Кино зураглаач З.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монгол кино үйлдвэр”-т 1960 онд дагалдан оператороор орсон түүхтэй. Монголын түүхийг кино хальсанд буулгах түүний их ажлын жилүүд эндээс эхэлсэн. Тэрбээр улсын наадмыг 15-20 жилийн турш кино хальсанд буулгасан хүн. 150 баримтат кино, 300 гаруй кино мэдээ, сюжет бэлтгэсэн гэнэ шүү. Наадмын үеийн кино зураглаачийн хөдөлмөрийн талаар түүнээс эхлээд сонирхсон юм.
-Кино хальс нарийн. Мэдрэмж шаарддаг. Наадмын үеэр гэртээ байна гэж үгүй. Наадмаар ажиллах их гоё. Лагерьт байлаа гэхэд өглөө тусгай машин очиж авна. Орой ажил тарахад хүргэж өгнө. Сайхан байсан. Одоо хүүхдүүд маань “Наадам үзэх үү” гэхээр нь “Юу ярьж байгаа юм. Насаараа наадам үзлээ, юуг нь үзэх юм” гэдэг. Кино бас нэг их үзэх сонирхолгүй. Киноны сургуульд сурч байхад өглөө зургаан цагаас орой найман цаг хүртэл кино үзнэ. Лаборатори 24 цагаар ажилладаг. Өлсөж цангахаа ч анзаарахгүй ноцолддог байж. Одоо бол наадмаар телевиз хараад сууна. Бөхчүүдийг андахгүй. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид мундаг байхад “Чиний тухай кино хийе” гэхэд хийлгээгүй. Б.Бат-Эрдэнэ их шүтлэгтэй. Цэцэглэж байхад нь кино хийсэн бол сайхан залуу нас нь үлдэхгүй юу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын тухай “Аваргын дэвжээнд” кино хийж байлаа. Наадмын үеэр 3000-аад метр цэвэр плёнк өгнө. Харагдсанаа аваад байж болохгүй. Секундэд 24 кадр явна. Плёнк аваад нарийн тооцоотой зарна шүү. Хэтрүүлж хэрэглэвэл өрөнд орно. Нэг кино мэдээнд 2000-аад метр хальсны зөвшөөрөлтэй. Угаахад тусгай ажилчинтай, Монгол кино үйлдвэр 500 ажилчинтай, мундаг ажиллаж байсан. Жилд таваас зургаан кино хийнэ. Баримтат кино тоймгүй олон хийнэ. Кино камер үүрчихээд, фото аппараттай явахад хэцүү. 27-28 орноор явсан. Зураг үлдээгүй хэмээн хуучиллаа.
-Та олон наадмаас бичлэг хийжээ. Социализмын үеийн наадам, одоогийн наадам өөр үү?
-Ер нь үйл явдал нь адилхан шүү дээ. Их насны морь, наадмын нээлт хаалт бүгд л адилхан. Хамгийн гол нь морины гарааг нисдэг тэргээр авдаг байлаа. Тэгэхэд хурдан морийг нисдэг тэргээр дагах зардал өгдөг байсан даа. Монгол кино үйлдвэрээс нэг оператор, телевизээс нэг оператор, гэрэл зурагчин нэг гээд тоотой хэдэн хүнд үнэмлэх өгдөг. Моринд явдаг байсан. Жил жилийн наадмаар кино зурганд явчихаагүй бол наадмын зурганд ерөнхий оператороор ажиллаж байсан л даа.
-Агшин хором алдвал хэцүү байх даа. Яаж бүхнийг амжуулах вэ тусгай арга техник байв уу?
-Арга техник байхгүй. Тэр үед одоогийнхтой адилгүй, аппарат гацна. Аппаратаа үүрээд, плёнкоо халаасандаа хийчихнэ. Гацсаныгаа дор нь сольж хийнэ шүү дээ. Бүх юм бэлэн явна. Аппарат 7-8 кг. Түүнийгээ бариад гүйчихнэ шүү дээ. Хөлс мөлс урсах хамаагүй ээ. Цуг явсан хамаатны фоточин “Хамар нь сарталзаад дайраад ордог” гээд намайг шоолоод байсан. Үйл явдлаас хоцорч болохгүй учраас дайрч орохоос өөр арга байдаггүй. Бүх юм механик, намдаад байвал гараа өргөж байгаад л таамгаараа авна. 1984 онд Кубад чуулганд Ж.Батмөнх дарга явсан. Ямар ч улсад эхлээд сэтгүүлч, сурвалжлагчид онгоцноос буудаг. Онгоцноос буусан чинь хүнгүй байсан. Нэг харсан Фидель Кастро байж байна. Тэгэнгүүт НАХЯ-ныхан намайг шууд өргөж аваачаад, өөр газар тавьчихаж байгаа юм. Германд сүйдэлнэ. Өшиглөнө. Гуя руу “аваад” хаяна. Өвдөхөд ялархах юм байхгүй, улангассан юм шиг дайрна шүү дээ. Арав хорь, гуч дөчин хүн буцалж байна. Айлчлалын зурагт гар барьж байгаа зураг, эсвэл цэцэг нь байхгүй байж болохгүй. Ю.Цэдэнбал даргатай явахад Хотын намын хороо, Соёлын яаманд зургаа үзүүлнэ. Тийм зураг алга байна. Сайхан болж гэх мэт дүгнэлтийг Филатово гуай л хэлнэ. Дарга юм хэлэхгүй.
-Шагнал урамшуулал авч байсан уу?
-Д.Бямбасүрэнгийн үед Засгийн газрын жуух авсан юм. Соёлын тэргүүний ажилтанг залуудаа авсан. Кино үйлдвэрийн 60 жилийн ойгоор Алтангадас авсан юм.
-Улаанбаатарт болсон үерийн үеэр та бас зураг авсан уу?
-1966 оны үерийн дараахан төгсч ирсэн. 100 айлд зуун гэр бариад, үерт нэрвэгдэж, гэр оронгүй болсон хүмүүст өгч байсан. Тэр үеийн зургийг бол авч байсан.
-Ингэхэд аав, ээж тань малчин хүмүүс байв уу?
-1939 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Зүүн бүслүүр гэдэг газарт малчны гэрт төрсөн хүн. Аав маань Зандан гэдэг хүн байсан.
-Багадаа юу сонирхдог хүүхэд байв?
-Багадаа малд явдаг. Сургуульд бүжгийн дугуйланд явна. Фото зураг сонирхдог. Ес, аравдугаар ангид байхдаа “Зорький” аппараттай болсон. Фотогийн дугуйланд явдаг. Байшин сав, найзуудынхаа зургийг аваад шөнөжин угаагаад зарим нь ч өөдтэй зарим нь өөдгүй юм гарна.
-Яаж яваад кино зураглаач болчихов?
-Эцэг, эх өөд болооч эгчтэйгээ амьдардаг байлаа. 1959 онд их сургуулийн бэлтгэл ангид орсон. Оюутнууд хөдөө ажилд дайчлагддаг. Эгч маань бие нь муудаад ажил хийх аргагүй болсон. Тэжээх хүн байхгүй. Их сургуулийнхандаа үнэнээ хэлээд сургуулиас гарсан даа. Кино үйлдвэрт гоё зураг авдаг хүн ажилладаг гэж хүнээс дуулсан. Нутгийн хүнээ сураглаж байгаад очсон. “Би фото зураг авах дуртай. Дагалдан оператороор ажилд ороход эхлээд фотогоор шалгалт өгдөг юм байна. Ажилд оруулж өгөөч” гэж гуйлаа. Тэгээд шалгалт өгч намайг дагалдан оператороор авсан юм. Дүйнхэр гэдэг хүний шавь болов. Операторууд зурганд явахаар дагалдан оператор хөлийг нь бариад, аппаратыг нь бариад, плёнкыг нь цэнэглээд, гүйнэ. Овоо юм сурч байгаа юм л даа. Төрийн соёрхолт кино найруулагч Д.Жигжидтэй зурганд явна. Зураг авахыг нь л хараад байдаг. Өөрөө авах эрх байхгүй. Аппаратыг нь цэнэглэнэ, плёнкыг нь бэлтгэнэ, хамаг юмыг нь хийнэ. Тэгээд л зураг авч дуусахаар бүх юмаа хамж аваад явдаг байлаа. Д.Жигжид гуай “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны зураг авахад дагалдан туслах оператороор намайг томилсон юм. 1961 оны хавраас эхлээд тэр кинонд явж байхад манай уран сайхны удирдагч Э.Оюун гуай байлаа. Долоо, найман туслах байсан юм. “Та нар операторуудын хөл гарыг нь үүрээд л явах юм. Эд нар та нарт ном заадаг уу. Яаж зураг авахыг зааж өгдөг үү” гэсэн. “Өгдөг” гэсэн. “Та нарыг шалгана” гэнэ. Тэгээд кино, мэдээ сурвалжлага хоёр гурван газар авахуулсан юм. Зургуудаа бүгд Э.Оюун гуайд үзүүлсэн. Би киноны зураг авалтаар Хужиртын Улаан цутгаланд явж байсан юм. Намайг Д.Жигжид гуай дуудлаа. “Чамайг Москва хотын киноны дээд сургуульд явуулах болсон байна. Маргааш Хужиртаас онгоцоор Улаанбаатар явуулна” гээд 40 литр айраг, хонь аваад намайг гаргаж өгсөн. Шалтгалтад гайгүй дүн авсан шиг байгаа юм. Тэгээд л Э.Оюун гуайн хүчинд Москвад Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан. Тэгээд 1966 онд төгсч ирсэн. Намайг хоёрдугаар курст сурч байх жил Ю. Цэдэнбал дарга Москвад албан ёсны айлчлалаар очсон юм. Найруулагч маань Ю.Цэдэнбал даргын Москвад айлчилсан сэдвээр кино мэдээ хийх болсон. Оператороор би явлаа. Горькийн институтаас задгай тэрэг өгөөд, зургийн дарга гаргаад, курсын ажилдаа гарсан. Тэр үеэс л баримтат кинонд сонирхолтой болсон юм. Эндээс Ю.Цэдэнбал даргыг кино оператор Цэнджав гэж хүн дагаж явсан. Би тэндээс курсын ажил гээд Киноны сургуулиас ирэхгүй юу. Даргатай явж байгаа юм гэхээр намайг оруулчихдаг. Тэр үйл явдлын зургийг бүгдийг авсан. Их зоригтой, хамаагүй дайрч довтлоод л, ном дүрмийг нь мэдэхгүй. Үйл явдлыг л алдахгүй авах сонирхолтой. Онгоцны буудлаас буугаад гар барихад нь алдчихвал яаж кино болох вэ.
-Тэр үед Ю.Цэдэнбал дарга та нарт хандаж юм хэлсэн үү?
-Тийм юм байгаагүй. Найруулагч хажууд дагаж явна. Энийг нь авна шүү. Тэрийг л авахгүй бол кино байхгүй болно шүү гээд үглээд явуулна. Найруулагчийг дотогш нь оруулахгүй. Зургаа аваад курсийн ажлаа хийсэн. Курсийн ажил ч сайн болсон. Дэлхийн оюутан залуучуудын наадам Берлинд 1973 онд болсон. Төгсч ирээд түүнд явсан. Түүнээс хойш Ю.Цэдэнбал даргын итгэмжлэгдсэн кино оператор болсон юм. Даргыг хаана явна, дагаж явна. Герман, Румын, Болгарт айлчлалаар явахад нь дагаж яваад гурван бүлэг 30 минутын кино хийдэг байсан.
-Сансарт монгол хүн нисэхэд дагаж зураг авсан гэв үү?
-1978 онд намайг дууддаг юм байна. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч биднийг дуудаад, “За Сүхбаатар аа. Монгол хүн сансарт нисэх талаар ярилцаад байгаа юм. Хүнээ сонгох юм байна. Энэ бүх үйл явдлын зургийг авахуулахаар чамайг томилж байна. Маш нууц. Хүн амьтанд хэлж болохгүй. Гэр бүлийнхээ хүнд ч хэлж болохгүй. Энэ зурганд л ажиллана шүү” гэсэн. Сансарт нисэхээр анх хориод хүн сонгосон байлаа. Зургийг нь аваад эхнээс нь эцсийг нь хүртэл дагасан даа. 1978-1981 он хүртэл ажилласан. Найруулагч нь Монголд байна. Гомбо гээд Золжаргалын аав, найруулагч, би оператор нь байсан. Тэгээд л ер нь 1979 он гэхэд Москвад амьдардаг, Оддын хотхонд очсон. Би тэр үед баримтат кинонд нэлээд явдаг. Москвагийн баримтат киноны студид танил ихтэй. Манайхан “Олон хүн явахаар зардал их орох гээд байна. Чи тэндээсээ дууны оператор, гэрэлтүүлэгч, зургийн дарга бэлтгэ” гэсэн. Эндээс цалинжуулаад, тийм хүмүүс тэндээсээ авсан. Өглөө зургийн дарга орос авгай ирээд, биднийг аваад, Оддын хотхонд очно. Оддын хотхонд НАХЯ-ны хөгшин хурандаа хүлээж авна. Бүх зураг дуусахаар хоол идүүлээд, дэлгүүр оруулаад буцаана. Маргааш нь тэдийд ирнэ гээд зургийн дарга ярьчихна. Ингэж бүх киног нь хийсэн. 1980 он гэхэд А вариант, Б вариант гээд Гүррагчаагийн тухай гурван бүлэг, Ганзоригийн тухай гурван бүлэг кино хийсэн байсан. Яг нислэгийн үеэр гаргана гэж бэлтгэсэн. Хэн нь ч нисч болно шүү дээ. Байконуурт очлоо. Сансараас эх дэлхийдээ буухад нь нэмэлт оператор явуулсан. Мандухайг хийсэн Балжиннямыг Байконуурт явуулсан.
-Охин тань бас таны мэргэжлийг өвлөсөн юм уу?
-Охин маань гэрэл зурагчин. Хүргэн маань яг манай сургуулийг 1984 онд төгссөн шүү дээ.
-Улаанбаатарын тухай кино хийгээд байраар шагнуулсан гэсэн?
-“Олондоо алдартай” гэж Улаанбаатарын тухай кино хийлээ. Захиалгат кино болохоор Хотын дарга киногоо үзээд “Үнэхээр сайн авсан байна. Операторын ажил ярих юм байхгүй. Чамайг байраар шагнана” гэсэн. Хамаатныхаа нэг өрөө байранд амьдардаг байлаа. Би хөдөө гадаа их явна. Манай гэр бүлийн хүн Найрамдлын районы намын хороонд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Эхнэр рүү маань утасдаж гэнэ. “Сүхбаатарын гэр бүлийн хүн мөн үү. Байр нь хуваарилагдаад сар болж байна. Байраа авахгүй юм байх даа” гэж. Тэгсэн надад дөрвөн өрөө байр өгсөн байхгүй юу. Нэг бол гадаад, нэг бол хөдөө явчихдаг байсан даа.
-Хамгийн зовж авсан зураг юу байна?
-Майн нэгнээр зураг авч байгаад таван метрийн өндөртэй кранаас шидүүлсэн юм.
-Яаж байгаад тэр вэ?
-Кино кран гэж байсан. Намайг туслахтай цуг сэгсэрчихсэн. 5 метрээс. Ухаан алдаад, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гурав хоногийн дараа “Одоо дажгүй” гэсэн. Хорь, гучин жилийн дараа хөл муудаж, гэмтэл мэдэгддэг юм билээ.
Б.ЯНЖМАА
М.УНДРАЛ
One reply on “Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад “Чиний тухай кино хийе” гэхэд зөвшөөрөөгүй”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru