Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Батцэцэг: Mонгол, Японы стратегийн түншлэлийг улам бататгасан айлчлал боллоо DNN.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.


-Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса өнгөрсөн өдрүүдэд манай улсад айлчиллаа. Энэ удаагийн айлчлалын онцлог, үр дүнгийн талаар эхлээд ярихгүй юу?

-Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд манай улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Гадаад хэргийн сайдын түвшний айлчлал тухайн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцдэгээрээ бусад түвшний айлчлалуудаас цар хүрээ, агуулгын хувьд ялгаатай байдаг. Ё.Хаяши сайдын айлчлалаар Монгол, Японы стратегийн түншлэлийн бүхий л асуудлуудыг бид нухацтай хэлэлцэж, зарим асуудлаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж, энэ оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал солилцооны жил” болгон зарласан. Энэ хүрээнд хоёр орны хүүхэд залуучуудад зориулсан олон сайхан арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь ноён Хаяши Ёшимасагийн айлчлалын бас нэгэн чухал агуулга байв.

Айлчлалын хүрээнд сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхлаа. Энэхүү айлчлал нь манай улсын гуравдагч хөрш Япон улстай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

-Монгол, Японы Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Ямар үр дүн хүлээж болох вэ?

-Албан ёсны хэлэлцээний үеэр бид хоёр улсын улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцан солилцоо, консул, соёл, олон нийт, боловсролын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцсон. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг улам бэхжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохирсон. Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа манай тал илэрхийлсэн. Япон Улс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгоход үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Цаашид Хөшгийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах чиглэлд Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ хөндөж байсан бөгөөд түүнээс хойш манай талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж, Японы хөрөнгө оруулагчдыг хамтран ажиллахыг урилаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд Япон улсад айлчлахдаа нүүрснээс устөрөгч гаргах цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Дэлхийн улс орнууд нүүрсхүчлээс ангид байхыг зорьж, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхэд анхаарч байгаа энэ цаг үед нүүрсээр баялаг манай улсын тухайд энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байна. Манай талаас дэвшүүлсэн эдгээр саналуудыг Японы тал нухацтай судалж үзэхээ илэрхийлсэн. Монгол Улс, Япон улсын хооронд 2016 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2019 онд хоёр дахин нэмэгдэж, 585.5 сая ам.долларт хүрсэн. Цаашид тус хэлэлцээрийг үр өгөөжтэй ашиглах хүрээнд худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйл ажиллагааг дэмжих, гарал үүслийн гэрчилгээ зэрэг асуудал хариуцсан дэд хорооны хамтарсан хуралдааныг ойрын үед зохион байгуулах саналыг манай зүгээс айлын талд тавьсан. Сайд Ё.Хаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих санаачилга”-ыг дэмжиж, энэ хүрээнд хамтран ажиллах хэлбэрээ судалж байгаагаа илэрхийлсэн. Цаашид байгаль орчны салбар нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хамтын ажиллагаа байх болно гэдэгт бид санал нэгдсэн. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн асуудлаар идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

-Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр 2017-2021 онд хэрэгжсэн. Дүгнээд хэлбэл…

-Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг маш тодорхой дүгнэж, айлчлалын үеэр олон нийтэд танилцуулсан. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнд баяртай байна. Дунд хугацааны хөтөлбөрт талуудын улс төр, аюулгүй байдал, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд, консул, соёл, олон нийт, боловсролын харилцаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг тусгадаг. Монгол, Японы Стратегийн түншлэлийн 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, аль болох бодитой арга хэмжээг тусгасан баялаг агуулгатай байгуулахаар ярилцлаа. Бэлтгэл ажил хангагдаж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Японы шинэ технологи, ноу хау нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа манай талаас илэрхийлсэн. Айлын тал хэрхэн хүлээж авав?

-Бид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийн талаар Японы талд мэдээлэл өгсөн. Япон улсын ЭСЯ, ЖАЙКА болон Монголын талтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн Японы талын байгууллагууд энэхүү хөтөлбөрийг хэдийнэ судлаад эхэлсэн бөгөөд шинэ Дунд хугацааны хөтөлбөрт энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар тодорхой заалтууд тусгана гэж найдаж байна. Одоо Японы хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалтыг аль болох ойрын үед зохион байгуулж, манай хөрөнгө оруулалтын орчин, тэргүүлэх ач холбогдол өгч буй төсөл, хөтөлбөрүүдээ Японы хувийн хэвшилд танилцуулах ажлыг шуурхайлах хэрэгтэй байна.

-Японы хөрөнгө оруулалтыг татах ямар боломжууд байна вэ?

-Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ихээхэн чухал. Энэ салбарт бидэнд хамтран ажилласан туршлага бий. Тухайлбал, Говь үйлдвэрийг 1980-аад онд байгуулж, Монголын ноолуурыг дэлхийн зах зээлд таниулахад чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн Мобиком, Хаан банк зэрэг хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлсэн амжилтын түүхийг дурдаж болно. Япон улсаас 1990-2020 оны хооронд нийт нэг тэрбум 21.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг худалдаа, нийтийн хоол, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт хийсэн байна. Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 600 гаруй компани манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа нь хамтын ажиллагааны чухал үзүүлэлт юм.

Монгол Улсын хувьд уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс нь дэвшилтэт техник технологи, ноу-хауг нэвтрүүлэх, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай Япон улстай худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь манай улсын хувьд гадаад улстай байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Цаашид энэхүү хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн идэвх, санаачилга ихээхэн чухал юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Япон улсын Засгийн газраас манай хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд тууштай, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Сүүлийн үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр манай хоёр орны залуучууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа энэ чиглэлд түлхүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

-Хөшигийн хөндийн нисэх буудлын чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, устөрөгчийн цахилгаан станц зэргийг байгуулахад Японы талтай хэрхэн хамтран ажиллах вэ?

-Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газар саяхан баталлаа. Үүний дагуу Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн бүтээн байгуулалт хийгдэх бүсүүдийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулагдаж байна. Бүтээн байгуулалтад олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай тул Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Шинэ Зуунмод хотод агаар, төмөр зам, авто замын терминал бүхий олон улсын тээвэр, логистикийн төвийг шинээр байгуулах, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн ТЭЗҮ боловсруулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт Японы талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Япон улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын мөрөөр хоёр талын холбогдох байгууллагууд эдгээр асуудлаар нарийвчлан санал солилцож, хамтран ажиллах нь зүйтэй байна.

-Саяны айлчлалаар Японд манай боловсон хүчин бэлтгэх, энэ талаар дэмжлэг үзүүлэх тухай яригдсан гэл үү?

-Боловсролын салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. 1000 инженерийн төсөл, Гурван коосэн гээд Дунд хугацааны хөтөлбөрт энэ чиглэлд хийгдсэн ажлууд тодорхой туссан байгаа. Энэ удаа бид хүний нөөцийн хөтөлбөрийн баримт бичигт гарын үсэг зурсан.Тухайлбал, 2022 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оны байдлаар, нийт суралцагчдын тоо 400-д хүрсэн. Үүнээс 357 нь төгсөж ирээд төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиуд зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 2022 онд магистрын хөтөлбөрт 15 оюутан, докторын хөтөлбөрт нэг оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуулиудад тус тусын мэргэжлээр суралцуулахаар боллоо.

-Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэж та ярилцлагынхаа эхэнд дурдлаа. Ойн хүрээнд талууд ямар ажил өрнүүлэх вэ?

-Энэхүү тэмдэглэлт ойг бид хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж, манай хоёр улсын ард түмний найрамдлыг улам бататгахын төлөө байна. Монгол Улсын Засгийн газраас хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгуулж, миний бие ажлын хэсгийн даргаар ажиллаж байна.

Тухайлбал, “Монголын соёлын өдрүүд”, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааны тухай эрдэм шинжилгээний хамтарсан симпозиум, 50 жилийн ойд зориулсан номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон нийтэд чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Токио хотноо хоёр орны хүүхэд залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг энэ намар зохион байгуулахаар ажиллаж байна. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын цуврал арга хэмжээний нэг болгож Монгол Улсын Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь “NHK”-ийн концертын танхимд энэ оны сүүлээр тоглуулахаар бэлтгэлийг хангаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *