Ази, Европыг холбосон эдийн засгийн томоохон бүс Алтанбулаг боомтыг худалдааны чөлөөт бүс болгох асуудал 1996 оноос яригдсан ч үйл ажиллагаа нь саяхнаас эхэлсэн. Тус чөлөөт бүсийн захирагчаар сар гаруйн өмнө томилогдсон Ч.Чимэдсүрэн ажил байдлынхаа тухай ийн өгүүлсэн юм. “Өнгөрсөн хугацаанд Алтанбулаг худалдааны чөлөөт бүс бий болгох ажилд нийт 23 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Үүний дийлэнх хувийг цэвэр, бохирын шугам, цахилгаанд холбох зэрэг дэд бүтцийн ажилд зарцуулсан. Гэхдээ энэ тоо бол ирээдүйд олох орлого, ашгийн маш бага хувийг эзлэх учраас үүнд санаа зовох хэрэггүй. Би уг ажлыг аваад удаагүй байгаа ч гэрээ, хэлцэл, бичиг, цаасны бүх ажлыг жин тан болгож амжлаа. Мөн худалдааны чөлөөт бүсийн хамгийн чухал зүйл болох боомтоор тусгаарлагдсан хоёр улсын хилийг хязгаарлаж байсан 30 метр хашааг буулгаж, чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь нээгээд байна. Зөвхөн энэ хашааг авч чадалгүй олон жилийн нүүр үзсэн байсан. Түүнчлэн чөлөөт бүсийн хаалга, тусгаарлагч, зам, мод суулгах, хашаажуулах гээд бусад зардалд тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдээд байна. Арай эрт томилогдсон бол Чөлөөт бүс байнгын ажиллагаанд шилжих үед өнөөдрийнхөөс өөр дүр төрхтэй байх байж дээ гэж бодогддог” гэв. Тэрбээр түүнчлэн “2015 онд ОХУ, БНХАУ-тай 100 тэрбум ам.доллартай тэнцэх худалдаа хийх стратегийн гэрээ байгуулсан. Ирэх онд БНХАУ-ын Манжуур хотод 20 тэрбум доллартай тэнцэх худалдаа хийх юм. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс ашиглалтад орсноор Манжуур хотын худалдааны ачааллаас таван хувийг өөр дээрээ авч, нэг тэрбум долларын худалдаа хийнэ. Монгол Улс “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс 10 хувийн татвар авах тул ирэх онд улсын төсөвт 100 сая доллар орж ирнэ. Манай улсын эдийн засаг ядруу байгаа энэ үед дээрх 100 сая доллар гадаад валютын нөөцийн хомсдолыг арилгаж, эдийн засгийн хямралыг давах хөшүүрэг болох юм. Тиймээс бизнес эрхлэгчид, пүүс компаниудыг чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулахыг урьж байна. Одоогоор манай бүсэд нэг сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн найман аж ахуйн нэгж байна. Цаашид нэмэгдэх байх” гэсэн юм. Энэ нь зөвхөн эхлэл бөгөөд ирээдүйд Монголыг тэжээх томоохон бүс нутгийн нэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа ч ярьж байв.
Эхний таван жилд бараа бүтээгдэхүүнээс татвар авахгүй
Худалдааны бүсийг хөгжүүлэхдээ ойр орчмоор 15-20 мянган хүн амьдрахад зориулж суурьшлын бүс бий болгох юм байна. Суурьшлын бүсэд шаардлагатай дэд бүтэц, газрын харилцаа асуудалгүй бол төр засгаас авто замын сүлжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа ажээ. Худалдаа, наймааг өргөжүүлэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцох нь нээлттэй, харин аж ахуйн нэгж байгууллагууд Захирагчийн ажлын албанд хандах хэрэгтэй гэнэ. Худалдаа, наймаа эрхлэгчдэд үзүүлэх гол таатай зүйл бол эхний таван жил хуулиар хориглоогүй зөвшөөрсөн бүх бараа, бүтээгдэхүүнийг нэг ч төгрөгийн татваргүйгээр худалдаалах боломжтой юм байна.
Засгийн газраас “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд ОХУ-ын иргэд визгүй, БНХАУ, Япон, БНСУ зэрэг гуравдагч орны иргэд Монгол Улсаар дамжин өнгөрөх 10 хоногийн визээр зорчих журам баталжээ. ОХУ-¬ын иргэд хилийн чанад дахь манай улсын ЭСЯ, Консулын газарт зорчих хүсэлт гаргах, бусад улсын иргэд дамжин өнгөрөх виз хүссэнээр чөлөөт бүсэд нэвтрэх боломж бүрдэх аж. Чөлөөт бүсэд гадаадын иргэдийг нэвтрүүлэх журмыг хилийн чанад дахь ЭСЯ, Консулын газарт хүргүүлжээ.
Д.Батбаяр: Цементний хамгийн том эрэлт ОХУ-д байгааг бид судалсан
Энэ үеэр Чөлөөт бүсийн захирагч болон бусад албан тушаалтантай уулзаж, цементний худалдаа хийхэд зориулсан барилгын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтаа цэгцлэхээр ирсэн “Алтан үрэл, энх трейд” компанийн ажилтан Д.Батбаяртай уулзлаа.
-Үйл ажиллагаа нь эхлээгүй энэ бүсэд ямар учраас худалдаа хийхээр зорьж байна вэ. Ойрын хэдэн жилд ашиг өгөх болов уу?
-Бид Худалдааны чөлөөт бүс бий болгохоор ажиллаж байгааг жил гаруйн өмнө мэдэж, судалж эхэлсэн. Учир нь энэ бол маш том зах зээл. Тэгээд шаардлагатай бичиг, баримтуудыг зэхэж явсаар саяхнаас зөвшөөрлөө авлаа. Одоо бидэнд цемент агуулах байр, худалдаалах байраа барих ажил л үлдээд байна. Бид ирэх сарын 1 гэхэд ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. Ашгийн хувьд бид тооцож үзсэн. Маш том эрэлтийн цэг дээр обьектоо байгуулах гэж байна. Хамгийн наад зах нь Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахаар барилга байгууламжаа барих аж ахуйн нэгж, байгууллагууд хямд, чанартай манай цементийг сонгоно. Мөн энэ бүсийг түшиглэн суурьшлын бүсийн орон сууц, худалдааны төвүүд, бусад барилга байгууламжид зардал багатай, хямд, чанартай цемент хэрэгтэй. Мөн ОХУ бол хамгийн гол эрэлт нь юм. Эхний ээлжийн 50 вагон цементээ нааш нь ачуулахад бэлэн болсон.
-Энд худалдаа эрхлэхээр зэхэж байгаа хүн бүхэн л ОХУ-д гол найдвараа тавьж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бол. ОХУ өнөөдрийг хүртэл Алтанбулаг боомтоор бараа бүтээгдэхүүнээ бараг оруулахгүй байна шүү дээ?
-Бараа бүтээгдэхүүн оруулах тухай асуудал бол Засгийн газар, холбогдох газруудын хийх гол ажил. Гэхдээ хямд мөртлөө чанартай, олон төрлийн, сонголт сайтай бараа, бүтээгдэхүүн хаана байна хүмүүс тийшээ л явна. Зөвхөн цемент ч биш цахилгаан бараа, бусад эдлэл хэрэглэл ялангуяа модны бизнесийн ирээдүй энд хэдхэн жилийн дотор хөгжинө. Бид эрэлт байгааг нь судалсан. Томоохон хийгээд алсаа боддог бизнесмэн бүрийн алдаж болохгүй боломж гэдгийг хүн бүр мэдэж, хөдөлж эхлээд байна шүү дээ.
-Барилга байгууламжаа барих зэрэг бусад ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдахаар байна вэ. Мөн хаанахын цемент вэ?
-БНХАУ-аас цементээ оруулж ирдэг. Манай компани үйл ажиллагаа явуулаад долоон жил болж байна. Нийт зардалд урьдчилсан байдлаар 40 гаруй сая төгрөг зарцуулагдах байх.
Энэ мэтээр нэлээд хэдэн аж ахуйн нэгж эхний бараагаа буулгаж, зарим нь зураг төслийн ажлаа хийж байсан юм. Энэ бүс нутагт хүнд хэрэгцээтэй юу байдаг бүх зүйлийг бий болгохоор зорьж байгаа юм байна. Чөлөөт бүсээс гадна зэрэглэл бүхий зочид буудлууд, зоогийн газар, үдшийн цэнгээний газрууд, брэндийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, машины эд, ангийн сэлбэг, үйлчилгээний бусад байгууллагыг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүний нэг нь хайрга, дайрга боловсруулах, замын боржур бэлтгэх үйлдвэр ажиллалаад эхэлсэн байна. Мөн япон, солонгос машины үзэсгэлэн худалдаа хийх байгууллага ч зөвшөөрлөө аваад байгаа гэнэ. Зөвшөөрлөө авсан болон байнгын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжүүд энэ долоо хоногийн сүүлчээс эхлэн талбайгаа эзэлж, зарим аж ахуйн нэгж барилга, байгууламжаа барьж, угсарч эхлэх юм байна.
Мөн биднийг байх үед Дархан-Уул аймгаас Худалдааны чөлөөт бүсэд дэлгүүрийн нэг га газар авахыг хүссэн нэгэн иргэн ирсэн юм. О.Хосбаяр “Бид энд брэндийн хувцас, барааны дэлгүүр байгуулах сонирхолтой байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зургаа дахь удаа энд ирж байна. Газрын зөвшөөрөл авахад нэлээд түвэгтэй байна. Учир нь, иргэн, аж ахуйн нэгж газар авах бол барьж, байгуулах зүйлийнхээ төслөөс гадна зарцуулагдах төсвийг харилцах дансанд байршуулж байж газрынхаа эрхийг авах юм байна. Энэ нь бас зарим шаардлагыг хангах ёстой. Тухайлбал, худалдаа, үйлчилгээний зориулалттай бол тэдэн давхар, тийм хэмжээтэй гэх мэт заалт орж байгаа бололтой. Энэ журмыг хараахан батлаагүй ч энэ нь жижиг бизнес эрхэлдэг энд худалдаа эрхлэх хүсэлтэй хүмүүст нэлээд өндөр шалгуур болоод байна. Гаднын томоохон бизнесмэнүүд ихэнх газрыг худалдан авсан гэх мэдээлэл ч байна” гэв.
Чөлөөт бүсийг төмөр замаар холбовол хөгжил хэдэн жилээр урагшилна
Худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаа жигдрэхтэй холбоотой нэлээд асуудал шинээр хөндөгдөхөөс гадна томоохон саналууд ч ирж байгаа гэнэ. Тухайлбал, гадны нэгэн компани Алтанбулаг сумын урдхан талд нефть боловсруулах үйлдвэр байгуулах санал, төслөө ирүүлээд байгаа гэнэ. Энэ нь монголчуудыг хямд шатахуунаар хангах маш том боломж гэдгийг Захирагчийн албаныхан онцолж байв. Түүнчлэн Концессийн гэрээгээр 23.8 км төмөр замаар Худалдааны чөлөөт бүсийг төмөр замтай холбох асуудал нэлээд дэмжигдэж байгаа аж. Концессийн гэрээг баталсан тохиолдолд Худалдааны чөлөөт бүс төмөр замаар холбогдож, мянга мянган ачаа барааг галт тэргээр тээвэрлэж, худалдааны эргэлтэд оруулах нь өөрөө маш том зах зээл, боломж юм.
Юутай ч бараг 20 жил дуншсан Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг байнгын ажиллагааны горимд шилжүүлэхээр холбогдох хүмүүс цаг наргүй ажиллаж байна. Одоогоор барилга, байшин сүндэрлээгүй тал газар байгаа ч хэдхэн жилийн дараа Эрээн хотоос ч том эдийн засгийн бүс болох найдвар бий гэнэ.
Э.ХҮРЭЛБААТАР