Непалд зорчих тээврийн автобус осолдсоноос болж 50 орчим хүний амь үрэгджээ. Осол Непалын уулархаг Жаяркоте бүс нутагт бүр өнгөрсөн пүрэв гарагт болсон аж. Жолооч хяналтаа алдсанаас болж автобус Бери голд унажээ. 10 зорчигч амьд гарч чадсан байна. Тухайн үед 24 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан ч ням гарагт автобусыг эрэг дээр гаргасны дараа нэмж олон хүн амиа алдсан нь тодорхой болсон юм. Непалийн газар нутгийн ихэнх хэсгийг Гималайн уул нурууд эзэлдэг бөгөөд Азийн хамгийн аюултай авто замын сүлжээтэй улсын нэг. Үүнээс болж олон тооны автын осол гардаг. Тухайлбал, энэ сарын 1-нд тус улсын Макванпур тойрогт хоёр автобус осолдож, 14 хүн амиа алдаж, 20 хүн шархадсан билээ.