Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй DNN.mn

Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Энэ жил Монголд зочлох жил гэдгээрээ аялал жуулчлалын салбарт онцгой үе тохиож байна. Энэ хүрээнд гадаадын олон жуулчин манай улсыг зорин ирж, буцсаар байна л даа. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс хэдэн жуулчин хүлээж аваад байна. Цаашид жуулчдын тоо хэд хүрэхээр байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ жилийн хувьд эхний жил учраас суурь ажлуудыг бид маш сайн хийхээр ажиллаж байна. Тухайлбал эрх зүйн орчныг маш ойлгомжтой, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох, аялал жуулчлалын бүсчлэлийг нарийвчлах, хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх, агаарын тээврийг либералчлах, визнээс чөлөөлөх зэрэг суурь ажлууд хийгдэж байна. Бид нэг саяас давсан жуулчин авах стратегийг гарган ажиллаж байгаа. Яг өнөөдрийн байдлаар 350 мянга орчим жуулчин ирээд байна. -Зарим аялагч, жуулчдын хувьд дэлхий дахинд танигдсан алдартай хүмүүс ирж байна. Эдгээр хүмүүсийн зарим нь Монголыг сурталчилсан контент бэлтгээд буцаж байх шиг. Энэ нь мэдээж манай улсын хувьд бүх талын ашигтай байх. Яамны зүгээс цаашлаад Засгийн газрын зүгээс энэхүү чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Нэгдүгээрт гадаад сурталчилгаа. Хоёрдугаарт дотоод сурталчилгааг гадагш чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл танигдсан, нөлөөлөгч, нэртэй хүмүүсийг эх орондоо авч ирэхийн тулд ажиллаж байгаа гадаад сурталчилгааг сайн явуулах, тохиролцох, гэрээ байгуулах, сурталчилгааны сувгуудаа тодорхойлох гэсэн үг. Энэ утгаараа аль болох алдартай нөлөөлөгчдийг эх орондоо авч ирэхийг зорин ажиллаж байгаа. Ирсэн хүн бүхэн уулга алдаж байгаа тэр мэдрэмжийг бид тухайн хүмүүсээр дамжуулан хүргэх нь чухал. Энэ нь дотоод сурталчилгааг гадагш буюу эх орныхоо гоё сайхан бүхнийг нөлөөлөгчдөөр түгээх ажил гэсэн үг. Удахгүй “Nas, daily” нарын 400 гаруй сая дагагчтай 20 гаруй нөлөөлөгчдийг авч ирэхээр болж байна. Энэ нь бид эх орноо энэ жил сайн сурталчилж ирэх жилүүдийн жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг авч байгаа гэсэн үг юм.

-Таны хувьд Солонгосоос ирсэн топ моделиудыг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтыг олон нийт сошиал орчинд янз бүрээр шүүмжилж, санаа бодлоо илэрхийлсэн. Зарим нь Монголын төр арай л жижиг байна гэх юм. Үүнд таны байр суурь ямар байгаа вэ. Яагаад тэр хүмүүсийг хүлээн авч уулзав?

-Нэгдүгээрт бид төр юу хийх ёстой вэ гэдгээ мэддэг байх ёстой. Төр гэдэг нь дээр залсан бурхан мэт намбайсан чимээгүй байх тухай биш ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын тулд ажиллах ёстой гэж боддог. Төрийн төлөө иргэн оршдоггүй. Иргэний төлөө төр оршдог гэдэг үг бий. Бид эдийн засгийн эргэлтийг сайжруулж, тэлэлтийг хийх хэрэгтэй. Аялал жуулчлалын салбарын нөлөөллөөр 16 орчим салбар үр өгөөжийг нь хүртэж байдаг. Үүний ард дандаа монгол хүний ажил, орлого яригдана. Нэг жуулчин ирэхдээ онгоцоор ирж агаарын тээврийн салбарт орлого оруулна. Буугаад автобус, такси, автомашин түрээслэж, төлбөрөө төлж үйлчлүүлнэ. Энэ нь тээврийн салбарт оруулж буй орлого. Зочид буудалд бууж таарна. Энэ нь зочлох үйлчилгээний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт. Мэдээж идэж ууна, үйлчилгээ авна. Энэ нь хүнсний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт. Соёл урлагийн тоглолт үзнэ. Мөн л соёл урлагийн салбарт оруулж буй хөрөнгө. Хөдөө явна. Малчид дээр маань очно. Төлбөрөө мөн л төлнө. Ингээд бодоод үзэхээр олон салбарт мөнгөө үлдээж байгаа юм. Ер нь нэг жуулчин ирэхэд 1000-1200 ам.доллар эх оронд минь үлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг сая жуулчин ирэхэд 1-1.2 тэрбум ам.доллар үлдэнэ. Монгол төгрөгөөр бол дунджаар 4.5 их наяд төгрөгийг үлдээж байна гэсэн үг. Нэг хүнээс нэг сая хүнд үйлчлэхэд үзүүлэх нөлөөлөл өндөр. Тэр хэмжээгээр ажлын байр, орлого нэмэгдэж байгаа.

-Солонгос моделиудын тухайд та хариулаач…?

-Саяны моделиудын хувьд хэлэхэд Тоурайд гэдэг компани шинэ зах зээлд ажиллахаар ажиллаж байгаа юм байна лээ. Тухайлбал БНСУ-ын фото моделиудыг дэлхийн тавцанд гарахад Монголын сайхан байгаль, өвөрмөц тогтоц, цаг уурын нөхцөл байдал их том суурь гэж өөрсдөө хэлж байсан. Тухайлбал Солонгост байхгүй мөнх цаст уул, хүрхрээ, далай мэт их элс, цэнгэг нуур, нэг ч уулгүй хээр тал гээд л. Мөн нэг өдөрт жилийн дөрвөн улирлын зураг авалтыг шууд хийх боломжтой газар бол Монгол Улс. Солонгос Улс фото моделиудаа дэлхийд гаргахаар ажиллаж байна. Энд хамгийн том түшиц газар нь Монгол. Таван сая дагагчтай фото моделиуд ирсэнээр, магадгүй цаашдаа энэ тоог нэмэгдүүлсэнээр манай улс хичнээн жуулчин авах боломж бүрдэж байна гэж бодож байна. Таван сая дагагчийн 10 хувь буюу 500 мянган жуулчин ирэхэд л манай сая жуулчны тавин хувь шууд бүрдэж байгаа юм шүү дээ. Засгийн газрын гишүүд, сайд нар эдийн засгаа тэлж, ард түмнийхээ сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хийх бүхнээ хийх үүрэгтэй хүмүүс. Би ажлаа л хийж байна. Энэ бол аялал жуулчлалын сайдын хийх ёстой ажил.

-Манай улсыг зорин ирэх жуулчдын хөл хөдөлгөөн 11 дүгээр сар хүртэл эрчимтэй үргэлжлэх болов уу гэж бодож байна. Ирж байгаа жуулчдаас тийм хэмжээний ашиг орлого бүрдүүллээ гэхээс илүү тухайн жуулчдын аюулгүй байдал, сэтгэл ханамжтай буцаах зэрэг нь том асуудал байх. Энэ чиглэлд яамны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна. Буцаж байгаа жуулчдын сэтгэл ханамж өндөр байна уу?

-Бид жуулчдад зориулсан үнэлгээний системтэй болсон. Ресторан, зоогийн газрууд, нисэх буудал, зочид буудал, такси гээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагууд энэхүү системийг жуулчдадаа өгч үнэлгээ хийлгэх боломжтой болсон. www.reviewmongolia.com/28# гээд хаягаар ороод шууд үнэлгээг хийж байна. Эндээс бид сэтгэл ханамжийн мэдээлэл, засч сайжруулах мэдээллээ мөн авах болно.

-Манайд ирсэн зарим жуулчид Монгол Улс үзэсгэлэнтэй сайхан байгальтай ч түүнийг үзэж сонирхож явахад зам, дэд бүтэц тааруу байна гэх юм. Үүнтэй та санал нэг байна уу. Цаашид ирэх жуулчдын тав тух, аюулгүй байдлыг бид хэрхэн хангах ёстой юм бэ. Үүнд чиглэсэн төрийн бодлого яаж явах учиртай вэ. Мөн хувийн хэвшлийн оролцоо үүнд чухал байх, тийм үү?

-Засч сайжруулах бүхнийг засч сайжруулаад л явна. Тухайлбал Хөвсгөл аймагт Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Ашихай гээд 37.9 км авто замыг тавьж байна. Шаардлагатай бүх зогсоол, танин мэдэх музей, төвүүдийг барьж байгаа. Орон нутагт дотоодын нислэгийг нисгээд эхэлсэн. Энэ үргэлжилнэ. Бид аялал жуулчлалын бүсийг бий болгоогүй учраас энэ бүх асуудал нэг дор хуралдсан байгаа юм. Төрөөс шийдэх бүхнээ шийдээд явна.

-Энэ жил Монгол Улсын нийт нутгаар хур бороо арвинтай байна. Үүнээс улбаалж зарим газар нутагт тэр дундаа нийслэлийн бүс газруудад цаг агаарын нөлөөллөөс үүдсэн асуудлууд их байна. Ялангуяа үерийн дараах байгаль орчны бохирдол, хөрсний бохирдол аюулын түвшинд хүрсэн гэх юм. Үүнд танай яамнаас судалгаа шинжилгээ хийж үзэв үү. Хариу дүгнэлт хэрхэн гарч байна. Нэмээд асуухад нийслэлийн ундны ус болсон Туул гол үертэй байгаа. Үүнээс шалтгаалж, ундны усны бохирдлын хэмжээ нэмэгдэж байгаа юу?

-БОАЖЯ-ны ундны усны стандартын дагуух шинжилгээг Монгол Улс даяар хийсэн. Хангалтгүй гарсан. Төрийн байгууллагууд стандартаа барихгүй, аж ахуйн нэгжүүд хууль дүрмээ мөрддөггүйтэй л холбоотой асуудал. Бороо ордгоороо орно. Ус урсдаг газраараа л урсана. Бид стандартаа зөрчсөн үйлдлүүдээ зогсоох хэрэгтэй. Таны асуултад товчхон хариулахад ийм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэвэл энд яриад барахгүй олон үзүүлэлт, шалтгаан, судалгаа бий. Тиймээс шаардлагатай гэвэл манай яамны холбогдох газар, хэлтсээс хувь хүн хүссэн мэдээллээ авч болно.

-Томоохон нуур, гол мөрөн дагуу аялагчдын хөл их байна. Үүнийг дагаад хог хаягдлын асуудал яригдаж байгаа. Яамны зүгээс хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн соёлыг зөв чиглэл рүү болгох асуудалд ямар ажил хийж байна вэ?

-Аялагчдын хандлага, эх орондоо байгальдаа хайртай байх, эргээд бид энэ орчиндоо амьдарна гэдэг ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа нь үнэн. Хоносон газраа сүйтгээд явчихаж байна. Хогоо дуртай газраа хаяж байна. Аваад явсан бол аваачаад хогийн цэгт нь хаячих төлөвшилтэй байх хэрэгтэй. Хог хаягдал цэвэрлэх ажлыг БОАЖЯ байнга хийж байгаа. Хэдэн зуун машин хогийг түүж, хогийн төвлөрсөн цэгт аваачиж хаяж байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Гадаадын жуулчид хэрэглээнээсээ гарсан хогоо авч явж байгаад яг хог хаях цэгт нь очоод хаячихаж байна. Гэтэл манай дотоодын аялагчид, амрагчид маань тэр хандлага соёл арай л дутуу байна уу даа гэж харж байгаа. Ер нь хогийг хогийн саванд хийх ёстой гэсэн хандлагыг зуршил болгомоор байгаа юм. Зарим нь мэддэг ч “за ганц удаа л хаялаа” гэх үзэлтэй байдаг. Энэ бол зуршил болж чадаагүй гэсэн үг. Тиймээс хогийг хогийн саванд хаяж сурах зуршлыг нийтээрээ эзэмших, ойлгох хэрэгтэй байна.

-Өнгөрсөн хаврын чуулганаар Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуулийн голлох өөрчлөлт юу байв. Одоо хэрэгжилт ямар байна. Цаашлаад аялал жуулчлал, байгаль орчны салбарт дутагдаж байгаа эрх зүйн зохицуулалт юу вэ?

-Нэг үгээр хэлбэл эдийн засгийн тэлэлт хийх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Аялал жуулчлалын салбарын гол ашиг хүртэгчдийн нэг нь тухайн нутагт амьдарч буй иргэд байх ёстой. Тэр ч утгаасаа нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх концепцийг оруулж өгсөн. Мөн манай улсад ирсэн жуулчдад тулгардаг бэрхшээлүүдийн нэг нь жорлон буюу ариун цэврийн байгууламж байдаг. Хэрвээ тухайн аж ахуйн нэгж ариун цэврийн байгууламж байгуулбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх хэлбэрээр буцаан мөнгийг нь олгоно. Мөн татварын буцаан олголт хийхээр болсон гээд ач холбогдол талаасаа эдийн засагтай их холбогдож байгаа.

-Аялал жуулчлалын тухай хуулиар тусгай зөвшөөрлөөр ан, агнуур хийлгэх асуудлыг дуудлага худалдаагаар зохицуулах болгосон. Үүнд дотоодын аж ахуйн нэгжүүд оролцох боломжгүй, оролцсон ч дуудлага худалдаагаар зөвшөөрлийг нь авах эдийн засгийн болоод оролцоо дутаж байна гэх юм. Энэ ямар учиртай юм бэ. Ер нь дуудлага худалдаагаар зохицуулж байгаа нь ямар ач холбогдолтой вэ?

-Аялал жуулчлалын тухай хуулиар биш Зөвшөөрлийн тухай хуулиар ан, агнуурын зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгохоор заасан. Харин ч таны асуусны эсрэгээр буюу дотоодын аж ахуйн нэгжүүд л оролцох эрхтэй байгаа. Хэдхэн хүний халаасанд ордог байсан мөнгийг хаасан. Энэ нь магадгүй тухайн хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байх. Харин ч нээлттэй, шударга, ил тод зарчим руугаа орж байгаа.

-Өөрөөр хэлбэл энэ хуулийн өөрчлөлт Агнуурын бүс нутгийн менежментийн тогтолцоог эвдсэн эрх зүйн зохицуулалт болсон гэдэг өнцгөөр шүүмжилж байна л даа. Та үүнд тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Халаасанд нь ордог байсан мөнгө алга болсон хүний үг байна. Харин ч эсрэгээрээ жинхэнэ менежментийн хэлбэртээ орж байгаа.

-Төр угтаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тэдний орлого олох нөхцөлийг нь хаах ёсгүй биз дээ. Одоо дуудлага худалдаагаар асуудлыг зохицуулахаар энэ салбарт олон жил явсан аж ахуйн нэгжүүд хаагдах, орлого нь тасрах, бизнесийн үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй биш үү?

-Би дахиад хэлье. Дотоодын аж ахуйн нэгжүүд орлого алдахгүй. Хуучин тогтолцоо нь хэдхэн хувь хүний халаасанд ордог байсныг аж ахуйн нэгжийн дансанд ордог болгосон гэж ойлгоорой.

-Наадмын өмнө Монголын эдийн засгийн форум (МЭЗФ) болсон. Энэхүү чуулганы үеэр БОАЖ-ын салбарын хөрөнгө оруулалт, энэ салбарын хөгжилд ач холбогдол өгөх төсөл, хөтөлбөр юу яригдав. Хэрэгжих зүйл юу байна вэ. Нөгөөтэйгүүр энэ салбарын яг аль чиглэлд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүү татаж байна вэ?

-МЭЗФ-оор олон асуудлууд яригддаг. Олон ч жил яригдсан. Ганцхан эргэлзээн дээр очоод зогсдог. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс хамгаалах эрх зүйн тогтолцоотой юу, хөрөнгө оруулагчдаа хамгаалах уу гэдэг асуулт. Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ үүнд маш тодорхой хариултыг өгсөн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг болон хөрөнгө оруулалт, хөрөнгийг хамгаална гэдгээ нээлттэй зарласан нь олон хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн байх. Манай салбарт бол мэдээж аялал жуулчлал талдаа түлхүү хөрөнгө оруулалт яригдаж байна. Сая батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хөрөнгө оруулалтыг татах хүрээнд Улсын аялал жуулчлалын бүсийг гаргахаар оруулсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл санал болгох эрх зүйн орчин бүрдсэн гэсэн үг юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл тодруулж асуухад, Бээжин рүү монголчууд хувийнхаа автомашинаар зорчих, аялах боломжтой болгоно гэж байсан. Энэ талаар танд мэдээлэл бий юу. Ийм болох боломж хэр вэ?

-Энэ оны есдүгээр сард Ухань хотноо БНХАУ-Монгол-ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын дээд хэмжээний уулзалт болно. Тус уулзалтаар “Цайны их зам” буюу Эдийн засгийн коридор Ази Европыг холбосон Торгоны замыг сэргээх асуудлаар шийдэлд хүрэхээр хэлэлцэгдэж байна. Энэхүү гурван улсын уулзалт амжилттай болбол таны хэлсэн асуудлууд бүрэн шийдвэрлэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *