Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Агар-Эрдэнэ: Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмжийг хүлээн авагч дур мэдэн зарцуулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ || DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ өдөр тутам гардаг. Тэр дундаа хөдөө орон нутагт тохиолдох нь элбэг. Ийм тохиолдолд хүлээн авагч дур мэдэн захиран зарцуулсан жишээ олон байх юм. Хүлээн авагч энэ үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээх ямар зохицуулалт байдаг вэ?

-Эд хөрөнгийг хууль бусаар олж авахтай холбоотой олон төрлийн харилцаа үүсдэг бөгөөд түүнийг зохицуулсан өөр өөр салбар эрх зүйн зохицуулалтууд байдаг.

Энэ асуултыг хариулахаас өмнө иргэний хууль дахь өмчлөх эрх, шударга эзэмшигч гэсэн ойлголтыг дурдах нь зөв. Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж тодорхойлсон байдаг. Шударга эзэмшил үүсэхдээ хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг.

Хууль болон гэрээнд зааснаас бусад аргаар олж авч байгаа тохиолдолд хууль зүйн хариуцлага яригдах нь зүй ёсны хэрэг юм.

-Олон улсаас ч юмуу андуурагдсан илгээмж хүлээж авах тохиолдол бий. Хуулийн нарийн мэдлэггүйгээс шалтгаалж хүлээн авагч эд хөрөнгийг нуун дарагдуулсан, эсвэл захиран зарцуулсан жишээ байдаг. Ийм үйлдэлдээ мөн л хуулийн хариуцлагад татагдах уу?

-Иргэд андуурагдсан илгээмж, алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг мэдсээр байж завшсан нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ухамсарлаагүйтэй шууд холбоотой байх гэж бодож байна.

Тодруулбал, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5-д зааснаар алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан бол хуульд заасан хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг.

Гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, шүүхийн байгууллагаас гэм буруутайг тогтоосон тохиолдолд гэмт хэрэг гэж үзэхээр заасан байгаа.

-Бусдын гээсэн эд хөрөнгөд эзэн нь юм шиг ханддаг нийтлэг үзэгдэл манайд бий. Энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх үү?

-Эхний асуултын хариултад тусгаснаар эзэнгүй аливаа эд хөрөнгө, алдаатай гүйлгээг иргэдийн зүгээс хуулийн дагуу, эсхүл гэрээний дагуу, өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн хүсэл зоригийн үндсэн дээр олж аваагүй бол үүнийг хууль бус үйлдэл гэж үзнэ. Тиймээс иргэн танд хууль ёсны дагуу өмчлөх эрх, эзэмших эрх үүсээгүй л бол тус хөрөнгөтэй холбоотой эдийн засгийн харилцаа үүсгэж болохгүй бөгөөд эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа учраас тухайн хөрөнгийн үнэлгээ, олж авч байгаа үйлдлээс шалтгаалж эрх зүйн санкц буюу хариуцлагын хэмжээ өөр өөр байдаг.

-Бусдад учруулсан хохирлоос шалтгаалж хүлээх хариуцлага нь өөр хоорондоо харилцан адилгүй байх нь…

-Дээр дурдсанаар үйлдсэн үйлдэл, хохирлын хэмжээнээс шалтгаалж хариуцлага өөр өөр байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол 1 сараас 6 сар хүртэлх зорчих эрхийг хязгаарлах, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийх, 450.000 төгрөгөөс, 2.700.000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авдаг. Харин тус гэмт хэргийг үйлдэж бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энд дурдагдсан ноцтой хохирол гэдэгт хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно. Харин “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

-Та ийм төрлийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байв уу?

-Хуульч нарын мэргэжлийн үйл ажиллагааны хувьд өмгөөлөгч, прокурор, шүүгч, хуулийн зөвлөх, компанийн хуульч гэсэн чиглэлд авч үздэг. Миний тухайд хуульч хүний хувьд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шүүн тасалж буй нийт ил цахим хаяг болох shuukh.mn сайтаас тухай бүрт мэдээллийг авдаг. Энэ ч утгаараа энэхүү төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа иргэдийн үйлдэл, түүнд хүрэх болсон шалтгаант холбоо, сэдэл санааны байдлыг судалж байсан. Миний харж байгаагаар иргэдийн эрх зүйн ухамсрын талаар дээр дурдсанчлан иргэд өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг бүрэн ухамсарлаагүй байгаатай шууд холбоотой гэж хардаг. Гэвч хууль мэдэхгүй байгаа нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Энэ төрлийн гэмт хэрэг таксинд эд зүйлээ орхих, мал амьтныг олж авах, дансанд нь гадаад болон дотоодын иргэн, хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө орж ирснийг бусдын өмчлөлийн зүйл гэдгийг мэдсээр байж захиран зарцуулж байгаа зөрчил нийтлэг ажиглагдаж байна.

-Алдаатай төлбөр тооцоо, андуурагдсан илгээмж зэргийг хүлээн авсан тохиолдолд хаана хандах вэ. Буцаж холбогдох утасны дугаар зэрэг нь байхгүй тохиолдолд хаана хандах вэ?

-Аливаа төрлийн гэмт хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Тиймээс хэрэг явдал гарсан газар, эсхүл эд хөрөнгө орхисон, гээгдүүлсэн хамгийн сүүлд эд хөрөнгийн байсан газрын харьяа сум, дүүргийн цагдаагийн хэлтэст гомдлоо гаргана. Харьяаллаа мэдэхгүй, мэдэх боломжгүй газар байвал өөрийн байгаа газрын цагдаагийн байгууллагаар дамжуулж тус харьяаллын прокурорт санал хүргүүлснээр хэрэг хянан шалгах ажиллагаа эхэлнэ.

Сүүлд нь зөвлөхөд бусдын өмч, эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг өөрийн биш гэдгийг мэдсээр байж олж авах нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна хохирлыг барагдуулах үүрэг хүлээдэг. Нөгөөтэйгүүр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд зөвлөхөд цагдаагийн байгууллагаар дамжуулж эрхээ сэргээлгэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *