Монгол залуу автомашины гупер, өндөрлөгөө, ачаа зэрэг арваад нэр төрлийн эд анги, тоноглолыг үйлдвэрлэж, олон зуун хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийхээ чанар, хийцээрээ танигджээ. Өөрийн хүч хөдөлмөр, ур ухаанаар эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнес нь амжилттай яваа Д.Эрдэнэсайханы үйлдвэрээс “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Түүний ажлын байр Баянхошуунд 112-ын буудлаас шороон замаар баруун салж өгсөөд төв замаас ердөө 200 метрт байрладаг юм байна. Биднийг өчигдөр өглөө 10 цагийн үед очиход хашааных нь гадна дөрөв, таван жижиг, том оврын машин зогсож байлаа. Автомашиндаа өндөрлөгөө, ачаа хийлгэхээр хүлээж байгаа жолооч нар аж. Эднийх 0.7 га хэмжээтэй хашаанд хоёр давхар үйлдвэрийн том барилга барьжээ. Д.Эрдэнэсайхан биднийг хашааныхаа үүдэнд угтаад “За даа, би тун завгүй л байна даа. Өглөө эрт л уулзах байж дээ. Ажлын цагаар ярилцах зав гарах нь уу даа. Урьд шөнөжин ажилласан. Захиалга ихтэй байна” гэсээр дотогш оруулав. Үйлдвэр дотор гагнуур, үйлдвэрийн том машины дуу чимээ хангинаж, зургаан залуу зэрэг ажиллаж байгаа харагдлаа. Сонины сурвалжлагч ирсэн гэж анзаарах ч завгүй хамгаалалтын малгай, шил зүүсэн залуучууд амсхийх завгүй ажиллацгаана. Харин захирал Д.Эрдэнэсайхан биднийг үйллвэртэйгээ танилцуулах үеэр түүний утас зогсоо зайгүй хангинаж, захиалгууд ар араасаа орж ирсээр байв.
Үйлдвэрийн доод давхартаа том гарааштай юм байна. Ланд 200, Lexus 570 зэрэг жийп машинууд харагдав. Энэ хэсэгт үнэтэй, дээд зэрэглэлийн машинуудад тусгай захиалгын дагуу ачаа, гупер зэрэг нэмэлт тоноглолуудыг хийж, суурилуулдаг юм байна.
Гадаа ирсэн жолооч нартай уулзахад ихэнх нь машиндаа өндөрлөгөө хийлгэхээр зорьж ирсэн гэцгээв. “Приус” маркийн машины жолооч 30 гаруй насны залуу “Эдний өндөрлөгөө маш сайн юм билээ. Манай ах зааж өгсөн юм. Цэвэр хөнгөн цагаанаар хийдэг учраас зэвэрч мууддаггүй, цуурч хагардаггүй, эдэлгээ сайтай гэсэн. Би энд ирэхээсээ өмнө эдний “Хөнгөн цагаан авто тоноглол” гээд фэйсбүүк хаяг руу нь орж үзсэн. Манай улсын стандартын шаардлага хангасан төдийгүй, олон улсын стандартад ч нийцсэн чанартай өндөрлөгөө үйлдвэрлэдэг юм билээ. Яг л манай Монголын цаг агаар, зам харгуйд таарсан янзтай эд гэж жолооч ярьдаг шүү дээ. Би хэд хэдэн хүнээс сонсоод ирсэн. Өндөрлөгөөгөө хийлгэж аваад хөдөөгүүр гэр бүлээрээ аялах гэж байна. Манайх шиг бартаа ихтэй замтай газраар аялахад жижиг суудлын тэргэнд өндөрлөгөө шиг хэрэгтэй юм байхгүй шүү дээ. Монгол залуучууд сэтгэлээ шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон хүнд танигдаж, нэр хүндтэй байгаад бахархаж байна. Миний хувьд аль болох үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжихийг боддог” хэмээлээ.
Д.Эрдэнэсайхан үйлдвэрээс гарч ирээд дуу чимээнээс хол газар түр амсхийе гээд хашааны хойно байрлах саравчиндаа урилаа.
Үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ хамгийн анх ногоо тарьдаг хүлэмжиндээ хийж эхэлсэн гэнэ. Анх Портер машины ачаа хийж байжээ. Ажил нь урамтай байсан учир үйл ажиллагаагаа өргөжүүлээд үйлдвэрийнхээ цехийг барьж, ажилчдынхаа тоог нэмээд явж байгаа гэлээ. Одоо үйлдвэрийнхээ байрыг дахин өргөтгөхөөр төлөвлөжээ. Байгуулагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд 10 мянган гаруй тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлээд байгаа юм байна. Үйлдвэрийн ажилд Д.Эрдэнэсайханы ах Д.Эрдэнэбилэг тусалж гол ажлыг нугалж өгдөг гэнэ. Түүний аавыг Ц.Дондогсамба гэдэг.Увс аймгийн харьяат. Тэтгэвэртээ суусан ч зүгээр сууж чадахгүй үйлдвэрийн ойр зуурын ажилд тусалж их ажлыг нугалж өгдөг байна. “Аав маань гарын дүйтэй. Бага байхаас л ойр зуурын янз бүрийн зүйл хийхдээ намайг оролцуулж зааж өгдөг байсан. Ааваасаа их юм сурсан маань өнөөдрийн энэ ажилд маань их хэрэг болж байна гэж боддог. Хамгийн найдвартай ар тал бол гэр бүл байдаг шүү дээ” хэмээгээд “10 дугаар ангид байхад багш маань маргааш олимпиад болно, бэлдээд ороорой гээд даалгавар өгсөн юм. Нэг өдрийн л хугацаа байсан. Тэгээд даалгаврыг нь хийгээд маргааш нь зохион бүтээх олимпиадад орсон. Сонгинохайрхан дүүрэгтээ нэгдүгээр байр эзэлж, хотод гуравдугаар байранд орж байсан. Энэ үеэс би өөрийгөө техник сэтгэлгээ сайтай юм байна. Энэ сэтгэлгээгээ хөгжүүлээд явбал амжилт олох юм байна гэдэг итгэлийг олж авсан. Барилгын инженерээр ажиллаж байгаад ер нь хүн өөрийнхөө хамгийн сайн чаддаг, гол нь дуртай ажлаа хийх ёстой юм байна гэж бодоод зохион бүтээх ажлаа сонгож, автомашины тоноглол хийж, юм бүтээж ажиллаж үзье гэж шийдсэн минь энэ” гэв.
Д.Эрдэнэсайхан Улаанбаатар хотод 1985 онд төржээ. Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийг дүүргэсэн аж. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС-ийг Барилгын инженер мэргэжлээр 2008 онд төгсөж, “Их үйлслийн эрэлд” компанид мэргэжлээрээ ажилд орсон байна. “Баянмонгол”, “Их монгол” хорооллыг барихад инженерээр долоон жил ажилласан аж. Энэ хоёр хорооллын хөрсийг нь ухахаас эхлүүлээд түлхүүрийг нь гардуулж өгөх хүртэлх бүхий л ажилд гар бие оролцсон тухайгаа дурсав. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ганц нэг жижиг барилгын ажил дээр хувиараа ажиллаж байгаад компаниа байгуулсан түүхтэй аж. Одоо эхнэр, гурван хүүхдийн хамт Зайсанд өөрийн барьсан хаусандаа амьдардаг бөгөөд ажил дээрээ хонож ажиллах үе их байдаг гэдгээ хэлж байв. “Энэ хашаанд миний бага нас өнгөрсөн шүү дээ. Аавынх маань энэ хойд талын байшин. Ажил дээрээ хонон өнжин сууж ажиллах үе бий. Аав, ээжийнхээ дэргэд ажиллаж байгаа учраас хоол, цайгаар тасрахгүй амар байдаг шүү” гэж яриа дэлгэв.
Эрдэнэсайхан “Монголын эдийн засаг нүүрсний салбараас ихээхэн хамааралтай. Гадагшаа урсаж байгаа долларын урсгалыг багасгахад монгол хүн бүр ямар нэг байдлаар үйлдвэрлэл явуулах ёстой. Монголын эдийн засгийг хүчирхэг болгоё гэвэл дотооддоо үйлдвэрлэгч орон болох ётсой. Долларынхаа нөөцийг гадагш нь алдахгүйн тулд эх орондоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын эдийн засаг тогтвортой байх юм байна гээд сэтгэл шулуудаад ажлаа эхлүүлсэн. Тэгээд үйлдвэрийн салбар руу орж үзье, ажиллаж үзье гээд хоёр жил болж байна. Анх хаягдлаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн. Хаягдал төмрөөр том, жижиг автомашины ачаа хийж эхэлсэн. Одоо ачаанаас гадна олон тоноглол хийдэг болоод хэрэглэгчдэд танигдаад байна. Энэ хугацаанд нэг ч удаа танай бүтээгдэхүүн муу байна, болохгүй байна гэсэн гомдол шүүмжлэл ирсэнгүй. Хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад шалгарсан, үнэхээр сайн бүтээгдэхүүн гэдгийг бардам хэлэх байна” гэлээ.
Эднийх автомашины өндөрлөгөөг цэвэр хөнгөн цагаанаар үйлдвэрлэдэг юм байна. Эрдэнэсайхан хашааных нь гадаа эгнэж зогссон машинуудаас захиалгаа авах зуураа “Манайх шиг хөнгөн цагаан өндөрлөгөө гэсэн нэртэй адил ижил төстэй олон бүтээгдэхүүн бий. Гэхдээ жинхэнэ хөнгөн цагаан өндөрлөгөө манайхаас л гардаг. Өндөрлөгөөнөөс гадна, жижиг суудлын болон жийп автоашины хөнгөн цагаан тоноглолууд үйлдвэрлэдэг. Автомашины ачаа, өндөрлөгөө, гупер зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Үүнээс гадна барилгатай холбоотой усны нөөцийн сав, барилгын бусад жижиг хэрэглэлүүдийн захиалгууд орж ирвэл хийж үйлчилдэг. Манай хамгийн борлуулалт ихтэй бүтээгдэхүүн бол ачаа, өндөрлөгөө хоёр” гэж сонирхууллаа. Түүхий эдийн олдоц хэр байдгийг сонирхоход “Ямар бүтээгдэхүүнээсээ хамаарна. Өндөрлөгөөний түүхий эдийг нэг газраас гэрээтэйгээр авдаг. Ачаа зэрэг бусад автомашины тоноглолуудын үнэтэй түүхий эдүүдийг Хятад, Оросоос импортоор оруулж ирэхээс гадна заримыг нь Монголоосоо авдаг” гэсэн хариу өгөв.
Эдний үйлдвэр ажиллаж эхлээд хоёр жил гаруй болж байгаа аж. Энэ хугацаанд ажилгүй суусан нэг өдөр байхгүй гэнэ. Д.Эрдэнэсайхан “Захиалга хангалттай байна. Фэйсбүүк дээрээ “Завтай боллоо” гээд постлоход л хангалттай хэмжээний захиалга ороод ирдэг. Өндөрлөгөө гэхэд өдөрт дунджаар 20 машинд, ачаа гэхэд бас 20 машинд гарна. Бас онцгой бүтээгдэхүүний захиалгууд орж ирнэ. Тухайлбал, үнэтэй машинуудын өнгө төрхтэй, загвар шаардсан тоноглолууд хийдэг. Цаг хугацаа, ур чадвар шаардсан ийм ажлын захиалгыг цөөхөн авдаг” гэж яриад ажилдаа шуурхайлав. Түүний утас зогсоо зайгүй хангинаж, байсхийгээд л ажилчид нь дуудаж зөвлөгөө авах юм. Энэ зун дотоодын аялагчид эрс ихэссэн нь эдний үйлдвэрийн ажлын ачааллыг нэмжээ. Аялагч жолооч нар яагаад өөрсдийг нь зорьж ирж, бүтээгдэхүүнийг нь сонгож байгааг сонирхоход үйлдвэрийн эзэн залуу “Манайх эрс тэс цаг ууртай. Дээр нь монгол хүмүүсийн хэрэгцээ шаардлага арай өөр байдаг. Бартаатай зам ихтэй улс гэдэг онцлог бидэнд бий. Дэд бүтэц, зам сайтай бусад улс орны инженерүүд манайх шиг нөхцөлд таарсан эд анги, тоноглол хийж чадахгүй. Ийм учраас л манайд илүүтэй ханддаг байх. Манайх цэвэр хөнгөн цагаанаар хийдэг ч бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй адил үнэтэй байдаг болохоор зорьж ирдэг байх. Хэн ч гэсэн чанартай хэрнээ үнэ нь боломжийн бүтээгдэхүүнийг сонгож таарна шүү дээ. Хүний амь, нас эрүүл мэнд бүгдээс түрүүнд тавигдах ёстой. Тэр утгаараа автомашины тоноглол, эд анги маш өндөр чанартай байх ёстой. Бид ийм л зарчим барьдаг. Ашиг муутай байсан ч чанартай зүйл л хийх ёстой” гэсэн хариу өгсөн юм.
Баялаг бүтээгчдэд тохиолддог нийтлэг зовлон Д.Эрдэнэсайханы үйлдвэрт ч байна. Д.Эрдэнэсайхан “Манай нэг бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй болонгуут хэн нэгэн ченж худалдаж авч яваад Хятадад аваачаад “Яг энийг хийгээд өг” гээд мянга, мянгаар нь хийлгээд аваад ирдэг. Хятад улсад ажиллах хүчний зардал маш бага. Нэг юм сэтгээд жаахан хүч аваад ажиллаад ирэхээр манай ченжүүд урдаас тэр дор нь дуурайлгаад бөөн бөөнөөр нь оруулж ирээд Монголын үйлдвэрлэгчдийг нам дардаг. Тийм учраас Монголд үйлдвэрлэл явуулахад хэцүү байдаг. Энэ асуудал дээр төр засгийн бодлого, дэмжлэг үгүйлэгддэг” хэмээн ярилаа.
“Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгардаг гол асуудал бэрхшээл юу вэ” гэж асуухад Д.Эрдэнэсайхан “Борлуулалтыг л онцолно доо. Зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ таниулах нь хамгийн чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ЖДҮ-ийн зээл өгөх хэрэгтэй, зээл өгвөл хөгжинө гээд яриад байдаг. Зээл, санхүүжилт хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ гол бодлого нь юу байх ёстой вэ гэхээр зээл аваад хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах. Миний гаргасан бүтээгдэхүүн зах зээлд борлогдож л байвал үйлдвэрлэл цаашаа улам л өргөжиж хөгжиж томорно. Бараа бүтээгдэхүүн борлуулалттай, захиалга ихтэй л байвал үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр сайжирна” гэж байна.
“Та жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл бичиж төр засагт хандаж байв уу” гэж асуухад “Би хэдэн жилийн өмнө нэг төсөл бичиж байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулаад Монголд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнийг худалддаг нэгдсэн том төвтэй болох тухай төсөл. Зардал нь нэг цэцэрлэг барих дайны хэмжээтэй. Архитектор төлөвлөлтийн хувьд монгол гэрийн хэлбэртэй. Тав, зургаан давхар барилгын зураг гаргачихсан байсан юм. Одоо манай үндэсний үйлдвэрлэгчид лангуу түрээсэлж, худалдагч цалинжуулж бүтээгдэхүүнээ борлуулж байна. Ингэж арван сар ажиллахад л асар их хэмжээний зардал гардаг. Харин ийм худалдааны төвтэй болбол монгол хүн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тэр худалдааны төвд аваачаад л тавьчихна. Өөрөөр хэлбэл, тэр төв үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн журмаар борлуулж өгнө, борлуулсан хувиасаа нэг юм уу, хоёр хувийг нь авч үлдэнэ, тэр хувийг ашиглалтын зардалд төлж байна гэсэн үг. Яг л супермаркетын зарчмаар ажиллана гээд ойлгочихож болно. Хүнсний дэлгүүрт бусад нийлүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ аваачиж өгөөд зарагдахаар нь хувь өгөөд мөнгөө авдаг шүү дээ. Нэг ёсондоо жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулж өгөх төв гэсэн үг л дээ. Тэгэхээр цүнх үйлдвэрлэж байгаа хүн цүнхээ л хийхээс лангуу түрээсэлж, хүн цалинжуулж хрудалдагч ажиллуулах ямар ч шаардлагагүй. Ийм төлөвлөлттэй худалдааны төв байвал их зүгээр байна гэдэг төслийг санаачилж хийсэн ч энэ төлсийг дэмжих хүн олдоогүй. Төрийн хоёр байгууллагад хандсан. Тухайн үеийн Аж үйлдвэрийн яам нь авч уулзаад ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ гээд дэмжих гэж байгаа юм шиг л хүлээж авсан ч хэн нь дэмжээгүй. Төрийн албанд ажиллаж байгаа дийлэнх албан тушаалтан мэргэжилтнүүд өөрсдөд нь цавчууртай, ашигтай төсөл юу байна гэж хардаг болохоос төр засагт маань үнэхээр хэрэгтэй юм даа гэж ажлыг хийдэг хүн ховор байна уу даа гэж харсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье, хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй хүмүүс ховор байдаг юм билээ. Блок юм уу хавтан үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид тэнд хандаж болно. Блокоо аваачаад тавих шаардлагагүй шүү дээ. Зурагтаа байрлуулаад бичлэгээр тайлбар нь гарч л байна. Хажууд нь тоосго, блок нь хэдэн ширхгээр дээж нь байж л байг. Шинээр гарч ирж байгаа Монголын бүтээгдэхүүнүүдийн заалтай. Ангилал тус бүрээр тэндээ юмаа худалддаг байвал их зардал хэмнэгдэнэ. Би үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг хүн. “Монголд үйлдвэрлэв” гээд ганц нэг худалдааны төвүүд бий. Ашиг сонирхол нь Монголд үйлдвэрлэв гэдэг нэрийг ашигласан болохоос үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашигийг хамгаалж тус нэмэр болж байгаа нь байхгүй байна. Миний сонссоноор, нэг худалдааны төвийн түрээс 400 мянган төгрөг, 200 мянган төгрөгийг улсаас аваад, 200 мянган төгрөгийг нь үйлдвэрлэгчдээс авдаг. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн бизнесийг л дэмжиж байна. Зөрүү мөнгийг нь улсаас авна гэсэн юу гэсэн үг вэ. Төр засагт үнэхээр бодлого дутагдаж байна. Монголд бор зүрхээрээ явж байгаа мундаг залуучууд зөндөө байна шүү дээ” хэмээн ярилаа.
Д.Эрдэнэсайхан ирээдүйд арматурын үйлдвэртэй болно гэсэн мөрөөдөлтэй ажиллаж байгаа аж. Тэрээр “Барилгын гол түүхий эд бол арматур, цемент хоёр шүү дээ. Цементийг Монголдоо хийдэг болчихлоо. Одоо арматурыг дотооддоо хийдэг болчихвол гадагшаа гарч байгаа юань, долларын урсгалыг дотооддоо үлдээж болно. Миний хувьд төмөр хайлуулж үзсэн. Үйлдвэрлэлд хэрхэн оруулж ажиллах вэ гээд судалгаануудыг хийнэ. Металл хайлуулж ямар нэг үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр улс орон хөгжинө гэдэг хэцүү. Монголд металл хайлуулж ойр зуурын зүйл хийдэг үйлдвэр бий. Миний сонссоноор тийм 17 үйлдвэр байдаг гэсэн. Гэхдээ хоёр нь л монгол эзэнтэй. Монгол Улсын хөгжлийг уул уурхайн дараа авч явах салбар бол төмөр, гангийн салбар. Төмөр хайлуулаад бүтээгдэхүүн гаргаад ирсэн үед миний зорилго биеллээ л гэсэн үг” гэж хэлээд дараагийн ажилдаа яарав.