөлөө хумигддаг зүй тогтолтой.

-Тэгвэл ард түмэн төрд төлөөлсөн хүмүүсийн шийдвэрийг хянах боломжгүй боллоо гэж ойлгож болох уу?

-Засгийн эрх мэдлийг ард түмний гарт байгааг илүү баталгаажуулсан хэлбэр нь Захиргааны ерөнхий хууль байсан юм. Мэдээж бид Үндсэн хуулийг барина. Энд нэг том эрх алдагдаж байгаа нь байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэдэг заалт Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтөөр үгүйсгэгдэж байна. Энд Үндсэн хуулийн зөрчил харагдаж байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлэхдээ Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил гэж Үндсэн хуулийн дүгнэлтийг үндэслэж байж өөрчлөлт оруулж байна. 2005 оны дүгнэлтээс хойш өнөөдөр 2019 он хүртэл явж ирсэн практикаас буруу байжээ гэдэг нь харагдаж байгаа. Цэцийн дүгнэлтээс хойш Засгийн газар шийдвэрээ шүүхээр хянуулахаа больсон. Маш дураараа шийдвэрүүд гаргасан. Энэ дураараа гаргасан шийдвэрүүдээс болж ашигт малтмал, байгалийн нөөцийг ашиглахтай холбоотой маш олон иргэдийн эрхийг зөрчсөн. Иргэд эрхээ хамгаалуулахаар олон газраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон хэрэг үүсээд байгаа.

Энэ олон асуудлыг шийдэх газар бол шүүх. Шударга ёсыг тогтоох эрх мэдэл шүүх дээр байгаа. Гэтэл ийм байдлаар захиргааны шүүхийн хянан шалгах эрх мэдэл рүү, бие даасан байдал руу эрээ цээргүй халдаж байна.

-Нийтийн эрх ашгийг хамгаалж Захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийн хэргүүд цаашид яаж үргэлжлэх нь тодорхойгүй болчихов уу?

-Захиргааны шүүх дээр ашигт малтмал, өмч хувьчлал, байгалийн нөөц, газартай холбоотой маргаан дийлэнх байдаг. Эдгээр гол гомдол, маргааны асуудал шүүхийн хяналтаас гарахаар болж байна. Одоо бол Захиргааны шүүх агентлагаас дооших цөөн тооны томилгооны асуудлыг шийднэ. Үндсэндээ энэ шүүхэд хийх ажил байхгүй. Ард иргэд, иргэний нийгмийнхэн бид ч гэсэн байгалийн баялгийг хянаад явлаа, хууль бус байна гэдгийг гаргаад ирлээ, хичнээн хэлээд захиргаа үүн дээр чихгүй, дүлий, ямар ч реакци үзүүлэхгүй байх нь тэдний дурын асуудал болно. Бид үүнийг чинь шүүх дээр аваачиж хариуцлагын асуудал ярьдаг байсан. Тэр зүйл байхгүй болчихлоо. Засгийн газар хүссэнээ хийнэ, хэн ч зогсоож чадахгүй.

-Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавих нэг гарц байгаа?

-Энэ хуулийн өөрчлөлтөөр Захиргааны хэргийн шүүх стратегийн орд, ашигт малтмал, өмч хувьчлал гээд УИХ-ын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын шийдвэрүүдийг хянахгүй болж байна. Гэтэл төрийн өмчийн хувьчлалын асуудал, ашигт малтмалын орд нөөц, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой асуудал бол өнөөдөр төрд байгаа олигархуудын булаацалддаг, маш их ашиг сонирхолтой хэсэг юм. Тиймээс энэ хууль зогсохгүй тэр чигээр батлагдах байх. Хориг ч тавигдахгүй байх магадлалтай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг нэрийн дор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нэг тал болчихоод байгаа.

Маш их үгсэн хуйвалдсан, зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор бэлтгэж гаргасан хууль боллоо. Өнгөрсөн жилийн Хаврын чуулганаар хэлэлцсэн асуудал шүү дээ. Тэр үед гишүүд дэмжээгүй, буцаасан. Өнөөдөр УИХ-ын бүрэлдэхүүн хэвээрээ байгаа. Тэд өмнө нь гаргасан шийдвэрээсээ буцаж байна гэдэг энд эрх ашиг байна гэсэн үг. Иргэний нийгмийн хяналт, оролцоо, хариуцлага тооцох бүх боломж энэ хуулийн өөрчлөлтөөр байхгүй болж байна. Нийтийн баялаг, нийтийн өмч хөрөнгийг хууль гаргаж байж тонон дээрэмддэг хуульчлагдсан тонуул гэдэг ажиллагааны маш том жишээ бол Захиргааны ерөнхий хуульд хийж байгаа энэ өөрчлөлт боллоо.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *