Categories
мэдээ цаг-үе

Б.Баасансүрэн: Ерөнхийлөгч Путин“Шинжлэх ухааны нарийн судалгааг өндөр түвшинд хийсэн байна. Баяр хүргэе” гэж хэлсэн

Түвдэд уламжлалт анагаах ухааны эмчээр, Улсын багшийн дээдийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн Б.Баасанжав 1993 оноос хойш ОХУ-ын Якутад 25 жил амьдарчээ. Есдүгээр сараас гуравдугаар сар хүртэл харанхуй байдаг. Өвөлдөө 70 градус хүйтэрдэг, Якутын хамгийн бөглүү, цахилгаан, дулаангүй бүсэд тэрээр зөвхөн цаа судлах зорилгоор энэ урт хугацаанд ажилласан гэнэ. Тэрээр анагаахын болон биологийн шинжлэх ухааны доктор хүн. ОХУ-ын ерөнхийлөгч Б.Ельцин, В.Путин нарыг Якутад очиход уулзаж, цаа буга судлалын талаар хийсэн ажлаа өндөр үнэлүүлж байжээ.


-Хэзээ, яагаад ОХУ-ын хамгийн ширүүн байгальтай Якутыг зорих болов?

-Би 1993 оны намар Монголын цаа бугын цусыг сэлбэх зорилгоор Якутыг зорьсон. Дээр нь цаа бугыг шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа хийх үүрэг хүлээсэн.

-Хэн таныг явуулсан бэ?

-ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа тэргүүтэй академчид намайг зөвлөлдөөд явуулахаар шийдсэн байсан.

-Яагаад заавал сургууль төгсөөд хоёрхон жил болсон таныг сонгосон юм бэ?

-Би Түвдэд уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцсан. Би багадаа цааг их сонирхож, цаатай холбоотой эд, зүйлс цуглуулдаг байсан. Үүнийг мэддэг дархан аварга Дамдин намайг Хөвсгөлд аваачиж цаатай танилцуулсан юм. Мөн анагаах ухааны алтан үеийн мундаг эмч нар байсан. Тэд надад “Чи эхлээд Хөвсгөл яв. Дараа нь Якутад очиж судалгаа хий. Тэнд зэрлэг цаа буга маш их байдаг. Бид чамд итгэж байна” гэсэн. Миний ойлгосноор томчууд цаа буга судлалын талаар Монголд нэг мэргэжилтэн бэлдэх зорилготой байсан байх.

-Тэгээд яагаад 25 жил амьдрах болов?

-Би зүгээр нэг томилолтоор яваагүй. Монгол, Якутын ШУА-ийн хоорондын гэрээгээр Монголын ШУА-ийн бие төлөөлөгчөөр очсон юм. Одоо тэр маань хүчинтэй. (Үнэмлэх үзүүлэв) Би тэнд биологийн хүрээлэнгээс гадна эрүүл мэндийн хүрээлэнд ажилласан. Тэгээд л нэг мэдэхэд 25 жил болчихсон байна.

-Тийм хүнд нөхцөлд яаж дасав?

-Би хөдөө мал дагаж өссөн. Дугуйн спортоор хичээллэдэг байсан. Энэ бүхэн надад тэсвэр суулгасан гэж боддог. Намайг очиход төвдөө сайхан угтаж авсан. Дараа нь АН-24 онгоцоор арван цаг нисэж, жинхэнэ цааны голомтдоо хүрсэн.

-Тэнд хэр олон хүн амьдардаг вэ, амьдрах нөхцөл ямар байв?

-40-өөд хүн амьдарна. Дулаан, цахилгаан байхгүй. Цаа дагасан амьдрал гэж болно доо. Намайг “Чингисийн удам” гээд маш сайхан хүлээж авсан. Амьдрал нь манай хөдөөгийн амьдралтай төстэй.

-Зэрлэг цааг яаж гаршуулдаг вэ?

-Яг манай эмнэг адуу сургадаг шиг. Гэхдээ бид адууг уургалж, бугуйлдаж барьдаг. Харин цааг ямар ч хүчээр тогтоож дийлдэггүй.

-Тэгээд яаж тогтоох вэ?

-Урт бугуйл шидээд модонд ороож тогтоож авна.

-2-3 хүн дийлэхгүй юу?

-Тийм ойлголт байхгүй. Зэрлэг цаа буга маш хүчтэй амьтан.

-Та очоод ямар хэлээр ярьж байв?

-Дарга нар, төв суурин газар орос хэлтэй хүмүүс байдаг. Харин нутгийн гүн рүүгээ бол якут хэлтэй. Орос хэлтнүүд цөөхөн.

-Тэр их хүйтэнд хүн, амьтан тэсэх үү?

-Цельсийн 72 градус хүртэл хүйтэрнэ. Гэхдээ тэжээвэр цаа буга нь эзнээ хаяж явдаггүй. Хүйтрэхээр эзнээ дулаацуулдаг зуршилтай. Арван хоёрдугаар сараас эхлээд гуравдугаар сар хүртэл маш их хүйтэрнэ. Энэ хугацаанд нар үзэхгүй.

-Тэр хугацаанд яаж амьдрах вэ?

-Гадаа гарахад хэцүү дээ. Гэхдээ цааны арьсаар хийсэн хувцас, гутал л тэр хүмүүсийг хамгаална.

-Цааны годонгийн гутал гээд манайд зарагддаг мөн үү?

-Мөн. Гэхдээ зэрлэг цааны годонгийн гутал бол илүү чанартай. Тэжээвэр цааны годонгийн гутлаас чанарын ялгаатай. Цааны шилбэ их бүдүүн байдаг. Чөмгөнөөс жаахныг идээд гарахад тэр өдрийн өлөө даана.

-Манайх шиг дөрвөн улиралтай оронтой харьцуулахад хоёр улиралд амьдрах хэцүү биз дээ?

-Үгүй ээ. Би харин эсрэг зүйл ажигласан. Тундрийг зургаан улиралтай гэж ажигласан.

-Яаж?

-Би өөрийнхөө ажиглалтыг хэлэхэд түнэр харанхуй үеийг нэг улирал гэж тооцож болно. Хаврын туяа ирж байгаа бүрэнхий үеийг бас нэг улиралд тооцно. Тэр үе зунтайгаа бас ялгаатай. Намар өвөлтөйгээ адилгүй. Манайд намар хааяа цас бороо ээлжилдэг. Тэнд бол нэг өдөр цас дараад л өвөл болчихно. Хавар долоо хоногийн дотор л яргуй гараад ирнэ.

-Эрүүл мэндийн хүрээлэнд яагаад ажиллах болов. Манайхан Ленинградын цагаан шөнө гэж ярьдаг. Тэр бүрэнхий үе нь түүнтэй төстэй юу?

-Намрын бүрэнхий бол шал өөр хар бараандуу. Харин хаврын туяа гийх бүүдгэр өдрүүд нь их төстэй. Хаврын тэр өдрүүдэд борооны дараа гардаг солонго шиг их гэгээ гардаг. Зургийн аппаратаар авч болдоггүй юм билээ. Ямар ч аппаратаар авсан дүрс нь гардаггүй юм. Тэр туяаг япон аппаратаар авах гээд нүдээ гэмтээх шахсан. Дүрс нь ч гараагүй.

-Өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд учрыг нь олоогүй юу?

-Олоогүй, тэрнээс гадна Якут чинь коммунизмын үед хаалттай бүс байсан. Одоо ч нэг их нээлттэй болоогүй. Надаас өөр гадны ямар ч улсын иргэн энэ бүсэд байхгүй.

-Яагаад?

-Их гүрний бодлого байдаг биз. Оросын эрдэмтэд 2-3 хоноод буцдаг. Цаг уурын хүнд нөхцөлөөс гадна өөр шалтгаан байдаг байх.

-Бид цаатнуудыг урцанд амьдраад л, цаа дагаад явдаг хүмүүс гэж төсөөлдөг. Тэр орчин мөн үү?

-Мөн.

-Та 25 жил урцанд амьдарсан гэж үү?

-Тийм.

-Танд цалин урамшуулал байгаа юу?

-Монголын ШУА-ийг төлөөлж байгаа хүний хувьд Монголоос цалин авдаг. Академи намайг Монголдоо ирэхэд нэмэлт үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлэг, даатгал гээд бүрэн үйлчилгээ үзүүлдэг.

-Якутад таны амьдарч байгаа бүсэд дулаан, цахилгаан, холбоо байхгүй. Тэгээд яаж энэ том эрдэм шинжилгээний ажлыг хийж чадаж байна?

-Ер нь дасан зохицоод давж гарсан гэж хэлж болно. Надад нэг хуучны хүлээн авагч байдаг. Түүгээрээ хааяа орон нутгийн суваг сонсоно. Бас дээр үеийн цэргийн ангиудад байсан холбооны гараар эргүүлж ярьдаг холбооны хэрэгсэл байдаг. Түүгээр зарим сумтай холбогдож болно.

-Та эмнэлгийн хүрээлэнд ажилладаг тухай ярьсан.

-Би эмч хүн. Намайг очихоос өмнө манай тэнд эмч байхгүй. Эмнэлэг дуудахаар нисдэг тэргээр эмч ирдэг байсан. Харин намайг ирснээр дуудлага багасч, эмч нар нь надад талархал илэрхийлсэн.

-Танд эмчлэх эрх бий юу?

-Одоо бол бий. Өмнө нь эмчлэх эрхгүй байхдаа хүнд мэс засал хийгээд асуудал үүсч байсан.

-Тэр тухайгаа сонирхуулаач…

-Нэг залуу мухар олгой нь өвдөөд, эмч дуудахаар хугацаа алдах гээд байсан учраас би хагалгаа хийгээд эдгэрүүлсэн. Одоо эрүүл саруул яваа.

-Энэ чинь Орост нэлээд ноцтой асуудал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эмчлэх зөвшөөрөлгүй. Стандарт бус газар эмчилгээ хийсэн гээд асуудал яригдсан. Төв дээр дуудаад байцаалт авсан. Тэгээд мэс засал хийлгэсэн хүн нь амьд болохоор “Хүний амь аварсан” нэрийн дор мултарсан. Дээр нь “Наад хүнээ орхи оо. Их буян үйлдэж байгаа” гэх мэтээр намайг өмгөөлөх хүн олон байсан юм шиг байгаа юм. Бас Эрүүл мэндийн яамнаас “Наад хүний чинь ачаар дуудлага маш их цөөрсөн” гэх мэтийг ярьсан байсан. Цааны шөрмөсөөр оёдол хийж орхисон.

-Тэнд эмнэлгийн багаж төхөөрөмж байсан юм уу?

-Би өөрийн багажийг ашиглаад хагалгаа хийж орхисон байхгүй юу. Гол нь цаг алдаж болохгүй байсан.

-Та бусад орнуудад очиж лекц уншдаг гэсэн. Заавал Монголоор дайрах уу?

-Тэгнэ. Монголдоо ирж виз авна. Тэр бүр маш их зардал гарна.

-Якутад бүсийн хөнгөлөлтөөр иргэд 13 жил ажиллаад нас хамаарахгүй тэтгэвэрт гардаг гэсэн үнэн үү?

-Үнэн. Иргэн 13 жил ажиллаад л тэтгэвэрт гарна. Манайхаар бол сая гаруй төгрөг. Дээр нь нас ахих тусам нэмэгдэнэ.

-Якутуудын дундаж нас нь хэд вэ?

-65-70

-Тэр хүртэл тэтгэврээ нэмэх үү?

-Нийт нэмэгдлийн хэмжээ 40 орчим хувиас хэтрэхгүй.

-Танд энэ тэтгэвэр хамаарахгүй юу?

-Хоёр удаа намайг иргэн болох санал тавьсан. Хангамжаа бодвол зөвшөөрмөөр байгаа юм. Гэхдээ би зөвшөөрөөгүй.

-Та ОХУ-ын өндөр албан тушаалтнуудтай уулзаж байсан уу?

-Хоёр ерөнхийлөгчтэй уулзаж байсан. Ельцин, Путин хоёртой.

-Хаана, яаж?

-Оросын ерөнхийлөгч нар Якутад ирдэг юм. Тэр тусмаа цааны аж ахуй дээр. Намайг байх хугацаанд Ельцин нэг удаа, Путин хоёр удаа ирсэн.

-Тэд таныг Монгол гэж мэдэх үү?

-Мэднэ. Тэр бүү хэл Путин дөнгөж төрсөн тугал барьж байгаад зургаа авхуулсан. Миний бүтээлийг ерөнхийлөгч Путин “Шинжлэх ухааны нарийн судалгааг өндөр түвшинд хийсэн байна. Баяр хүргэе” гэж хэлсэн.

-Ерөнхийлөгч нар цааны тухай тийм мэдлэгтэй байдаг юм уу?

-Академчид танилцуулсан гэсэн. Хүний газар ч бас хэцүү л дээ.

-Юу нь?

-Хаа газар байдаг атаа, жөтөө.

-Тэр нь юу байх вэ?

-Миний ажил амжилттай болоод өндөр түвшинд яригдаад ирэхээр тэнд ажиллаж байгаа улсуудад таагүй санагдана биз дээ. Хэдийгээр нүүрэн дээр магтах боловч цаагуураа юм ярина аа.

-Оросуудад цааны аж ахуй тийм чухал уу?

-Амарна. Цааны мах иднэ. Цааны бүх эрхтэн хүний эрүүл мэндэд маш сайн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *