Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улс сүүлийн жилүүдэд жилд 600-700 сая ам.долларын нефть бүтээгдэхүүнийг импортоор авч байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний илүүдэл үүсч, үнэ хямдарсан үеийн үнэ. Дэлхийн зах зээл дээр үнэ өндөр байсан үед жилд 1-1.2 тэрбум ам.доллар зарцуулж байсан. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны үеэс Газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар ярьж эхэлсэн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл бараг 30 жил ярьж байна. 2008 онд Дарханд төрийн өндөр албан тушаалтнууд үйлдвэрийн шав тавьж байлаа. Дараа нь 2016 оны хоёрдугаар сард Шийдлийн Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Бор-Өндөрт бас шав тавьсан. Одоо 2017 онд Мэргэжлийн Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийн Сайншандад шав тавих талаар ярьж эхэллээ.

-Шав тавиад байгаа мөртлөө өнөөг хэр яагаад ганц ч үйлдвэр баригдаагүй байгаа юм бэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад дотоодын улстөржилт саад болсон. Монголд улстөржилт үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрсэн гэдгийг хэлье. Улстөржсөн ажил бол явцгүй байдаг. Газрын тос боловсруулах үйлдвэр барих жишээнээс энийг харж брлно. Уг нь жилд 1.5-2 сая тонн газрын тосыг боловсруулах үйлдвэртэй болно гэдэг нэг их том асуудал биш. Энэ ажлыг хийх сэтгэл дутаад байгаад л хамаг учир байгаа юм.

-Дарханд ч гэсэн ийм үйлдвэр байгуулах талаар ярьж байгаад чимээгүй болчихсон биз дээ?

-Дарханд барих үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг Японы олон улсын хамтын ажиллагааны банк өөрийн буцалтгүй зардлын санхүүжилтээр, мөн улсын мэргэжлийн корпорациар хийлгэсэн байдаг. Түүнчлэн 2013 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдэж тайланг нь холбогдох газрууд баталгаажуулсан байдаг. Энэ ажил өнөө хэр зогсоогүй. Төслийн хөрөнгө оруулалтыг дээр дурдсан Японы банк урт хугацаатай, бага хүүтэй экспортын зээлээр санхүүжүүлэхээр болсон.

-Хэрэв тэнд үйлдвэр барьчихвал ямар үр өгөөж гарах вэ. Мөн хүчин чадал нь ямархуу байх бол?

-Японы техник технологитой баригдах энэ үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулж, 550 мянган тонн авто бензин, нэг сая тонн дизель түлш, 100 мянган тонн онгоцны түлш үйлдвэрлэнэ. Үүгээр зогсохгүй замын битум, шингэн хий зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж ойрын ирээдүйн хэрэгцээг бүрэн хангана гэж тооцсон. Эдийн засгийн үр өгөөжийн тухайд гэвэл, жилд дунджаар 1.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээж, улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого оруулах тооцоо гарсан байдаг юм. Одоогоор яригдаж буй төслүүдээс ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй, санхүүжилт нь бэлэн, байгуулах газар нь шийдэгдсэн, дэд бүтэц нь бэлэн төсөл бол Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр л байна даа. Бусад төсөл бол зөвхөн төсөөлөл. ТЭЗҮ болон бусад баримт бичиг ч байхгүй.

-Гэхдээ өмнө нь уг төслийг хэрэгжүүлэх талаар төр засгийн тогтоол, шийдвэр гарч байсан биз дээ. Өнөөг хүртэл саатаад байгаагийн шалтгаан юу вэ?

-Бэлэн болсон ТЭЗҮ-ийн үндсэн дээр Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар УИХ, Засгийн газрын хэдэн удаагийн тогтоол гарсан байдаг. Уг нь ТЭЗҮ-д нь Японы инженерийн компани үйлдвэрийн техник төхөөрөмжийг нийлүүлж, барилгын ажлыг “түлхүүр гардуулах” нөхцөлөөр 2009-2012 онд барих графиктай байсан. Манай улс 2009 онд санхүүгийн хямралаас болж ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдан зээлийн хоригт орсноос болж саатсан гэдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд эрх баригчдын намчирхсан талцал, улс орны эрх ашгийг боддоггүй, хувийн явцуу үзэл, сонирхлын үүднээс хориг, саад тавьж байсны улмаас хэрэгжээгүй.

-Одоо тэгвэл хэрэгжиж чадах уу. Сайншандын үйлдвэрийн талаар л яриад байгаа биз дээ?

-Ийм бэлэн төсөл байсаар байтал 2015 онд Шийдлийн Засгийн газар говийн бүс болон Бор-Өндөр тосгонд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай ямар ч судалгаа тооцоо, үндэслэлгүйгээр хоёр удаа тогтоол гаргасан байдаг. Одоогийн Засгийн газрын хувьд ийм төрлийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар оновчтой шийдэл гаргах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Дорноговь аймгийн Сайншанд суманд газрын тос боловсруулах үйлдвэр барих боломжгүй гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрын үед 1.5 тэрбум төгрөгийн зардлаар Унгарын “EUROIL” компаниар хийлгэсэн говийн бүсэд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах урьдчилсан судалгаанд Сайншанд, Чойр, Зүүнбаянд ийм үйлдвэр байгуулах асуудлыг авч үзээгүй. Нэг ёсондоо Сайншандад барих боломжгүй гэж үзсэн.

-Яагаад боломжгүй гэж?

-Угаасаа ГТБҮ-ийн байршлыг тогтоодог арга зүйн хоёр үндсэн зарчим байдаг. Сайншанд бол тэдгээр зарчмыг хангахгүй учраас боломжгүй. Нэгдүгээр зарчим бол боловсруулах үйлдвэрийг гагцхүү бензин шатахууны хэрэглээний гол бүс нутагт байгуулдаг нийтлэг зүй тогтолтой байна. Хоёр дахь зарчим бол үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийн хангалттай сайн нөхцөл бүрдсэн газарт байгуулдаг. Манай улсын бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ногддог. Сайншанд бол нэгдүгээрт, эдийн засгийн бүсийн тулгуур төв биш. Хоёрдугаарт, газрын тос боловсруулах үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай дэд бүтцийн нөхцөл бүрэлдээгүй байгаа учраас боломжгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр бол их хэмжээний цахилгаан, цэвэр ус хэрэглэдэг технологийн онцлогтой байдаг. Сайншандад манай орны бензин шатахууны хэрэгцээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэрийн цахилгаан, усны хэрэглээг хангах эх үүсвэр, дэд бүтцийн байгууламж байхгүй. Бий болгоно гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Манай зарим яамдын албан тушаалтан хүмүүс, аж үйлвэрийн парк байгуулах, Хэрлэн голын үерийн усыг Сайншанд руу хэдэн зуун км урт хоолойгоор татах тухай бүтэлгүй яриа гаргаж ирсэн хийсвэр ойлголтоосоо салах хэрэгтэй.

-Гэхдээ Сайншанд руу хоолой татаж түүхий тосоор хангаж болно гэсэн биз дээ?

-Сайншанд-Тамсагийн ордын хооронд 545 км урт түүхий тос дамжуулах хоолойг 264 сая ам.доллараар барина гэж бичсэн байна. Хоолойны уртын болон хөрөнгө оруулалтын хэмжээ бодитой биш гэж үзэж байгаа. Унгарын “EUROIL” компанийн урьдчилсан судалгааны танилцуулгад Сайншанд-Тамсагийн ордын хоорондох зайг 644 км гэсэн байдаг. Тэгэхээр хоолойны уртын хэмжээ 100-гаад км-ээр зөрүүтэй. Дулаан уур амьсгалтай зарим улсад түүхий тос дамжуулах ил хоолой тавьсан жишгээс үзэхэд нэг км хоолойг хоёр сая ам.долларын зардлаар барьсан тооцоо байдаг. Тийм жишгээр бодвол Сайншанд-Тамсагийн хооронд 645 км урт хоолой тавихад 1.2-1.3 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарч магадгүй юм. Дээрээс нь Сайншанд-Тамсагийн хооронд түүхий тосыг болон шингэлэгч бодисыг тээвэрлэхийн тулд хоёр хос хоолойг газрын хөлдөлтийн цэгээс доош буюу хоёр метр болон түүнээс доош гүнд тавих шаардлагатай гэж үзсэн байна. Тэр бүхэн нь хөрөнгө зардлыг нэмэгдүүлэнэ. Хоолойг дагасан бусад дэд бүтцийг бас тооцох хэрэгтэй. Жилд 1.5 сая тонн тос тээвэрлэх, 650 км хоолой тавих хоёрын аль нь эдийн засгийн хувьд ашигтай байх вэ гэдгийг маш сайн тооцох хэрэгтэй.

-Үйлдвэртэй болчихвол дотоодын түүхий тосыг тээвэрлэх зам тээврийн нөхцөл бүрэлдэх үү?

-Түүхий тосыг авто цистернээр тээвэрлэх хувилбар байж болохгүй юм. Яагаад гэвэл нэг тонн түүхий тосны тээврийн зардал нь уг тосны өөрийнх нь үнийн 36 хувьтай тэнцэх тооцоо гардаг. Түүхий тосыг авто тээврээр, төмөр замаар, хоолойгоор тээвэрлэдэг. Тамсагаас түүхий тосыг хоолойгоор тээвэрлэх боломжгүй. Жилд 1.5 сая тонн тос тээвэрлэхийн тулд хоолой тавьдаггүй. Учир нь ашиггүй. Хоолойгоор маш том тээвэр хийдэг.

-Дотоодын тосны нөөц, олборлолт багаас гадна, зам тээврийн нөхцөл бүрдэхгүй бол боловсруулах үйлдвэрийг түүхий тосоор яаж хангах юм бэ?

-Дотоодын түүхий тосны ашиглалтын нөөц харьцангуй цөөн жилийн хэрэгцээг хангах, нөгөө талаар жилд олборлох хэмжээ нь боловсруулах үйлдвэрийн хэрэгцээнд хүрэлцэхгүй учраас газрын тос боловсруулах үйлдвэрт зориулан манай хойт хөршөөс газрын тос импортлох шаардлага зайлшгүй гарах болно. Эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед манай талд ноогдох тосоо экспортод гаргаж, тэр мөнгөөрөө импортоор нефть бүтээгдэхүүн гаргах нь ашигтай байж болох юм. Гэхдээ дээр дурдсан Японтой хамтарч байгуулах үйлдвэр барьчих юм бол Оросын талаас Иркутскийн нефтийн компанийн шугамаар нийлүүлж байх гэрээ бий.

-БНЭУ-ын банкны нэг тэрбум ам.долларын зээлээр Сайншандад ГТБҮ байгуулахаар яригдаж байгаа биз дээ?

-Энэтхэгийн Ерөнхий сайд 2015 онд манай улсад айлчилсан үедээ дэд бүтцийн зориулалтаар Экспорт-импортын банкнаас нэг тэрбум ам.долларын зээл олгох тухай зөвшилцсөн. Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Энэтхэг улсын банкны нэг тэрбум ам.долларын зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулах асуудлыг УИХ-д оруулах, төслийн талаар Энэтхэгийн талд танилцуулахыг холбогдох яамдад даалгасан байдаг. Энэ асуудлаар Энэтхэгийн талтай хараахан зөвшилцөж нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа. Гэтэл Засгийн газрын болон бусад сайтад Энэтхэгийн банкны зээлээр Сайншандад жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийг Тамсагийн ордын түүхий тосыг дамжуулах хоолойн хамтаар барих асуудлыг эцэслэн шийдсэн мэтээр мэдээлж байгаа нь буруу.

-Сайншандад барих үйлдвэрийг дагалдаж нефть химийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 30-аад үйлдвэр байгуулна гээд байгаа. Үнэхээр тийм боломж бий юү?

-Зарим сонин, сайтад тийм зүйл бичигдсэн байсан. Манайд яригдаж байгаа 1.5-2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий нэг жижигхэн үйлдвэрээс 30-аад нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулагдах хэмжээний түүхий эд гарахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гадаадын нэг л үйлдвэр нь 10-15 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Тийм олон тооны том үйлдвэрүүдтэй, нийлбэр дүнгээрээ хэдэн зуун сая тонн газрын тос боловсруулдаг нефть химийн үйлдвэрлэлтэй улс орнуудад л дээр дурдсан хэдэн арван нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд байгуулах боломжтой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *