Categories
мэдээ цаг-үе

Б.Баатарцогт: Шатахууны үнийг урт хугацаанд тогтвортой барих бодлого баримталж байгаа

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа.


-Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлийн хэлбэрээр авах аж ахуйн нэгжүүдэд цахимаар дугаар олгох ажил хэрхэн явагдаж байна вэ?

-Ерөнхийдөө ашигт малтмалын хайгуулын тусгай лицензийг сонгон шалгаруулалтын болон өргөдлийн гэсэн хоёр хэлбэрээр олгож байгаа. Уул уурхайн сайдын баталсан журмын дагуу тендер зарлаад шалгарсан аж ахуйн нэгжид лиценз олгодог. Өмнө улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил, зураглал хийгээд нэлээд сайн хэтийн төлөвтэй, орд илрэл байх магадлалтай шинжилгээний хариу нь үр дүн өгсөн талбайнуудыг ялгаж аваад Эрдэс баялгийн эрдмийн зөвлөлөөр оруулдаг юм. Тэдгээр талбайг Засгийн газрын шийдвэрээр баталгаажуулж, сонгон шалгаруулалтаар олгож байгаа. Харин үлдсэн цагаан талбайг нь өргөдлөөр олгодог. Журмын тухайд хэн түрүүлж өргөдлөө өгсөн тэр аж ахуй нэгжид олгоно гэсэн хуулийн заалт бий. Өмнө 2015 он хүртэл оочир дугаараар олгодог байлаа. Хэдэн зуун компаниуд манай байранд ирээд оочирлож, хоорондоо маргалдаж, эмх замбараагүй байдал үүсгэдэг байв. Сүүлийн үед цахим хэлбэрээр дугаарыг нь олгодог болсноор энэ байдал арилсан. Бүх компаниудад эрх тэгш мэдээлэл өгч, эрх тэгш сургалтуудыг явуулдаг. Компаниудын бүгдийнх нь оролцоо боломжийг хангаад өгчихөж байгаа юм. Ингээд системд бүртгүүлэх хугацааг нийтэд зарладаг. Энэ удаагийн бүртгэл наймдугаар сарын 2-ны өглөө 09.00 цагт болно. Бүх компани ижил мэдээлэлтэй болчихсон, нэвтрэх эрх авчихсан байгаа. Энэ өглөө зэрэг мэдээллээ шивж оруулахад систем автоматаар тэднийг эрэмбэлнэ. Өнөө жилийн тухайд дугаарлалтыг нь цахимаар явуулаад эхний 600 хүртэл компанийг эрэмбэлэх юм. Ингээд нэг компани өргөдлөө өгөх 15 минутын хугацаатай. Хүлээж авсан өргөдлийг цааш нь ашигт малтмалын хуульд заасны дагуу орон нутаг руу явуулж аймгийн болон сумдын ИТХ-ын саналыг авдаг.

-Энэ тал дээр нэлээд асуудал үүсдэг. орон нут-гийн зүгээс өөрсдийнхөө саналыг мөнгө олох нэг хэлбэр болгоод харчихсан. Компаниудыг шантаажилдаг гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?

-Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэлээр л явж байгаа юм. Орон нутаг зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй. Хуульд заасан үндэслэлийг нь Дээд шүүх тайлбарлахдаа Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тухайн орон нутгийг улсын тусгай хэрэгцээ юм уу хамгаалалтад, эсвэл хориглосон хязгаарласан талбай эзэлж байгаа хэсэгт татгалзаж болно гэсэн байгаа. Түүнээс орон нутаг өөрсдөө зохиогоод малчин Доржийн хаваржаа гээд татгалзсан бол хуульд заасан үндэслэл болохгүй юм. Тэгэхээр бид Дээд шүүхийн тайлбар үндэслэлийг баримтална. Нөгөө талдаа орон нутгийн ИТХ өөрсдөө хуралдаад шийдвэр гаргачихсан байх юм бол бид түүнийг нь өөрчилж чадахгүй.

-Цахимаар бүртгүүлэх аж ахуйн нэгжүүд систем рүү нэвтрэхэд нэг сарын төлбөр гэж нэг сая төгрөг өгч байгаа. Энэ нь хэтэрхий өндөр дүн биш үү?

-Өмнө нь хоёр долоо хоногийн хугацаанд ороход таван зуун мянган төгрөгийн хураамжтай байсан. Хоёр сарын хугацаанд нэвтрэх эрх нь хоёр сая төгрөг байсан. тэр үед долоо хоногт нэг удаа, хоёр долоо хоногт хоёр удаа ч юм уу дугаар олголтыг зохион байгуулдаг байлаа. нэг удаа эрэмбэлэхдээ 120 аж ахуйн нэгжээр хязгаарладаг байсан. Бид одоо үүнээс олон компани авах боломжийг нь олгоод өгчихөж байгаа юм. Үнийн хувьд өмнөхтэйгээ ялгаагүй. Гэхдээ олон аж ахуйн нэгжид боломж олгож байгаа. тэгэхээр өмнө 120-д орж чадахгүй байсан компаниуд хэдэн ч удаа 500 мянган төгрөгөө салхинд хийсгэсэн юм билээ. одоо бол нэг сая төгрөг төлөөд эхний 600-д орох боломж нь ойрхон байна.

-Ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд мэдээллийн ил тод байдлыг чухалчилна гэсэн. Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ?

-Хөрөнгө оруулагчдыг геологи уул уурхайн салбарт татахын тулд хууль эрх зүйн орчин тодорхой байх ёстой. түүнтэй зэрэгцээд мэдээлэл ил тод байх ёстой. гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мэдээлэл авахын тулд манай газрын архивыг ухах шаардлагатай болдог. тэгвэл тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлснээр илүү хүртээмжтэй болно. Дараагийн нэг зүйл нь тайлагналын системийг ил тод болгох ажил байгаа. энэ нь эргээд хөрөнгө оруулагч нар биднийг шаардсан шаардаагүй үйл ажиллагааныхаа болон санхүүгийнхээ тайланг хөрөнгийн бирж дээр нээлттэй болгох ёстой.

Өөрөөр хэлбэл, мэдээлэл хязгаарлагдмал байх тусам илүү хардлага дагуулж, ашиг сонирхлын зөрчил явагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд ийм ажлуудыг хийж байгаа. Ер нь ашигт малтмалын тухайд дэлхийн зах зээлийн үнэ, чиг хандлага хаашаа байна, тэрийг судалж, үүн дээр үндэслэж хөрөнгө оруулалт явагдаж байдаг. сүүлийн жилүүдэд зэс алтны үнэ харьцангуй тогтвортой, цаашид дээшлэх прогнозтой байгаа учраас алтны хайгуулд хөрөнгө оруулах ажил эхэлж байна.

-Монгол Улсын ашигт малтмалын салбарт хэдий хэмжээний мөнгө эргэлддэг юм бэ. Эндээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь ямар дүнтэй байна?

-Өнгөрсөн 2015 оны байдлаар зөвхөн ашигт малтмалын геологи хайгуулын салбарт 170 орчим тэрбум төгрөгийн ажил хийгдсэн байгаа. 2016 оны мэдээ тайлан одоогоор нэгтгэгдэж байна. Урьдчилсан байдлаар 150-200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэсэн мэдээ байгаа л даа. Ер дэлхий дээр 2015, 2016 оны байдлаар ойролцоогоор геологи хайгуулын салбарт 15-20 тэрбум ам.доллар эргэлдсэн байна. энэ бол цэвэр ухаад авч байгаа ашиг биш. Мэдээлэл авахын тулд газарт булж байгаа мөнгө шүү дээ. Үүний 10 орчим хувь нь Канад, Хойд америкийн зах зээл дээр, мөн ийм хувь нь Австралийн зах зээл дээр эргэлдэж байдаг. Монгол Улс энэ салбарт ашигт малтмал болон геологийн тогтцоороо өрсөлдөх чадвартай. Дээрээс нь хууль эрх зүйн орчны хувьд уул уурхайн засаглалын хувьд өрсөлдөх чадавхитай гэж үздэг. тэгэхээр энэ салбарт эргэлдэж байгаа мөнгөний тав хүртэлх хувийг Монголдоо шингээх юм сан гэсэн зорилго тавиад явж байгаа. тиймээс тусгай зөвшөөрөл олгох, талбайг нь нэвтрүүлэх ажлыг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа. Нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд хайгуулын тусгай лиценз олгох бололцоотой гэж Засгийн газраас тогтоосон. Гэхдээ энэ 20 хувьд бүхэлд нь лиценз олгоно гэсэн асуудал биш юм. Компаниуд өөрсдийнхөө судалгаан дээр үндэслэн талбайгаа сонгон лицензээ авч, үйл ажиллагаагаа явуулдаг.

-Газрын тосны салбарт 50 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа гэл үү. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр 33 талбайг газрын тос байж болзошгүй гэж ялгасан байдаг. Үүний 27-д нь компаниуд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа. тэрнээс гурван талбайд нь ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Бусдад нь хайгуулын ажил явагдаж байна. Үлдсэн 20-иод талбайн арав дээр нь энэ жилийн байдлаар геологи газрын тосны хайгуул хийх хөтөлбөр төсвөө батлуулсан байгаа. Эндээс харах юм бол нийтдээ 51 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт зарцуулахаар үйл ажиллагаа нь эхэлчихсэн явж байна. Хоёр талбайд өрөмдлөгийн ажил үргэлжилж байгаа. Дахиад хоёр талбайд газрын тос илэрчихсэн, өнөөдөр нөөц тогтоох шатны хайгуулаа хийгээд явж байна.

газрын тосны ашиглалтын тухайд энэ жил 450 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа. Ажил нь эхлээд явж байна. гурван талбайгаас нийтдээ нэг сая 100 мянган тн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр экспортын төлөвлөгөө 48 хувьтай байгаа. Тэгэхээр газрын тосны ашиглалтын үед явуулж буй орлогоос бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бол Монгол улсад ногдох газрын тосны орлогоор бид энэ онд 233 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 97 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал олон жил яригдсан боловч үр дүн байдаггүй. Энэтхэгээс нэг тэрбум ам.долларыг газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн болзолтой авч байгаа. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нэгэнт Монгол Улс газрын тос олборлогч орон болсон. Цаашлаад хэд хэдэн талбай дээр шинэ илэрцүүд илэрч нөөц тогтоогдох ажлууд хийгдэж байна. Тиймээс манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барих бүрэн нөхцөл бүрдэж байна. энэ үүднээс энэтхэгээс авах нэг тэрбум ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. тэзҮ-г нь хийлгэхээр уул уурхайн яамнаас тендер зарлаж энэтхэгийн компани шалгарсан. Энэ ажлыг ирэх есдүгээр сард хийж дуусгахаар тэд ажиллаж байна. эндээс үйлдвэрийг хаана ямар хүчин чадалтай барих уу гэдэг тооцооллууд гараад ирэхээр бодлогын хувьд дэмжигдээд явна.

-Шатахууны онцгой албан татвар нэмэгдсэн. Бензин шатахууны үнэ цаашид тогтвортой байж чадах уу?

-Шатахууны үнийг аль болох тогтвортой барих бодлого барьж байгаа. Өссөн үед нь өсгөөд, буурсан үед нь бууруулаад байхаас илүү урт хугацаанд нэг үнээр тогтвортой барих ёстой юм. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унаад, валютын үнэ буураад ирэнгүүт тодорхой хэмжээний ашигтай харагдаад байна аа даа. энэ үед нь засаг бол онцгой албан татвараа нэмдэг. Дэлхийн зах зээл дээр эсэргээрээ өсвөл импортлогчид хасах баланстай гараад ирэхээр буулгах зохицуулалтууд хийдэг. Үндсэндээ импортын онцгой албан татвараар шатахууны үнийг зохицуулж, урт хугацаанд тогтвортой барих бодлого баримталж байдаг.

Шатахууны ердийн хэрэглээний үнийг тогтвортой байлгах бас нэг хөшүүрэг бол их хэмжээний нөөцийг үнэ багатай үед нь оруулж ирээд бүрдүүлэх юм. энэ үүрэг даалгаврыг компаниудад өгдөг. Ер нь бол нөөц багасаад хомсдол үүсээд ирэнгүүт үнэд нөлөөлж эхэлдэг. тиймээс аж ахуйн нэгжүүдэд дор хаяж 30-аас дээш хоногийн нөөцтэй байх ёстой. гэх мэтчилэн татвар, татан авалтын ложистик тээвэрлэлийн зохицуулалт хийж, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлого баримталж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *