Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан билээ. Энэхүү хэргийн талаар ИЗНН-ын дэд дарга Б.Батбаатартай ярилцлаа.
-С.Зориг агсны амь насыг егүүтгэсэн хэргийн эзэн холбогдогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж хорьсон байдаг. Тэгвэл Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж тэднийг хэлмэгдсэн тухай мэдээлж, эрүүдэн шүүсэн бичлэгийг дэлгэсэн. Тэд үнэхээр хэлмэгдсэн бол аль хэдийнэ шоронгоос суллагдах юм биш үү?
-Хилс хэрэгт гүтгэгдэж, улмаар ял авсан гэдэг өнцгөөс тайлбарлахад хэргийн нотлох баримт, бусад хавтаст хэрэгтэй танилцаагүй учраас миний хувьд хэлэх хэцүү байна. Гэхдээ ямар ч үед хүний эрх нэн тэргүүнд хамгаалагдах учиртай. Нэг хүнийг хэлмэгдүүлэхийн оронд 99 хүнийг өршөө гэдэг шүү дээ. Ардчилсан улс оронд хууль зөрчиж тамлан зовоох, ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх асуудал байж болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн үндсэн зарчим тунхаглалыг зөрчсөн үйлдлийг “буруу” гэж үзнэ. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэн мөн эсэхийг эцсийн байдлаар шүүх тогтоодог. Өөрөөр хэлбэл, хилс хэрэг үүрсэн эсэхийг Ц.Нямдорж биш, шүүх тогтооно гэсэн үг. Гэмт хэрэгтэн, эсвэл сэжиглэгдэж ял авсан иргэдийг айлган сүрдүүлж дарамтлан зовоох аргаар хэрэг тохож ял оноосон бол мэдээж буруу болно.
-Тэгэхээр ял аваад хоригдож байгаа хүмүүсийг та буруутай гэж бодож байна уу, эсвэл эрүүдэн шүүсэн хүмүүс, тэдэнд даалгавар өгсөн хүмүүс нь буруутан болоод байна уу?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн зүйл заалт хуульд бий. Эрүүдэн шүүх, тамлан зовоох ажлыг зохион байгуулсан гэх тухайн үеийн тагнуулын даргаар ажиллаж байсан Б.Хурц болон түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүст ял өгчихсөн. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүх, тамлан зовоох хүний эрхэд халдсан үйл ажиллагаа явуулсан гэдгээр тэдэнд ял өгсөн юм.Тэгэхээр гэмт үйлдлийнхээ хариуд ялаа авсан байна гэж ойлгоод байгаа. Тиймээс хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй,гэмт хэрэгтэн байлаа ч тэднийг эрүүдэн шүүх ёсгүй.
-Хууль зүйн сайд байхдаа Ц.Нямдорж гэнэт бичлэг задлах болсон нь хардах үндэслэл төрүүлж байгаа. Улмаар мөрдсөн, мөрдөгдсөн хоёр талынхан хоёулаа ял эдэлж байна шүү дээ?
-Ардчилсан улс оронд парламентын үүсэл нь хамтдаа асуудлаа шийддэг байх зарчимд үндэслэсэн. Монгол Улсын нас биед хүрсэн хоёр сая гаруй иргэн нэг дор цуглаад улсынхаа асуудлыг шийдэх боломжгүй. Тэгвэл парламент гэдэг бол төрийн эрх барьдаг, ард түмнээс мандат авсан байгууллага. Тийм учраас улс төрийн шийдвэр гаргагч, хууль тогтоогчид хэргийн нөхцөл байдлыг ил гаргаж ярих нь зохистой байсан уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай. Эрүүдэн шүүсэн, тамлан зовоосон бичлэгийг УИХ дотор биш, шүүх байгууллага ёс горимынх нь дагуу шалгасан бол арай өөр. Хүний эрх гэдэг чинь торгон мэдрэмж шаардсан, тодорхой хил хязгаар дээр очоод зогсох ёстой байдаг.
-Тэгвэл“маш нууц”-ын жагсаалтад орсон энэ хэргийн бичлэгийг УИХ-ын танхимд дэлгэх нь өөрөө хууль бус гэсэн үг үү?
-Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн тэр үйлдлийг нь хардаж үзэх үндэслэл үүсч байгаа юм. Тодруулбал, олон жил Хууль зүйн сайд хийсэн хүн гэнэт яагаад бичлэгийг тухайн цаг мөчид ил гаргаж УИХ-д тавих болов. Урьд нь яагаад хянаж шалгуулахгүйгээр цаг хугацааны тодорхой орон зайд нийтэд дэлгэх болсон зорилго нь хэнд ямар ашиг завшаан гаргах сонирхол байв. Тодорхой ашиг сонирхлоор гаргаж тавьж байна уу, эсвэл даравч далдайна гэдэг шиг бодит үнэн цаг хугацааны хувьд илэрсэн үү гэдэг эргэлзээтэй. Магадгүй үүнийг Ц.Нямдорж биш, харьяалах хууль хүчний байгууллагууд нь шалгаж тогтоосон бол өөр өнцөг болно. Тэгэхээр улстөрчид өөрсдөдөө ашиг хонжоо оноо авах зорилгоор энэ хэргийг ашиглаад байгаа нь хэргийн бодит үнэний ойлголтыг нэг мөр өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хүн болгон өөр өөр өнцгөөс харж, ойлгож байна шүү дээ. С.Зориг агсныг ял авсан хүмүүс хороосон уу, эсвэл тэдэнд хилс хэрэг тохож хорьж дарамталсан уу гэдгийг иргэд ялгаж мэдэхгүй байна.
-Хууль хүчнийхэн цагдаа, тагнуул энэ хэргийг мөрдөж, эцэст нь тухайн бичлэгийг ил гаргасан бол өөр өнцөг болох байсан уу?
-Угаас улстөрчидтэй холбоотой үүссэн хэрэг байх бүрэн магадлалтай учраас тэд энэ хэргээс гар савраа татаж, хол байх хэрэгтэй байна. Энэ хэргийн үнэнийг мэргэжлийн хүмүүс тодруулаасай л гэж хүсч байна. Угаас бодит үнэн хэзээ нэгэн цагт илэрдгийг өнгөрсөн түүхийн жишээнүүдээс ч харж болно.
-Ер нь нууцад хамааруулсан мэдээллийг хэдэн жилийн дараа нийтэд ил гаргах ёстой байдаг юм бол?
-Нууцлах ёстой мэдээллийг маш нууц, онц, энгийн гэж ангилдаг. Нууцлалаас гаргах тухай ойлголт хуульд бий. С.Зориг агсны хэргийг “маш нууц” жагсаалтад хамааруулсан. С.Зоригийн хэргийн нууцлалыг хэсэгчлэн олон нийтэд дэлгэх нь буруу гэсэн үзлийг ИЗНН-ын зүгээс илэрхийлдэг. Хэрэв нууцлалаас гаргах гэж байгаа бол “бүгдийг” нь гарга. Үгүй бол хуулийн дагуу илчлэх хугацаа нь болсон уу гэдгийг нягтлах шаардлагыг тавьж байсан. Видео камерын өмнө ярьсан хоёр гурван өгүүлбэрээс талыг нь тасдаж аваад тавихаар бүхэлдээ эсрэг зүйл болж харагддаг шүү дээ. Түүний адилаар энэ хэргийг нууцлалаас гаргавал бүгдийг нь ил тод нээлттэй болго. Яагаад тэгж хэсэгчилж илчилж байгааг тайлбарлаж чадахгүй байна л даа.
-С.Зориг агсны дурсгалд зориулан түүний хийж бүтээсэн зүйлийг яривал. Мэдээж ардчилсан хувьсгалын удирдагч хүн шүү дээ?
-Ардчилсан хувьсгалын удирдагч гэдэг энэ үг л түүний хийж бүтээсэн бүх зүйлийг тодорхойлоход хангалттай хүрнэ. Харамсалтай нь ардчилсан хувьсгалын удирдагч маань цаг бусаар бусдын гарт хорлогдсон нь Монголын түүхэнд тод үлдэх хар толбо. ИЗНН-ын удирдлагын бүрэлдэхүүн гишүүдтэйгээ хамт С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсэн. Энэ хүний үйл хэрэг, хүсэл мөрөөдөл, тээж явсан үзэл санаа бүдгэрэх ёсгүй. Монголын түүхэнд ийм зүйл дахиж битгий давтагдаасай, ийм зүйл болох ёсгүй гэж бид үзэж байна.
П.САЙНЖАРГАЛ