“BBC”-ийн “Украинд тусалдаг найзындаа хийж буй Путины Баку дахь айлчлал” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Азербайжанд хийж буй Владимир Путины айлчлалд хүн бүр таатай хандахгүй байна. Энэ нь түүхэн дурсамж болон Украины дайнтай холбоотой юм. Гэвч Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев Путиныг бүр гэр бүлийн хүрээнд хүлээн авч, Украины төлөө байлдаж байгаа азербайжанчуудаар бахархаж байсан засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд одоо Путиныг магтаж байна.
“Russia Today” агентлаг “Оросын ерөнхийлөгч амиа алдагсдын мөнхийн гал бүхий дурсгалын хөшөөнд цэцэг өргөв” гэж мэдээлсэнд Азербайжаны нэгэн блогчин эгдүүцэн “Оросын суртал ухуулгын машин армийнх нь гарт амиа алдсан хүмүүсийг оршуулсан гудамжийг ч нэрлэж чадахгүй байна” гэж эсэргүүцэл тараажээ. Путин 1990 оны нэгдүгээр сард азербайжанчуудын тусгаар тогтнолын төлөөх жагсаалыг Зөвлөлтийн арми цэрэг зэвсэг, танкаар тараахад амь үрэгдсэн иргэдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн юм. Энэ үйл явдлыг Бакуд “Хар нэгдүгээр сар” гэж нэрлэдэг бөгөөд үндсэрхэг үзэлтнүүд Орост дургүйцэх шалтгаан болгон дурсаж байдаг юм. Тухайн үед зуу гаруй азербайжан иргэн амь үрэгдсэн бөгөөд Оросын суртал ухуулагчдын нэвтрүүлсэн сурвалжлагын сүүлийн секундэд Оросын удирдагчийн ар талд эгнүүлсэн булшнууд харагдаж байв.
Путиныг Баку хотын иргэд гудамжинд Оросын далбаа барин угтаагүй ч Азербайжан Орос эсвэл Путины эсрэг хандлагатай гэж хэлж болохгүй. Учир нь энэ нь өөрөө тун ч төвөгтэй асуудал юм.
Өнгөрсөн 2022 онд Орос Украиныг эзлэн түрэмгийлж эхлэх үед Бакуд Украиныг дэмжсэн том эсэргүүцлийн жагсаал болж байсан. Энэ нь ганц хүн эсэргүүцлээ илэрхийлэхэд цагдаа нар баривчилдаг, ямар ч жагсаал цуглааныг хатуухан дардаг Азербайжаны хувьд сонин зүйл болсон юм. Энэ удаа цагдаа нар уг жагсаалд төдийгүй жагсагчид Оросын Элчин сайдын яаманд очиж эсэргүүцлээ илэрхийлэхэд огт саад бололгүй холоос хараад зогсож байсан билээ. Энэ үед дайны талаар Азербайжаны төр, засаг албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч Украинд хүмүүнлэгийн тусламж илгээж, Азербайжаны хэвлэлүүд “Украины талд азербайжанчууд тулалдаж байна” гэж бахархан мэдээлж байв. Үнэхээр азербайжаны сайн дурынхан “Айдар”, “Гүржийн батальон” болон бусад ангиудад байлдаж байгаа бөгөөд зарим нэг нь бүр Украины баатар цолоор шагнагдсан билээ. Гэхдээ Азербайжаны эдийн засаг Оростой нягт холбоотой учраас Азербайжан улс Украиныг ил тод дэмжиж чадахгүй байна гэж зарим ажиглагчид үзэж байна. Учир нь цар тахал өвчин болон дайны өмнө Азербайжанд амьдралаа дээшлүүлэх ажил хийхээр дор хаяж 10 мянган оросууд ирдэг байсан бол өнөөдөр Азербайжаны улсын Статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн онд л гэхэд 600 мянга гаруй орос иргэн тус улсад орж ирсэн байна. Хамгийн гол нь Азербайжаны ТУХН-ийн орнуудтай хийдэг гадаад худалдааны гуравны хоёрыг буюу 4.4 тэрбум ам.долларыг ОХУ бүрдүүлж байна. Мөн энэ улсаас гаралтай Оросын хэд хэдэн том бизнесмэнүүд Азербайжантай нягт холбоотой ажилладаг. Тухайлбал, Путинтэй шууд утсаар ярьдаг хэмээн өнгөрсөн жил цахим ертөнцийг шуугиулж байсан бизнесмэн Фархад Ахмедов байна. Мөн Азербайжаны ерөнхийлөгчийн охин болон түүний хуучин нөхөр Оросын бизнесмэн Араз Агаларов нарын хүү Эмин Агаларов нь Москва хотын ойролцоох “алдарт” Crocus City Hall-ын эзэн билээ.
Баку хот Ереван, Тбилиси хотуудаас ялгаатай нь олон их дээд сургууль мөн бараг бүх дунд сургуульд орос хэлээр суралцах боломжтой байдаг. Учир нь нийслэлд өндөр цалинтай ажилд орохын тулд орос хэлний мэдлэг ихээхэн шаардлагатай болдог байна.
Иймээс иргэд нь санал зөрөлдөөнтэй байдаг ч Азербайжан бол Путины дайсан биш юм. Иймээс л Украины талд тулалдаж буй цэргүүдээрээ бахархаж байдаг засгийн газрыг дэмжигч хэвлэлүүд өнөөдөр Оросын ерөнхийлөгчийг “Азербайжаны найз” хэмээн халуун дотноор сурталдаж байна.
Оросын ерөнхийлөгч Украиныг дэмжигч найзынхаа гэрт төрийн айлчлал хийж, Азербайжаны ерөнхийлөгчийн эхнэр түүнийг хувийн зочны хувиар угтан авч, дайлж байгаа бол Путин ширээний ард цамцныхаа товчийг та