Монголын үндэсний олимпийн хорооны шинэ удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн гуравдугаар сард болж өнгөрсөн МҮОХ-ны VII чуулганаар сонгогдсон шинэ удирдлагууд цаашид хийж хэрэгжүүлэх гэж буй ажил, гаргасан төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсан юм.
“Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг сонгогдсон бол Монгол улсын багийн элчээр Хакүхо М.Даваажаргалыг томилсон. Түүнийг 2015 онд МҮОХ-ноос “Токио 2020” олимпийн их наадмын Монголын багийн элчээр томилж, “Олимпийн Алтан-Очир” одонгоор шагнаж байсан билээ.
Мөн олимпизмийн үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус холбооноос “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэх, өсвөр үеийнхний дунд “Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах, сар бүр шилдэг тамирчин шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байгаа гэлээ.
“Авирагч сэтгүүлч 2017” спортын авиралтын тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тэмцээн URSA спорт бэлтгэлийн төвд болох бөгөөд сонирхсон сэтгүүлчдийг энэ сарын 15-ны өдрийг хүртэл бүртгэх юм байна. Авирагч сэтгүүлчид бүртгүүлэхдээ galkhuu@olympic.mn, tungalag@olympic.mn цахим хаягаар ирүүлэх эсвэл өөрийн биеэр МҮОХ-ны байран дээр ирж бүртгүүлж болох аж.