Байгаль Орчин, Аялал Жуучлалын Яам (БОАЖЯ)-тай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцон хариулт өгөх хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр автомашин угаалгын газруудад саарал ус хэрэглэх, ийм боломж байгаа эсэх талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр: “Саарал усны систем, ерөнхий шаардлага”-2015 стандарт, “Цэвэршүүлсэн ус дахин ашиглах тухай”-2018 стандартууд байдаг. Мөн 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн Засгийн Газрын тогтоол дээр Улаанбаатар цэвэрлэх байгууламж 2019 оны тавдугаар сарын 15-ны дотор багтааж цэвэршүүлсэн усыг дахин ашиглах ажлыг даалгасан.
Машин угаалгад саарал усыг ашиглах тухай асуудал шинэ асуудал биш. 2020, 2021 онуудад Байгаль орчин, Аялал жуучлалын сайдын албан даалгавар тушаал удаа дараа гарч холбогдох автомашин угаалгын газрууд болон бусад яамд хэрэгжилтийг хангуулахаар ажилласан байдаг. Монгол Улсын Засгийн газрын тогтоол нэгэнт гарсан бол хэрэгжих ёстой.
Ашиглалтын хэлбэр дээр хязгаарлалтыг гаргаагүй
Өнөөдөр технологийн хувьд маш олон боломжууд байна. Зөвхөн саарал усаар угаа гэсэн шийдвэрийг гаргаагүй. Уураар ч угааж болно. Ашиглалтын хэлбэр дээр хязгаарлалтыг гаргаагүй. Цэвэр усаар машин угаахыг шууд хориглоогүй байгаа. Хориглоно гэдгийг урьдчилан сануулж хэлсэн. 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр гарсан засгийн газрын тогтоолд хяналт тавих ажил үргэлжлээд явж байна” гэсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа 10 орны нэг нь Монгол Улс бөгөөд Монгол Улсын гадаргын ус 98 хувь. Үүний 60 хувь нь гадагш урсацтай. Газрын доорх ус 2 хувь. 2011 онд олон улсын байгууллагын хийсэн судалгаа шинжилгээгээр Өмнийн говийн хэсэгт 2030 он гэхэд усны хэрэгцээ нь хэрэгцээгээ давна гэсэн тооцоо гарсан гэдгийг тэрбээр мэдээллийнхээ үеэр хэлж байсан юм.
Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж үнэ өртөг ихтэй учир энэ шийдвэр хэрэгжих боломж байгаа эсэх талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр: “Усны хомстолт орчихсон байгаа энэ цаг үед тоног төхөөрөмж үнэтэй, аж ахуйн нэгжүүд бэлэн биш байна гэсэн үндэслэлээр энэ шийдвэрийг хойшлуулж өгөөч гэж байгаатай санал нийлэхгүй байна. Учир нь энэ асуудлыг 2015 оноос хойш ярьж байгаа.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиас төвлөрүүлсэн орлогоос дэмжлэг үзүүлэх боломжийг БОАЖЯ-наас олгож байгаа мөн ногоон зээлийн санхүүжилтийг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Тиймээс төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байгаа ч цэвэршүүлсэн усны тоног төхөөрөмж тавьж ажиллахад бэлэн байгаа аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтын сангаас эхлээд хандаад явах эрх нь байгаа” гэсэн юм.