Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн үеэл, хунтайж Такамодогийн бага охин Аяако гүнж хуримаа хийхээр болсон тухайгаа өнгөрсөн сард зарласан билээ.
Аяако гүнж хааны угсааны бус энгийн хүнтэй гэрлэхээр болсон гэнэ. Тэрбээр энгийн хүнтэй гэрлэж буй учир гүнж хэргэмээсээ татгалзах юм. Гүнж өчигдөр дурлалт залуугийнхаа хамтаар хэвлэлийнхэнд ярилцлага өгч, албан ёсоор хуримаа хийхээр болсон тухайгаа зарласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 27 настай Аяако гүнжийн дурлалт залууг Кэй Морияа гэдэг бөгөөд 32 настай аж. Тэрбээр Кэйогийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд Японы хөлөг онгоцны тэргүүлэгч “Ниппон Юсэн” компанид ажилладаг аж.
Хуримын ёслол ирэх аравдугаар сарын 29-нд Токио хотноо зохион байгуулагдахаар болжээ. Гүнж “Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх уулзсан. Түүний гайхалтай ухаалаг, шийдэмгий зан надад таалагдсан. Түүнтэй өнгөрүүлсэн цаг, мөч бүр надад үнэтэй” хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
Аяако гүнжээс өмнө хунтайж Акишиногийн том охин Мако энгийн залуутай гэрлэхээр болсноо мэдэгдсэн юм. Мако гүнж өнгөрсөн наймдугаар сард Кэй Комуро гэх залуутай сүй тавьсан бөгөөд хос ирэх 2019 онд хуримаа хийхээр болжээ.
Ийнхүү энэ онд хааны гэр бүлийн хоёр гишүүн албан ёсны хэргэм зэргээсээ татгалзан, хааны ордон бус энгийн сууцанд амьдрахаар боллоо.