Владивосток руу хэрхэн аялах вэ
Тус хот газар зүйн байршлаасаа шалтгаалан тээврийн тохиромжтой системтэй. Тодруулбал, Оросын Алс Дорнодын орнууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хоорондох агаарын замын уулзварт байрладаг. Владивостокийн нисэх онгоцны буудал 45 орчим чиглэлтэй бөгөөд жилд гурван сая гаруй зорчигч хүлээн авдаг. Хамгийн том тээврийн зангилааны нэг болох Инчоны нисэх онгоцны буудал ойрхон байгаа нь Ази тивийн аль ч өнцөг булан бүрээс ирсэн зорчигчдыг хүлээн авах боломж бүрдүүлж байна.
Тэмцээний байгууламж бүгд бэлэн
Азийн хүүхдийн наадмын тэмцээн уралдааныг Владивосток, Артём хотуудад байрлах спортын 10 байгууламжид явуулахаар төлөвлөжээ. Наадам зохион байгуулахад шаардлагатай бүх дэд бүтэц байгаа гэдгийг Приморийн хязгаарын захирагч ноён Олег Кожемяко онцолсон.
Наадам самбо бөх, кураш, хапсагай бөх, мас бөх, 3х3 сагсан бөмбөг, бокс, гимнастик, хөнгөн атлетик, байт харваа, буудлага, элсний волейбол, жүдо, таеквондо, футзал, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн үндсэн төрлүүдээс гадна зохион байгуулагчдын санал болгосон бадминтон болон бүжгийн спортын төрлөөр зохиогдох юм.
Тээвэр, байр
Азийн хүүхдийн наадамд 13-16 насны хүүхдүүд оролцох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс байр, хоол, нийтийн тээврийг бүрэн даахаа илэрхийлээд байна. Тиймээс тамирчид, албаны хүмүүс зөвхөн замын зардлаа л гаргах юм.
Наадмын тусгайлан бэлдсэн автобус тогтсон маршрутын дагуу тамирчин хүүхдүүдэд үйлчлэх бөгөөд тамирчдын тосгон болон тэмцээний байгууламжуудын хооронд аялах хугацаа 30 минутаас бага байхыг зохион байгуулагчид онцолж байна.
Тамирчдыг Владивостокоос 20 км-ын зайд, Эмарын булангийн зүүн эрэгт байрлах Бүх Оросын хүүхдийн зусланд байрлуулахаар төлөвлөжээ. Энэхүү төв нь жил бүр 11-17 насны 13 мянга гаруй хүүхдийг дөрвөн улирлын турш хүлээн авдаг бөгөөд хүүхдүүдэд нэмэлт боловсрол олгох сургалт явуулдаг байна.
Монголчууд Азийн хүүхдийн наадамд
Манай тамирчид 1996 онд буюу анхны наадмаас эхлэн оролцож байна. Анхдугаар наадамд Монголоос 44 тамирчны бүрэлдэхүүнтэй баг очиж, зургаан алт, долоон мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль авч байв. Улмаар 2000 онд 29, 2008 онд 30 медаль гэх зэргээр наадам бүрт өндөр амжилттай оролцож ирсэн билээ.
Энэ удаагийн наадамд манайхан спортын хэдэн төрөлд хэдэн тамирчинтай оролцох нь одоогоор тодорхойгүй байна. Оролцогчдын бүртгэл 2022 оны нэгдүгээр сард эхлэх юм.