Categories
мэдээ цаг-үе

Б.Бадамдорж: “Залуу жанжин”-ыхаа хөлийг загийн үнсээр хучиж боосоор хөлдөөгөөгүй

Б.Бадамдорж Лхагвасүрэн жанжины нарийн бичгийн дарга байхдаа

Ж.Лхагвасүрэн жанжиныг Батлан хамгаалах Яамны сайд байхад нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан төр нийгмийн ахмад зүтгэлтэн Бэгзийн Бадамдорж гуайтай ярилцаж байна. Бадамдорж гуай өнөө жил 90 насны сүүдэр зооглоод байгаа юм.


-Хоёул яриагаа нутаг усныхаа амьдралаас эхлэвэл ямар байна?

-Бололгүй яахав. Ах нь, Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул. Аав Бэгз, ээж Нямбуу хоёр маань жирийн л малчин хүмүүс байсан. Би, олон хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь нь. Аав ээж хоёр минь нутагтаа нэртэй сайн малчид байлаа. Манайх Бөөнцагаан нуурын бэлчир газраар нутагладаг байсан. Нутгийнхан бол манай нутгийг хүн малд өгөөжтэй сайхан газар л гэдэг юм. Аав ээжийн минь зүтгэл, нутаг усны маань өгөөжөөр манай удам угсааныхан өн тавлаг амьдарч ирсэн юм билээ.

-Сургууль номын гараагаа хаанаас эхлэв?

-Аймагтаа гуравдугаар анги, Архангайд долдугаар анги төгссөн. Хугацаат цэргийн албанд дайчлагдаад цэргийн хүн болсон доо. Дотоод Яамны төв сургуульд гурван жил суралцаж төгсөөд офицер болж байгаа юм.

-Ажил амьдралын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Офицер болоод хил хязгаараар голдуухан ажиллаж байлаа. Овоотын отрядад офицер, заставын орлогч дарга зэрэг албыг хашиж байсан. Та мэднэ дээ, Сэгсцагаан богдоос гурван зуугаадхан км зайтай газар. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, мөн ч сайхан нутагдаа. Залуу насны жаргал зовлон, эх орны торгон хилийг манах хариуцлагатай албыг тэр нутагт л өнгөрөөсөн дөө.

-Хилийн албыг цомхотгоход та халагдсан гэл үү?

-Тэгсэн. Намын дээд сургуульд суралцаж, аймгийнхаа намын хороо, Улаанбаатар төмөр замын үйлдвэрчний эвлэлийн хороо зэрэг албан газруудад ажиллаж байтал 1962 онд бэлтгэл офицероор дахиад татагдсан. Тэгээд л цэргийн албаа үргэлжлүүлж, гавьяаныхаа амралтанд гартал Батлан хамгаалах яам, 012, 073 зэрэг салбар ангиудад боловсон хүчний чиглэлийн ажил алба хашиж байсан.

-Таныг Батлан хамгаалах Яамны сайд генерал Ж.Лхагвасүрэнгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, жанжинтай их ойр дотно байсан хүн гэх юм билээ. Тэр дурсамжаасаа хуваалцах уу?

-Би 1962 онд тэр үеийн ЗХУ-д, барилгын цэргийн инженерийн дээд сургуульд явж суралцсан юм. Сургуулиасаа ирээд Яамандаа ажиллаж байтал гэнэт нэг өдөр намайг сайд дуудсан. Нарийн бичгийн даргаараа ажиллах хүнийг нэлээд өмнөөс судалсан юм шиг билээ. Хэд хэдэн хүнийг судалж байснаа сайд өөрөө намайг сонгосон гэдэг. Сүүлд хүмүүс над хэлэхдээ, гурван зүйлээр сайдын сонголтонд тэнцсэн гэдэг юм. Нэгдүгээрт орос хэлтэй. Хоёрдугаарт төв, хөдөөд олон жил цэргийн албанд зүтгэсэн амьдрал сайн мэддэг.Гуравдугаарт яс маханд маань шингэсэн жаахан шударгадуу зан чанарыг онцолсон гэдэг юм. Ингээд л, Монголын гурван жанжины нэгтэй нэлээд хэдэн жил хамт ажиллах хувь ерөөл тохиосон юм даа.

-Гурван жанжин гэдгээ жаахан тодруулах уу?

-Цэргийн жанжин гэдэг хүндтэй цолыг Монголын гурван хүн хүртсэн байдаг. Жанжин Сүхбаатар, жанжин Дэмид, жанжин Лхагвасүрэн. Цэргийн гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийг алдаршуулсан цол гуншин юмуу даа. Ж.Лхагвасүрэн жанжины хувьд бол эх орноо хамгаалахад онцгой гавьяа байгуулсан хүн л дээ. Бүр 1940-1950-иад оны үед бид чинь “Залуу жанжин Лхагвасүрэнгээс, өндөр дуугаар армийг командлахад…” гээд дуу зохиочихсон дуулж байлаа шүү дээ. Аргагүй л домогт жанжин. Тэр хүнтэй хамт ажиллана гэдэг бол жирийн офицер над ховорхон хувь ерөөл гэж бодож явдаг юм.

Өвөр эгнээнд сууж байгаа нь эцэг Бэгз, ээж Нямбуу, арын эгнээнд зогсч байгаа нь Бадамдорж, эхнэр Бямбадорж

-Лхагвасүрэн гуай ер нь ямар хүн бэ? Харахад л их дөлгөөхөн сайхан хүн байдагсан?

-Том жанжин хүн гэхэд хамгийн энгийн хүн дээ. Хүнийг ялгаварлах, ихээр багаар зангүй, хэнтэй л бол инээж хөхрөөд уулзана. Хүнд их тусархуу хүн байлаа. Цэрэг , офицер, энгийн иргэд, хэнийг ч гэсэн өөрөө биеэрээ хүлээж авна. Нөхөрсөг дотно ярилцана. Хүн болгонд гарын бэлэг өгнө. Цэргийн дарга нар , гэр бүлийнх нь хүмүүс хандив тусламж гуйж ирнэ. Бололцооныхоо хэрээр л олгоно. Сэтгэл дундуур гарч байсан хүнийг би л лав үзээгүй.

Жанжинтай олон жил хамт ажиллахад сонин учрал тохиолдлууд болж байгаа даа. Та заримаас нь сонирхуулахгүй юу?

-Ихэнхийг нь санаж байна. Заримыг нь бас мартаж. Дотоодынхоо цэргийн ангиудаар их явдаг, улстөр байлдааны бэлтгэл сургуулийг байнга үзэж шалгаж явдаг хүн байсан. Арга хэмжээ аваад байхгүй, их сайхан зөвөлгөө өгдөг хүнсэн. Өвлийн дүнгээр бид хэд Өмнөговь аймаг руу явж билээ. Шинэхэн 69-тэй. Үстэй шинель, нохой гуталтай. Хэр баргийн хүн даарахааргүй дулаалсан. Бас дотроосоо “100” татчихна. Ингээд шөнө орой болсон чинь жанжин маань даарсан. Доороосоо их даардаг хүн

байсан юм. Хээр зогсоод гутлыг нь тайлж үзэхэд хөл нь цэв хүйтэн байсан. Замын ойролцоо нэг заган төгөлд түр зогсоод заг хугалан түлж, дулаацуулж билээ. Жанжин маань “ Их сайхан дулаацлаа. Ямар сайхан илчтэй эд вэ?” хэмээн магтаж байсансан. Бид тэнд хооллож ундлаад хөдлөхдөө бүлээн нурмаар нь жанжиныхаа хоёр хөлийг битүү ороогоод боочихсон. Тэгээд хөл нь огт дааралгүй аймгийн төв хүрч билээ. “Бадамдорж чи хөдөө гадаа их явж, үнэхээр туршлага суусан байна. Чиний хүчээр дааралгүй ирлээ” хэмээн Лхагвасүрэн жанжин маань талархал илэрхийлж байсансан. Загийн үнс гэдэг чинь ямар ч дулаан хувцаснаас илүү, илчээ алддаггүй эд шүү дээ. Ингэж бид Өмнөговьд очоод, ажил үүргээ гүйцэтгээд ирж байж билээ.

-Мэдүүштэй, сонин юм байна. Өөр сонин сайхан?

-Жанжин маань их энгийн хүн гэж би түрүү хэлсэн. Үүнтэй холбогдуулж нэг зүйлийг сонирхуулмаар байна. Манайхны цэргийн хээрийн сургууль дээр нэг удаа Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай очсон юм. БХЯ-ны сайд дарга нар бүгд түрүүлж очоод даргыг хүлээж байлаа. Тэгтэл ч Самбуу дарга бараа бологчидтойгоо ирлээ. Ж.Самбуу даргыг хүндэтгэж угтаад, хээрийн сургуулийнхаа үйл ажиллагааг нэгд нэгэнгүй танилцуулж билээ. Ж.Самбуу дарга батлан хамгаалахынхаа бие бүрэлдэхүүн, техникийн хүчин чадлыг үзэн танилцаад сэтгэл их өндөр байгаагаа хэлж байсан л даа. Тэр орой Ж.Самбуу даргыг хүндэтгэн, шинэ шөл гаргаж дайлсан юм. Тураг мах гэдэс чанаад, таван цулын шөл Самбуу даргад өгөх гэсэн чинь, комиссар нь урдуур нь орж аваад, уулгадаггүй юм билээ. Тэр сайхан шөлийг нь манай сайд аваад уучихсан. Сүүлд бидэнд: “Самбуу даргыгаа өрөвдлөө шүү. Монгол хүн чинь таван цулын шөлнөөс буцдаггүй л юм даа. Дарга, тэр сайхан шөлийг уух юмсан гэж бодож л байгаа. Төрийн хамгаалалт гэдэг хэцүү юмдаа” гэж байсансан. Манай жанжин бол өөрөө ууна ч, иднэ ч, хээгүй монгол хүн. Хөдөө айлд буугаад юу өгснийг нь л идэж уудаг хүн байсан.

-Одоо хоёул яриагаа жаахан өөрчлөх үү? Ж.Лхагвасүрэн сайд, та хоёрын аль аль нь хэлмэгдэж явсан гэдэг юм. Чухам юунаас болоо бол?

-Жанжин маань ажилд их махруу хүн шүү дээ. Ер нь сайд хүн төрийн албыг тэгэж хийдэг байх гэж би боддог. Ажил албаар бол хэнээс ч хоцрох хүн биш. Нэг өдөр, Улстөрийн товчоон дээр хүрээд ир гэж байна гээд очицгоосон. Цаг хэртэй болоод гараад ирсэн чинь “халагдчихлаа” гэсэн. “Эд нар намайг их гоочлоод байгаа юм. Би эднийг бодвол эх орноо цусаараа хамгаалсан хүн шүү” гэж нэлээд бухимдуу байх шиг байсан. Тэгээд л ажлаа өгсөн. МБТСЭ-ийн төв зөвлөлийн дарга болоод

бас л удалгүй халагдчихсан. Нарийн учрыг нь мэдэх биш дээ. Шударга хүн, дээгүүрээ жаахан маргалдсан болуу. Би ч ажлаа өгөөд яамныхаа дайчлах албанд очсон. Тэтгэвэрт гартлаа 012, 073 дугаар ангиудад ажиллаж байлаа.

-Таныг бас хэлмэгдэж явсан гэх юм билээ. Насаараа армид зүтгэчихээд, хошуучаас дээш цолгүй, гавьяа шагналгүй шахам халагдсан гэсэн яриа байдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Хэлмэгдэл ч гэдэг юмуу, гадуурхал ч гэдэг юмуу, би онож хэлж мэдэхгүй байна. Миний, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэх ид үе, Монгол Хятадын хоорондын харилцаа хөндийрсөн нэлээд хүнд үетэй давхацсан байдаг. Миний эцэг дотор хүн. Дээр үед Монголд орж ирээд мал маллаж, тариа тарьдаг байсан, нэг үгээр хэлвэл Монгол болчихсон, олон хүүхэдтэй дотор хүний хүүхэд. Энэ үед намайг хятадын эрлийз гээд үзэж чадахгүй болсон. Цол нэмэх, томоохон албан тушаалд томилох, шагнал урамшилд тодорхойлох талаар яригдаж байснаа гэнэт таг чиг болно. Дээшээ очоод “Хятадын эрлийз” гээд хасагдчихдаг байсан юм билээ. Ингээд би Жанжиныхаа үед авсан хошууч цолтой, харьяа анги салбаруудад багахан тушаалын алба хашсаар тэтгэврээ тогтоолгосон. Харин би, алба хааж байсан, анги салбарууддаа нэр хүндтэй, хамт олны итгэл даан ажиллаж байснаараа бахархдаг юм. Энэ далимд, мөр зэрэгцэн зүтгэж явсан БХЯ-ныхаа үе үеийн нөхөд болон хилийн цэрэг, барилгын цэргийн 012, 073 дугаар ангийн хамт олондоо үргэлж баярлаж, санан дурсаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

-Та, цэргийн тэтгэвэр тогтоолгоод, ид хийж бүтээх идэр залуу насандаа халагдсан. Түүнээс хойш лав л зүгээр суугаагүй дээ?

-Яаж зүгээр суухав дээ. Амьдрахын эрхээр янз бүрийн л ажил хийж байсан. Хилийн цэргийнхээ ахмадын хороонд нэлээд хэдэн жил ажиллахдаа голдуухан дарханы ажил хийж байлаа. Цэрэг эмээл л хийгээд байсан даа. Хилийн цэргийн дайчид маань голдуухан л миний хийсэн эмээлийг мориндоо тохож яваа. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг шиг, насаараа ажил хийсэн хүн чинь зүгээр сууж чаддаггүй юм билээ. Янз бүрийн зүйлд мэргэшиж, дадлагашиж байснаас цэрэг эмээлийн хувьд бол “мэргэжлийн” болсон шүү. Сүүлийн жилүүдэд нас өндөр болоод гэрт л сууж байх шив дээ.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *