УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтай ярилцлаа.
-Батлан хамгаалахын сайд, улсын онцгой комиссын орлогч даргын хувиар тань ярилцах гэсэн юм. учир нь улсын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа тул түймэр их гарч байна. Засгийн газар үүнд анхаарал хандуулан ажилласан. Араас нь Ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Батлан хамгаалахын салбарын цэрэг дайчдыг дайчлахаар болж байна…
-Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэйн дээр хур бороо багатай байгаа тул ихэнх нутгаар гандуу байгаа. Үүн дээр нэмээд хэт халалт үргэлжилж байна. Байгалийн энэ хүчин зүйлс, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гал түймрийн аюул өнгөрөгч хавраас хойш огт тасарсангүй. Тиймээс гал түймэртэй тэмцэх энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Манайхан наадмын дараагаас л Засгийн газар түймэрт анхаарал хандуулж байна гэж ойлгоод байх шиг байна. Өнгөрсөн хавраас хойш түймрийн аюулд тухай бүрт нь шаардлагатай арга хэмжээг авч ирсэн. Мөн түүнчлэн зургадугаар сарын дундуур ой хээрийн түймэртэй тэмцэх ажилд Зэвсэгт хүчний дөрвөн ангийн 200 гаруй цэргийн албан хаагч, 20 гаруй техник гарч ажиллаж үүрэг гүйцэтгэсэн. Саяхан түймрийн дэгдэлт ихээр нэмэгдэж онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргасан. Ингэснээр Зэвсэгт хүчний 300 гаруй цэргийн албан хаагч, 30 гаруй техник гал түймрийг унтраах, түүний дэгдэлтийг тогтоох, онцгой байдлын алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэж одоо ч ажилласаар байна.
-Манайхан бол түймэр наадмын дараа л гарсан мэт ойлгоод байна л даа?
-Нийслэлийн ойролцоо түймэр гарсан болохоор түймрийн утаа Улаанбаатарт орж ирэхэд иргэд сошиалаар түргэн шуурхай мэдээлэл түгээж байгаа. Иргэд наадмын дараа том хэмжээний түймэр гарсан юм шиг ойлгоод байгаа юм. бид хаваржингаа түймэртэй тэмцсэн. Энэ он гарсаар нийтдээ 151 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Тухай бүрт нь түймрийг унтраах арга хэмжээ авсан юм шүү дээ. Гал түймэртэй тэмцэх энэ ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Түймэр цурманд орсон гээд анхаарал суларна гэж байхгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүх удирдлагаар хангаж бид наадмын өдрүүдээр ч гэсэн ажиллаж л байсан. Онцгой байдлын зүгээс “Яг одоо зэвсэгт хүчний ангиудын дэмжлэгийг авах шаардлагагүй байна. Говийн бүс нутгуудын аймгуудынхаа онцгой байдлын албан хаагчдыг татан оролцуулж байна. Өөрсдийн хүч боломжоор түймрийг хяналтдаа байлгаж байна” гэдэг мэдээллийг өгч байсан л даа. Долдугаар сарын 15-нд Ерөнхий сайд өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн хийж шаардлагатай арга хэмжээ авах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд надаар ахлуулсан ажлын хэсгийг Батсүмбэрт очиж ажиллах үүрэг өгөөд, өөрөө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд гарсан түймрийн голомтод ажиллахаар хуваарь гарган явцгаасан. Тухайн үед шадар сайд У.Хүрэлсүх мөн Төв аймгийн түймрийн голомтод ажиллаж байсан. Тухайн үед Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнүүд манай орны нийт нутгийн баруун хэсгээс зүүн хойшоо чиглэлтэй нэлээд устай, чийгшилтэй үүл орж ирж байгаа мэдээллийг өгсөн тул шуурхай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Үүлэнд нөлөөлж бороо оруулах экспедициудыг нэмэлт хүчээр дуудан ирүүлж бэлтгэл хангасны дүнд үүл буудаж бороо оруулсан.
-Гэхдээ энэ бүгдийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байна л даа. Үүл буудаж бороо оруулсангүй гэсэн бухимдал ч мөн гарч байсан?
-Үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулахын тулд ус, чийгтэй үүл байх шаардлагатай байдаг. Төрийн ажил алба гэдэг байнга сурталчилаад байдаг зүйл биш. Төрийн ажил тасралтгүй үргэлжилж байдаг юм. Ерөнхийлөгч Баянхонгор аймагт ажиллаж байгаад буцах замаараа мөн Батсүмбэрт очиж түймрийн голомтод ажилласан гээд бүхий л шуурхай арга хэмжээг авсан. Хэт хуурайшилттайн дээр дусал ч бороо орохгүй байсан нь наадмын үеэр түймэр хүрээгээ тэлэх эрсдэлийг бий болгосон. Иргэдийн зүгээс сайхан санаачилга гарган цэргийн албан хаагчид, онцгой байдлын албан хаагчдаа дэмжих, түймрийн бүст очиж ажиллах гэх мэтээр том тус хүргэсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс иргэдийн энэ санаачилгыг дэмжихийн дээр иргэдийг эрсдэлд оруулахгүй байх талаар онцгой арга хэмжээ авч ажиллахыг тодорхой үүрэг болгосон. Ойн түймэр тийм амар унтарчихдаггүй. Онцгой байдлын мэргэжлийн албад зэвсэгт хүчнээс дэмжлэг авъя гэхээсээ илүү бусад газруудаас хүн хүчээ татаж ажиллуулж байна гэдэг чинь цэргүүдийг эрсдэлд орж болзошгүй гэдэг утгаараа тэгсэн хэрэг. Хүний амь наснаас эхлээд газрын зүг чиг баримжаа алдан төөрөхөөс эхлээд эрсдэл бий. Монгол Улсын байгалийн тэнцвэр маш амархан алдагддаг. Тиймээс цаашид ч гэсэн гал түймрийн аюул биднийг заналхийлсээр байх болно. Хоёр жилийн өмнө Зүүн аймгуудад том түймэр гарч сүйдлэх дөхсөн дөө. Тийм учраас өмнөх парламентын үед чуулганы хуралдаан дээр би онцгой байдлын албыг чадавхжуулах асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж байсан. Онцгой байдлынхаа албанд нэг ам.доллар зарцуулж чадаагүй улс орон гамшиг ослын үед долоон ам.доллар зарцуулдаг гэдэг тооцоо байдаг.
-Тэгээд Засгийн газар анхаарал хандуулж байгаа юм уу?
-Бусад орнуудад байгаль цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой аюул занал гарсаар байна. аюулыг зайлуулахын тулд хэрхэн тэмцэж байгаа болон шинэ техник, технологи ямар арга зүйг нэвтрүүлэв гэдгийг судлаад засгийн газарт оруулж ирэх үүрэг даалгаврыг өгсөн. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Гал түймрийн үед үүлэнд зориудаар нөлөөлж чадсаны хүчинд бороо хур сайн орж түймрүүд цурмандаа орсон. Гэхдээ ойн түймэр хөвдөн доогуураа явдаг тул хуурайшилт, халалт үргэлжилбэл дахин дэгдэх магадлалтай байгаа. Монголчууд гал түймрээс сэргийлэх уламжлалт арга зүйтэй явж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ алга болсон. Гал түймрийн 70-80 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж гарч байгаа судалгаа бий. Тиймээс иргэд туйлын анхаарал болгоомжтой байх хэрэгтэй нь харагдаж байгаа юм. Өчүүхэн төдий анхаарал болгоомжгүй байдлаас болж ямар айхтар аюул болж ямар их хэмжээний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө урсаж байгааг мэдэж байгаа, манайхан.
-Онцгой байдлынхан цэргүүдийн амь нас эрсдэлд орохоос сэргийлж өөрсдийн нөөц боломжоороо ажиллаж байгаа гэлээ. Тэгэхээр цаашид цэргүүдэд ч гэсэн түймэр унтраах талын мэдлэг олгох шаардлагатай болж байх шиг байна, тийм үү?
-Бүх зүйлийг ил яриад байж болдоггүй юм. 2016 оны намар УИХ Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг батласан. Уг хуулиар Төрийн цэргийн байгууллагуудад Онцгой байдлын алба, Хилийн цэрэг, зэвсэгт хүчин нэгдэж ажиллах боломжийг бий болгосон. зуд, түймэр, үер усны гамшиг боллоо гэхэд онцгой байдлын алба нь тэргүүлээд зэвсэгт хүчин нь дэмжлэг үзүүлж ажиллана. Нэг үгээр хэлбэл харилцан уялдаатай ажиллахаар хуульчилсан. Зэвсэгт хүчний анги байгууллагууд байнгын бэлэн байдалд байдаг. Тухайлбал, зэвсэгт хүчний ангиудад томилгоот бүлгүүд бий. Гал түймрийн томилгоот бүлэг тэнд байнгын бэлтгэл сургуулилттай байдаг юм. Томилгоот бүлгүүд дээр дахин хүн хүч, техник нэмэх шаардлагатай гэвэл нэмэлтээр хүн гаргадаг. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд, хэвлэл мэдээлэл маш хүчтэй. Гэтэл сошиалаар мэдээлэл бодит бус байсан ч маш хурдан, хүчтэй тарж байна. Харж байхад Төрийн цэргийн байгууллагууд хоорондоо огт уялдаа холбоогүй, ямар ч бэлтгэл байхгүй мэт мэдээлэл гарч байгаа. Үнэндээ тийм биш. Нягт уялдаатай ажилладаг. Нарийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ нь өөрөө нууцын зэрэглэлтэй учраас тэр бүр дэлгээд байж болдоггүй л дээ.
-Гал түймрийн үед ашиглах ямар тоног төхөөрөмж авахаар болсон юм бол?
-Засгийн газраас шийдвэр гарч хамгийн орчин үеийн онгоц, тоног төхөөрөмж, судлаад иж бүрэн хөтөлбөр төсөл болгон боловсруулаад оруулж ирэхийг үүрэг болгосон. Хувийн хэвшлийн нисдэг тэрэгтэй хүмүүс түймэр унтраах ажилд оролцъё гэж байгаа. Хүмүүсийн дунд, эрх баригчид хувийн хэвшлийн онгоцуудыг ашиглуулахгүй байна гээд мэдээлэл байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат засгийн газрын хурал, Онцгой комиссын хурал дээр маш тодорхой хэлсэн. Хувийн хэвшлийн нислэгийн компаниуд бүгд оролцъё гэж байгаа. Зарим онгоц нь хоёр тонны ус зөөвөрлөн даацтай. Үнэ төлбөргүй нислэг үйлдье гэдэг санал тавьсан гэж байсан. Тэр онгоц нь түймэр унтраах ажилд оролцож байгаа шүү. Даанч түймэр унтраах зориулалттай биш ойн хортон шавьж устгах гэх мэт өөр зориулалтынх тул түймрийн голомтод төдий л нөлөө үзүүлж чадахгүй байгааг онцгойгийнхон хэлж байна лээ. Хоёр тонн усыг бороожуулах маягаар цацаж байгаа тул нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Доор нь улаан гал дүрэлзэж байхад дээрээс нь цэцэг усалж байгаа мэт ус бороожуулж цацахаар нөлөөлөхгүй байгаа юм билээ. Гадаадын орнуудын хувьд том хэмжээний онгоцоор бөмбөгдөх маягаар түймрийн голомтод их хэмжээний усыг тэр чигт нь дээрээс нь асгаж цохилт өгдөг. Энэ нь илүү үр дүнтэй юм билээ. Цаашид бусад орнуудад ашиглаж буй онгоцноос зүүдэг ус хутгах томоохон нөөц савтай онгоцтой болох ёстой. Тэр нь тодорхой усан сан нуураас 4-5 тонн усыг шууд хутган аваад түймрийн голомт дээр цохилт хийж унтраадаг. Ер нь газар нутгуудыг бүхэлд нь хяналтдаа байлгаж байгаад түймэр илрэнгүүт мэргэжлийн бүлгүүдийг аваачин буулгаж түймрийг унтраах, дахин дэгдэхгүй байх ажлуудыг хийгээд явах шаардлагатай байгаа юм.
-Танай салбараас түймэрт ашиглачихаар нисдэг тэрэг байхгүй юу?
-Манай зэвсэгт хүчний мэдэлд хоёр нисдэг тэрэг байна. ноднин ашиглалтын хугацааг нь сунгах ээлжит их засвар хийгдсэн нисдэг тэрэг бий. Онцгой байдлын албантайгаа хамтран шүхэрчид, мэргэжлийн бүлгүүдийг хүргэж өгөх, буцааж авах ажлуудыг тасралтгүй хийж байгаа.