Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраас түлш, шатахууны нөөцийн талаар тодрууллаа.
-Манай улсын шатахуун, түлшний нөөц хэр байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд өнөөдөр/өчигдөр/-ийн байдлаар АИ92 төрлийн авто бензин 25 орчим хоног, түлш 25 хоног, АИ95 бензин 45 хоногийн нөөцтэй байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2025 онд аж ахуйн нэгжүүдийн бүрдүүлэх ёстой нөөцийн хэмжээг оруулж батлуулсан. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар аж ахуйн нэгжүүдийг 30 хоногийн нөөцтэй байх шаардлагыг тавьдаг. Тиймээс энэ хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд 30 хоногийн нөөц буюу ноднин жилийн хэрэглээн дээр суурилсан нөөцийг бүрдүүлэх учиртай. Ингээд газрын тосны манай улсад үйл ажиллагаа явуулдаг 64 аж ахуйн нэгж нийт 180 мянган тоннын нөөцтэй байлгахаар Засгийн газрын тогтоол батлагдсан. Энэ тогтоолд АИ92 бензин 60 мянга, түлш 110 мянга, онгоцны түлш 5.5 мянга, шатдаг хий 3.5 мянган тонныг нөөцлөх ёстой гэж тусгасан. Тиймээс компаниуд 2025 онд ийм хэмжээний нөөцийг бүрдүүлэх ёстой юм.
-Одоо байгаа нөөц маань өвөлжилт, газар тариалангийн ажлын үед ямар нэгэн асуудал гарахгүйгээр хангалттай байна гэж ойлгож болох уу?
-Бид энэ оны есдүгээр сард газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх талаар ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийсэн. Энэ хэлэлцээрийн дагуу ОХУ Монгол Улсад газрын тосны нийлүүлэлтийг ямар нэгэн байдлаар тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн. Манай талаас өөрсдийнхөө захиалгыг өгнө. Өвөлжилтийн бэлтгэл ажил болон газар тариалангийн ажилд дизель түлш ихээр шаардагддаг. Одоогийн байдлаар улсын хэмжээн дэх нөөц хангалттай байна. Ойролцоогоор 90 орчим мянган тонн түлш байгаа.
-Түрүүн хэлсэн 180 мянган тонн гэдэг нь сарын нөөц юм байна. Тэгэхээр манай улсын жилийн хэрэглээ хэр байдаг вэ?
-Энэ 180 мянган тонн гэдэг чинь 30 хоног буюу нэг сарын нөөц гэсэн үг. Энэ дотроо АИ92, авто болон онгоцны түлш, АИ95 гээд бүх бүтээгдэхүүн орно. Төрөл тус бүр дээрээ 30 хоногийн нөөц гэсэн үг. Харин хэрэглээнээсээ хамаараад өөр өөр байна. Манай улсын энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам 5-10 хувиар нэмэгдэж байна. Ноднин жил манай улс нийтдээ 2.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Харин энэ жил энэ тоо 2.3 сая тонныг давах нь гэсэн прогнозтой байгаа. Тэгэхээр жил бүр нэмэгдэж байгаа хэрэглээн дээрээ тулгуурлаад дараа жилийн нөөцийнхөө тогтоолыг батлуулж гаргадаг юм.
-Газрын тосны нөөцийн савыг нэмэгдүүлэх тал дээр салбар яамнаас ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар тусгагдсан байгаа. Ингэхдээ 3-6 сарын нөөцийн агуулахыг барьж байгуулах зорилтот ажлыг тусгасан. Тус улсын өмчит хадгалах савыг аль болох хилийн бүс болон Өмнөговь аймаг, Улаанбаатар хот гэсэн байршлуудад байгуулах юм. Энэ ажлыг ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ